О.Амгаланбаатар: Хар тамхины хуулийн олон заалтыг нарийвчилж, ялын хэмжээг чангатгасан

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай хуульд шинэчилсэн найруулга оруулах” хуулийн төсөл санаачилж өргөн барих талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Би өнгөрсөн 6 сарын хугацаанд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай хуульд шинэчилсэн найруулга оруулах” хуулийн төслийн судалгааг хийж, бэлэн болгоод байна. Уг хуулийн төсөлд Засгийн газраас санал авах бичгээ өнөөдөр албан ёсоор явуулж, сарын дараа УИХ-д өргөн барих учир Намрын чуулганаар өргөн барина.
Монгол Улсад хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээний нөхцөл байдал хурцдаж байна. Хар тамхи хэрэглэгчдийн дунд залуучууд зонхилох болсон судалгаа бий. 23 жилийн өмнө гарсан хуулиар буюу өнөөдрийн байдлаар Зөрчлийн хуулиар торгуулах болон баривчлуулах хариуцлага л тооцож байгаа.
Тодруулбал ял авч байгаа тохиолдолд зөвхөн "хадгалсан" гэдэг зүйл анги бий. Гэтэл угтаа хар тамхийг тээвэрлэсэн, нэвтрүүлсэн, зохион байгуулсан, өөгшүүлэн дэмжсэн алба хаагчид гэх мэт холбогдоно. Хуулийн төслийн тухайд хар тамхины наймаанд оролцсон хил гаалийн ажилтан, цагдаа гэх мэт төрийн албан хаагчдын ял хоёр дахин өндөр байхаар заасан. Мөн бусад ялыг нэмсэн. Хэрэглэгч нь зөвхөн зөрчлийн хуулиар биш эрүүгийн хуулиар шийтгэгдэж, анх удаа хэрэглэсэн бол 5 жил, давтан бол 8 жилийн ял онооно. Мөн хадгалсан, тээвэрлэсэн, зохион байгуулсан хүмүүст тэнсэнгүй, өндөр ял оноох гэх зэргээр ялыг чангарууллаа. Албадан эмчилгээнд төрийн зардлаар биш ар гэрээс нь, өөрийнх нь зардлаар хамруулдаг байх гэх мэт заалтуудыг нэмсэн" гэв.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.