Сурвалжилга, НийтлэлЭгэл бус амьдралЭРҮҮЛ МЭНД

СӨҮЛ ДЭХ ТЭМДЭГЛЭЛҮҮД: "Аз жаргалтай зүүд”

“Тэглээ гээд би бууж өгөхгүй. Хүн ганц л амьдрах юм чинь гэж ярьдаг шүү дээ. Үнэндээ хүн өдөр бүр амьдарч, ганц л удаа үхдэг юм байна. Өглөө нар мандаж тэр өдөр надад ирж байвал миний амьдрал үргэлжилнэ…”


Солонгос улсСөүл хоттэмдэглэл... 

…Хоёр хөлөө мэдээгүй болсноос хойш хөл гэдэг эртхний үнэ цэнийг даанч их мэдрэв. Охинтойгоо босоод бүжиглэж чадахгүй, жижигхэн гараараа хувцаснаас зуураад босгох гэхэд нь хичнээн хичээгээд ч өндийж чадахгүй, тоглож явсан тоглоомоо хөл дээрээ унагачихад нь бушуухан очоод аргадаж чадахгүй, аяга ус нөхөртөө дөхүүлж, аяга тавгаа угааж чадахгүй, адаглаад ариун цэврийн өрөө ч орж чадахгүй өдрүүдэд хоёр хөл дээрээ зогсоод, алхаад, үсэрдэг байсан үеэ ямар их жаргалтай байж вэ гэж бодно… Гэвч хөл бол амьдрал биш ажээ, хөлгүйгээр ч би амьдарч, амьдралын төлөө тэмцэж чадаж байна…

Зориг гарган бүтээсэн “Шидэт хуудас” ном минь миний амьдралын тасалбар болж, би Сөүлд эмчлүүлэхээр ирлээ. Намайг хайрласан олон хүний хайраар би энд ирсэн байв. Сүүлийн хэдэн өдөр юу болсныг үнэндээ бүдэг бадаг санана. Хоол идэж, ус ууж чадахгүй өдрүүдийн ард гарсны дээр, бүтэн сар нуруу хавирга тэр чигтээ өвдсөөр хүн хүргэж чадахгүй хөндүүртэй ирлээ. Өмнөх хоёр хавдар, арав гаруй хагалгааны турш мэдэрч үзээгүй тийм өвдөлт миний ухаан санааг аваад явчихдаг шиг, тийм нэг хов хоосон болчхоод зүгээр л тариа хийлгээд, өвдөлтөөс ангижирмаар санагдах… Гэвч хүний итгэлийг алдах шиг муухай зүйл үгүй. Би чинь ид шидийг бүтээж яваа хүн шүү дээ… гэж хичээх.

Зургийн тайлбар: Сөүлийн гудманд, эмнэлгийн ойролцоо

*** СӨҮЛД ИРСНЭЭС ХОЙШ 38 ХОНОГ ӨНГӨРЛӨӨ  

Хоёрдугаар сарын 07-ны өдөр Сөүлд ирж, ирснээсээ хойш гурван өдөр зочид буудалд байрлав. Харамсалтай нь ар нурууны доохон талд хууларсан арьсыг цоорол гэж мэдэхгүй явсаар хүндрүүлчихжээ. Хоёрдугаар сарын 10-ны өдөр эмчдээ очиж үзүүлэхдээ л цоорол байна гэдгийг мэдэв. Ахиад л нэг асуудал тулгарах нь энэ.

Хөл минь үгүй ч дээшээ хараад хэвтэж чаддаг байсан үе минь жаргалтай байжээ. Одоо зөвхөн хоёр тийшээ л харж хэвтэхийн зэрэгцээ, босоод суух боломжгүй боллоо. Нурууны шарх үе үе шархирч, дотор харанхуйлна. Ингэж өвддөг байх нь ээ... 

Гуравдугаар шатлалын хавдрын эмнэлгт цоорол эмчилдэггүй учир хоёрдугаар шатлалын өөр эмнэлэг бараадаж цоорлоо ч давхар эмчлүүлэхээр болсон ч өвчтөнөөс өөр гадны хүн оруулахгүй гэсэн нь миний байгаа нөхцөлд таарсангүй. Ирэн очин цэвэрлэгээ хийлгэж, эмнүүлээд ч тусыг олсонгүй. Энэ хооронд туяа эмчилгээ эхэлж 38 хоногийн хугацаанд 10 удаа туяа эмчилгээ хийлгэх болсон тул нэг удаа 20-25 минут хэвтэж туяагаар шаруулна. Тэр бүрд ахар сүүлэнд цоорол нэмэгдэж, би гэдэг хүн хавдраас гадна өөр нэг зовлонтойгоо гар барин “нөхөрлөх” болов.

Түүгээр зогссонгүй… Эмнэлэгт 20 гаруй хоног хэвтээд байтал Солонгост коронавирусийн халдвар газар авч, өвчтөнүүдийг эмнэлэгт удаан хэвтүүлэх нь тун эрсдэлтэй гэж үзэн эмнэлгээс гаргаж эхлэв, гадаад өвчтөнүүдийг ч 14 хоногоос дээш хэвтүүлэх боломжгүй боллоо.

