Өөрийгөө сошиалд сурталчлахад А.Амартүвшин ₮38.7 сая, Т.Даваадалай ₮6.7 саяыг зарцуулжээ
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин НИТХ-ын үеэр "Хотын даргыг лайв хийхээр 30 минутын дотор 500 мянган хүн үздэг.Т.Даваадалай бид хоёр "бүүстлээд, бүүстлээд” 20, 30 мянган хүн үзэж байна. Нэг л явж өгөхгүй л байна" хэмээсэн. Тэгвэл өнгөрсөн хугацаанд хэчнээн төгрөгийг бүүстэд зарцуулсан тухай мэдээллийг хүргэе.
А.Амартүвшингийн хувьд 2024 оны 10 сараас эхлэн Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж буй. Дата мэдээллээс харахад өнгөрсөн таван жилийн хугацаанд 36.7 мянган дагагчтай Amartuvshin Amgalanbayar гэх өөрийн цахим хаягтаа 10,935 доллар буюу Монгол мөнгөөр 38.7 сая төгрөгөөр бүүст хийсэн байна.


Дийлэнхдээ өөрийн хийсэн ажлаа танилцуулсан лайв, видео, нийтлэл зэрэгт ийн мөнгө зарцуулжээ. Нийтдээ 170 удаагийн бүүст байх бөгөөд тус бүрд 100-400 долларыг зарцуулж, 4-150 мянган хүнд хүргэжээ. Үүнээс дийлэнх нь 2024 онд Хотын даргын орлогчийн ажлаа хүлээж авснаас хойших мэдээллүүдээ бүүстэлсэн байна.
Түүний хувьд дипломат, олон улсын харилцаа, эрх зүйч мэргэжилтэй. 2007 онд Австралийн Монаш их сургуулийг улс төр, гадаад судлалаар бакалавр, 2011 онд Австралийн Декиний их сургуулийг гадаад харилцааны мэргэжлээр магистр зэрэгтэй хамгаалж, төгссөн. Ажлын туршлагаас дурдвал:
- 2008 онд УИХ-ын Тамгын газрын захиргааны хэлтэст зохион байгуулагч 2008-2013 онд УИХ-ын Тамгын газрын гадаад харилцааны хэлтэст зохион байгуулагч, шинжээч, референт
- 2013-2016 онд БНБУ суугаа ЭСЯ-ны дипломат ажилтан, консул 2016 оноос одоог хүртэл Хан-Уул дүүргийн ЗДТГ-т Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогчоор ажиллаж байсан юм.
- 2020-2024 онд Хан-Уул дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч
- 2024 оноос одоог хүртэл Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байна.
Харин Хотын даргын Нэгдүгээр орлогч Т.Даваадалайгийн хувьд 56.9 мянган дагагчтай Түмэндалай Даваадалай гэх өөрийн цахим хаягтаа өнгөрсөн нэг жилийн хугацаанд 1,879 доллар буюу 6.7 сая төгрөгөөр бүүст хийсэн байна. Өөрөөр хэлбэл Хотын даргын орлогч болсон цагаасаа эхлэн 10 удаа бүүст хийсэн нь энэ.


Дийлэнхдээ өөрийн хийсэн ажлаа танилцуулсан лайв, видео, нийтлэл зэрэг 10 контентод 100-500 долларыг зарцуулж, 1-300 мянган хүнд хүргэжээ.
Тэрбээр инженер мэргэжилтэй. Боловсролын хувьд 2011 онд ОХУ-ын СанктПетербург хотын Зам харилцааны их сургуулийг төгссөн. 2017 онд Австрали улсын Күийнсландийн их сургуульд инженер болон менежментийн ШУ-ны Магистр цол хамгаалсан байна. Ажилласан туршлагын хувьд,
- 2011-2015 онд Улаанбаатар төмөр замын ХНН-ийн туслах машинч, засварын хүлээн авагч, машинч, засварын инженер
- 2016 онд “UniCar” старт-ап үүсгэн байгуулагч
- 2017 онд “Батс-Өргөө” ХХК-ийн ОТ сайт менежер
- 2018 онд “Аплайс Монгол” ХХК-ийн бизнес хөгжлийн менежер 2
- 020 онд “Дава Бизнес Консалтинг” ХХК-ийн захирал
- 2020 онд “NCСS ХХК”-ийн ОТ төслийн менежер
- 2019-2021 онд “Вагнер Ази” ХХК-ийн техникийн зөвлөх багийн менежер
- 2021 оноос өнөөдрийн хүртэл “Бодь Интернэшнл” ХХК-ийн “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төсөл хариуцсан захирал
- 2022 оноос өнөөдрийг хүртэл “Бодь” группийн R&D төвийн даргаар ажиллаж байсан туршлагатай аж.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гоё2 илрүүлэжд бай
38 сая төгрөг хаанаас гардаг их мөнгө вэ
МАН-ын нандин уламжлал нь энэ шүү дээ !