Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн алба хаагчдын хөрөнгийг хураах өргөдлийг 100 мянган иргэн дэмжлээ
Олон нийтийн өргөдөл санаачилдаг D.parliament.mn систем дээр иргэн Б.Болдбаатар "Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн алба хаагчдын хөрөнгийг хурааж ₮100 саяас дээш бол бүх насаар нь хорих тухай" өргөдөл санаачилжээ. Тус өргөдөлд өнгөрсөн аравдугаар сарын 9-ний өдрөөс өчигдөр буюу 11-р сарын 8 хүртэл санал авсан юм. Тэгвэл тус өргөдлийг 100,207 хүн дэмжиж гарын үсэг зурснаар УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэхээр болж байна.
Тус өргөдлийг санаачилсан иргэн Б.Болдбаатар "Төрийн албан хаагчид төрийн дээд, дунд, доод шат ялгаагүй авлига албан тушаалын гэмт хэрэг хийсэн ч ялгүй үлдэж татвар төлөгчид болон улсыг маш их хэмжээгээр хохироож байна. Төрдөө үнэнчээр ажилладаг албан хаагч гэж байхгүй боллоо. Их хэмжээний авлига авсан ч 40 сая төгрөгөөр торгуулаад өнгөрөх нь энэ төрлийн гэмт хэргийг улам дэвэргэж өөгшүүлж байна.
Иймд төрөөс төрсөн тэрбумтан төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хурааж улсыг хохиролгүй болгох, ийм төрлийн гэмт хэрэг дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх зорилготой өргөдөл санаачиллаа" гэжээ.
Нийтийн өргөдөл, гомдлын систем дээр иргэн өргөдөл санаачилж 33,000 болон 100,000 мянган иргэн дэмжиж гарын үсэг зурдаг. Улмаар иргэд дэмжиж гарын үсэг зурсан өргөдлийн дагуу УИХ-аас ажлын хэсэг гарах болон байнгын хороо хуралдаж тус асуудлыг хэлэлцэх учиртай. Гэтэл бодит байдал дээр иргэдээс олон санал авсан өргөдлүүд шийдвэрлэгдэхгүй гацаж байна.
Тухайлбал, иргэн Р.Шинэгэрэлийн 2025 оны гуравдугаар сард санаачилж 100,860 иргэн дэмжиж гарын үсэг зурсан "Иргэн нэг хувийн татвар төлөх" өргөдөл гацав. Мөн хуульч О.Батхүүгийн 2025 оны наймдугаар сард санаачилсан "Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварын хүчингүй болгох" өргөдлийг 100,306 иргэн дэмжиж УИХ-ын нэгдсэн хуралдаанаар танилцуулагдаж 2025 оны есдүгээр сарын 16 нд УИХ-ын Өргөдлийн болон Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Одоогоор бодитой шийдвэр гараагүй хэвээр байна.
"Автомашины болон авто зам ашигласны татварыг бууруулах", "НӨАТ-ын буцаалт хоёр хувийг найман хувь болгох", Орон нутгийн замын хураамж ₮10 мянга болсныг цуцлах" гэх мэт 33,000 иргэн дэмжиж гарын үсэг зурсан өргөдлүүд одоог хүртэл шийдэгдээгүй хэвээр. "УИХ-д танилцуулж байнгын хороод руу шилжүүлсэн" гэх албан мэдээллээс өөр ахисан зүйлгүй байгаа юм. Энэ мэт иргэдийн саналыг үнэгүйдүүлж, орхигдуулж буй жишээ олон байна.
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.