Ярилцлага

Ч.Мөнхцэнгэл: Ганцаараа рольк унаж байхдаа ноцтой бэртсэн хүүхдүүд ГССҮТ-д их ирэх боллоо

Урин дулаан цагт улирлын чанартай хүүхдийн осол гэмтэл их гарч буйтай холбогдуулан ГССҮТ-ийн хүлээн авах, яаралтай тусламж үзүүлэх тасгийн эмч Ч.Мөнхцэнгэлтэй ярилцлаа.

-ХҮҮХДҮҮД ЗОРИУЛАЛТЫН БУС ТОГЛООМЫН ТАЛБАЙД АВИРЧ БАЙХДАА УНАЖ БЭРТЭЖ БАЙНА-

-Сүүлийн үед ГССҮТ-д эмчилгээ, зөвлөгөө авч буй хүүхдүүд ихэвчлэн ямар гэмтэлтэй байна вэ?

-24 цагийн байдлаар ГССҮТ-д 300-400, зарим тохиолдолд 400-500 хүн тогтмол үйлчлүүлдэг. Түүний 100-150 орчим нь хүүхэд байдаг. Нийт гэмтлийн шалтгааныг нь авч үзвэл ихэнх нь явганаас унасан, тоглоомноос унасан, шат гишгүүрнээс унасан тохиолдлууд эзэлдэг. Хүүхдүүд ч мөн ялгаагүй, осол гэмтлийн нэгт уналтаас шалтгаалсан бэртэл орж байдаг.

-Ирж эмчилгээ авч буй хүүхдүүд, ихэвчлэн юунаас унасан байдаг вэ?

-Анзаараад байхад, хүүхдүүдийн хувьд зориулалтын бус тоглоомын талбайд тоглож байхдаа унаж бэртэх нь их байдаг. Мөн ялангуяа тоглоомын хэрэгслүүд болох скүүтэр, унадаг дугуй, ролик гэх мэт хэрэгслийг эцэг эхийн хараа хяналтгүй бие даан тоглож байхдаа бэртсэн байх нь бий.

Зуны урин дулаан улиралтай холбоотойгоор хүүхдүүд эцэг эхийн хамт агаар, салхинд гарч байхдаа автын осолд орох гэх мэтээр осолд өртөж, гэмтэх нь ихсэж байна.

Түүнчлэн түлэнхийн гэмтлүүд улирал хамаарахгүйгээр хүүхдүүдэд түгээмэл тохиолдож байгаа нь харамсалтай. Энэ нь мөн л хүүхдийн аюулгүй байдал, эцэг эхийн хараа хяналт сул байгаатай шууд холбоотой.

-Тэдгээрээс хамгийн аюултай, хүүхдэд насан туршийнх шарх сорви болон үлддэг, хамгийн их мөнгө санхүү шаарддаг, эмч нарын сэтгэлийг зовоодог гэмтэл юу байдаг вэ?

-Гэмтэл маань өөрөө ямар гэмтэл гэдгээсээ шалтгаалаад эмчлэгдэх хугацаа, арга нь өөр байдаг. Тэр дундаа хүүхдэд тохиолддог гэмтлүүд дотроо түлэнхийн гэмтэл маш хүнд. Яагаад гэхээр хэдийгээр тухайн үедээ боломжит хэмжээгээр эмчилсэн ч, хүүхэд өсөж томроод нас биед хүрсэн ч түлэнхийн гэмтэл нь сорви болон үлдэх өндөр эрсдэлтэй.

Мөн хүүхдийн бие жилээс жилд өсөж томорч байдаг учир түлэгдсэн хэсгийн арьс, зөөлөн эд маань таталдах олон дахин хагалгаанд орох асуудлууд байдаг. Тиймээс эцэг эхчүүд гэртээ, айлд хаана ч явсан хүүхдийг түлэгдэх гэмтлээс хамгаалж байх нь хүүхдийнхээ ирээдүйн амьдралд оруулж буй том хөрөнгө оруулалт юм. Нэгэнт түлэгдсэн бол дараа дараагийн хүндрэлүүд их байдаг.

