СПОРТ

Хонгор нутгаас дэлхийн дэвжээнд дүүлсэн “Хулгар Нацаг”

“Монголын бөх Нацагдорж бол дэлхийн аварга хүчтэн байгаа юм. Азгүй ч гэх юм уу жаахан хувь дутсан. Хамгийн эвгүй өрсөлдөгч маань байлаа” гэж олимпийн нэг, дэлхийн гурван удаагийн аварга, Оросын алдарт бөх Павел Пинигин дурсамж номдоо түүнийг онцолсон нь бий. Монголын чөлөөт бөхийн алтан үеийнхний томоохон төлөөллийн нэг, дэлхийн дэвжээнд дүүлж явсан хүчтэн бол ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Цэдэндамбын Нацагдорж агсан. Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат тэрбээр чөлөөт бөхийн төрөлд дэлхийн дэвжээнд үзүүрлэсэн Монголын 21 хүчтэний нэг. Үүний сацуу ДАШТ-ээс хоёр болон түүнээс олон медаль хүртсэн 17-хон бөхийн нэг нь. Их спортын төрөлд дэлхийн ДАШТ-д үзүүрлэнэ, түүнийгээ хүрэл медалиар хослуулна гэдэг яах аргагүй давтахад бэрх амжилт. Энэ амжилтыг Ц.Нацагдорж гавьяат гарган, дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг олонтаа дуурсгасан гавьяатан.

2014 оны нэгэн өдөр Ардын багш Ч.Дамдиншарав гуай утсаар холбоо барьснаа “Хоёулангийнх нь ярилцлага их аятайхан болж. Дүү хүүг нэг мундаг бөхтэй танилцуулна аа. Удахгүй нэрэмжит тэмцээн нь болох гэж байгаа юм. Даруухан, их сайхан бөх бий. Маргааш спортын төв ордонд хүрээд ир” гэв. Маргааш нь очих нь ээ Нацагаа гавьяат зогсож байв. Тэгж би түүнтэй анх танилцаж байлаа. Хоёр цаг гаруй ярилцсанаа “Таван цагариг” сониндоо нийтлүүлчихээд бөөн баяр болж билээ. Их хүндэлдэг хүнээсээ ярилцлага авах их хэцүү. Тааруухан болсон бол яана, ямар нэгэн алдаа гарсан байх вий гэж эмээнэ. Ярилцлага нь нийтлэгдсэний маргааш халгаж, халгаж гавьяат руу залгахад “Дүү хүүд их баярлалаа. Ярилцлагаа дөнгөж уншаад сууж байна. Ярилцлага маань хэвлэгдсэн энэ дугаарыг гамтай гэгч нь хадгална аа” гэж билээ. Түүнээс хойш боломж л гарвал Нацагаа гуайтай уулзана, чөлөөт бөхийн талаар хууч дэлгэнэ. 

Ц.Нацагдорж гавьяат нутагтаа чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэхийн тулд “Байдрагийн хүчтэн” клубийг 2010 онд байгуулсан тухайгаа, цаашид юу хийж, бүтээхээр төлөвлөж буйгаа сонирхуулна. Үргэлж л инээж явна, уурлаж, бухимдаж байхыг нь би лав үзээгүй. Дамийл багштай их дотно нөхөрлөдөг байв. Хоёр багш үргэлж хамт явна, шавь нарынхаа бэлтгэлийг хамтдаа хийлгэнэ. Нацагаа багш хэн нэгнийг дарга цэрэг, том, бага гэж ер ялгахгүй. Үеийнхэнтэйгээ, залуустай тэр бүү хэл хүүхдүүдтэй ч “нөхөрлөнө”. Тийм энгийн, олонтой хүн байлаа, Нацагаа гавьяат.

