Улаанбаатар метро төслийн бүтээн байгуулалтыг ирэх онд эхлүүлнэ

Улаанбаатар хотын баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэл буюу хэвтээ тэнхлэг дагуу өдөрт дунджаар 347,000 авто машин зорчдог байна. Энэ дагуу оргил цагийн үед нэг иргэн өдөрт дунджаар 3-4 цагийг зарцуулж буй бөгөөд үүний цаана ажлын цагийн алдагдал, шатахууны хохирол, нийгмийн бухимдал зэрэг асар их эдийн засгийн хохирол учруулдаг аж. Тиймээс хотын төвийг ачааллыг даах тээврийн дэд бүтэцтэй болох Улаанбаатар метро төслийг эхлүүлсэн.
Энэхүү төслийг хотын хамгийн их ачаалалтай Энхтайваны өргөн чөлөө дагуу төлөвлөж, ТЭЗҮ, концепз зураг төслийг боловсруулж дууссан бөгөөд Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ (ESIA)-г БНСУ-ын “Иножен” ХХК болон Монгол Улсын “Эко Натур” ХХК хамтран гүйцэтгэж, ирэх сард дуусгахаар төлөвлөжээ. Түүнчлэн төслийн бүтээн байгуулалтыг ирэх онд эхлүүлэх юм байна.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар метро төслийн сонгон шалгаруулалтыг олон улсад нээлттэй зарласан учраас тэр зарчмаараа үргэлжилж байна. Эцсийн шатны сонгон шалгаруулалтыг ирэх сарын 15-нд урьдчилсан санал ирүүлсэн 27 аж ахуйн нэгжийн дунд зарлах товтой байгаа. Том төслийн төлөвлөлтийг олон улсын стандартад нийцүүлж зохион байгуулах, төсөв босгох гээд ажил их байна. Төслийн бүтээн байгуулалтыг 2026 онд эхлүүлнэ. Мөн Улаанбаатар трамвай төслийн дөрөвдүгээр шатны шалгаруулалтыг ирэх 7 хоногт эхлүүлнэ. Эцэст нь гэж хэлэхэд хотоос хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бүхий л томоохон төслүүд гараанаасаа гарсан гэдгийг хэлье” гэв.
Мөн метро ашиглалтад орсноор хотын хүрээлэн буй орчинд эерэг нөлөөлөл үзүүлэх бөгөөд агаарын чанарыг сайжруулснаар нийтийн эрүүл мэндийг хамгаалах ач холбогдолтой байна. Метроны өртөө орчимд худалдаа, үйлчилгээний төвүүдийг байгуулах бөгөөд энэ нь хотын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх боломжтой гэж үзжээ. Иргэд автобусаар 45 минутад зорчих зайг метрогоор 15 минутад туулах нөхцөл бүрдэж, өртөө орчимд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих шууд нөлөөлөл бий бодгох аж. Тэрчлэн нэг өртөөнд дунджаар 10 буюу нийт өртөөний хэмжээнд 150-200 жижиг, дунд бизнес эрхлэгч шууд үр ашиг хүртэх боломж бүрдэх тооцоолол гарчээ. Мөн метроны өртөө орчмыг хөгжүүлэх үйл ажиллагааны нөлөөгөөр ойролцоогоор 150.000 ажлын байр шинээр бий бодгох юм.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.