Бид ганцхан өдрийн дотор байр олох шаардлагатай тулгарав. Байн байн эмчилгээ хийлгэхээр эмнэлэг орох ёстой учраас эмнэлэгтэйгээ ойр байр олох нь тун чухал. Гэвч тэр тусмаа үнэтэй тусна. Ард түмнээсээ хандив цуглуулаад ирсэн би элдэв илүү зүйлд мөнгөө зарцуулмааргүй, тэгээд ч эмчилгээний зардал минь ч бүрэн цуглаагүй байгаа, сайн бодох хэрэгтэй…

Харин биднийг онгоцны буудлаас л тосож, тусалж ирсэн нөхрийн минь найз байр олоход ахин гараа сунган туслав. Бид эмнэлгээс 10 гаруй минутын зайтай байр олж төвхнөөдөхлөө. Байрны минь цонх Монгол орон руу минь харжээ. Өглөө бүр цай сүүнийхээ дээжийг цонхоороо өргөх нь тун чиг таатай. Цонхоор цай, сүү өргөөд байж болохгүй болохоор аягандах цайндаа халбагаа нэг дүрээд л сацал өргөчихдөг юм. Тэр зүгт Монгол минь байгаа, эх орон минь байгаа, энхрий хайрт охин минь байгаа, энэхэн насны минь хань ижил байгаа… гэж тайтгарах.

*** ХАМГИЙН “ТААТАЙ” ӨВДӨЛТ 

Тэнэг хүнийг тэнгэр ивээнэ гэгчээр коронавирусийн улмаас хөл хорионд орсон эмч найз минь ойрхон байгааг олж мэдлээ. Бурхан над руу түүнийг явуулсан бололтой. Эрхэмболд маань холбоо барьсан даруйд ирж миний цоорлын хэсэгт бактерийн эсрэг тос түрхэж, антибиотик тавьж, боож, боолтыг минь байн байн солихын зэрэгцээ бариа заслаар давхар суралцсан гэдгээ учирлан, өдөр бүр надад сэргээн засах эмчилгээ хийж эхэллээ. Итгэл найдвар минь ахиад л хаврын цэцэг шиг дэлгэрч, өнгө ялдам үнэрээ ханхийлгэж эхлэв. Яг 11 хоногийн дараа, гуравдугаар сарын 12-ны өдөр бүх эмээ ууж дуусаад эмчдээ очвол нурууны шарх маш сайн эдгэж байгааг хараад гайхаж, баяр хүргэв. Ахиад л ид шидийг бүтээсэн шүү… Нуруу эдгэж эхэлсэн учраас химийн эмчилгээндээ орж болно гэж зөвшөөрөв… Нулимсаа барьж дийлсэнгүй. Химийн эмчилгээ эхлэхгүй болохоор дотор давчдаад, холын зэврүүн айдас намайг үе үе нөмрөн авч байсан билээ.

Өнөөдрөөс хөл янгинаж, булчинг минь базаад авах шиг чангарч, ясыг минь сунгаж татаж, тэлэх шиг өвдөлт мэдрэгдэж эхлэв. Би ер нь энэ ертөнцийн бүх л өвдөлтийг мэдрэх ёстой хүн юм болов уу… гэсэн бодолд автан чимээгүйхэн дотроо уйлна. Үхэл, сэхэл хоёр өдөртөө хэд хэд намайг ээрнэ. Энэ л үед хурууны үзүүр хөдлөх шиг болох нь тэр. Хичээгээд нааш цааш хөдөлгөх гэж оролдвол үл ялиг чичирхийлэн татвасхийв. Гуяныхаа булчинг чангалвал мэдрэгдэж байна, суллах нь ч мэдрэгдэнэ. Аан мэдрэлийн эсүүд минь бага багаар сэргэж байгаа юм байна шүү дээ. Ингэж өвдөлт надад анх удаа таатай мэдрэмж төрүүлэх нь тэр. Маргааш өглөө гэхэд босоод гүйчих ч юм шиг тийм нэг гэгээн гэгэлгэн мэдрэмж цээж дүүргээд, хоолой даваад гарчих гэж байгаа юм шиг багтаж ядан байна. Тэр өдөржин охинтойгоо хөтлөлцөөд алхаж байна гэж, өсгийтэй гутал өмсөөд хотын аль ч хамаагүй нэг гудмаар алхаж явна гэж, цэцэрлэгт хүрээлэнд очоод ногоон дугуйг тамираа тасартал жийж байна гэж төсөөлөв…

Үүнээс хойш өдөр бүр хэвтэж байхдаа хөлийн булчингуудаа чангалж, суллаж дасгал хийхийн зэрэгцээ найз минь гуя дагуу, өвдөгнөөс шагай хүртэл өдөр бүр иллэг хийх нь тун нааштай үр дүнг бидэнд авч ирэх болов… Хөөрхөн шүү та хоёр минь гээд хоёр хөлөө магтдаг. Манай хоёр ч урамтай байгаа. Намайг асарч байгаа хоёр дүү минь ч цаг бүрд л эмч найзын зааж өгсөн дасгалыг уйгагүй хийлгэнэ. Эрэгтэй дүү минь амттай хоолоор таслахгүй, эмэгтэй дүү минь чамин ганган зүйлсээр сэтгэлийг минь сэргээж, хумс хурууг минь будаж, элдэв чимэг зүйлсээр толгой хүзүүг минь гангална.

Уг нь одоо хийлгэж буй гурван сарын химийн эмчилгээгээ хийлгэчихээд амралтын үеийн эмчилгээгээ аваад Монгол руугаа буцчихмаар л байна. Даанч болохгүй гэсэн. Тэгэхээр тавдугаар сарын 28 хүртэл охиноосоо, ээжээсээ, хань ижлээсээ хол байх нь.. Гэхдээ би тэснэ ээ.  

