Нэг дороос: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргийн хамт Японы Эзэн Хаан Нарүхито, Хатан Масако нарыг угтан авлаа

НЭМЭЛТ: 10:00 цаг
Видео:
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтах ёслол яг одоо төв талбайд болж байна.
НЭМЭЛТ: 09:30 цаг
-Японы Эзэн Хаан Нарүхито, Хатан Масако нарыг угтах ёслолд Д.Дагвадорж, М.Даваажаргал нар оролцоно-

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг төв талбайд албан ёсоор угтаж авах юм.
Хүндэтгэлийн ёслол удахгүй төв талбайд эхэлнэ. Мөн ёслолд Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмогийн 68 их аварга, Асашёорюү Д.Дагвадорж, Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргал нар оролцохоор төв талбайд ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2025 оны долдугаар сарын 06-13-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байгаа билээ.
Энэхүү айлчлал нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын манай улсад хийж буй анхны төрийн айлчлал болж байгаа юм.
- Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар албан ёсны уулзалт хийж, найрсаг харилцаа, ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар ярилцана.
- Мөн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито болон Эрхэм дээд Хатан Масако нар Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолын ажиллагаанд хүндэт зочдын хувиар оролцоно.
Айлчлалын хүрээнд өчигдөр Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Чингис хаан” үндэсний музейд зочилж, “Гачууртын эх үүсвэр” төслийн үйл ажиллагаатай танилцсан.
- Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Чингис хаан” үндэсний музейн сургалтын тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл”-ийн солилцох ноот бичигт талууд 2024 оны аравдугаар сарын 03-ны өдөр гарын үсэг зурсан.
Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөө орон нутгийн алслагдсан бүсийн иргэдэд зориулан музейн үзмэрийн талаар мэдлэг олгож, музейн хэрэглээг сайжруулах брайл хэвлэгч машин, 360 хэмийн болон “3D” камерын багц, “VR” төхөөрөмж, шууд дамжуулах камер зэрэг тоног төхөөрөмж олгож байгаа юм. Тиймд Эзэн хаан тус ажлын талаар сонсож, музейн үзмэр үзэв.
Мөн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитод Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү угтан авч, байгууллагынхаа талаар танилцуулсан.
Япон Улсын Хөгжлийн албан ёсны тусламжийн буцалтгүй тусламжийн хүрээнд “Ус хангамжийн эх үүсвэрийн нөөцийн хайгуулыг хийх ажил” (1991-1996 он), “Ус хангамжийн системийг нэн яаралтай шинэчлэх мастер төлөвлөгөөний өргөтгөл шинэчлэлийн эхний ээлж” (1997-2000 он), хоёрдугаар ээлж (2005-2007 он), Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх “Гачууртын эх үүсвэр” (2012-2014 он) төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн.
Япон Улсын тусламж дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүнд Улаанбаатар хотын ундны ус цуглуулах, түгээх, хянах хүчин чадал үнэмлэхүй хэмжээгээр нэмэгдэж, техник, технологийн шинэчлэл, сайжруулалт хийгдэн байдаг.
Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Оксфордын их сургуульд “Ус судлал”-ын чиглэлээр суралцан, төгсөлтийн судалгааны ажлаа 18-19 дүгээр зууны Темза мөрний тээврийн сэдвээр бичиж, хожим “Темза мөрөнтэй хамтдаа” номоо гаргасан. Тэрбээр “Дэлхийн усны форум” зэрэг олон улсын хурал, чуулганд тогтмол, идэвхтэй оролцож, “ус судлал”-ыг амьдралын хэвшлээ болгон, ахисан түвшинд судалгаа, шинжилгээ хийдэг юм.
Үргэлжлүүлэн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито мөн өдөр “Гачууртын эх үүсвэр” төслийн үйл ажиллагаатай танилцсан.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд “Гачууртын эх үүсвэр”-ийг шинээр барьж байгуулах төслийг Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд 30 сая ам.долларын хөрөнгөөр 2011-2014 онд хэрэгжүүлсэн нь Улаанбаатар хотын иргэд, ялангуяа гэр хорооллын 390,000, орон сууцны 43,500 оршин суугчдыг цэвэр, аюулгүй ундны усаар хангах боломжийг бүрдүүлсэн төсөл юм.
Ингээд Эзэн хааны тус өдрийн айлчлал өндөрлөсөн.
Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг төв талбайд албан ёсоор угтаж авна.
Тус хүндэтгэлийн үйл ажиллагааг Япон Улсын болон Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд шууд дамжуулна. Энэ хүрээнд бид 2025 оны долдугаар сарын 8-ны өглөөний 09:00 цагт тус үйл явдлыг төв талбайгаас шууд дамжуулан хүргэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.