Ярилцлага

Д.Буян: Тэд генийн өөрчлөлттэй хүнсээ нийлүүлж, араас нь эмээ, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээ шахдаг

Уншигчдын эрүүл амьдралын хэв маяг төлөвшүүлэх эрэл хайгуулд чухал хувь нэмэр оруулах, мэргэжлийн тогооч Д.Буянтай хийсэн 2020 оны наймдугаар сарын ярилцлагыг сэргээн нийтэлж байна.

Өнөөдөр уншигчдыг “Мэргэжлийн тогооч” Д.Буянтай уулзуулж байна. Мэргэжлийн тогооч гэж түүнийг тодотгосон нь учиртай.

Монголчууд Д.Буяныг NTV телевизийн “Ахлах тогоочийн заавраар” нэвтүүлгээр таньдаг болсон. Харин дэлгэцийн цаана тэр 12 жил Швейцарийн гал тогоонд “чанагдаж” ирээд эх орондоо шинэчлэл хийхээр хөдөлмөрлөж яваа нэгэн.

Олон зүйл нуршилгүй таныг дэлгэрэнгүй, амттай ярианд урья.


-21 ХОНОГТ МЭРГЭЖЛИЙН ТОГООЧИЙН СЕРТИФИКАТ ОЛГОНО ГЭХ МЭТ БАЙЖ БОЛОМГҮЙ ЗҮЙЛ ЯРЬЖ БАЙНА-

-Та фэйсбүүк хуудастаа генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг эх сурвалж дурдан нийтэлсэн байсан. Жагсаалтад "Coca Cola”, "Nescafe”, "Toblerone” гэх мэт олон танил нэр харагдсан. Сонирхол татан цааш үзэхэд хоолны чиглэлээр мэргэшсэн хүний хувьд зүгээр нэг хувийн ресторан ажиллуулаад явах бус, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг, мэдлэгээ хуваалцдаг нэгэн гэдэг тань харагдсан л даа. Тийм ч учраас сайхан ярилцлага хийе гэж таныг урьсан юм.

-Баярлалаа.

-Сонирхолтой асуултаар эхэлмээр байна. Та өөрийгөө хоолоор илэрхийлье гэвэл ямар хоолны нэр хэлэх вэ?

-Ёстой бодож байгаагүй юм байна. Ямартай ч шинэ бүтээгдэхүүнээр илэрхийлэх байх. Би өөрөө шинэ зүйлсийг эрж хайж, санаачилж, бүтээж явахыг эрмэлздэг нэгэн тул ямар нэг шинэ бүтээгдэхүүн, шинэ амттай л зүйрлэх болов уу.

-Та одоогоор ямар статустай ажиллаж байгаа юм бэ. Хувийн ресторан ажиллуулдаг байх, тийм үү?

-Тийм ээ. “Five Up” нэртэй ресторантай, үүнийхээ зөвлөх болон ерөнхий тогоочоор ажиллаж байна. Бид хамгийн гол нь хоолоо эрүүл байлгахыг эрхэмлэдэг. 21 аймагт тариалан эрхэлдэг, органик хүнс “үйлдвэрлэдэг” олон ААН, хувь хүмүүс байна. Тэднийг дэмжиж, органик бүтээгдэхүүнүүдийг нь авч, хоолоо хийдэг. Үүний өмнө хэд, хэдэн ресторанд зөвлөх тогоочоор ажилладаг байсан, одоо ч ажилладаг. Харин яг өөрийнхөө төслийг энэ оны эхнээс л эхлүүлээд явж байна.

-Бас тогоочийн курс ажиллуулж, өөрөө багшилдаг гэж ойлгосон?

-Тийм. Манайханд 21 хоногийн курст сураад л мэргэжлийн тогооч болчихно гэсэн ойлголт байдаг. Угтаа мэргэжлийн тогооч, зүгээр тогооч гэдэг асар ялгаатай ойлголтууд. Нэг сар суралцаад мэргэжлийн тогоочийн сертификаттай төгсгөнө гэдэг ч юм уу, ийм итгэж боломгүй зүйл яриад байна л даа. 21 хоногт мэргэжлийн тогооч бэлтгэгддэг бол, “Хөөх”, би ч гэсэн сурмаар л байна шүү дээ. Тэгэхээр энэ ойлголтыг засахаар Швейцарь улсын мэргэжлийн тогоочийн хөтөлбөрийг энд хэрэгжүүлж эхлээд явж байна. Энэ мэргэжил өөрөө хямдхан биш. Мэргэжлийн тогооч зөвхөн хоол хийдэг бус анагаах ухаан, эрүүл мэндийн өргөн мэдлэгтэй нэгэн байх ёстой. Хоолонд агуулагдаж буй бүх элемэнт, шим тэжээлүүдийг А-Я хүртэл нь мэддэг байх ёстой. Хамгийн багадаа гурван жил суралцаж байж дөр суудаг мэргэжил юм.

-Тэгэхээр таны курсийн үргэлжлэх хугацаа хэд юм бэ?

-Гурван жил. Иймд курс биш гэсэн үг.  

