А.Ариунзаяа: Улстөрчид рүү дайрахдаа үр хүүхдийг нь оролцуулах нь бохир улстөр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг "Орлогоо нотол, огцор" хэмээн олон нийт шүүмжилж, жагсаж байгаа.
Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа дараах байр суурийг илэрхийллээ.
-Би байнгын хорооны дарга биш учраас хичнээн өргөдөл гомдол ирснийг мэдэхгүй. Гомдол ирэх юм бол процедурын дагуу байнгын хорооны дарга ажлын хэсэг байгуулах уу, үгүй юу хэнээр ахлуулах вэ гэдгийг шийдээд асуудлыг хэлэлцэх болов уу. Хэрэв ёсзүйн зөрчил байна гэж үзэх юм бол Ёс зүй дэгийн байнгын хорооны эрхлэх хүрээнд гурван арга хэмжээ авах боломжтой.
Нэгдүгээрт, сануулах арга хэмжээ авах, хоёрт уучлал гуйлгах, гуравт зургаа хүртэл сарын цалинг нь хасах гэсэн эрх үүрэг бий. Ёсзүйн кодексоор УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаалтан өөрийнхөө албан тушаалыг ашиглаж өөрийнхөө хамаарал бүхий хүмүүст давуу байдал үүсгэж болохгүй гэдэг заалт бий. Гэхдээ энэ асуудалд хамаарах эсэхийг мэдэхгүй байна.
Тухайн насанд хүрсэн хүү өөрийн гэсэн ажил орлогогүй бол аав ээжээсээ авсан юм уу, коиноор баяжсан юм уу, ах дүү хамаатан саднаасаа авсан байж болно. Тэрийг нь нотлох хэрэгтэй. Аливаа асуудалд ул суурьтай хандах нь чухал. Аливаа улстөрчид рүү дайрахдаа үр хүүхдийг нь оролцуулна гэдэг бохир улстөр. Ж.Баярмаа гишүүн дээр ч гэсэн би хэлмээр байна. Энэ улстөрийн бохир технологи эртнээс явж байсан.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.