ХОНГОР НУТГААС ХОРИН НАСАНДАА ЧӨЛӨӨТ БӨХӨД ХӨЛ ТАВИВ

Анхны багш Д.Лодойгийн хамт

Их спортоор, чөлөөт бөхөөр хожуу хичээллээд амжилт гаргасан бөхчүүдийн нэг нь Ц.Нацагдорж гавьяат. Багаасаа хөдөөний хар бор ажилд нухлагдан, тэмээ хариулж, уналга эдэлгээнд сурган, тамир суусан тэрбээр 20 настайдаа цэрэгт татагдан очив. Шигшээ багийн тамирчин байсан нэгэн бөхтэй нэг тасагт бүр нэг салаанд хуваарилагдсан нь Булган аймгийн Сайхан сумын харьяат Д.Лодой байв. Ц.Нацагдорж гавьяат чөлөөт бөхийн спортод хөл тавьсан түүнтэй салшгүй холбоотой. Түүнийг цэрэгт очсон жил буюу 1965 онд армийн хэмжээнд дугуйлан явуулах шийдвэр гарав. Улмаар армийн аварга шалгаруулах тэмцээн хийхээр болж. Тэгэхэд Д.Лодой ангийнхныгаа дасгалжуулжээ. Чөлөөт бөхийн талаар төдийлөн мэдэхгүй, барилдаж үзээгүй байсан Нацагаа гавьяатад тэрбээр ганцхан мэх заасан нь гараа сугаар нь оруулаад шилэн дээр нь дарж, дээш нь харуулан унагаах мэх. Ц.Нацагдорж багш ангиасаа шалгарч армийн аваргад оролцохдоо бүх өрсөлдөгч өнөөх мэхээрээ ялаад түрүүлжээ.

АРМИАС ШУУД ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИН БОЛСОН НЬ

No description available.

Армийн аварга шалгаруулах тэмцээний дараа “Армид сайн бөх болох ирээдүйтэй залуу байна” гэх яриа хуурай өвсөнд гал дүрэлзэхтэй адил хурдан түгжээ. Нөгөө талаар тус тэмцээнийг шүүж, үзэж байсан Х.Намшир, Ц.Дамдиншарав гуай зэрэг олон шилдгүүдийн хараанд Нацагаа гавьяат өртөж. Тэр жилээ “Алдар” нийгэмлэг (өдгөө спорт хороо болсон)-т Д.Лодой багшийнхаа удирдлагад бэлтгэл хийж байсан түүнийг шигшээ багийн дасгалжуулагч Д.Хашбат өөрийн биеэр очиж аван, шууд залуучуудын шигшээ багт авав. Тэгж Нацагаа багш 1996 оны хавар шигшээд багтсанаар Монголын чөлөөт бөхийн спортод нэгэн шинэ од торнихын, айсуй олон олон амжилтынх нь эхлэл байлаа.

ГУРАВХАН ЖИЛ БАРИЛДААД ОЛИМПИЙН ДЭВЖЭЭНД ЗОДОГЛОВ

No description available.

Армийн дэвжээнд гялалзан, спортынхны хараанд өртсөн тэрбээр гуравхан жилийн дараа улсынхаа хамгийн шилдэг бөх болов. Ийм богино хугацаанд гарч ирсэн бөх хуруу дарам. Түүгээр ч үл барам монголчууд дөрвийн дөрвөн медальтан өлгийдсөн “Мехико-1968” олимпод анх удаа зодоглов. Тэгэхдээ Ц.Нацагдорж гавьяат 73 кг-аас жингээ хасаж 63-т барилдсан. 15-хан хоногийн дотор жиндээ орохын тулд ихээхэн чардайжээ. Хасаад нэлээд доошоо орчихсон жин дахиад бууна гэдэг тун бэрх. Шөнө нь нойр хүрэхгүй, хөлс гарахгүй. 40-өөд хэмийн халуун байхад л хөл, гар, хамарных нь үзүүр цэв хүйтэн байдаг байж. Тийм маягтай 15 хоног жингээ хасаад барилджээ. Олимпийн дэвжээнд анх зодоглохдоо Польшийн бөхийг ялж, Афганистаны тамирчинтай оноо тэнцэн, дэлхийн аварга Канекод өвдөг шороодов.

