Европын холбооны гадаад бодлогын дарга асан залилангийн хэрэгт холбогдон баривчлагджээ
Европын холбооны дээд төлөөлөгч асан Федерика Могериниг залилангийн эсрэг мөрдөн шалгалтын хүрээнд баривчилжээ. Бельгийн эрх баригчид Европын гадаад үйл ажиллагааны албаны (EEAS) оффис, Бюрге хот дахь Европын коллеж болон хэд хэдэн хүний хувийн байшинг нэгжсэн байна. Тус нэгжлэгийн дараа цагдаа нар гурван хүнийг баривчилсаны нэгн ь Могерини юм.
Дээд төлөөлөгчийн хувьд Могерини 2014-2019 оны хооронд “EEAS”-ыг удирдаж, Европын холбооны гадаад бодлогын даргаар ажилласан. Тэрбээр 2020 оны есдүгээр сараас хойш Европын холбооноос санхүүжилт авдаг Европын коллежийн рекотороор ажиллаж байгаа.
Албаныхны баривчилсан хоёр дахь хүн нь 2021-2024 оны хооронд Европын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Стефано Саннино юм. Тэрбээр энэ жилийн хоёрдугаар сард Европын комиссын Ойрх дорнод, Хойд Африк, Персийн булангийн ерөнхий захирлын албан тушаалд томилогджээ. Гурав дахь хүн нь Европын коллежид менежерээр ажилладаг аж. Тус коллеж мэдэгдэл хийхдээ “Европын коллеж ил тод байдал, мөрдөн байцаалтын үйл явцыг хүндэтгэхийн тулд эрх баригчидтай бүрэн хамтран ажиллах болно” гэжээ.
Эх сурвалж: Euro News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.