Тэр болтол хэд хэдэн тэмдэглэл сайтар хөтөлж, сэтгэл санаагаараа хавдрыг ялан гарна. Алисагийн зурагтай дэвтэр дээр охинтойгоо хамт хийх зүйлсээ нэг бүрчлэн жагсааж бичнэ. Монголд очихоороо яг дарааллаар нь хийх болно. Өөр нэг дэвтэр дээрээ бясалгалаар 108 мөргөж эхэлсэн тэмдэглэлээ бичиж байгаа. Төсөөлөөд хийхээр бүх булчин ажилладаг юм байна. Суумгай болчихсон хүмүүст өөрийн туршлага дээр үндэслэн зөвлөгөө гаргаж өгье гэж хүсэж байна. Мөн өдөр тутмын эмчилгээнийхээ тухай тэмдэглэл бичиж над шиг зовлон туулсан олон хүнд сэтгэлийн дэм, итгэл өгөхийг хүсэж байгаа. Бүгдийг нь тэмдэглээд л явна. Хийх ажил ч их байна шүү. Номын маань хоёр дахь дугаарын зохиолын үйл явдал бэлэн болчихсон. Одоо засварлаад л ерөнхий редакторт өгөх ёстой, дараа нь техник редакторт өгөөд Шүрээ маань зургийн ажлаа хийчихвэл хоёр дахь “Шидэт хуудас” минь амилна.  

За одоо булчингаа нэг суллаж, чангалъя... Нэг, хоёр, гурав.... Нэг хоёр гурав... Нэг... 

Нээрэн, охиндоо би түрийвч оёж байгаа, очихдоо аваад очино. Монголдоо л хурдан очмоор байна. Эх орондоо очихдоо онгоцны буудал дээр буугаад намайг тосож байгаа хүмүүс рүү би хар хурдаараа гүйнэ.  

***ЭНЭ ШАТААР ЗУРГААДУГААР САР ГЭХЭД ӨГСӨЖ ЧАДАХ ЮМ ШИГ БАЙНА 

Түүний өгсөхийг хүсдэг байсан шат

Өнөөдөр дөрөвдүгээр сарын 06-ны өдөр. Яг нэг сар, нэг хоногийн дараа миний төрсөн өдөр болно. Төрсөн өдрөөсөө өмнө босоод зогсчих юм шиг санагдаж байна. Энэ харагдаж байгаа шатаар зургаадугаар сар гэхэд өгсөж чадах юм шиг байна. Тэгж ээждээ бэлэг баримаар санагдана, ээжийгээ л баярлуулмаар… Наашаа ирдэг өдөр ээжийгээ их гомдоочихсон болохоор энэ их биеийн өвдөлтүүдээс илүү сэтгэл өвдөөд тайван сууж чадахгүй өдрүүдийн ард ээжээсээ уучлалт гуйж байж гарсан. Зүгээр л хайртай ээжээ…

“Тэртээ 2000 онд аав минь бурхан болоод ээж минь дөрвөн дэрсхэн үрээ тойруулаад нулимстай нүдээр биднийгээ хараад нулимсаа дотогш залгин зогссон. Би долоодугаар ангийн том охин учраас тэр бүгдийг нүдээр харж билээ. Аавыг минь хөдөөлүүлээд өдөр ирэх тусам хүний багассаар л нэг мэдэхэд бид тавуулаа бие биенээ харан суусан. Ид зах зээлийн шуурганд наймаа хийн түүнийгээ өргөжүүлэн Улаанбаатар хот руу нүүж ирсэн. Хамтдаа нэлээдгүй том бизнес эхлүүлсэн ээжийн минь найз бүсгүй бүх мөнгийг нь аваад алга боллоо. Тэглээ гээд ээж минь шантраагүй. Бид тойрч суугаад эсгий углааш гэрээрээ үйлдвэрлэж их дэлгүүрт нийлүүлдэг болсон тэр цаг ч сайхан. Буцаад амьдрал овоо босож эхлэв. Ээж минь мэргэжлээрээ буюу барилгын инженерээр ажиллаж, тусдаа компани байгуулан нэг том барилгын ажил авлаа. Өдөр шөнөгүй ажиллаж, нөгөө компани нь хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна гэсээр ээж хэдэн сар ажилчдаа өөрөөсөө цалинжууллаа. Ахиад л удирдлагууд нь гадагшаа явсан гэх шалтгаанаар ээжээс зугтаж 25 ажилтантай жижиг компани уналтад орлоо. Ээж минь тийм л итгэмтгий, хүний өмнөөс өөрийгөө золионд гаргаад өөрөө буруутан болоод үлдэнэ, тэр бүртээ “Яах вэ, буянаараа болог” гээд орхино. Унаж босож тэмцэж ирсэн миний ээжид зовлон уг нь багадаагүй дээ…”

Эндэхийн эмчилгээний мөнгө дууссан учраас ээж минь сая ааваас өвлөгдөж ирсэн цор ганц зүйлийг ломбарданд тавьж, мөнгийг нь явуулсан. Одоо байраа зарах гэж байгаа. Ээж надад бүх зүйлээ л зориулж байна… Үхтэл үр харам гэж…Өвдөлтөөсөө болоод ээжтэйгээ тухтайхан байж чадаагүй явахын өмнөх тэр өдрүүдийг бодоод гунигтай байна, энэ ертөнцөөс явахаа хүрвэл ээжийнхээ л гар дээрээс явах юм шүү…