No description available.

Энэ тухайгаа тэрбээр “Олимпийн дэвжээнд өрсөлдлөө гэж бодохоор зүүдлээд ч байгаа юм шиг санагдаж билээ. Хэрвээ Б.Сүхбаатар бид хоёрын аль нэг нь нэг юм уу хоёр барилдаан ахиж барилдсан бол манайх багийн дүнгээр гуравт орох байв. Тийм ховор боломжоос миний оноо дутсан гэж бодохоор харамсалтай санагддаг” гэж дурсаж байсан юм.

МЕДАЛИЙН ООСРООС АТГААД АЛДСАН МЮНХЕНИЙ ОЛИМП

No description available.

Ц.Нацагдорж гавьяат олимпдод гурван удаа өрсөлдөхдөө IV, VI байрт шалгарсан. 1972 оны Мюнхений олимпод дөрөвдүгээр байрт шалгарсан нь одоогийнхоор хүрэл медаль хүртэх амжилт байв. Медалийн оосроос атгаад алдсан дутуугаа нөхөхөөр 1976 оны олимпод барилдсан ч санаснаар болсонгүй.

ПАВЕЛ ПИНИГИНГ ЯЛСАН МОНГОЛ БӨХ

Ц.Нацагдорж агсанг амжилтын төлөө зүтгэх он жилүүдэд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь олимпийн нэг, дэлхийн гурван удаагийн аварга Павел Пинигин байв. Тэд хоорондоо гурван удаа учраа таарахад Ц.Нацагдорж гавьяат нэг ялсан нь 1973 оны оюутны дэлхийн универсиад их наадам. Гол өрсөлдөгчөө ялсан тэрбээр тус наадамд торох юмгүй түрүүлэв. Тэгснээр оюутны дэлхийн универсиад наадмаас алтан медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсон юм. Улмаар тэр жилээ Азийн АШТ-д түрүүлж, тивийнхээ дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлэв.

ЗӨГНӨЖ БАЙГААД ХҮРТСЭН ДАШТ-ий ХҮРЭЛ МЕДАЛЬ

No description available.

Богино хугацаанд авьяас, ур чадвараараа цахиур хагалсан түүнийг жил жилийн дэлхийн аваргаас медаль хүртэх бөхчүүдийн тоонд багтааж байв. 1973 онд хоёр ч том тэмцээн (Азийн АШТ, оюутны дэлхийн универсиад наадам)-д түрүүлээд байсан ч ДАШТ-д IV байрт шалгарсан нь мөн одоогийнхоор хүрэл медаль хүртэх хэмжээний амжилт. Дараа жил нь буюу 1974 оны ДАШТ-ээс хүрэл медаль энгэртээ зүүн, олон жилийн дутуугаа нөхөв. Тэмцээний өмнө яг л гуравдугаар байрт орчих юм шиг зөн түүнд төрөөд байж. Ардын багш, дотны найз Д.Сэрээтэртээ “Хөгшин нь хүрэл медаль авчих юм шиг байна. Хэдий болтол IV байрт орох вэ” гэж хэлжээ. Яг л түүнийхээр болж, дэлхийн шилдгүүдийн эгнээд багтахад Д.Сэрээтэр гуай “Миний хөгшин чинь далдыг хардаг далай лам болчихож. Үнэхээр сайн тооцоолсон байна. Баяр хүргэе” гээд тэвэрчээ.