-Курс гэж нэрлэхэд боломгүй юм байна. Бараг бакалаврын диплом хамгаалахын дайтай хугацаа байна шүү дээ?

-Тийм, боломгүй. Аливаа зүйлийг сурвал суурийг нь зөв тавих л чухал. Барилга барихад хундаамыг нь зөв зутгаж чадвал 100 давхар барьсан ч ганхахгүй, нурахгүй. Үүн шиг нийтийн хоолны салбарт мэргэжлийн тогооч гэдэг мэргэжлийг өөр талаас нь харуулахыг бид зорьж байна. Давхар өөрийнхөө мэргэжлийг буруу ойлголтуудаас хамгаалж буй хэрэг юм даа. Манай суралцагчид дөрвөн өдөр практик дээр ажиллаад, нэг өдөр хичээлдээ явна, ингээд хоёр өдөр амардаг. Ингэхдээ дөрөв хоног ажилласан цалингаа аваад явна. Тэднийг заавал ресторан дээрээ бус, бусад томоохон мэргэжлийн ресторануудад зуучлан, ажиллуулдаг. Мэдээж цалинг мэдлэг, чадварынх нь хэрээр өгнө. Хүний хөдөлмөрийг үнэгүйдүүлж болохгүй, гэхдээ цалинг тухайн сурагчийн мэдлэг, чадвараар нь үнэлж, тогтоох хэрэгтэй.

-ШВЕЙЦАРЬ ХҮҮХДҮҮД 14 НАСАНДАА ЕБС ТӨГСӨЖ, ГУРВАН ЖИЛ СУРАЛЦАХЫН ХАЖУУГААР АЖИЛЛААД, АЖИЛЛАСАН МӨНГӨӨРӨӨ МАШИН АВААД УНАЧИХДАГ-

-Гаднын орнуудад хэдий нь чухалд тооцогддог, мэргэжлийн гэсэн тодотгол хүлээдэг болчихсон мэргэжлүүд манайд тэгж үнэлэгдэхгүй байх нь олонтой. Үүнийг хоцрогдол л гэх байх даа. Тэдний нэг нь тогооч. Гэрийн эзэгтэй болгон тогооч шүү дээ гэж хэлэх хүнтэй хоёул элбэг тааралдах байх. Өндөр зэрэглэлийн хоол хийнэ гэдэг бараг бидний төсөөлшгүй олон зуун жилийг элээсэн том соёл шиг байгаа юм. Ийм түвшинд бэлтгэгдсэн мэргэжлийн тогооч нар манай улсад хэр олон байна гэж та хардаг юм бэ?

-Тодорхой хэмжээнд бий шүү. Гол нь бүгд өөрөө өөрсдийнхөө жанраар, тус тусынхаа хэв маягаар хөдөлмөрлөцгөөж буй. Би ч мөн өөрийнхөө жанраар дагнан ажиллаж яваа. Тогооч гэхээр бууз, хуушуур хийдэг, эсвэл хүүхэлдэйн кинон дээр гардаг, бондгор малгай духдуулчихсан нөхөр байдаг ч гэдэг юм уу, ийм ойлголт яваад байна л даа. Энэ бол 1960 оны стиль. Одоо тийм дүр зураг байхгүй, уучлаарай. Барууны орнуудын мэргэжлийн тогооч хамгийн багадаа гурван хэлтэй, түүний нэг нь заавал англи хэл байх жишээтэй. Цаашлаад мэргэжлийн гал тогоо өөрөө франц. Дэлхийн хаана ч очсон хоолны урлаг франц хэллэгүүдээр яригдана, энэ нь бүр албажчихсан. Тэгэхээр бид сурагчдадаа англи хэлний сургалтыг ч давхар өгдөг юм.

-Таны сургуулийг /сургууль гэж нэрлэе/ хэр олон хүн сонирхож ирж байгаа вэ. Тогооч болъёгээд иртэл гурван жил сурна гэвэл ихэнх хүн бараг л шоконд орно. Мөн хүүхдүүд Би гурван жил сураад тогооч болно гэвэл нь эцэг, эхчүүд ойлгохгүй шүү дээ. Ийм ойлголтын зөрчлүүдтэй хэр тааралдаж байгаа вэ?

-Манайх жилд 15 хүүхэд л авах юм. Эхний удаад 80 хүүхэд шалгуулсан, түүнээс 10-ыг нь л авсан. Бид ярилцлага хийнэ, үнэрлэх амтлах чадварыг нь шалгана бас мэдээж хоол хийлгэнэ. Энэ гурван шалгуураар тэнцсэн бол тэр хүүхдийг авна, тэнцээгүй бол авахгүй. Хэн дуртай нь мэргэжлийн тогооч болдоггүй байхгүй юу, яг үнэнийг хэлэхэд. Энэ мэргэжлээр амьдарна, ирээдүйд гэр бүлээ авч явна гэсэн төсөөлөлтэй хүмүүс л бидэнд хэрэгтэй.

