УЛС ТӨР

Засгийн газар: Төгрөг нуурын ордыг төрд буцаан авлаа

Өнөөдөр Засгийн газар хуралдаж байна. Энэ хүрээнд хурлаас гарсан зарим шийдвэрийг танилцуулав.

Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Төгрөг нуурын бүлэг ордын талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ордын нөөцөд үндэслэн техник эдийн засгийн үндэслэл, олборлолтын хүчин чадлаа тодорхойлсон хэдий ч хуульд заасан хугацаанд өргөдөл гаргаж, эрх бүхий байгууллагуудтай гэрээ байгуулаагүй хууль зөрчсөн тул “Төгрөгнуурын энержи” ХХК-т олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.8-д заасныг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар Ашигт малтмал, газрын тосны газарт даалгалаа.

Мөн УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу Төгрөг нуурын ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах, ордын талбайн хил заагийг Засгийн газраас тогтоох асуудлыг яаралтай боловсруулж, 2025 оны 09 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд оруулахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд мөн үүрэг болголоо.

Төгрөг нуурын бүлэг орд нь 20-30 км талбайн хэмжээтэй, гурван тэрбум тонн хүрэх хүрэн нүүрсний нөөцтэй гэсэн урьдчилсан тооцоо судалгаатай, ашигт малтмалын томоохон ордуудын нэг юм. Энэхүү бүлэг ордод 1951-1986 онд улсын хөрөнгөөр долоон удаа урьдчилсан хайгуул хийсэн байдаг. УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан албан тушаалтан нь “Төгрөгнуурын энержи” ХХК-ийн хувьцааг эзэмшиж байхдаа өөртөө давуу байдал бий болгож, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийг гадаадын хөрөнгө оруулалттай компанид худалдаж их хэмжээний орлого олж, мөнгө угаасан байж болзошгүй үйлдэлд АТГ хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.

Тус орд нь Ирээдүйн өв сан болон Үндэсний баялгийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх ач холбогдолтой чухал орд газар. Тиймээс хүчингүй болсон тусгай зөвшөөрлүүдийг Үндэсний баялгийн санг бүрдүүлдэг үндэсний аж ахуйн нэгжид шилжүүлж, хайгуул болон олборлолтыг эрчимжүүлэх, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр өгөөжийг нь Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх ёстойг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлон хэлэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ- ын дарга байхдаа газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор үндэсний баялгийн сангийн тухай үзэл баримтлалыг санаачлан, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгаж, батлуулсан. Ингэснээр Ирээдүйн өв сан болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулиуд батлагдах эрх зүйн үндсийг тавьсан юм. Үндэсний баялгийн санг санаачлагчийн хувьд, мөн гүйцэтгэх засаглал хуулийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй тул Ерөнхий сайд Г.Занданшатар Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэр болон иргэдэд хүртээх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 27, 2025 20:58

Битгий шаацгаа тогтоол л гаргаа биз яг авчихсан уим шиг л шаах уимаа тэр чин гадны банкинд 300сая доллорын өрөнд тавьчихсан бгаа ЗГ тэр мөнгийг төлөөд авхуу

Иргэн
Иргэн
8 сар 27, 2025 22:02

Хэрвээ гадаадын иргэн, компанид худ�##�дсан байгаад одоо төр буцааж хурааж авч байгаа бол Монгол улсад хэзээ ч гадны хөрөнгө оруулагчид орж ирэхгүй!!! Иймэрхүү хулгай дээрэмийг Монгол улсын төр, МАН -АН мафиууд хийгээд удаж байгаа тиймээс Монголд гадаадын хүмүүс сүжиггүй болцгоосон!

Холбоотой мэдээ

Back to top button