Саяхан нэг хар дарж зүүдэллээ. Цурхиран уйлаад дүү маань сэрээх үед дэрээ нортол уйлсан байж билээ. Тэр зүүдэнд “Хэн нэгний өмнөөс хэрэг хүлээгээд шоронд орж байх шиг… Гар минь гавтай. Уйлахаас өөрийг хийж чадахгүй. Хүний тайлсан гавыг авч зүүгээд, тэр хүн төмөр хаалганы зүг алхана. Хэн гэдэг нь харагдсангүй. Харин цаана нь ээж минь зогсоно. Би уйлсаар л…” Энэ үед дүү минь сэрээжээ. Ямар учиртай зүүд болохыг мэдэхгүй ч ээж минь яагаад тэнд байгааг ойлгож гэж хичээж байна. Үр хүүхэд нь зовох үед эх хүн хамгийн ихээр шаналж, сэтгэл нь үргэлж хамт явдаг гэж хэлэх гэсэн юм болов уу? Ээжээ… Миний ээж бага уйлж, өөрийгөө тайван байлгаж, эрүүл энх сууж байгаарай. Тандаа охин нь хязгааргүй их хайртай шүү.

***ХОЁР ДАХЬ НОМЫН МИНЬ ГОЛ ДҮР “СИЙЛЭН” ОХИН МИНЬ МЭНДЭЛЛЭЭ 

Өчигдөр шинжилгээнүүдээ өгөөд гурав дахь химийн эмчилгээндээ орж эхэллээ. 21 хоног эмчилгээ хийлгээд 7 хоног амардаг. 21 хоногийн сүүл рүү эмийн гаж нөлөөнөөс болж, хордлого өгч хоол унд идэхээ больчихдог юм. Сая дархлаа сайн сэргэсэн байна гээд гурав дахь эмчилгээгээ хийлгэлээ.

Төрсөн өдрөөрөө дүү нартайгаа

Нээрэн өчигдөр миний төрсөн өдөр боллоо. Төрсөн өдрөөрөө хүүхдүүдэд номуудаа бэлэглэхийг хүссэн. Энэ төрсөн өдрөөсөө хойш төрсөн өдөр бүрээрээ ээжийгээ баярлуулаахаас гадна бусдыг, тэр тусмаа хүүхдүүдийг баярлуулж байна гэж өөртөө зорилгоо тавьлаа. Энэ өдөр зорьсон зорилгодоо хүрч, алхаж чадсангүй. Тэглээ гээд би бууж өгөхгүй..

Хоёр дахь номын гол дүр Сийлэн

Өөр нэг сайхан мэдээтэй. Хоёр дахь номын минь гол дүр Сийлэн охин мэндэлжээ. Охиныхоо нэрээр нэрлэсэн энэ баатрын адал явдал удахгүй уншигчдын гарт очих нь… Охин гэснээс… удахгүй ээж нь охиноо дагуулаад алхахдаа л алхана. Ээж нь чамайгаа дагуулаад салхилж, чамтай элдэвийг ярьж, хэл амаа ээдрүүлэн хааяа хэний ч мэдэхгүй хэлээр эрхлүүлж, биеийн чинь бүхий л газарт хайраа шингээн үнсэж, баасыг чинь сүүтэй цайтай зүйрлэж, амнаасаа унагасан хоолыг чинь хэнэгч үгүй арчиж идээд, уйлахад чинь дагаж хямраад, инээхэд чинь баярлаж, анхны шүд цухуйхад нулимс цийлэлзүүлж, алив бүхэнд чамайгаа хань татаж чамаараа гоёж сууна. Удахгүй чи минь том болно. Тэр үед ээжийгээ эрхлүүлж, авч гаран салхилж, тэр дэлгүүрт сайхан даашинз байгаа тухай хэлж, ангийн таалагддаг хөвгүүнээ догдлон ярьж, гараас минь хөтлөн театр орж, аавдаа эрхэлж авахуулсан зүйлээ гайхуулж, өмсөх хувцасаа ээжээрээ биш өөрөө сонгож, гоёж гоодоод гүйнэ. Ээж нь чиний инста зурагчин болоод л өдөр бүр зургийг чинь авч өгнө. Чин зүрхний цор ганц хайр минь…Охиноо ээж нь маш их санаж байна. Санах гэдэг чинь чухам ийм л мэдрэмжийг хэлдэг юм байна. Гэхдээ урт удаан хамт байхын тулд хэсэгхэн зуур хол байгаа гээд өөрийгөө тайтгаруулан сууна ээж нь…

…нэгдүгээр сарын 25-нд хоёр хөл дээрээ яваад, охинтойгоо хөөцөлдөж тоглоод л явж байсан бичлэгээ сая үзлээ. Дөрөв, тавхан хоногийн дотор л хөл сулраад л мэдээгүй болчихсон гэж бодохоор…

Гуниглах л юм. Гэхдээ ууж байгаа гормоны эмтэй л холбоотой гэж өөрийгөө тайвшруулна. Уйлахдаа буруу хараад уйлахгүй бол итгэл найдвар тээж энэ хүртэл хамт ирсэн хоёр дүүгээ хямраавал яана. Би л өөрөө тэр хоёрыг сэтгэл санаагаар дэмнэх ёстой. Эмчилгээ минь үр дүнгээ заавал өгнө. Одоо гурав дахь курс эмчилгээ дууссаны дараа, тавдугаар сарын 28-нд ясны цөмийн шинжилгээ гэх мэт химийн болон нарийн хэд хэдэн нарийн шинжилгээ өгч хавдар минь жижгэрсэн байна уу, эмчилгээ хэр үр дүн өгч вэ гэдгийг харна. Хэрэв сайн байвал урин цагаар эх орондоо тэнхрэх боломжтой. Одоо эх орон руугаа буцах хүсэлтээ өгчихсөн. Монгол руу өдөр бүр мэйл бичиж, ээж маань очиж гараар өргөдөл өгсөн боловч хариу ирээгүй, хүлээсээр л байна. Тусгай үүргийн онгоц зургаадугаар сард ирнэ гэж найдаж байгаа, тэр үед л буцчих юмсан.