Би Швейцарьт яг дөрөв хоног ажиллаж, нэг хоног хичээлд яваад, хоёр хоног амардаг системээр сурч, мэргэжил эзэмшсэн. Ингэхээр гурван жилийн турш суралцахдаа ямар ч байсан өөрийгөө аваад явах цалинтай, амьжиргааны мөнгөтэй байна гэсэн үг. Ер нь Швейцарьт 10 жилийн сургуулийг хүүхдүүд нь 14, 15 настайдаа л төгсдөг. 14, 15 шүү. 14-тэй төгсөөд шууд ажлын байран дээр очиж дагалдан хийдэг. Ихэнх мэргэжлийг гурван жилийн дотор ажиллахын сацуугаар эзэмшдэг. Гурван жил сурахдаа ажиллаж хуримтлуулсан мөнгөөрөө машин аваад уначихдаг. Ийм нийгмийн тогтолцоо нь өөрөө хүүхдийг амьдралд бэлтгэчихэж байгаа юм. Маш ойлгомжтой нийгэм. Монголд бол явж, явж төгсдөг, төгсөөд хаачхаа мэдэхгүй зогсчихдог. Ингээд ажлын байран дээр гаръя гэхээр “Ажилласан туршлага бий юу?” гэнэ, байхгүй.

-Юунд авьяастайгаа ч олж мэдээгүй явж байдаг л даа.

-Швейцарт бол 12, 13 настайдаа л мэргэжлээ сонгочихсон байдаг. Тэгээд ажил гүйцэтгэхгүй ч гэлээ халуун тогоонд нь орж, дэргэдээс нь ажиж, мэдэрдэг. Энэ миний мэргэжил мөн үү, биш үү гэдгээ тэгж практик дээрээс нь ажиж шийддэг. Нөгөөтээгүүр гэр бүлийн хүмүүжил асар чухал л даа. Жишээ татахад манай эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ дэлгүүрт явахдаа “Үүнийг идвэл ийм хор нөлөө үзүүлдэг, учир нь дотроо ийм найрлагыг агуулдаг” гэхчлэн тайлбарлаж өгдөггүй. Шууд л “Хөөе, боль, болохгүй”, дуусаа.

-Тайлбарлаж өгөхөөс урьтаж хаадаг, хорьдог?

-Тийм. Тайлбарлаж, учир утгыг нь гаргаж өгдөггүй. Хэрэв хэн ч үүнд эмзэглэхгүй, дуугарахгүй яваад л байвал 10 жил өнгөрсөн ч иймээрээ л байх болно. Үүнийг хэн өөрчлөх вэ, залуус бид шүү дээ. Ийм зүйл ярихаар тэнгэрийн юм ярилаа, хөрсөндөө шингэ гэдэг. Үгүй ээ, би Монголд ирснээсээ хойш энэ хөрсөнд шингэхгүй өөрийнхөөрөө ажиллаж, өөрчлөхийн төлөө хөдөлмөрлөж болоод л байна.

 -“МИНИЙ МЭРГЭЖИЛ БИШ ЮМ БАЙНА” ГЭЭД ӨӨРӨӨ ГАРЧИХСАН ЧИНЬ БАГШ РУУ ЗАЛГААД, “НӨГӨӨ ХҮҮХЭД ЧИНЬ ХААЧИВ АА, АВМААР БАЙНА” ГЭЖ ЯРЬСАН-

-Хоёул боловсролын тогтолцоо руу жаахан хазайчихлаа. Уншигчдад Ийм байж болох юм байна гэсэн шинэ санаанууд цөөнгүй очсон байх. Харин та өөрөө энэ шинэ зүйлсийг хэрхэн олж авсан юм бэ. Швейцарьт суралцаж, тэр дундаа тогооч мэргэжил эзэмших хувь тохиол хэрхэн олдсон нь сонин юм байна?

-Би 13 настайдаа Швейцарьт очиж, тэнд ЕБС-иа дүүргэсэн. Төгсөхдөө мэргэжлийн тогооч гэхээс илүү автын инженер болох хүсэлтэй байсан юм. Ингээд дээр ярьсны адилаар пракитк дээр ажиллаж үзэхээр, төгсөх ангидаа машин засварын гражид хоёр долоо хоног ажиллалаа. Бүх ажлыг нь хийж чаддаг юм байна. Гагц Швейцарт жил хагас сурсан болохоор герман хэл маань муу байсан. Тэгүүт хүний өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцах чадварыг илүү чухалчилдаг тул намайг явуулчихлаа. Гандан буураагүй, дахиад нэг гражид ажиллалаа. Бас л адилхан, “Чи уг нь сайн байна, гэхдээ дараа жил хэлээ сайжруулаад ирвэл авъя” гэсэн.