ПАВЕЛ ПИНИГИН: ХОЁУЛАА ОРОСООС ӨӨР ГАЗАР БАРИЛДСАН БОЛ ЧИ ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХ БАЙСАН ЮМ ШҮҮ

1975 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэв

Дутуугаа гүйцээсэн Нацагаа гавьяатын дараагийн зорилго нь медалийнхаа өнгийг хувиргах, дэлхийн аварга болох байв. Үүндээ тун ойртож очсон. 1975 оны ДАШТ-д зодоглохдоо олон шилдгийг өвдөг шороодуулсаар өнөөх л гол өрсөлдөгч Павел Пинигинтэй дэлхийн аваргын төлөө барилдлаа. Барилдааны өмнө Нацагаа гавьяат “Нутгийн дэвжээ хэцүү шүү. Пинигин сайн бөх. Би түүнээс юугаараа дутна гэж” хэмээн боджээ. Энэ тухай “Би өөрийгөө тэгж л зоригжуулж, үнэлж барилдахгүй бол болохгүй. “Пинигин дэлхийн аварга бөх” гээд шалчийвал түүнийг дийлэхгүй. Мэхтэй бол мэхтэй. Бяртай. Түүнээс дутах юм ер байхгүй. Бидний оноо тэнцэхэд нутгийн дэвжээ ямар хатууг мэдэрч билээ. Нэг ч удаа дэвжээнээс гараагүй намайг хоёр торгочихов. Дахиад ганцхан удаа торгуульбал хөөгдөх гээд байлаа. Хөөгдвөл юун мөнгөн медаль хүртэх байтугай хойгуур байрт орно. Тэгээд торгуулахгүйн төлөө урагш зүтгэж барилдсаар байгаад яалт ч үгүй ялагдсан. Үнэндээ шүүлтийн тиймэрхүү юм гарна гэх бодол надад байсан. Учир нь П.Пинигинтэй барилдсан Японы бөх Соговара гурван торгуулиар хөөгдсөн юм. Япон бөх тэгж зугтана, торгуулиар хөөгдөх хэмжээнд барилдахгүй. Тийм зүйл надад тохиолдож магад гэж бодсон. Яг л таамагласнаар болсон доо” гэж дурсаж билээ.

Хожмоо Монголд болсон нэгэн тэмцээний үеэр Павел Пинигин манай улсад иржээ. Тэгэхдээ Ц.Нацагдорж гавьяаттай уулзан, тэднийд очиж өдөржин хөөрөлдсөн гэдэг. П.Пинигин түүнд номоо дурсгаад “Үүнийг уншаарай. Тэр жилийн ДАШТ өөр улсад зохиогдсон, хоёулаа Оросоос өөр газар барилдсан бол чи дэлхийн аварга болох байсан юм шүү” гэж хэлжээ. Хэдийгээр бүх зүйл болоод өнгөрсөн ч тэгж хэлсэнд, ялагдлаа хүлээн зөвшөөрсөнд нь Нацагаа гавьяатын сэтгэл их хөдөлсөн гэдэг. Магад хүртэх учиртай байсан дэлхийн аварга цолоос нь дутахгүй үнэ цэнэтэй санагдсан ч байж мэднэ. Энэ тухайгаа “Пинигин тэгж хэлэхэд миний сэтгэл их хөдөлсөн, урамшсан. Гэхдээ тэгж хэллээ гээд дэлхийн аварга цол миний өвөрт орж ирэхгүй, медалийн өнгө маань хувирах биш. Олимпод нэг, дэлхийд гурван удаа түрүүлсэн тийм мундаг бөхөд ялагдсан учраас “Чи намайг луйвардсан” гэж болохгүй л дээ. Шүүлтийн ямар нэгэн булхай орохооргүйгээр ялж чадаагүй нь миний муугийнх. Би хариуд нь “Энэ талаар бодож л явлаа. Чи дэвжээн дээр дэлхийн аварга болоод зогссон юм чинь би одоо яах вэ. Ингэж хэлсэнд баярлалаа” гэж хэлсэн” гэж байв.

