COP-17 хурлын зохион байгуулалтыг эрчимжүүлж, санхүүг ил тод байлгахыг үүрэг болголоо
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 бага хурлыг (COP-17) энэ оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатарт зохион байгуулна. Хурлыг зохион байгуулах чиг үүрэгтэй 12 дэд хорооны дарга болон холбогдох албан тушаалтнуудтай өнөөдөр Ерөнхий сайд Н.Учрал уулзаж, зохион байгуулалтын явцын талаар мэдээлэл авлаа. Ерөнхий сайд Н.Учрал COP-17 хурлыг Монгол Улсад зохион байгуулж буй нь хөрөнгө оруулалт татах боломж гэдгийг онцолж, ялангуяа ногоон дэд бүтцийг дэмжих хөрөнгө оруулагчдыг урьж буйгаа илэрхийлэх чухал индэр болох ёстойг тэмдэглэв. Мөн Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд анхаарал хандуулж, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, нэгдсэн конвенцдоо ач холбогдол өгч буйгаа харуулах учраас хурлыг өндөр түвшинд алдаа зөрчилгүй зохион байгуулахыг анхаарууллаа.

Тэрбээр COP-17 хурлын санхүүжилтийг олон нийтэд ил тод байлгаж, зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өгөв. Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирыг Засгийн газрын хуралдаан бүрд COP-17 хурлын бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулахыг үүрэг болголоо. Мөн Засгийн газрын гишүүдийг хамтран ажиллах шаардлагатай гэв. Хурлын бэлтгэл ажил 43 хувьтай байна. Зохион байгуулалтын ажил төлөвлөлтийн шатнаас хэрэгжилтийн шатанд шилжээд байгаа гэв.
Хурлын үеэр 10 мянга орчим гадаад дотоодын зочин оролцохоор төлөвлөж байна. Хичээлийн шинэ жилийн өмнөх өдрүүдтэй давхцаж байгаа тул ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн эхний өдрүүдийг цахим хэлбэрт шилжүүлэх, их дээд сургуулийн хичээл эхлэх хугацааг 1-2 долоо хоногоор хойшлуулахаар судалж байгаа аж.
Х.ХУЛАН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.