Сургууль төгсөхөд хоёр долоо хоног үлдчихсэн, мэргэжлээ сонгох хэрэгтэй байдаг. Ингээд багштайгаа ярилцаж байгаад, сэтгэлдээ хоёрт бодчихсон байсан мэргэжлийн тогооч гэдэг мэргэжлийг оролдоод үзэхээр шийдлээ. Багш намайг найзынхаа ресторан руу явууллаа. Ажиллалаа. Шал өөр амьдрал. Өдөрт 18 цаг ажиллана, өдөржин хоёр хөл дээрээ зогсоно. Ажил дууссан бол харина, дуусаагүй бол харихгүй. Бүх юм диктатуртай, цаг нартай. Долоо хоног ингэж ажиллаад яваад больё, энэ миний мэргэжил биш юм байна гээд өөрөө гарчихлаа. Тэгтэл багш руу залгаад “Нөгөө хүүхэд чинь яачхав аа, авмаар байна аа” гэсэн байгаа юм. Багштайгаа хамт яваад очтол, “Чиний гарт юм байна, жаахан тэс, хүлээ. Өөртөө байгаа нөөцөө дайчлаад үз, би чамд тусалъя” гэсэн. Ингэж мэргэжлийн гал тогоо руу орсон доо.

-Монголчуудын хувьд их бага насандаа юм байна, 14 нас...

-Тийм, тэнд бол тийм биш. Хүүхдийг хүүхэд гэхгүй гэрээлээд л ажиллуулаад эхэлдэг тогтолцоотой. Ингэж яг ажлын байран дээр нь ямар асуудал тулгарч байна, энэ мэргэжлийн хүмүүс стрессээ хэрхэн даван туулцгааж байна гэдгийг нүдээрээ харж, мэргэжлээ сонгох боломжийг олгож байна шүү дээ. Хүүхэд бүрийн дотор өөр ертөнцүүд бий. Манай эцэг, эхчүүд түүн рүү нь өнгийж үзэхгүйгээр шууд л цавчаад, цавчаад шийдвэр гаргачихдаг. Хувь хүний ертөнц, сонирхлыг ер хүндэлдэггүй. Хүн дургүй зүйлээ хийж амьдарвал яаж амжилт гаргах юм бэ. “Чиний өвөө, эмээ тийм хүн байсан...” гээд л, bullshit, хэнд хэрэгтэй юм бэ?

-Санал нэг байна. Чи эмчийн удамтай, эмч л болох ёстой гэж тулгадаг. Яг жижүүрт хоноод, өдөр бүр өвчтэй хүмүүстэй ажиллахад ямар зүйлстэй нүүр тулахаа мэдэхгүй л 10-аад жил суралцаад, нас 30 дөхөөд төгсдөг жишээ би олон харсан.

-Яг тийм. Нөгөөтээгүүр мэргэжил бүрд л өөр, өөрсдийн хүнд хэцүү тал, даван туулах даваа бий л дээ. Тэдгээртэй нүүр тулах бэлтгэлгүй, өгөгдөлгүй л бол тэр мэргэжлийн хүн болж чадахгүй.

-МОНГОЛ АМТ ГЭЖ ЯМАР АМТ БАЙДАГ ЮМ БЭ?-

-Та Швейцарт хэдэн жил болоод эх орондоо ирсэн бэ?

-15 жил. Түүний 12 жилд нь мэргэжлийн гал тогоонд ажилласан. Ингээд 2015 оны өвөл Монголдоо ирсэн.

-Хоол гэдэг өөрөө гайхалтай соёл юм. Эрт үед хэрэгцээ, шаардлага маягийн зүйл байсан бол одоо зарим байдлаар ойлгож, хүлээж авахад ч өндөрдөх түвшний соёл болчхож л дээ. Хоол таваглах нь хүртэл өөрөө урлаг байх. Энэ мэргэжлийн юу нь гайхалтай юм бэ. Сайхан хоол хийчихдэг энгийн нэгэн хүнээс юугаараа ялгарах юм бэ?

-Мэргэжлийн тогооч мэдээж нэгдүгээрт хоол хийнэ. Харин үүнээс цаашлаад анагаах ухааны, хүний бие физиологи, анатомийн өргөн мэдлэгтэй байх учиртай юм. Наад зах нь төмөр гэдэг элемэнтийг мэддэх байх шаардлагатай. Учир нь төмрөөр хийсэн сав суулгаар хоол хийвэл ямар бүтэц найрлага үүсдэг, тухайн сав суулгаа ямар бодисоор угааж цэвэрлэхийг ч мэддэг байж гэмээ нь мэргэжлийн тогооч гэж хэлэгдэнэ. Дээрээс нь хүнсний бүтээгдэхүүн орж ирнэ. Энэ өөрөө амьсгалдаг. Зүгээр л нэг авдаг, иддэг зүйл гэж ойлгож хэзээ ч болохгүй. Хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгож, зөв хадгалж, зөв боловсруулж хоол хийснээр тэр хүний бие организмд зөв шингэнэ. Харин монголчуудад маань эдгээр талын мэдлэг маш дутмаг байна. Яагаад жилд дөрвөн мянган монгол хүн хорт хавдраар нас барж байхад бид ярихгүй байгаа юм бэ. Байдаг л, байсаар ч ирсэн тоо мэдээр л хардаг болчихсон байна шүү дээ.

Ер нь генийн өөрчлөлттэй, органик бус хүнсний бүтээгдэхүүнүүдийг яагаад заавал хөгжил буурай орнууд руу экспортолдог вэ гэдгийг болох хэрэгтэй. Араас нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээ, түүний араас эм, эмийн бүтээгдэхүүнээ “шахдаг”, ийм аварга тогтолцоо дэлхий дээр амьдарч байна шүү дээ. Эдгээр бүх зүйлийн ард том гүрнүүдийн бодлого нуугдаж байдаг.