АМЛАСНАА БИЕЛҮҮЛЭХИЙН ТУЛД ЗОДОГ ТАЙЛАВ

No description available.

Ц.Нацагдорж гавьяатыг 1976 оны олимпод барилдахын өмнө тухайн үед “Хүч” спорт хорооны орлогч даргаар ажиллаж байсан Ч.Олзбаяр дасгалжуулагчаар ажиллуулах санал тавьжээ. Тэгэхэд нь “Олимпийн дараа яваад очъё” гэж амласан гэдэг. Нацагаа агсан яг өмнөх жил нь дэлхийн дэд аварга болчихсон байсан тул олимпоос медаль хүртэнэ гэдэгтээ тун ч итгэлтэй очиж. Гэвч зорьсондоо хүрч чадалгүй VI байрт шалгарав. Тэгээд эх орондоо ирээд амлалтдаа хүрэхийн тулд шууд зодог тайлан, дасгалжуулагч болжээ.

АХМАДЫН ДАШТ-ий ХОШОЙ АВАРГА

No description available.

Ц.Нацагдорж гавьяат дэлхийн дэвжээнд дүүлж, цалгиж явахдаа гаргаж чадаагүй амжилтдаа нас ахисан хойноо хүрсэн хүчтэн. Тэрбээр 1993 онд үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байхад Ш.Отгонбилэг агсан “Хангарьд” спорт хороонд дасгалжуулагч хийх санал тавьжээ. Улмаар 1995, 1996, 1997 оны ахмадын ДАШТ-д зардлыг нь даагаад оролцуулсан байна. Ц.Нацагдорж гавьяат ахмадын ДАШТ-д барилдсан эхний хоёр жилээ түрүүлж, дэлхийн хошой аварга болов. 1997 онд гурав дахиа оролцохдоо бэртлийн улмаас санасан амжилтаа гаргаж чадалгүй мөнгөн медаль хүртжээ. Дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлэх мөрөөдлөө тэгж биелүүлсэндээ их баярласан гэдэг.

МОНГОЛД ЭМЭГТЭЙ ЧӨЛӨӨТ БӨХИЙН СУУРИЙГ ТАВИЛЦСАН ГАВЬЯАТАН

No description available.

Монгол Улсад эмэгтэй чөлөөт бөхийн суурийг тавилцсан, хөгжүүлсэн гавьяатнуудын нэг нь Ц.Нацагдорж агсан. Тэрбээр 1997 оны эхээр “Хангарьд” спорт хороонд хоёр эмэгтэй бөх дасгалжуулсан нь манай улсад эмэгтэй чөлөөт бөхийн спортын хөгжихийн эхлэл байлаа. Улмаар 1999 онд Эрдэнэт хотод эмэгтэйчүүдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулсан гэдэг. Анхандаа эмэгтэй хүн чөлөөт барилдана, бэлтгэл хийнэ гэхэд хүмүүс их гайхдаг, багагүй эсэргүүцдэг байж. Тэгж их бэрхшээлийг даван туулж, уйгагүй зүтгэн байж эхлэлийг тавьсны өгөөжөөр Монголын эмэгтэй чөлөөт бөхөөс олон шилдэг тамирчин төрөн гарч буйд их сэтгэл хангалуун явдаг байлаа, Нацагаа гавьяат. Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийг олимпоос хүрэл медаль хүртэн, дэлхийн аварга болоход баярласандаа уйлж сууснаа дурсах дуртай байсан сан.