-ЭЦЭГ ЭХЧҮҮД ГССҮТ-Д ХУГАЦАА АЛДАЖ ИРСНЭЭС ХҮҮХДИЙНХЭЭ ГЭМТЛИЙГ ХҮНДРҮҮЛЖ БАЙНА-

-ГССҮТ-д хугацаа алдан ирэх, хүүхдийнхээ шарх сорвийг буруу эмчилж хүндрүүлсэн тохиолдлууд хэр байдаг вэ?

-Ер нь бол байдаг. Нохойнд хазуулах, аль эсвэл унаж бэртсэн хүүхдийг эмнэлгийн байгууллагад үзүүлээгүйгээс хугацаа алдах, буруу эмчилснээр үүдэлтэй хүндрэлүүд их гардаг. Манай ГССҮТ-ийн хүлээн авах тасаг 24 цагаар тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Гэтэл иргэд маань хайхрамжгүй хандсанаас болоод тухайн үедээ үзүүлээд хөнгөн эмчлэгдээд эдгэрэх байсан гэмтлийг улам хүндрүүлж хожуу гарах хүндрэлийг нь ихэсгэх тохиолдлууд ажиглагддаг.

-Хүүхдийн эмчилгээ, хугацаа алдах зэрэг шалтгаанаар эцэг эхчүүдтэй үл ойлголцох асуудал хэр их гардаг вэ?

-Эмнэлгийн ачаалал их байдагтай холбоотой. Зарим тохиолдолд хүмүүс ажлаа тараад 5-6 цагийн хооронд маш их хугацаа алдсаны дараа эмнэлэгт ирдэг. Тухайн үед эмнэлгийн ачаалал ихэсдэгтэй холбоотойгоор иргэд эмнэлэгт дугаарлах зэрэг асуудлаас болж бухимдах нь элбэг. Гэвч эмнэлгийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд бид тухайн иргэнээ үзээд, гэмтлийн зэрэг үнэлгээгээр нь үзэх, дараа дараагийн шаардлагатай арга хэмжээг авах хэрэгтэй болдог.

-Хүүхэдтэй холбоотой осол, гэмтлийн шалтгааны дийлэнх хувийг эцэг эхийн хараа хяналтгүй байдалтай холбон ойлгож болох уу?

-Тийм. Хүүхэд өөрийгөө осол гэмтлээс хамгаалах чадваргүй байдаг учраас эцэг эхийн хараа хяналт зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ хараа хяналт суларснаас болж хүүхдийн гэмтэл, бэртэл маш их ирдэг. Ялангуяа хичээл сургууль амарснаас хойш хүүхдийн осол гэмтэл хоёр дахин их нэмэгдсэн. Түүнтэй холбоотойгоор манай ГССҮТ хүүхэд үзэх эмч, мэргэжилтнүүдийнхээ тоог нэмэгдүүлсэн.

-НҮД ХАЛЬТРАМ БЭРТЭЛТЭЙ ХҮҮХДИЙГ ХӨНДЛӨНГИЙН ХҮН ЭМНЭЛЭГТ ХҮРГЭЖ ИРЭХ ТОХИОЛДОЛ БИЙ-

-Архины хамааралтай, хүчирхийлэл зодуурын бэртэл авсан хүүхдийг эцэг эхээс нь өөр хүн эмнэлэгт хүргэж ирэх тохиолдол байдаг уу?

-Байнга тохиолдохгүй ч мэр сэр байдаг. Үнэхээр бас хүний нүд хальтрам бэртэлтэй хүүхдийг хөндлөнгийн хүн эмнэлэгт хүргэж ирэх нь бий. Хүүхэд эцэг эхээ сонгож төрдөггүй шүү дээ. Төрүүлсэн хүүхдээ энэ мэтээр аюултай орчинд үлдээж, насан туршийн гэмтэл бэртэлтэй болгож буй эцэг, эхчүүд байгаа нь харамсалтай.

