НИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

Өмнөговь аймгийн иргэд: Хэзээ хил нээж, амьдрал сэргэх бол гэж хүлээн сууна

Дэлхий дахинаа коронавирусийн халдвар тархаад хагас жилийн нүүрийг үзлээ. Хэдийгээр манай улсад дотооддоо бүртгэгдээгүй ч хорио цээрийн дэглэм тогтоож, хилээ хаасан. Энэ нь иргэдийн амьдрал, эдийн засагт сөргөөр нөлөөлж байгааг бид харж байна.

Ийнхүү урд хөрштэй хил залгаа Өмнөговь аймгийн иргэдийн нөхцөл байдал ямар байгаа болон тэдний ажил, амьдралд хөл хорио хэрхэн нөлөөлж буй талаар тодрууллаа.

-НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТ ЗОГСОЖ, АЖИЛГҮЙ БОЛСОН-

Өмнөговь аймгийн Ханбогд сумын оршин суугч, тээврийн жолооч Б.А-гаас нөхцөл байдлын талаар тодруулав.

-Коронавирусийн халдварын улмаас хөл хорио тогтоосонтой холбогдуулан таны ажил, амьдралп ямар өөрчлөлт гарсан бэ?

-Би Ханбогд сумаас “Эрдэнэс таван толгой”-н уурхай хооронд нүүрс тээвэрлэдэг тээврийн жолооч. Хөл хорио тогтоож хил хааснаас хойш гуравдугаар сар хүртэл уурхайн үйл ажиллагаа тасалдалттай явагдаж байсан. Харин гуравдугаар сараас хойш үйл ажиллагаа зогсож, одоо ах нь ажилгүй байна.

-Тус уурхайн үйл ажиллагаа бүрэн зогсчихсон юм уу?

-Уурхайн үйл ажиллагаа бүр мөсөн зогсоогүй ч тээвэрлэлт зогссон.

-Тэгэхээр одоо та гэрийнхээ санхүүг хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Би тээвэрт явснаараа цалинждаг. Одоо орлогогүй, эхнэрийнхээ тэтгэврийн 300 гаруй мянган төгрөгөөр амьдарч байна. Эхнэр тэтгэврийн зээл авсан. Хэзээ хил нээж, ажил эхлэх бол гэж хүлээж сууна.

-МАЛЧИН Г.ДАШНЯМ: МАХНЫ БОРЛУУЛАЛТ БУУРСАН-

-Хөл хорио танай гэрийнхэнд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Коронавирус гэх айхтар өвчин гараад махны үнэ өсчихсөн. Махны үнэ өсөх нь малчин бидэнд ашигтай хэдий ч авах хүн нь цөөн болжээ. Өмнөх жилүүдэд нэг, хоёрдугаар сард 80 орчим бод худалдаалдаг байсан бол энэ жил 50 ч хүрсэнгүй..

-Махны үнэ өссөнөөс өөр өөрчлөлт гараагүй гэж ойлгож болох уу?

-Яах вэ мал дагавал ам тосдоно гэдэг. Махны худалдаа муудсаныг эс тооцвол малчин бид ч малын буянаар сайхан амьдарч байна Хүүхдийн маань хичээл орохгүй, мал төллөх үед бидэнд туслаад, дэмтэй байна.

-ДЭЛГҮҮРИЙН ОРЛОГО 60 ХУВЬ БУУРСАН-

Өмнөговь аймгийн Ханбогд сумын оршин суугч Д.Б-тай нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Та Ханбогд суманд ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Би Ханбогд сумын Хайрхан багийн нутагт найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг. Манай үйлчлүүлэгчдийн ихэнх нь Гашуун сухайт боомтоос Цагаан хад суурингаар дайран өнгөрдөг тээвэрчид байдаг.

-Хил хаасны улмаас таны ажил зогссон уу?

Коронавирусийн халдвар гарч хил хааснаас хойш тээвэрчдийн хөл хөдөлгөөн багасч, Цагаан хадны оршин суугчдын худалдан авалт ч эрс буурсан. Хоёрдугаар сараас эхлээд дэлгүүрээ хаах үедээ хааж, нээх үедээ нээж алдаг оног үйл ажиллагаагаа явуулж байсан. Дэлгүүрийн орлого 60 хувиар буурч, эргэлтийн мөнгөгүй болсон учраас 14 хоногийн өмнөөс дэлгүүрийнхээ хаалгыг барьсан.

-Одоо орлогын эх үүсвэрээ хэрхэн олж байгаа вэ?

-Одоо амралтын байдалтай гэртээ цагийг өнгөрөөж байна даа.


Ийнхүү Өмнөговь аймгийн малчин, тээвэрчин, бизнес эрхлэгч гурван хүнээс хөл хорио хэрхэн нөлөөлж буй талаар тодруулахад мөн л санхүүгийн хямралд орсон нь харагдаж байна. Зөвхөн хил залгаа нутаг гэлтгүй хаа хаанаа санхүүгийн асуудалтай байгаа нь мэдээж. Тус аймгийн иргэдийн хувьд хил нээхийг хүлээж байгаа ч яарч хилээ нээх нь эрсдэлтэй юм. Малчдын хувьд малын ашиг шимээр амьдралаа залгуулж байгаа ч бусад иргэд ажилгүй, орлогогүй байна. Зөвхөн нийслэлд бус орон нутаг гээд хаа хаанаа энэ хүнд үед иргэд “бүсээ чангалж” сууна.

Б.ДУЛАМХОРЛОО

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button