-Эрүүлхоол хийнэ гэдэг нь тогоочид тавигдах хамгийн чухал шаардлага юм байна шүү дээ. Амт, чанар гэхээс илүү, эрүүл. Бидний дунд гадуур хоолловол ходоодны алуур болно, оронд нь гэртээ хариад юу ч хамаагүй хутгаж идсэн нь дээр гэсэн ойлголт явдаг болчихсон. Рестораны хоол гэхээр л шарсан, хайрсан, буруу гэж хардаг л даа?

-Ерөөс хоол гэдэг тийм хямдхан урлаг биш ээ. Хүн хамгийн эхлээд нүдээрээ иддэг юм. Үүнээс эхлээд л тогооч анхаарах учиртай болдог. Тухайн нэг таваг хоолонд хүний өдөрт авах ёстой шим тэжээл бүгд агуулагдах ёстой. 15-20 хувь нь өөх тос, 15 хувь нь уураг, 55 хувь нь нүүрс ус байна ч гэдэг юм уу, мэргэжлийн түвшинд тооцож хийдэг. Нэг таваг хоолыг зохиоход өнгө, амт, боловсруулах амт давтагдах ёсгүй. Таваглалт ч давтагдахгүй. Тэгээд үүнийгээ меньюнд бичдэг. “Тэр нутгаас авсан тийм бүтээгдэхүүнүүдээр, тэгж боловсруулж хийлээ. Ийм хэмжээний ийм, ийм амин дэмүүд агуулагдлаа” гэхчлэн. Ингээд хоол нь яг меньюн дээрхийн адил ирнэ. Ингээд харахаар тогоочийн мэргэжил хялбар биш. Өнөөдөр дэлхийн топ 10 мэргэжлийн нэгт бичигдэж байна.

Бидний хувьд монгол амтыг бий болгохоор зорьж байна. Энэтхэг карригаар, Япон гэхэд васаби, сүшигээр “амтагддаг”. Монгол яаж амтагддаг юм бэ? Монгол амт гэж ер нь байдаг уу?

-Монгол хоолонд яг ямар хоолнууд орохыг бодоод мухарддаг. Бууз, хуушуур, хуйцаа, цуйван бүгд хятал хоолнууд юм билээ.

-Хоол биш ээ, амт.

-Монгол амт гэхээр төсөөлөгдөхгүй л байна. Чанасан мах, жигнэсэн гурил л орж ирэх?

-Үүнийг чинь дэлхийн аль ч орны хүн хийчхэж чадна шүү дээ. Манай улс үндэстнийг, биднийг илэрхийлдэг амт гэж байдаггүй.

-Нээрэн л сүши идэхэд Япон орны бүх соёл нүдэнд харагдаад өнгөрөх шиг болдог шүү.

-Яг тийм. Тэгэхээр бид хоол гэхээс илүү амт руу, монгол амтыг гаргахад чиглэн ажиллаж байна.

-НЭГ ТОГООЧ АЛДАХАД БҮТЭН РЕСТОРАН АЛДАНА-

-Яагаад хүссэн хүн бүр мэргэжлийн тогооч болж чаддаггүй юм бэ гэж асуувал сонирхолтой юм байна. Та түрүүн хэллээ, амтлах, үнэрлэх мэдрэмжийг нь хүртэл шалгаж авдаг гэж. Тэгэхээр байгалиас өгөгдсөн өгөгдөл ч бас чухал болж ирэх нь. Энэ тал дээр ярилцвал?

-Миний хувьд 95 хувийг нь зүтгэл, таван хувийг нь авьяас гэж хардаг. Сэтгэл, мэдлэг хоёр байхгүй бол ямар ч хоол гоё болохгүй. Тэгэхээр хийж буй зүйлдээ хэр их сэтгэл гаргаж чадах нь чухал. Түүнчлэн мэдээж үнэрлэх, амтлах мэдрэмж чухал. Бид эдгээрийг нь шалгаж, бас ярилцаж үздэг. Ярилцлага гэдэг маань тэр хүнийг шүүн байцаагаад байх хэрэг биш юм. Тэр хүнтэй илэн далангүй ярилцаад, үнэхээр энэ мэргэжлээр ирээдүйгээ төсөөлж чадах хүн мөн үү, үгүй гэдгийг нь ил гаргаж, таньж, задалж өгөхийг хэлж буй. Тийм ээ, мэргэжлийн тогооч гэдэг дуртай хүний болдог мэргэжил биш. Тодорхой хэмжээнд байгалийн өгөгдөл ч хэрэгтэй, гэхдээ би үүнийг 100-гаас таван хувийн ач холбогдолтой гэж харж байгаа.

-Тогооч нарыг хагас цэргийн диктатур дор ажилладаг гэхээр Ямар юмны диктатур вэ гэж гайхах хүмүүс цөөнгүй. Яг мэргэжлийн гал тогоон дотор юу өрнөдөг талаар нүдэнд харагдтал ярьж өгөөч. Магадгүй энэ процесс хоол хийхээс хүн идээд сэтгэгдлээ илэрхийлэх хүртэл амьсгаа давчдуулан үргэлжилдэг байх?