Үнэнийг хэлэхэд охиноо их санаж байна. Хоёр ой, найман сартай, хэлд ороод ямар хөөрхөн юм байна гээч. Аз жаргал гэдэг чинь охиныхоо “Хайртай шүү, санаж байна шүү, хурдан ирээрэй” гэхийг л сонсох юм. Багад нь дуулж өгдөг байсан бүүвэйн дууг нь утсаар дуулж өгсөн чинь шкаф дотор утсаа барьж ороод ганцаараа сонссон. Ай, үрээсээ хол байхад хонгор анхилуун үнэрийг нь, хосгүй өхөөрдөм инээдийг нь, бяцхан хөөрхөн бүхнийг нь санаашран санаашран санах юм. Цар тахлаас болж хил гааль маань ингэж удаан хаагдана гэж бодох ч сөхөлгүй ирсэн. Биеэ жоохон тэнхэрхээр охиноо авчруулна даа гэж л бодож байсан. Азаар охин минь өмсч байсан оймсыг цүнхэлж амжжээ. Одоо би дэрэн доороо оймсыг нь хийж үнэрлээд л… Ээжийнхээ асаргааг бодож үгүйлээд л… Удахгүй ирэх онгоцоор нутаг буцна даа гэж мөрөөдсөөр байна

Нээрэн, “Бурхан надад өгнө гэсэн бэлгээ олон хүний дараа дарааллуулаад тавьчихсан байсан ч сая надад өгөхөөр ил гаргаад тавьчихлаа гэх сайхан зүүд зүүдэлсэн. Тиймээс тэр бэлэг удахгүй надад ирэх байх. Тэр үед би хөл дээрээ зогсоно”

Б.Мөнхтуяагийн тэмдэглэл дээрх зураг

***АШГҮЙ, ЭХ ОРОН РУУГАА БУЦАХ БОЛЛОО 

Өнөөдөр зургаадугаар сарын 19-ний өдөр. Өнөөдөр эх орныхоо салхийг үнэрлэх нь… Тэнд эх орон минь, энхрий бяцхан охин минь, элбэрэлт сайхан ээж минь байгаа. Цооролтын шархтай учир 4 сар хоёр хажуугаараа хэвтэж, босохдоо эрэгтэй дүүгээрээ өргүүлээд арайхийн тэргэнцэр дээр суудаг бие үгүй “бяцхан” эмэгтэй. Өглөө бүр, өдөр болгон, шөнө бүхэн нүдээ аниад төсөөлдөг. Эдгэрээд инээгээд зогсч байна гэж, охиноо хөтлөөд алхаж байна гэж, олон сайхан мөрөөдөл минь биелж бусдад урам өгч байна гэж кино кадр шиг нүүрэндээ мишээл тодруулан мөрөөдөн хэвтдэг. Би Монголдоо очиж хайртай бяцхан охиноо энгэртээ тэвэрч сэтгэлээ баясган, ээжийнхээ гарын уламжлалт хоол цайгаар тэнхэрч, хөдөө нутгийнхаа цэвэр агаар үзэсгэлэнт байгальд сэтгэл тэнэгэр байж тэнхэрмээр байна.Хэдийгээр хөл маань өдөр шөнөгүй шархирч, шөрмөс нь таталж, хааяа орь дуу тавин өвддөг ч хөл дээрээ босно гэсэн хүсэл надад тамир тэнхээ өгдөг. Тиймээс асран хамгаалагчтайгаа 21 хоногийн тусгаарлалтыг онц даваад гарна аа, Мөнхтуяа минь, чи чадна.

***ОХИНТОЙГОО ХӨТЛӨЛЦӨӨД ЗААВАЛ АЛХАНА 

Эх орондоо ирж  Цэргийн госпиталд тусгаарлалтад орлоо. Эмч найз минь намайг асрахаар, эрэгтэй дүү минь намайг өргөж тойглохоор хамт ирлээ. Эмэгтэй дүүгээ Солонгост үлдээгээд ирсэн болохоор сэтгэл тиймхэн. Хайртай шүү гээд тэнхээтэйхэн тэвэрч ч чадсангүй... Олон цагийн нислэгт бие минь ядарчээ...  

Тэглээ гээд би бууж өгөхгүй. Үнэндээ.. бие минь шархирч, бичиж, уншиж, тэмдэглэх ч тэнхэл үлдсэнгүй. Маш их унтаж, хэвлийд гуурс суулган ус авч байна. Олон хүн бие асууж байгаа ч хариулах тэнхэл үлдээгүй бололтой.