Б.БАТ-ЭРДЭНЭ АВАРГААС АВАХУУЛААД ОЛОН ШИЛДГИЙГ БЭЛТГЭСЭН ДАСГАЛЖУУЛАГЧ

Ц.Нацагдорж гавьяат алдартай тамирчин төдийгүй шилдэг дасгалжуулагч байлаа. Тэрбээр 1976-1991 онд цагдаагийн “Хүч” спорт хорооны үндэсний бөх, чөлөөт бөхийн багийн ахлах дасгалжуулагчаар, 1993-1994 онд үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар, 1994-2000 онд Эрдэнэтийн “Хангарьд” спорт хорооны бөхийн чөлөөт барилдааны ахлах дасгалжуулагч, 1991-1993, 2000-2003, 2006-2007 онуудад БНХАУ-д чөлөөт бөхийн мэргэжилтэн дасгалжуулагчаар, 2002-2006 онд АНУ-ын Калифорн мужийн Оакланд хотын 111 дүгээр сургуульд гэрээт дасгалжуулагчаар, 2008 оноос Нийслэлийн Биеийн тамир, спорт хороонд Оюутны шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байв.

Эцсийн амьсгалаа хураатлаа чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэхийн төлөө зүтгэн, тамирчдаа дасгалжуулагч Нацагаа багш Хөдөлмөрийн баатар, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан, гавьяат тамирчин Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Д.Хишигдорж, Ч.Бямбадорж, С.Сүхбаатар, улсын начин Н.Түмэннаст, Ш.Лхагвасүрэн, С.Баатар, Д.Цогтгэрэл, Д.Амаржаргал, Г.Бат-Амгалан тэргүүтэй олон арван бөх бэлтгэн, амжилтад хүргэсэн. Үүний сацуу чөлөөт бөхийн ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Гавьяат тамирчин Б.Болд, Олон улсын хэмжээний мастер С.Сүхбаатар, Ч.Бямбадорж, Н.Лхамсүрэн, Г.Хишигдорж нарын зэрэг алдарт бөхчүүд төрөн гарсан юм.

НАЦАГАА ГАВЬЯАТЫН ЗАЛГАМЖ ХАЛАА ТӨРСӨН НУТАГТ НЬ ТОРНИСООР

Гавьяат тамирчин Ц.Нацагдорж агсны нэрэмжит залуучуудын УАШТ болно

Ц.Нацагдорж агсан ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалантай хамтран 2010 онд “Байдрагийн хүчтэн” дэвжээ байгуулсан нь Баянхонгор аймагт чөлөөт бөхийн спорт хөгжихийн эхлэл байлаа. “Байдрагийн хүчтэн” клубийг төрсөн нутагтаа байгуулах санаа хэрхэн төрсөн тухайгаа “Хүн нас ахих тусам өсөж төрсөн нутаг, усаа гэдэг юм байна. Үүнийг залуудаа мэдрэлгүй явжээ. Тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт гаргаж байхдаа эх ороной минь хамт нутаг усны маань нэр яваа л гэж боддог байв. Нэг өдөр “Насаараа чөлөөт бөхийн спортод зүтгэлээ. Ингэхэд төрсөн нутагтаа юу хийж, гийгүүлсэн билээ, би” гэж бодов. Манай аймгийн зарим хүн ч мөн иймэрхүү шүүмжлэлийн аястай үг надад хэлдэг байсан л даа.Тэгээд аймагтаа чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэхээр шийдэн, “Байдрагийн хүчтэн” клубийг байгуулсан юм” гэж дурсаж билээ.

Тэрбээр өдгөө бидний дунд үгүй ч залгамж халаа нь төрсөн нутагт нь торнин, ирээдүйд олимп, дэлхийн аварга болохын төлөө зүтгэн, гавьяатын үйл хэргийг үргэлжлүүлж явна. Энэ жил насанд хүрэгчдийн УАШТ-ээс л гэхэд өсвөр үеийн дөрөв, залуучуудын хоёр удаагийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны ангиллын Азийн аварга, “Mongolia open” тэмцээний дэд аварга Б.Хонгорзул, залуу тамирчин Ч.Алтангэрэл нар түрүүлж, 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий алтан медальт, өсвөр үеийн улсын тав, залуучуудын хошой аварга, “Mongolia open”-ы хүрэл, “Байгаль опен” тэмцээний алтан медальт Ө.Пүрэвсүрэн хүрэл медаль (гурван жил дараалан) хүртсэн юм.

