Нийт 1.2 их наядын өртөгтэй 127 км урт Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийн төмөр зам ЯАГААД ЧУХАЛ ВЭ
Монгол Улс Улаанбаатар хотыг тойрон өнгөрөх 127 километрийн урттай шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимтэй урагшлуулж байна. Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор ачаа, тэр дундаа аюултай ачааг Улаанбаатар хотоор нэвтрүүлэхгүйгээр тээвэрлэх боломж бүрдэх юм. Олон жил хүлээгдсэн уг төсөл хэрэгжсэнээр хурдацтай өсөн тэлж буй нийслэлийн орчим дахь ачаа тээврийн урсгалд томоохон өөрчлөлт гарах төлөвтэй байна.
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийн төмөр зам нь Улаанбаатар хотын зүүн өмнөд хэсэгт орших Багахангай өртөөнөөс одоо ашиглагдаж буй Транс-Монголын төмөр замын шугамаас салаалж, Хөшигийн хөндийгөөр дайран өнгөрч, нийслэлийн баруун талд орших Эмээлт өртөөнд үндсэн төмөр замын шугамтай дахин холбогдох юм.
Нийт 1.2 их наяд төгрөгийн буюу 333.6 сая ам.долларын өртөгтэй уг төслийг төрийн өмчит “Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж байгаа бөгөөд замын дагуу дөрвөн төмөр замын өртөө, гурван зөрлөг барихаар төлөвлөжээ. Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийн төмөр зам нь олон жил хүлээгдсэн төсөл юм.
87.8 километрийн урттай Багахангай–Хөшигийн хөндийн хэсгийн барилгын ажил 2025 оны дөрөвдүгээр сард эхэлсэн. Засгийн газрын мэдээлснээр тус хэсгийн үндсэн бүтээн байгуулалтын ажил одоо дуусчихаад буй. Харин Хөшигийн хөндий–Эмээлтийн хэсгийн барилгын ажил энэ онд эхэлсэн юм. Засгийн газар холбогдох албан тушаалтнуудад төмөр замыг есдүгээр сард туршилтын тээвэр хийхэд бэлэн болгох үүрэг өгсөн байна. Тус төмөр замыг бүрэн ашиглалтад оруулах хугацаа арванхоёрдугаар сар хүртэл наашлах боломжтой гэж үзэж байна.
Уг төмөр замыг юуны өмнө Улаанбаатар хотын хүн ам төвлөрсөн бүсээс аюултай ачаа тээврийг холдуулах зорилготой.
Энэ нь төмөр зам ашиглалтад орсноор бензин болон бусад газрын тосны бүтээгдэхүүн, мөн тэсэрч дэлбэрэх бодис, химийн аюултай ачаа, цахилгаан станцуудад нийлүүлэх нүүрсийг тээвэрлэх юм.
Нийслэлээс аюултай ачаа тээврийг гаргах шаардлага 2024 оны нэгдүгээр сард Улаанбаатар хотноо гарсан дэлбэрэлттэй холбоотой ноцтой ослын дараа улам бүр нэмэгдсэн юм. Тухайн үед шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан хүнд даацын ачааны автомашин өөр нэг автомашинтай мөргөлдөж, улмаар дэлбэрсэн. Дүнжингаравын гэж нэрлэгддэг энэхүү ослын улмаас зургаан хүн амиа алдаж, томоохон хэмжээний гал түймэр гарсан бөгөөд өдгөө тус барилгыг нураагаад буй.
Аюулгүй байдлын асуудлаас гадна ачааны галт тэргийг хотоос тойруулан явуулснаар төмөр замын гарам дээрх хүлээлгийн хугацааг багасгах боломжтой гэж үзэж буй. Мөн галт тэргээр ачаа тээвэрлэх болсноор Улаанбаатарын замаар зорчих хэдэн зуун ачааны автомашины тоог бууруулах боломжтой.
Шинэ төмөр замыг Налайхаар дайран Улаанбаатар хотоор нэвтэрдэг хуучин төмөр замтай харьцуулахад илүү шулуун, богино чиглэлээр барьж байна. Төслийн хамгийн том байгууламжуудын нэг нь Туул гол дээгүүр барьж буй шинэ төмөр замын гүүр юм. Засгийн газрын мэдээлснээр уг гүүр 476 метрийн урттай байх бөгөөд Монгол Улсын хамгийн урт төмөр замын гүүр болох аж.
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн албан тушаалтнуудын мэдээлснээр инженерүүд гүүр барих явцад Туул голын усны хэвийн урсацыг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа гэсэн юм. Харин Засгийн газрын мэдээлснээр төмөр замын төсөлд нийт 95 монгол компани, 4,000 гаруй монгол инженер, ажилтан оролцож байгааг тодотгожээ.
Энэхүү төмөр зам нь 2021 онд ашиглалтад орсон Чингис хаан олон улсын нисэх буудал байрладаг Хөшигийн хөндийн хөгжлийг дэмжихэд илүү өргөн хүрээний үүрэг гүйцэтгэнэ гэсэн хүлээлт бий.
Өдгөө Улаанбаатар хотод ойролцоогоор 1.7 сая хүн амьдарч байгаа бөгөөд нийслэлийн хүн ам сүүлийн 20 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн дэд бүтцэд ирэх ачааллыг бууруулахын тулд иргэдийг дагуул хот, суурин руу шилжин суурьшихыг дэмжих бодлогууд хэрэгтэй болсоор байна.
Засгийн газарт Хөшигийн хөндийг зөвхөн нисэх онгоцны буудлын орчим бус, тээвэр, ложистикийн томоохон зангилаа төв болгон хөгжүүлэх ойрын ирээдүйн зорилт бий. Тус хөндийд шинэ ложистикийн төв байгуулснаар төмөр зам ашиглалтад орсны дараа зарим ачааны тээвэр болон ложистикийн үйл ажиллагааг Улаанбаатар хотоос Хөшигийн хөндий рүү шилжүүлэх боломж бүрдэх юм.
Т.БАТСҮРЭН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зам дагаж хөгжил ирдэг гэдэг үнэн дээ дэлгэрсайхан сайд үнэхээр төмөр замаа мэддэг хүн тулдаа л дуусгаж байна гэж хардаг