Охиноо л харчихмаар санагдах юм. Ээжийгээ бас хармаар, ээжийнхээ гар дээр эцсийн амьсгалаа татмаар, энэ л хорвоод нэгэн биений минь нөгөө тал болсон ханьдаа нэг эрхэлчихмээр хачин хүслүүд гэнэт дотор адгаад…

Мэс заслын орон дээр “унтахаар” хэвтэх бүрд эмч нар минь сайхан зүүд зүүдлээд сэрээрэй гэдэгсэн. Би брэндийн дэлгүүрээр хэсэж хэсэж, ажлаа хийж хүмүүст үйлчлээд л, охинтойгоо зугаалж зүүдэлсээр олон мэс заслаас сэрсэн. Энэ удаа гэхдээ АЗ ЖАРГАЛТАЙ ЗҮҮДЭНДЭЭ үлдчих юм шиг санагдаад…

Тэр бяцхан гарыг нь хальтхан ч болов атгаад, зөөлхөн хацарт нь хошуугаа үл ялигхан хүргээд, хамгийн тансаг хонгорхон үнэрээр нь хэнхдэг цээжээ дүүртэл амьсгалаад явахсан. Хэцүү хүсэл биш шүү дээ. Гэвч хорвоо хоржоонтой юм… Анх удаа л гомдол гутрал дотор ураад, хачин гунигтай болчихов.

Хэдэн давхар уутны цаанаас хамгаалалтын зузаан хувцасаар битүүлэн багласан охиноо арайхийн харлаа… Тэгээд эмнэлгийн орон дээр анх удаа охинтойгоо уулзаж байснаа, аав нь тэврээд үнсэж байсныг нь, үлдсэн ганц хөхөөрөө хөхүүлсээр хүн болгосноо, өдөр шөнөгүй эрхлэн уйлж, өглөөжин нялуурч, хэвтдэг байснаа, тэнтэр тунтар алхахад нь нулимс унагаж байснаа эргээд нэг дурслаа. Амьдрах үнэхээр сайхан шүү. Гэвч нүдээ бүтэн нээгээд харах ч тэнхэл үлдсэнгүй… сүүмгэр дүрс, сүүмийх охин минь… Наддаа л ирэх гэж хичээж ээ. Ивий дээ, ивий үр минь… Юу ч мэдэхгүй тийм нэг гэгээн, гэхдээ бүгдийг ойлгож бясалгасан ухаалаг бяцхан нүд л намайг цоо ширтэнэ. Энэ нимгэхэн уутан хананы цаана, гараа сунгахад л хүрчих тийм ойрхон газарт олон сар хүсэж мөрөөдсөн энхрий охин минь зогсож байна. “Ойр мөртлөө хол” гэдэг дэргэд мөртлөө хүрч чадахгүйн гачлан ажээ. Зүүд зэргэлээ шиг энэ уулзалт бидний сүүлийнх гэсэн бодол хэнхдэг цээж балбаад… ийм зовлонг тэвчиж чадсангүй орь дуу тавин уйлчихлаа… Миний охион.

Гэхдээ сул дорой төрхийг минь тэд үүрд санаж, сэтгэл нь өмөрч явбал яах билээ. Болохгүй, болохгүй. Тиймээс дахин өөрийгөө хатамжилж инээмсэглээд өрөө рүүгээ эргэлээ. Зовхи минь алгуур алгуурхан хүндэрч байгааг мэдрэв.

Охиноо, ханиа, ээжийгээ сүүлийн удаа хараад буцах зам… удаан, хол. Нулимсаа тэвчээд, хүчтэй бай… гээд эргэх тэрхэн үест ээжийнх нь чихэнд чиний тэр “хаа холоос” хэлсэн “Хайртай шүү” гэдэг эрх танхи, өхөөрдөм хоолой чинь хамгийн тод сонсогдсон шүү… Ээж нь ч бас хайртай шүү…

Ээж нь охиндоо амласнаа биелүүлж ахиад заавал хамт алхана. Тэр үед гэхдээ би чамайг биш чи намайг хөтлөөд алхах байх. Тэр үед эмээ нь ээжийг нь эрхлүүлж, аав нь чангаар тэврэх байх. Тэр үед бүх зүйл сайхан болно… Ээж нь чиний охин болохоороо хоёулаа үсээ урт ургуулаад…

“Аз жаргалтай зүүд” 

Хорвоод хосгүй сайхан охиноо ээж нь тэврэн зүүдэллээ 

Хонгор үр минь уруулаа шомбойлгон хариу тэвэрлээ 

Ээжээ хайртай гэж шулаганан хэллээ 

Энэ хайранд нь ээж нь уяраад инээмсгэллээ 

Чамайгаа тэврээд өргөж байна, ээж нь тэнхээ оржээ 

Цааш хөтлөөд алхаж байна, ээжийнх нь хөл эдгэжээ 

Цэцэрлэгт нь оруулаад баяртай гэж байна, ээж нь жаргалтай болжээ 

Цацалын хувинтай сүүгээ өргөж байна, бүгдэд талархаж байна 

Хань минь машинаасаа далалж байна, бид ажилдаа явлаа 

Харин үдээс хойш дэлгүүр орж байна, бид аялалд гарах нь 

Хонгор үрээ цэцэрлэгээс нь авч байна, бид хөтлөлцөн алхана 

Харин гурвуулаа үргэлж инээж байна, бүх зүйл сайхан болжээ 

2020.02.14 

Б.Мөнхтуяа  

БНСУ-д гурав дахь хорт хавдрын эмчилгээндээ ард түмнийхээ хандиваар орж, эх орондоо ирээд тусгаарлалтын 16 дахь хоног дээрээ ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн Б.Мөнхтуяагийнхаа гэгээн дурсгалд зориулан, “ЭГЭЛ БУС АМЬДРАЛ: Гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж буй ээж” нийтлэлийнхээ үргэлжлэл болгон бичив. Уг бичвэрийн 80 гаруй хувийг түүний өөрийнх нь үгээр бүтээсэн болно.

