Нийгмийн

“С.Амарсайхан эрх мэдлээ урвуулан ашиглаж, манай газрыг булааж авсан. Х.Нямбаатар сайдад хандана”

Нийслэлийн удирдлагууд “Нар-Мон” компанийн газрыг хууль бусаар хурааж авсан гэх асуудлаар хэвлэлд хандлаа. Тус компанийн ерөнхий захирал М.Хүрэлсүх

“УИХ-ын гишүүн С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга байхдаа 2020 оны дөрөвдүгээр сарын 13-нд захирамж гарган, “Нар-Мон” компанийн Амгаланд үйл ажиллагаа явуулдаг газрын эрхийг цуцалсан. Энэ талаар бид бүр сүүлд нь буюу 2020 оны наймдугаар сарын 18-нд мэдсэн. Газрын төлбөрөө төлөөгүй гэсэн үндэслэлээр манай газрыг цуцалсан. Бид Нийслэлийн газрын албатай гуравдугаар сард очиж уулзахад манайх 84 мянган төгрөгийн илүү төлөлттэй байсан.

Энэ зун бид газартаа хоёр склад, агуулах барихаар төлөвлөсөн. Үүнийгээ Нийслэлийн газрын албанд мэдэгдэхэд “Танай газрыг С.Амарсайхан дарга сонирхож байгаа” гэдэг үндэслэлээр хүлээж аваагүй. Яагаад манай газрыг С.Амарсайхан дарга сонирхоод байгаад судалж үзсэн, тухайн үед. “Таван толгой түлш” компани манай газар дээр үйлдвэрлэл эрхлэх, агуулах барих сонирхолтой байсан юм билээ. Тэгэхээр нь манайх хамтран ажиллах санал тавив. Ямар ч хариу ирээгүй. Ер нь анхнаасаа хууль бусаар шууд дээрэмдэж авах сонирхолтой байсан юм билээ. Энэ асуудлаар бид Ерөнхий сайдад албан бичиг бичсэн. У.Хүрэлсүх сайдтай уулзахад биднийг дэмжиж байна гэж ойлгосон. Гэтэл тэгж уулзсаны дараа Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас манай газрыг хурааж буйгаа мэдэгдсэн.

Бид тухайн газарт 1996 оноос хойш тухайн газарт үйл ажиллагаа явуулсан. Тухайн үед Нийслэлийн Засаг дарга байсан Ж.Наранцацралт агснаас албан ёсоор зөвшөөрөл авсан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын удирдлагууд бидний газрыг хууль бусаар булааж авлаа. Одоогийн УИХ-ын гишүүн, тухайн үед Нийслэлийн Засаг дарга байсан С.Амарсайханг энэ асуудалд орооцолдоогүй байх, гүтгэлэг байх гэж бодож байсан.

Энэ асуудалд “Баз” группийн оролцоо их бий гэж хардаж байна. “Баз” группийнхэн  С.Амарсайхан даргаар компанийн эрхийг цуцалтал ажиллаж чаддаг юм байна, АТГ-ынхныг хөдөлгөж чаддаг юм байна. С.Амарсайхан их яарсан бололтой. Нийслэлийн Засаг даргын ажлаа өгөхөөсөө өмнө манай газрын эрхийг цуцалчихаад явсан.

С.Амарсайхан гишүүнийг бизнес ойлгодог, шударга хүн гэж бодсон. Бид 500 гаруй ажилтантай, олон хүний амьдралыг нуруундаа үүрч яваа. Гэтэл манай газрыг булаагаад авчихлаа.  

С.Амарсайхан өөрөө тийм шударга хүн мөн үү. “Зайсан хилл”, “Zaisan square” гэсэн хоёр барилга барьсан. Эдгээр нь тусгай хамгаалалттай газрын тухай хуулийг ноцтой зөрчсөн шүү дээ. Өөрсдөө болохоор хууль зөрчиж болдог, жирийн иргэний өмчийг дээрэмддэг байж болохгүй. Эрх мэдэлтэй хүмүүс ард түмнийг нэг нэгээр нь цөмөөд, цөлмөөд дууслаа. Тэгэхээр энэ асуудалд нийгмийн хөдөлгөөнүүд дуугараасай гэж хүсэж байна.

Өнөө өглөө би албан бичиг хийгээд, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас бичиг баримтаа аваад ир гэсэн. Тэгэхэд “Нар-Мон”-той холбоотой ганц ч албан бичиг битгий өг гэсэн байна. “Нар-Мон” компани ямар ч өргүй. Баримт нь манайд бий”

“С.АМАРСАЙХАН МАНАЙ КОМПАНИЙГ ШАНТААЖИЛЖ БАЙНА”

Мөн түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ асуудлаар УИХ-ын гишүүн С.Амарсайхантай уулзсан уу?

-Амарсайхан дарга жирийн иргэнд олдохгүй. Түүнд албан бичиг өгөөгүй. Батбаясгаланд энэ асуудлаар гомдол гаргасан, эргэж харахыг хүссэн. Би анхандаа Газрын албаныхан С.Амарсайхан даргад буруу мэдээлэл өгч байгаад ийм шийдвэр гаргуулчихлаа гэж бодсон. Гэтэл С.Амарсайхан дарга энэ асуудлыг мэдэхийн дээдээр мэдэж байж. Албаар манай газрыг хууль бусаар хураан авч, шантаажилж байгаа гэж хардаж байна. Би хэнээс ч айхгүй. Төрийн өмнөөс эрх мэдлээ далайлган, АТГ-аар айлгуулдаг үе ард хоцорсон шүү.

Би АТГ-ыг байгуулах хэрэгтэй гэж олон жил зүтгэсэн. Гэтэл одоо АТГ иргэдийг дарамталдаг, сүрдүүлдэг газар болчихсон юм биш үү. АТГ-аар өрсөлдөгч компаниа дарамтлуулдаг, намнадаг болж. Энэ асуудлыг шалгахыг Х.Нямбаатар сайдад хүсэж байна, гомдол гаргасан.

-Нийслэлийн Засаг даргын тамгын газраас шийдвэрээ цуцлахгүй бол цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-Захиргааны хэргийн шүүхэд хандчихсан байгаа. Эрэн сурвалжлахаар бичдэг сэтгүүлчид үүнд анхаарал хандуулаасай. “Баз” групп энэ асуудлаар “Нар мон” компанийг яагаад дарамталж буйг асуугаарай. Тэд намайг, манай байгууллагыг үргэлж дарамталж байгаа. Цаашид юу ч хийж, яахаас ч сийхгүй нөхөд байна лээ. Яачих ч юм билээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Altantsetseg
Altantsetseg
2020-09-07 18:51

Ene er gomo y####n hvn gvtgehee bolimoor ym oron nutagiin songuuli geed hvn gvtgej bogvi shv dee

Холбоотой мэдээ

Back to top button