Дайн эхлээд зургаан сар өнгөрч байхад Ираны дээд удирдагч Можтаба Хамэнэйн сүүдэр ч үзэгдсэнгүй
Израил, АНУ нар Иранд агаарын цохилт өгч дайн эхлэх үед хүнд шархадсан Можтаба Хамэнэй улсынхаа дээд удирдагч болсноос хойш зургаан сар өнгөрчээ. Гэвч тэр одоо хүртэл ард түмнийхээ өмнө огт гарсангүй, мөн дуу хоолойгоо хүртэл бичлэгээр хүргэсэнгүй.
Дайны улмаас Ираны эдийн засгийн нөхцөл байдал эрс муудсан. Ойрх Дорнодод үүсээд буй хурцадмал нөхцөл байдалд Иран чухал шийдвэрүүд гаргах ёстой байгаа. Гэвч Можтабагийн эрүүл мэндийн нөхцөл байдлын талаар асуултууд гарч ирж, тэр үнэхээр Ираны төрд үүрэг гүйцэтгэж байгаа эсэхэд хүмүүс эргэлзэж эхэллээ.
Ираны албан тушаалтнууд болон тус улсын өндөр түвшний эх сурвалжуудын мэдээлснээр Можтаба улсыг удирдаж байгаа. Тэрбээр аюулгүй байдлаа хангахын тулд хөшигний ардаас ажлаа хийж, гадаад үзэмжид нь ихээхэн нөлөөлсөн бэртлээсээ эдгэрч байгаа гэж Ираны албан тушаалтнууд мэдэгдэж байна. Ираны томоохон шийдвэрүүдийг тэр гаргаж харин өдөр тутмын ажлыг өндөр албан тушаалтнууд одоогоор гүйцэтгэж байгаа гэж эх сурвалжууд хэлсэн юм.
Можтаба дайн эхэлснээс долоо хоногийн дараа дээд удирдагчаар томилогдсон. Тэр цагаас хойш түүний зураг, дүрс бичлэг огт олон нийтэд цацагдаагүй юм. Үүнээс гадна Можтаба хоолой уншиж хүртэл мэдэгдэл гаргаагүй байна. Иранд дээд удирдагчийн үгээр хэлсэн тушаал нь эцсийн шийдвэрт тооцогддог. Ийм учир иранчууд түүний нөхцөл байдалд улам бүр эргэлзэх болжээ.
Вашингтон дахь Ойрх Дорнодын хүрээлэнгийн шинжээч Алекс Ватанка "Одоо гол асуулт нь Можтаба амьд эсэх тухай биш. Иранд үнэхээр үүргээ гүйцэтгэж байгаа дээд удирдагч бий юу гэдэг болоод байна" гэсэн юм.
Можтаба дээд удирдагч болсноосоо хойш хэдхэн удаа л бичгээр мэдэгдэл гаргасан. Тэдгээрийг нь телевиз, радиогийн хөтлөгчид уншиж иранчуудад дамжуулжээ. Мөн өнгөрсөн сард түүний аав Аяатолла Али Хамэнэйг оршуулах ёслол долоо хоногийн турш явагдсан ч Можтаба огт үзэгдээгүй байна.

Ираны өндөр албан тушаалтнууд болон эрх баригчид тайлбар өгөхдөө Можтабагийн амь насанд халдах эрсдэл байгаа тул олны өмнө гарахгүй байгаа гэж буй. Тэд хэлэхдээ Можтаба төрийн өндөр албан тушаалтнуудтай тогтмол уулзаж, бүх чухал тайланг хүлээн авч, улсын гол асуудлаарх эцсийн шийдвэрийг гаргасаар байгаа гэсэн юм.
Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан наймдугаар сарын 10-нд Можтаба долоон цагийн турш уулзсан гэж хэлжээ. Ираны эрх баригчид түүнтэй уулзсан гэж мэдэгдэж байгаа ч хамгийн үнэнч үзэл баримтлалтай иранчууд хүртэл эргэлзэж эхлэв.