Б.Мөнхтуяа өвдсөн байх үедээ дараагийн хоёр номоо бичиж дуусгасан бөгөөд тун удахгүй уншигчдын хүртээл болох юм. Шинээр хэвлэгдэн гарах уг хоёр ном болон “Шидэт хуудас” номын үлдсэн хувийг гэр бүлийнхэн нь үргэлжлүүлэн борлуулж, олсон орлогоор нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн тасгийн гадна тоглоомын талбай шинээр байгуулан буян дэлгэрүүлэх зорилготой байна.

Ум мани бадмэ хум 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
42 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
asasas
asasas
2020-07-15 12:43

huurhii mindee, um sain boltugai. hatuu horvoo shuu

Зочин
Зочин
2020-07-15 15:58

өвчинтэй их л тэмцсэн дээ,хөөрхий эх орон эцэг эх,хайрт хань энхрий охиндоо эргэн төрөөрэй

Mongoo
Mongoo
2020-07-15 17:02

ewii dee ewii. sain torliig oloh boltugai

Зочин
Зочин
2020-07-15 21:07

5.han honog tessen bol vree vnseh bjee????

Зочин
Зочин
2020-07-15 21:09

Хөөрхөн охиндоо эргэн төрөөрэй

Зочин
Зочин
2020-07-15 21:12

Ум сайн амг�##�ан болтугай????????????????????????????

Davaasuren
Davaasuren
2020-07-15 21:22

Evii mini dee ene jaahan emegteid ymar ih zovlon uuruulee ve. Eh oron enhrii bytshan ohindoo ergej torooroi. Eh orondooo taiwan noirsdooo

Зочин
Зочин
2020-07-15 21:53

Ээээ бурхан минь дээ та даанч хатуу юм даа

Зочин
Зочин
2020-07-15 21:58

Evii mini dee, ur zurh emterch baina

Зочин
Зочин
2020-07-15 22:06

Яасан ч хяслантай хорвоо вэдэ. Өмнөөснь өр өвдөөд харамсаад...

Зочин
Зочин
2020-07-15 22:15

Эвийдээ энхрий бяцхан охин хайрт хань элбэрэлт сайхан ижийдээ дахин төрөөрэй нулимс дуслуулан уншлаа амьддаа бие биенээ хайрлая хорвоогын хором мөч бүрт т�##�архаж амьдрая

Unshigchуншигч
Unshigchуншигч
2020-07-15 22:20

Ayult ovchinteigee ih temtsej irsen setgeliin hattai ohin bsan shuu. Um maanii bod ni hum

Зочин
Зочин
2020-07-15 22:35

Бурхан минь,ум ма ни бад мэ хум,хатуудаа дэндүү хатуу хорвоо юм даа,гэм зэмгүй хөөрхий эмэгтэйд ямар хүнд зовлонг өгөөд эргээд жаргах цагийг өгч чадсангүй вэ

Зочин
Зочин
2020-07-15 22:50

Үхэл бол амьдр�##�ын төгсгөл биш гэж Будда хэлдэг биз дээ. Охин нь үргэлжлүүлэн амьдарна. Сайн төрлийг олох болтугай

Зочин
Зочин
2020-07-15 23:06

evii mini ymar ch hetsvv ym be dee,,, um mani badmi hum

Сахиусан тэнгэр
Сахиусан тэнгэр
2020-07-16 03:06

Эх орныхоо хөрсөнд тайван нойрсдоо сайхан бүсгүй минь Энэ л эх орон энхрий үрдээ эргээд заав�##� төрөөрэй ум сайн амг�##�ан болтугай

Зочинмонгол
Зочинмонгол
2020-07-16 06:57

Гол минь горойх шиг. Хайртай бүхэндээ эргэж төрөөрөй

Зочин
Зочин
2020-07-16 08:44

Үнэхээр хатуу, харамс�##�тай хорвоо юм даа, охин нь ээжийнхээ үргэлжлэл юм шүү

Нэгэн ээж
Нэгэн ээж
2020-07-16 10:18

Өвчин зовлон ямар хэцүү юм бэ хөөрхий дөө үхтэл үр харам гэж. Сайхан охин нь ийм мундаг ээжтэй байсан юм чинь ээж шигээ мундаг эмэгтэй болноо

gantogtoh
gantogtoh
2020-07-16 11:25

mundag bvsgvi mini eh orondoo dahin torooroi

gantogtoh
gantogtoh
2020-07-16 11:27

vnheer haramsaltai bn uilaad boldogviee setgel sanaa hetsvv bn oo dahin torooroi saihan bvsgvi mini

Зочин
Зочин
2020-07-16 12:15

Ум сайн амг�##�ан болтугай

123
123
2020-07-16 15:46

бүүр зөндөө уйллаа өрөвдөмөөр юмаа ум сайн амг�##�ан болтугай

Зочин
Зочин
2020-07-16 15:55

Үнэхээр харамс�##�тай юмаа.Тусгаарл�##�таас гараад ядаж хэдхэн хоног ч гэсэн гэртээ ээж хань охин 3 тайгаа хамт байсан бол сэтгэл нь бага ч гэсэн дээр байх байсандаа.Үнэхээр хэцүү бодхоос л ....