-Насны хувьд хэдэн насны хүүхдэд ихэвчлэн гэмтэж байгаа ажиглагдсан бэ?

-Хоёроос тав хүртэлх насны хүүхдийг эцэг эхчүүд харьцангуй өөрийн хяналтад байлгадаг. Гадаа гаргахдаа ч мөн өөрсдөө хамт гарч хянаж байдаг. Харин тав болон түүнээс дээш насны хүүхдүүдийн хувьд эрсдэл улам нэмэгддэг. Ганцаараа гэрийнхээ гадаа тоглоомын талбайд тоглож байхдаа унаж гэмтэх, байрныхаа урд талын замд машинд мөргүүлэх зэргээр хохирдог. Мөн 7 хүртэлх насны хүүхдийг 10 хүртэлх насны ах эгчид нь даатгаад хамт гаргадаг нь маш буруу. Хүүхэд л болсон хойно тэд маш сониуч, бүхнийг турших сонирхолтой байдгаас өөрөө ч мэдэхгүйгээр бэртсээр байдаг. Ялангуяа гулсуурынхаа оройгоос үсрэх, унаж бэртэх тохиолдох их.

-Хүүхэд цонх, тагтаар унах тохиолдол хэр их байна вэ?

-Улирлын онцлогтой холбоотойгоор энэ төрлийн бэртэл түгээмэл байгаа. Ялангуяа эцэг эхийгээ эзгүйд гэртээ ганцаараа үлдсэн хүүхэд, цонхоор гадаад орчинг харах, содон дуу чимээг сонссон үедээ цонх болон тагтаар тонгойх үедээ санамсаргүй байдлаар унаж бэртэх, цаашлаад нас барах эрсдэл өндөр байдаг. Зөвхөн эцэг эхийгээ эзгүй хойгуур ч бус, гэр бүлийн гишүүдтэй хамтдаа байгаа үед унаж бэртэж буй нь цэвэр хараа хяналт сул байгаатай холбоотой. Тэгэхээр орон сууцны айлууд бүгд цонх болон тагтандаа хамгаалалтын тор хийснээр энэ эрсдлийг бүрэн арилгах боломжтой юм. Өндрөөс унасан гэмтлүүд маань өөрөө маш хүнд бэртэлдээ ордог. Тархи,цээж, хэвлий нурууны хавсарсан гэмтлүүд их байдаг.

-ТАРХИНЫ ГЭМТЭЛ ТУХАЙН ҮЕДЭЭ ИЛРЭХГҮЙ ОЛОН ЖИЛИЙН ДАРАА ИЛЭРДЭГ ГЭДЭГ НЬ ХУДАЛ-

-Хүмүүс ярьдаг шүү дээ. Өндрөөс унасан аль эсвэл автын осолд өрсөн хүн тухайн үедээ хэвийн мэт боловч хожим сөрөг үр дагавар гардаг гэж?

-Хэдэн жилийн дараа гэхээсээ илүү, ялангуяа тархины гэмтэл бол дор хаяж эхний 6-8 цагийн дараа илрэхгүй өнгөрөх боломжтой. Энэ нь гавал тархины цус хуралт гэх мэт гэмтэл мэдэгдэхгүй байх цонх үе гэж байдаг. Тийм гэмтэл анзаарагдахгүй байж байгаад хожим илэрч болно гэсэн үг. Түүнээс олон жилийн дараа гэх ойлголт нь өрөөсгөл юм.

-Улирлын чанартай хүүхдийн осол гэмтлийн тухай манай уншигчдад хэлж өгөөч. Түүнээс хэрхэн сэргийлэх вэ?

-Урин дулаан өдрүүдэд бол хүүхэд өндрөөс унах, мөн түлэгдэх гэмтэл хавсарна. Харин өвлийн улиралд хүүхэд бэлчээрч байхдаа осгох, түлэгдэх зэрэг осолд өртөх нь элбэг. Эдгээрээс сэргийлэхийн тулд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа л сайжруудах нь чухал.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button