Г.Дамдинням: АМНАТ-ийг биржийн үнээр тооцдог болсноор 100 тэрбум төгрөгийг нэмж олно

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газраас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Ингэхдээ, "Өнөөдрийн Г.Занданшатар сайдын Засгийн газрын гаргасан хоёр шийдвэр Аж үйлдвэр, Эрдэнэс баялгийн салбарынхны олон жил хүлээж, олон Засгийн газар, Их хуралд санал тавьснаар шийдвэр гарсан өдөр тохиож байна.
Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай тогтоол буюу Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 31 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 47 зүйлийн 47.6 дахь хэсэгт заасныг үндэслээд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт тооцох аргачлалд өөрчлөлт оруулж байгаа. Энэ нь ашигт малтмалын биржийн тухай хуулиа дэмжсэн, мөн аж ахуй нэгжүүдээ түүхий эдийн үнэ унаж байгаа энэ үеүдэд дэмжсэн шийдвэр болон гарч байгаагаараа онцлог шийдвэр боллоо.
Хуучин Монгол Улсын Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхдөө жишиг үнэ буюу бодит үнээс хэт давсан үнэлгээгээр тооцож АМНАТ авдаг байсан. Тухайлбал, баяжуулсан коксжих нүүрснээс 22.6 хувиар илүү үнээр тооцож авч байгаа. Хамгийн дээд тал нь хайлуур жонш дээр 54.3 хувиар илүү үнээр тооцож АМНАТ авч буй. Мөн төмрийн хүдэр дээр гэхэд 26.6 хувиар илүү үнээр тооцож АМНАТ авдаг гажуудалтай байсан. Түүхий эдийн үнэ өндөр үед аж ахуй нэгжүүд нуруундаа даагаад явж байсан ч одоо дийлэхгүйд хүрч байна. Энэ асуудлыг шийдвэрлэхээр Монголын ашигт малтмалын биржийн үнээр авдаг зохицуулалт руу шилжих түүхэн тогтоолын төсөл батлагдаж гарлаа. Биржийн үнэлгээгээр тогтоон гаргаж байгаа нь бодит үнэлгээтэй болох зарчим руу шилжиж байгаа гэсэн үг.
Өмнө нь үнэ тогтоол байдаггүй байхад бэрхшээлтэй байсан. Учир нь компаниуд маань гэрээнийхээ үнээр АМНАТ төлнө гэхээр дотооддоо хямд үнээр зараад, хилийн цаана худалдааны компаниудад бодит үнээр нь заруулахаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс тодорхой хэмжээг улс авах ёстой ч авч чаддаггүй асуудал байсан.
Ашигт малтмалын биржийн үнээр АМНАТ-өө тооцуулна гэсэн аж ахуй нэгжүүд өөрийн гаргаж буй нийт бүтээгдэхүүний дөрөвний нэг хувийг ашигт малтмалын биржээр худалдаалж чадсан бол нийт бүтээгдэхүүнд нь ашигт малтмалын биржээр арилжаалагдсан үнийн дүнгээр тооцож АМНАТ тогтооно гэсэн зохицуулалтыг хийлээ. Ингэснээр одоогийн байдлаар уначихсан байгаа бирж сэргэнэ. Бидний төлөвлөгөөгөөр 100 тэрбум төгрөгийг нэмж олохоор байгаа гэсэн үг.
АМНАТ-ийн гажуудлаас үүдэж баяжуулах, боловсруулах 47 үйлдвэр сул зогсолт хийсэн байдалтай байгаа. Маш их хөрөнгө оруулалт оруулчихсан, нэмүү өртөг шингээсэн, ажлын байрыг нэмэгдүүлэх, дотооддоо боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн гаргах зорилгыг биелүүлэх үүрэгтэй хувийн хэвшлийг 47 үйлдвэр зогсоно гэдэг тун харамсалтай байдал юм.
Аж үйлдвэрийг салбар бол хагас боловсруулах, түүнээсээ эцсийн бүтээгдэхүүн гаргах зорилготой. Түүхий, орд газраас олборлож байгаа бүтээгдэхүүнээсээ шууд эцсийн бүтээгдэхүүн гаргах боломжгүй байдаг. Энэ хүрээнд агуулга багатай хүдэр, ашигт малтмалын овоолгын баяжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж баяжуулалт, боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлэх талаарх нэг удаагийн тогтоолыг гаргаж байна.
Энд ямар асуудал үүсээд байсан бэ гэхээр ЭТТ ХК, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" "Эрдэнэс критикал" буюу жоншны төрийн өмчит компаниудаас шууд худалдаж аваад боловсруулж байсан бүтээгдэхүүнүүдийг хилээр гарахад бүртгэж өгдөггүй байсан. Өөрөөр хэлбэл манай гаалийн нэгдсэн системд бүртгэж чаддаггүй байсан. Яагаад гэвэл ашигт малтмал, биржийн тухай хуулиараа заавал биржээр худалдаж авах шаардлагыг тавьдаг. Үүнээс шалтгаалан аж ахуй нэгжүүдэд хүндрэл үүсэж, үйлдвэр технологийн паркийн томоохон бодлогууд зогссон байсан билээ.
Яг одоогийн байдлаар 30 аж ахуй нэгжийн 55 гэрээний 100 сая долларын бүтээгдэхүүн шууд экспортод гарах үүд хаалга нээгдэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Damdinnyam gedeg shunaliin tulam