-Юу, юуны өмнө гал тогоонд ирсэн хүнсний бүтээгдэхүүнийг бид хүндлэх ёстой. Хүндэлнэ гэдэг нь зөв хадгална, зөв боловсруулна гэсэн үг. Ингээд боловсруулах аргаа зөв сонгож /15 арга байдаг/ ашиглаад, хоолоо хийнэ дээ. Гэхдээ ямар ресторан бэ гэдгээс олон зүйл шалтгаална. Quick ресторануудад бүх бүтээгдэхүүн нь боловсруулагдчихсан, бэлэн байж байдаг. Харин мэргэжлийн, дээд зэрэглэлийн ресторан бүхнийг эхнээс нь “хийнэ”. Нэг ч бэлэн бүтээгдэхүүн ашиглахгүй. Жишээ нь махыг шарах шүүгээнээс гаргаад хамгийн багадаа 15 минут амраадаг. Юмыг ингэж хайрлаж, хүндэлж, зөөлөн боловсруулж байж гоё амт гарна. Нөгөө талд, сайхан амтыг мэдрэхийн тулд хүн тэнд хүлээнэ. Тэгэхээр үйлчлүүлэгчийн соёл гэдэг асуудал ч байна.  

Гал тогоонд мах болон сүмс бэлтгэх, салат бэлтгэх, зууш бэлтгэх гэхчлэн ондоо үүрэг бүхий хүмүүс ажиллана. Хоёулаа эхлээд нэг салат, нэг шөл идье. Идчихээд нэг үндсэн хоол аваад, араас нь десертээ авъя гэж бодъё. Ингэж үелж иднэ. Тэгэхээр шөлний хүн салатны хүнтэй ярина. Салатны хүн таван минутын дараа дуусна гэлээ. Тэгвэл, “Миний шөл хоёр минутын дараа дуусна, гурван минут хүлээе”. Ингээд таван минутын дараа таваглах хэсэгт шөл, салат хоёр гарсан байна. Тэгэхээр энэ бол хагас цэрэгжилтийн дэглэм. Би үүгээр их энгийн юм шиг яриад байгаа юм. Бодит байдал дээр алаан болно шүү дээ. Тэгээд нэг тогооч алдахад тэр бүтэн ресторан алдана. Нэг зөөгч алдахад дахиад бүтэн ресторан алдана.

-ЭЛЭГНИЙ ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХҮН МӨӨГ ИДЭЖ БОЛДОГГҮЙ-

-21-р зуунд эрүүл хооллолтын хэв маяг гэдэг хамгийн чухал сэдэв болчихлоо. Юу идэх вэ? гэдэг аймаар энгийн мөртлөө хамгийн сонин асуудал болжээ. Харин тогооч хүн юу идвэл яах вэ гэдгийг мэдэх тул яалт ч үгүй топ 10 мэргэжлийн нэгт бичигддэг юм байна гэж бодлоо.  

-Тийм шүү. Уг нь өнөөдөр бүх хүн ухаалаг гар утастай, ямар найрлагатай бүтээгдэхүүн идвэл надад ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг хэдхэн товч дараад л мэдчих боломжтой байгаа юм. Жишээ нь элэгний өөрчлөлттэй, вирустэй хүн мөөг идэж болдоггүй. Мөөг идвэл элэг хатуурдаг, үхжиж эхэлдэг. Ердөө ганцхан жишээ хэлэхэд л ийм. Цаашлаад бид бүгд Е элемэнтийн тухай мэддэг болох нэн шаардлагатай байна. Супермаркетаас хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа ямар Е элемэнт орсныг нь заавал хардаг баймаар байна. Би Е250-ыг ярихад, энэ бол нитрит давс. Харин нитрит давс орсон бүтээгдэхүүнийг шарж, хуурч, грилддэж, халууны ажиллагаанд оруулж болдоггүй. Тэгвэл энэ нэгдэл хорт хавдар үүсгэгч болж хувирна.

-Хиамны найрлаганд байдаг шүү дээ. Хиам шарж иддэг хүмүүс олон бий?

-Болохгүй. Ердөө л энэ жишээ. Цаашлаад шүд эрүүл байх учиртай. Шүд эрүүл биш бол ямар ч хоол эрүүл биш болох үндэс тавигдана. Ер нь эрүүл хооллоё гэвэл эхлээд эмчийн үзлэгт хамрагдаж, биед нь ямар элемэнт илүүдэлтэй эсвэл дутагдалтай байгааг мэдэж, түүндээ тохируулсан хөтөлбөрөөр идэх хэрэгтэй юм л даа. Энэ мэдлэгийг гаднын орнуудад зүгээр л цэцэрлэгээс нь эхлээд өгчихдөг юм аа.

-Массаар нь мэдлэгжүүлэх гаргалгаа ерөөс хүүхэд байхаас нь л эхлэх. Яг одоо нийгмийг чирч буй бүлгийнхний ихэнх нь нэг сурсан дадлаа тавихдаа удаан байдаг нь ажиглагддаг.

