Нийгмийн

Хэлмэгдэгсдийн өдөрт зориулсан эрдэм шинжилгээний хурал болж байна

Түүхийн хуудаснаа хар мөр үлдээсэн хэлмэгдүүлэлтийн гашуун сургамжийг хойч үедээ сургамж болгох, хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн есдүгээр сард тэмдэглэдэг.

Энэ хүрээнд энэ жил Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс байгуулагдсаны 30 жил, Монголын төр шашны нэрт зүтгэлтэн, сайд Егүзэр хутагт Жамсранжавын Галсандашийн мэндэлсний 150, хэлмэгдсэний 90 дэх жилийн ойн хүрээнд “Егүзэр Хутагт: Түүхэн зүтгэлтэн ба улс төрийн хэлмэгдүүлэлт” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Хангарьд ордонд өнөөдөр зохион байгуулж байна.  

Эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяа, Нийслэлийн ИТХ-ын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комиссын дарга Р.Дагва, Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба гавж, Д.Чойжамц, Егүзэр хутагт нээлттэй нийгэмлэгийн тэргүүн Д.Болорцэцэг зэрэг албаны болон ТББ, иргэдийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож байна.

Хурлаар XX зууны Монголын түүхэнд учирсан улс төрийн хэлмэгдүүлэлт, түүний учир шалтгаан, хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгаж, нэр төрийг сэргээх, дурсгалыг мөнхжүүлэх асуудал хэрхэн өрнөсөн, түүнд дүн шинжилгээ хийсэн байдал,  хэлмэгдүүлэлтэд өртсөн лам нарын  асуудал, түүний дотор Зүүн хязгаарын сайд, Егүзэр хутагт  Ж.Галсандашийг хэлмэгдүүлсэн тухай Егүзэр хутагтын намтар, улс төр шашны үйл ажиллагааны талаар түүх шашны өргөн хүрээтэй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм. Мөн олон улсын эрдэмтэд цахимаар Егүзэр хутагтын талаар илтгэл тавин оролцож байна.

Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлын эхэнд Цагаатгах ажлыг удирдан зохион  байгуулах Нийслэлийн салбар комиссын дарга НИТХ-ын дарга Р.Дагва “Жил бүр “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг тохиолдуулан нийслэл, дүүргийн салбар комиссоос тусгай төлөвлөгөө  гарган тодорхой ажлуудыг зохион байгуулж, хэлмэгдэгсэд, түүний гэр бүлд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай, хэлмэгдсэн иргэн, түүний гэр бүл, үр хүүхэд, ач зээ нарыг нийгмийн халамжийн үйлчилгээ болон  эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэгт хамруулах, ажлын байртай болоход нь зуучлах, төрийн дээд одон медальд тодорхойлох, дэмжих,  хууль журмын дагуу нөхөн олговор, мөнгөн олговор, орон сууц,  гэр олгох зэрэг ажлыг  зохион байгуулж  ажилласаар ирсэн, Цаашид Цагаатгах ажлыг зохион байгуулах Улсын комисс байгуулагдсаны 30 жилийн ой болохтой холбогдуулан их хэлмэгдүүлэлтийн үнэн түүхийг залуу хойч үедээ сургамж болгон үлдээх ажлуудыг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, хэлмэгдэгсэд, түүний гэр бүл, үр хүүхдэд бодит дэмжлэг үзүүлэх чиглэлээр нийслэлийн зүгээс онцгой анхаарч байна. Тухайлбал: хэлмэгдэгчдийн төрөл төрөгсдөд орон сууцны дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд НОСК-аас хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт квот гарган, хамруулах боломжийг судалж, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээр Нийслэлийн орон сууцны корпорацад түрээсийн орон сууцанд хамрагдах зорилтот бүлгийг нэмэгдүүлж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн үр хүүхэд, ач зээг хамруулах үүднээс тодорхой хувь /квот/-ыг тогтоох үүргийг өгөөд байна. хэмээн онцолж байлаа.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button