Зочин
Зочин
2020-07-16 19:16

Өр өвдөөд уншиж дуусг�##�аа.ямар хатуу хорвоо вэ.эх хүний үрээ үнсэх гэсэн сүүлийн хүслийг нь биелүүлчихгүй даанч яавдаа.

Зочин
Зочин
2020-07-16 21:55

Ээ бурхан минь, ямар өрөвдмөөр яасан агуу тэвчээр вэ. Богинохон насны энэ амьдр�##�даа асар ихийг бүтээж бас хатуу зовлонг туулсан ийм охиныг Хажидын хайр нигүүслийн орон угтаад , тэр л орноо бүтээл нь үргэлжилсээр...

namuun
namuun
2020-07-17 00:43

Sain eej ssihan hani ejiinhee saihan ohin baijee chi uneheer temtsej chadsan shuu busgui mine

Зочин
Зочин
2020-07-17 11:26

Ergen ohiniihoo hvvhed bolon ergen turuurei. Um sain amgalan boltugai.

Эх хүн
Эх хүн
2020-07-17 13:42

Ямар хэцүү юм бэ уншаад өөриин эрхгүи уиллаа хаиран саихан бүсгүи хаиран саихан ээж хаиран саихан з�##�уу нас хорт хавдар гэж ёстои муухаи өвчин юмаа хөөрхөн саихан охиныг нь ээж шиг нь саихан сэтгэлтэи хүн болгож хүмүүжүүлээрэи

Зочин
Зочин
2020-07-17 18:16

Ямар хатуу хорвоо вэ арай л ахдсан их ачааг үүрүүлжээ. Хүсэвч хясах энэ хорвоог я�##�тай билээ. Ум маани бадми хум.

Зочин
Зочин
2020-07-18 14:44

Ум сайн амг�##�ан болтугай. Монгол явах гээд хэт яарчдээ хөөрхий минь. Тэр их хүнд эмчилгээ авч байж эндээ санахын зовлонг тэсээд байж байсан бол. Би Монгол явахаар л онгоцны доргилтонд эргэж муудаад гэрийхэн онгоцны бууд�##� дээр морфин бариад

Зочин
Зочин
2020-07-18 15:01
Reply to  Зочин

Сайхан үрсийнхээ төлөө, аав ээж, хань ижил, үр хүүхэд, урам өгч байгаа ах дүү хамаатан садан анд найз нөхдийнхөө төлөө, гэрийхэнтэйгээ урт удаан аз жарг�##�тай хамт байхын төлөө биеийн байдлаа гүйцэд тогтворжих хүртэл санаж байсан ч тэвчээрэй

Зочин
Зочин
2020-07-18 14:57
Reply to  Зочин

Өдөр бүр санаж байна гэх нялх үрээ харах ярих, дүрст дуудлага хийх болгондоо охиноо хараад уйлах ээжийгээ харахад их хэцүү. Бас намайг л өндийлгөх гэж ядарсан ч амрахаа мэдэхгүй эмнэлгийн төлбөр олох гэж гүрийж байгаа хань ижлээ хараад

Зочин
Зочин
2020-07-18 14:53
Reply to  Зочин

Төлбөртөө нэмэрлэж, тэгэж байж саяхнаас шинжилгээнд нааштай хариу жоохон дуулдах болсон. Их хүнд өвдсөн хүмүүс хамаагүй нааш цаашаа хөдөлгөөн хийж болохгүй шүү. Үр дүнд хүрч, үр дүнгээ тогтоож авахын тулд сан�##�аа ч гүрийх хэрэгтэй. Өдөр бүр

Зочин
Зочин
2020-07-18 14:50
Reply to  Зочин

Сүүлдээ явахаа больсон. Бага хүүхдээ хэдхэн сартай байхад нь гэнэт өвдөөд мөөмнөөс нь хүчээр гаргаад ирсэн ч өнчрүүлэхгүйн тулд сан�##�аа ч тэсэхээс өөр арга байхгүй. Ингэж гүрийсээр 4 жил болж, гүрийсэн тийзний мөнгөөрөө эмнэлэгт хэвтэх төлб

Зочин
Зочин
2020-07-18 14:47
Reply to  Зочин

Гэрийхэн морфин бариад хүлээж байдаг. Тэгээд очоод 7хон хоноход л тувт тариагаар өвдөлтөө дарсаар я�##�тачгүй буцаад л эмнэлэгтээ ирж шинжилгээ юмаа өгч эмчилгээгээ авдаг. Эхэндээ хагас жил болоод нтр явдаг бсан ч болохгүйг мэдээд сүүлдээ ява

Зочин
Зочин
2020-07-18 23:06

Ireed tesehgui gsen shig bich8j bsan bn horvoo ch hatuu uedee hatuu shuu. Ger buldee dahin turj gunj shig amidraarai

Зочин
Зочин
2020-07-18 23:25

Уйлчихлаа

Зочин
Зочин
2020-07-19 15:35

хайртай охин хань мөн ээждээ хамгийн ойр хүн нь болж эргэн ирээсэй

Зочин
Зочин
2020-07-20 01:32

????????????????????????????????????

Зочин
Зочин
2020-07-28 18:05

Миний мэдэх хамгийн мундаг ээж, хамгийн ухаантай хань, хамгийн хүчтэй эмэгтэй
Ум сайн амг�##�ан болтугай

zochin
zochin
2021-12-17 16:15

Бурхан минь 1 хүнд ямар аймаар өвдөлтийг мэдрүүлээ вэ, Хөөрхөн охин нь жаргаж амьдрах байхаа

Холбоотой мэдээ

Back to top button