-Тийм. Гэхдээ тэр хүмүүс 50 хүрээд л өвчилнө, өдөр бүр эм уудаг болно. Үүнийг хүн бодох л ёстой.

Тэгэхээр хувийн хэвшлүүд, төрийн, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах хэрэгтэй байна. Ялангуяа Мэргэжлийн хяналтын байгууллага ихэнх ААН-үүдээс зөрчил илрүүлэх, хаах, торгох чиглэлд л ажилладаг. Үүний оронд илүүтэй туслах, хамтрах чиглэлд ажилламаар байгаа юм. Монголд бол дандаа хаана, бооно гэж ярьдаг. Би ирээд тийм л юм харж байна. Миний ганц хүсэх зүйл хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг хааж хорихоос илүү дэмждэг байгаасай.

-“ТОМ” ГҮРНҮҮД ГЕНИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХҮНСИЙГ ЗОРИУД НИЙЛҮҮЛЭЭД, АРААС НЬ ЭМЭЭ, ХҮНСНИЙ НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ “ШАХДАГ”-

-Америкчуудыг гэртээ хоол хийж иддэггүй, дандаа гадуур хооллодог гэж ярихыг би олон сонссон. Швейцарт энгийн иргэд өдөр тутамдаа хэрхэн хооллодог юм бэ. Өөрөөр хэлбэл гэртээ хэр их хоол хийж иддэг вэ?

-Арай бэлэн тал руугаа л байдаг л даа. Гэхдээ дэлгүүрүүдэд нь худалдагч, худалдан авагчийн итгэлцлийг өндөр түвшинд хангасан байдаг. Ерөөс хүнсний бүтээгдэхүүнийг дэлгүүри хөлдөөнө, хадгална гэдэг өөрөө бас л соёл. Сүүлийн үед манай супермаркетууд гоё болж эхэлж л байна. Бүтээгдэхүүнүүд нь өдөр, өдөртөө шинэчлэгддэг, зөв ангилагдан байршдаг гэхчлэнгээр. Гэхдээ л гахайн махыг зайрмагтай хамт нэг хөлдөөгчинд хийчихсэн байдаг. Энд салмонелла бактер халдана, гэдэсний халдварт өвчин тусна шүү дээ. Дахиад л хэлэхэд эдгээрийг нөгөө л ЕБС-д нь заачихдаг юм. Бүр хоол хийх хичээл ордог.

-Ингээд хоёул генийн өөрчлөлттэй хүнсний сэдэв рүү яриагаа чиглүүлье. Хүмүүс бол их ярьдаг болсон. Гэхдээ таарсан бүхнээ генийн өөрчлөлттэй хэмээн цоллож, хятадын бодлогоор манай хүн амыг устгах зорилго агуулсан гэж дөвчигнөх хандлага нь давамгайлдаг. Өөрөөр хэлбэл энэ сэдвээр хөөсрөгчид олон л доо. Ийм учраас асууж буй юм. Таны фэйсбүүк хуудастаа гаргаж тавьсан тэр жагсаалт ямар баталгаатай эх сурвалжтай юм бэ?

-Тэр бол Швейцарийн эрүүл мэндийн яамны веб хуудаст тавигдсан жагсаалт. Та бүхэн эх сурвалжаар нь магадалж, шалгах боломжтой. Миний энэ ярианы эхэнд анхааруулах зүйл бол, би ямар нэг компанийг муулах, хар пи-ар хийх гэсэн хэрэг ерөөсөө биш юм шүү. Хүн юу худалдаж авах, идэх нь тухайн хүний сонголтын л асуудал шүү дээ.

Дэлхийд топ хөгжилтэй орнууд гэж бий. Тэд ямар бодлого явуулдаг гэхээр, хөгжил буурай орнуудыг эрүүл мэндээр нь “баздаг”. Генийн өөрчлөлттэй хүнс явуулна... Жишээ нь цагаан шоколад гэж ер байхгүй. Энэ бол өөрчлөлт оруулсан какаоны тос. Энэ мэтчилэн зүйлс үйлдвэрлээд хөгжил буурай орнууд руу ЗОРИУД гаргадаг. Ингээд эрүүл мэнд нь муудаад эхлүүт араас нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдээ, араас нь эмээ шахдаг. Энэ бол бүр Швейцарын 10 жилийн сургуульд заадаг, ил мэдлэг. Бүгд мэддэг, ийм систем явагддагийг. ГМО буюу генийн өөрчлөлт оруулсан хүнсний бүтээгдэхүүн лабораторид, эсийн түвшинд өөрчлөгдчихдөг учраас байгалийн байхаа больчхож байгаа хэрэг. Өөрсдөө ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр дэлхийн хүн ам хүнсний хомсдолд орохгүй гэж тайлбарлацгаадаг, мэдэхгүй л юм... Тэгэхээр бид хөдөө орон нутагтаа тариалсан, 100 хувь байгалийн хүнсээ идэж, тэндэх ААН эрхлэгч иргэдээ дэмжих нэн чухал шаардлагатай байна. Мөн ядаж дэлгүүрээс хүнсээ цуглуулахдаа шошгыг нь харж, мэдээллийг нь үнэлж дүгнэж сураасай.

