Судалгаа: Дэлхий даяар сурагчдын математикийн болон унших чадвар буурч байна
Дэлхий даяар сурагчдын математикийн болон унших чадвар буурч байгааг томоохон судалгаа харууллаа. Үүнд сурагч нар чөлөөт цагаараа ном унших нь багасаж, цахим орчны хэрэглээ нэмэгдсэн зэрэг хүчин зүйл голдуу нөлөөлж байна.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) 15 настнуудын унших, математик, шинжлэх ухааны мэдлэгээ бодит амьдралд ашиглах чадварыг үнэлдэг PISA олон улсын үнэлгээний хамгийн сүүлийн тайлан энэ долоо хоногт нийтлэгджээ. Тус тайлангаас харвал “OECD”-гийн гишүүн орнуудын сурагчдын математикийн болон унших чадварын үзүүлэлт түүхэн доод түвшинд хүрсэн аж.
Европын Холбооны орнуудыг авч үзвэл Испани, Хорват, Люксембург, Мальта, Грек, Румын, Кипр болон Болгарын сурагчдын чадварын дундаж үзүүлэлт “OECD”-ийн дунджаас доогуур гарчээ. Харин “OECD”-ийн дунджаас давсан үзүүлэлттэй Европын холбооны гишүүн орнуудад Эстони, Финланд, Ирланд, Австри, Польш болон Чех л багтсан байна.
Сурагчид дунд хамгийн огцом буурсан үзүүлэлт нь унших чадвар байв. Тухайлбал сурагчдын унших чадварын дундаж оноо 2015-2025 оны хооронд 28 оноогоор буурчээ. Энэ уналт чинээлэг гэр бүлийн хүүхдүүдийн дунд хамгийн хүчтэй ажиглагдсан аж.
Ийм бууралт ажиглахад хүргэсэн гол шалтгаан нь цахим шилжилт эрчимжиж, сурагчид дэлгэцийн өмнө өнгөрүүлэх хугацаа уртассан явдал гэж мэргэжилтнүүд үзжээ. Мөн сурагчид чөлөөт цагаараа ном унших явдал багассантай холбоотой болохыг тэд онцолсон байна.

Тус тайланд “Сэтгэл хамгийн түгшээж буй зүйл бол хиймэл оюун ухааны эрин үед хамгийн чухалд тооцогдох чадварууд болох мэдээллийг үнэлэх, олон эх сурвалжаас авсан мэдээллийг холбож ойлгох, уншсан зүйлдээ шүүмжлэлтэй хандах чадвар буурч байгаа явдал юм” гэж бичжээ.
Мөн аливаа нийтлэл, өгүүллэгийг хурдан уншиж, буруу хариулт өгдөг сурагчдын эзлэх хувь 2018-2025 оны хооронд хоёр дахин нэмэгдсэн байна. Унших чадвар хамгийн ихээр буурсан орнуудад математик болон шинжлэх ухааны үзүүлэлт мөн ихээр буурах хандлага ажиглагджээ.
Математикийн чадварын дундаж үзүүлэлт сүүлийн арван жилд 22 оноогоор буурсан байна. Ийм хэмжээний онооны бууралт нь сурагчид нэг жил гаруй хугацааны хоцрогдолтой байгаатай дүйцэх үзүүлэлт юм.
Унших болон математиктай харьцуулахад шинжлэх ухааны мэдлэгийн үзүүлэлт харьцангуй тогтвортой байсан юм. Шинжлэх ухааны чадвар сүүлийн арван жилийн хугацаанд хамгийн бага хэмжээгээр буурчээ.
Эдгээр үр дүнгээс гадна тус тайлан чинээлэг, буурай орнуудын боловсролын ялгаа багасаж буйг харуулсан байна. “OECD”-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Матиас Корманн “Хамгийн өндөр амжилттай боловсролын тогтолцоонууд цөөн тооны чиглэлд гүнзгий анхаарч, багш нар хөрөнгө оруулалт хийж, эцэг эхчүүдийг сурч боловсрох явцад оролцуулж, дэмжлэг хамгийн их хэрэгцээтэй сурагч, сургуульд тусалдаг” гэсэн байна.
Эх сурвалж: Euro News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энх амгалан новш математикийн цахим платформ Финландаас өндөр үнээр оруулж ирж монголын үрсийг алж байна.