Б.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаас огцруулж, өөрөөсөө холдуулах тохиргоогоо Н.Учрал хийжээ
Засгийн газар ганхах чимээнээр сэрж, олон талд "хуруугаа гозолзуулж" хэрэг төвөг ярьж, зорьсон ажил нь бүтмэгц чимээгүй болдог хүн бол Б.Энхбаяр. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Г.Занданшатарт ч, Н.Учралд ч багагүй дөнгө болж чадсан нэгэн.
Цаг хугацааг ухрааж жилийн өмнөх энэ үед очвоос Б.Энхбаяр Г.Занданшатарын танхимд ХЗДХ-ийн сайдаар томилогдоод 20 гаруй хонож байж. Энэ суудалд хүрэхийн тулд тэрбээр Г.Занданшатартай сөргөлдөж байсан Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарт хаяглан "Бортээгийг "Админерал"-д өгсөн, "Гэрэгэ тауэр"-ийг авсан, "Эрдэнэс Оюутолгой"-н 20 сая ам.долларын" асуудлыг дэлгэж, хэсэг хэвлэлийн хурал хийж бужигнуулсан. Бүр "хүн шатааж хөнөөсөн" гэх хэрэг ч ярьж, тухайн үедээ "гэмт хэргийн сериал" яригч нэрийг зүүж байв. Гэтэл одоог хүртэл эдгээр асуудлуудад цэг тавигдсангүй, шаардлагатай үедээ сөхөж ярьдаг л сэдэв болон хоцорсон. Энэ байдлаараа Б.Энхбаяр Г.Занданшатарт тус биш ус болсон.
Хагас жилийн өмнө буюу Н.Учралын Засгийн газар бүрдэх үест очвоос Б.Энхбаяр сайд болгохгүй бол "Бодь"-ийн улс төрийн нөлөөллийг зарлана гэж "шантаажилж" байв. Тодруулан хэлбэл, МАН-ын удирдлагын хүрээнд "Нүүрсний сонсголын үеэр Д.Баясгаланд холбогдох асуудлыг хэн хэрхэн дар гэж чиглэл өгснийг би мэдээлэл хийж, ил зарлана. Намайг та нар орхих гэж байгаа бол би өөрөө мэдээллээ өгөөд явна" гэж сүрдүүлсэн гэгдсэн. Энэ "шантааж" нь ч амжилт олж, тэр сайд болсон. ЗГХЭГ-ын даргын суудалд тухлаад долоон сар болохдоо тэр хаа нэг байнгын хороо дээр жагсаалтын гишүүдийг загнасныг эс тооцвол ганц үг ган хийгээгүй. Гэвч өнгөрсөн долоо хоногоос эхлэн эрчимтэйгээр хэвлэлд ярилцлага өгсөөр гарч ирэв.
Хотын дарга асан Х.Нямбаатар "“Бодь интернэйшнл”-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан “Сонгуульдаа хэрэглээрэй” гээд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн байдаг. Нүүрсний сонсголын өмнө Д.Мөнх-Эрдэнээр дамжуулж 800 мянган ам.доллар авсныг А.Амундра гэрчлэхээ илэрхийлсэн" хэмээн дурдсаар буй. Мөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар шүүх дээр уулзъя, Б.Энхбаяр сая долларын авлига аваагүй гэдгээ нотлохын тулд тушаалаасаа татгалзаад, үнэн мөнөө олох нь зөв гэх байр суурийг илэрхийлж байгаа.
Харин Б.Энхбаярын зүгээс "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 110 сая ам.долларыг гаргах шийдвэрийг гаргасан хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь Л.Оюун-Эрдэнэ өөрөө байсан. Энэ шийдвэр гарсан 2019 онд миний бие ямар нэгэн албан тушаал хашаагүй, энгийн иргэн байсан. "Бодь"-оос мөнгө авсан асуудал байхгүй гэв.
Ерөөс аль ч талд нүүр алдахгүйн тулд Н.Учрал үхрийн бөөр шиг танхим бүрдүүлсэн. Ардчилсан нам, ИЗНН-ээс бусадтай нь хамтарч, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын 30-ийн талаас таван сайд суулгасан. Тухайн үед "Үндэсний эвсэл"-ийг хамтарсан Засгийн газартаа урихад "Н.Учралын Загсийн газарт Б.Энхбаяр багтвал хамтрахгүй" гэж Н.Номтойбаяр хэлж байв. Энэ мэт олон эсэргүүцэл Н.Учралд ирсэн ч тэр Б.Энхбаярыг Засгийн газартаа багтааж байв.
Гэсэн ч Н.Учрал Засгийн газрынхаа насжилтыг бодож шүд сугалах ажлыг хийсээр буй. С.Амарсайхан, Д.Батлут нарын араас танхимыг нь ганхуулж буй Б.Энхбаярыг огцруулж, өөрөөсөө холдуулахаар болсон байна.
О.ОНОН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.