-Ярилцсанд баярлалаа. Би хувьдаа мэргэжлийн тогооч нар богино хугацаанд олшроосой, нийгмээ соён гэгээрүүлэх чиглэлд ажиллаасай гэж бодож байна. Төгсгөлд нь, тогооч болохыг хүсэж буй залууст та юу гэж зөвлөмөөр байна вэ?

-Намайг ч мөн урьж, ярилцсанд баярлалаа.

Сэтгэлийн хөөрлөөр битгий ханд. Яг мэргэжлийн гал тогоонд ажиллаад үз, бод, нягтал. Хоёрт энэ мэргэжлээр цаашдаа өөрийгөө болон гэр бүлээ тэжээж явах учир тууштай бай, битгий бууж өг. Гадагшаа гар, мэдлэгтэй бол. Нэг сар ч хамаагүй явчхаад ирэхэд хүн боддог. Бид угаас удаан амьдрахгүй шүү дээ, 25 мянга орчим өдөр л амьд явна. Энэ хугацааг үр бүтээлтэй, тасралтгүй хөдөлмөрлөж зарцуулъя.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: В.ЛХАГВАСҮРЭН

Түүний фэйсбүүк хуудастаа байршуулсан генийн өөрчлөлттэй хүнсний жагсаалтыг энд дарж үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
2020-08-26 09:44

Ярьж буйгаараа бол сүрхий з�##�уу байна. Гэхдээ, хэлэх хийх хоёр ш�##� ондоо шүү дээ. Нинжин сэтгэл мөнгө зоос хоёр үерхэх нь бараг үгүй,энэ орчлонд. Орчлон хайр дээр огоот бус, шун�##� дээр харин тогтдог туйлийн үнэн. Хүн гэгч хоёр хөлт хохьмой

Үргэлжлэл
Үргэлжлэл
2020-08-26 09:47

толгойтын байгаа царай тэр хойно яаян гэх билээ. Илжиг модон хударгандаа л жороолж явахаас.

Зочин
Зочин
2020-08-26 10:17

ЦАгаан шоколад европт дэлгүүрт байж л байдаг !

sara
sara
2020-08-27 09:19

gaihamshigtai.mongoluudaa.ingeed saihan unen unegui zovlogoo ogch bhad hundeleed sonsood avaarai.merci

Зочин
Зочин
2020-08-28 08:43

Yamar hunsiig ogt Sanaa zowolgui idej boloh we bas jagsaalt bar gargaarai.bichsen zuil chin zow zuitei sanagdlaa

Зочин
Зочин
2020-09-05 23:45

Gmo hunsiig ali ch ornii dundaj amidraltai, hainga humuus avch l baidag. Gehdee bayn ornii gmo bish gesen bichigtei hunsnuud ni unen baidag bol yaduu orond gmo bish gesen hunsnuud unendee gmo l baidag.

Сэлэнгийн ногоо сонирхогч
Сэлэнгийн ногоо сонирхогч
2021-07-15 12:06

Маш зөв ярьжээ. Бид зах зээлд ороод тансаг юм хэрэглээд байна гэдэг дагаад баахан нэмэлт тураах цай ч гэх шиг. Өмнө нь шижин, нойр булчирхайн өвчин бараг байдаггүй байв. Одоо манай нарийн ногоо хурдан том ургуулдаг хятад бодис их хэрэглэдэг, зарим ногооны үр гений өөрчлөлттэй байдаг. Хаяг дээрээ "без ГМО" гэсэн бичгийг харж авах. Оросууд генийн өөрчлөлтэй бүтээгдэхүүн оруулах худ�##�дахыг хориглосон хуультай. Манайх бас тэгэх хэрэгтэй

Зочин
Зочин
2021-07-15 13:25

линк ээр нь ороод уншиж үзлээ оросын сайтаас авсан мэдээ байна энэ з�##�уу худлаа ярих аа болио

Irgen
Irgen
2021-07-15 13:46

Ynetei saihan zuvlulguu baina. Five up d oroe bayerllaa heden yum medeed avlaa

Зочин
Зочин
2021-07-15 19:09

unen baih hort havdar ih bgaa jishee shuud notolgoo

Зочин
Зочин
2021-07-15 21:25

Энэ хорвоо дээр хүн идэж болох юм ер нь байна уу.

Монгол
Монгол
2021-07-15 23:53

Яг цагаан шоколад гэж үнэхээр байхгүй шүү. Шоколад бор л байдаг

уншигч
уншигч
2021-07-16 08:44

Монголчууд мөнгөөрөө хог, хор авч идэж байсан. Банкууд нь эрүүл бус сэтгэхүйтэй учраас 30 аад жил гадаадаас дан хог оруулж ирж нуг�##�ж зарж ард түмнээ хордуулдаг арилжааны бизнес буюу дамын наймаачдыг дэмждэг байсан учраас одоо явцгүй болж бүгд дампуурах тавилантай.

Холбоотой мэдээ

Back to top button