Ираны Басиж сайн дурын цэргийн хүчний нэгэн гишүүн "Удирдагчийнхаа дуу хоолойг сонсох, эсвэл түүнийг үнэхээр улс орноо удирдаж байгааг илтгэсэн ямар нэгэн зүйл харах хэрэгтэй байна. Тэгж байж бид илүү итгэлтэй болно" гэж хэлжээ.
Тэр Можтаба гол шийдвэрүүдийг гаргасаар байгаа гэдэгт итгэдэг ч зургийг нь ч олон нийтэд харуулахгүй байгаа нь хүмүүсийн сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж байна гэсэн юм. Мөн энэ нь Ираны ашиг сонирхолд нийцэхгүй гэж үзэж буйгаа тэр илэрхийлсэн байна.
Харин эрх баригч тогтолцоог эсэргүүцдэг, тогтолцооны шинэчлэл хийхийг хүсдэг иранчуудын байр суурь бүр ч шулуухан байна. Техранд амьдардаг, шинэчлэл хийхийг дэмждэг бизнес эрхлэгч Шахрок "Можтаба амь үрэгдээгүй гэдгийг бид яаж мэдэх юм бэ. Түүнийг амьд гэдгийг нотлох ганц ч зүйл байхгүй байхад шийдвэр гаргах үйл явцад оролцож байгаа гэдэгт итгэх нь үндэслэлгүй" гэж хэлжээ.
Можтабагийн нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байгаатай зэрэгцэн Исламын хувьсгалт гвардын нөлөө улам нэмэгдсэн байна. Эх сурвалжууд мэдээлснээр тус алба одоо Ираны шийдвэр гаргалтад гол үүрэг гүйцэтгэж байгаа аж. Иранд шийдвэр гаргахад оролцож буй хүмүүст Хувьсгалын гвардын командлагчдаас гадна Ерөнхийлөгч Масуд Пезешкиан, парламентын дарга Мохаммад Багер Калибаф зэрэг улс төрийн өндөр албан тушаалтнууд багтаж байна.
Ираны өндөр албан тушаалтнуудын нэг хэлэхдээ Можтабатай биечлэн харилцах эрхтэй цөөн хэдэн албан тушаалтан л үлдсэн гэжээ. Харин биеийн байдал нь мэдэгдэхүйц сайжирч байгаа гэж түүний ойрын хүрээллийн эх сурвалж хэлсэн байна. Тэр эх сурвалж Можтабаг "Сэргэлэн, шийдвэр гаргах үйл явцад идэвхтэй оролцож байгаа" гэсэн аж.
Өөр нэгэн албан тушаалтан "Гаднын бүх дарамт шахалтыг үл харгалзан ард иргэдэд үзүүлдэг төрийн үйлчилгээ тасалдаагүй. Манай гадаад бодлогын чиглэл нэгдмэл хэвээр, шийдвэрүүд маань уялдаатай байна. Энэ бүхэн дээд удирдагч эрх мэдлээ хэрэгжүүлж байгааг харуулж байна" гэж хэлжээ.
Можтаба дайн эхлэхээс ч өмнө олны өмнө гарахаас зайлсхийж, арын албанд ажиллахыг илүүд үздэг байсан аж. Гэвч 1979 оны хувьсгалаас хойш Иранд тохиосон хамгийн хүнд хямралын үед дээд удирдагчийн хувьд олонд зургаа ч үзүүлэхгүй байгаад эдгээр шалтгаан хангалттай тайлбар болж чадахгүй.
Вашингтон дахь Ойрх Дорнодын хүрээлэнгийн шинжээч Ватанка "Вашингтонтой жинхэнэ тохиролцоонд хүрэхийн тулд Можтабагийн зөвшөөрөл шаардлагатай. Мөн эсрэгээрээ урт хугацаагаар, өндөр хохирол хүлээн дайныг үргэлжлүүлэх эсэх шийдвэр ч түүний зөвшөөрлийг шаардана" гэж хэлжээ.
Тэрбээр нэмж хэлэхдээ "Удаан хугацаанд олны өмнө гараагүй нь аюултай нөхцөл байдлыг бий болгож байна. Учир нь Ираны эрх баригч бүлгийн өөр өөр фракцууд дээд удирдагч яаг юу хүсэж байгааг өөрсдийн үзлээр тайлбарлах боломж үүсэх эхэллээ" гэсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.