2017 оны тавдугаар сарын 3-нд өөд болсон Ц.Нацагдорж агсны нэрэмжит чөлөөт бөхийн залуучуудын УАШТ төрсөн нутагт нь өнөөдөр эхэллээ. Монголын чөлөөт бөхийн сор нь болсон тамирчин, нэрт дасгалжуулагч, олны хүндлэлийг хүлээсэн эр хүн байлаа, Нацагаа гавьяат маань.

Чөлөөт бөхийн алдартнууд Ц.Нацагдорж гавьяатыг ингэж дурсав.

Ч.Дамдиншарав: Нацагаа минь байгаа газар үргэлж инээд, хөөр цалгидаг байлаа

Монголын Чөлөөт Бөхийн Холбоо

(Ардын багш, Гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт)

Нацагаа маань шинэ цэрэг байхдаа армийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод түрүүлж билээ. Хөөрхөн бор цэрэг бүх өрсөлдөгчийнхөө хөлд нь орсоор байгаад түрүүлснийг нь сайн санаж байна. Тэр үеэс хойш өтлөн өтөлтлөө бид бие биенээ түшин, дотно нөхөрлөлөө. 20 настай гэхээргүй их уян хатан биетэй байсан шүү. Тийм бөх их ховор. Манай Нацагаа маань их хөдөлмөрч, зүтгэлтэй, амжилт гаргахын төлөө бүхнээ зориулсан. Их сайхан сэтгэлтэй, хөгжилтэй. Нацагаа байгаа газар үргэлж инээд хөөр цалгиж байдаг сан. Их шооч, нөхөрсөг. Хүнд оновчтой хоч өгөхдөө, шоолохдоо их авьяастай. Уурлаж бухимдана, бусадтай ам мурийна гэж ер үгүй. Нацагаа маань одоогийн дүрмээр 1972 оны олимп, 1973 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бөх. ДАШТ-д үзүүрлэнэ, хос медаль хүртэнэ гэдэг амар амжилт биш.

Нацагаа бид хоёр Монголдоо чөлөөт бөхийг улам хөгжүүлэхийн тулд 2010 оноос хойш олон жил цалингүй ажилласан. Тэтгэврийнхээ мөнгөөр бүх юмаа зохицуулаад, хоёулаа хамт оройн цагаар тамирчин бэлтгэсэн юм. Тэгж хамтдаа зүтгэсний үр дүнд олон сайн тамирчин бэлтгэсэн. Энэ жил улсын наадмаар л гэхэд Зоригтбаатар улсын харцага, Мөнх-Эрдэнэ улсын начин, Алтангэрэл аймгийн арслан цол хүртлээ.

Манай Нацагаа их нутаг амьтай. Баянхонгорт чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэхийн тулд “Байдрагийн хүчтэн” клубийг байгуулсны өгөөжөөр олон шилдэг тамирчин мэндэлсээр байгаад баярладаг. “Нацагдоржийн хөлд орох, хэвтээ барилдааны мэхийг сайн сураад, заалгаад ав” гэж залуу багш нарт мөн ч их захьдаг байсан даа. Харамсалтай нь, амьд сэрүүн байхад нь залуу дасгалжуулагч нар түүнээс хангалттай суралцаж, заалгаагүй.

Нацагаа маань маш үлгэр жишээ, хөдөлмөрч, ёс зүйтэй, жудагтай тамирчин байсан. Дасгалжуулагч байхдаа олон шилдэг тамирчин бэлтгэсэн. Ахмадын дэлхийн хошой аварга болж, ясны бөх гэдгээ баталсан. Ийм амжилт гаргасан бөх Монголын түүхэнд байхгүй.

З.Ойдов: Үнэхээр хөдөлмөрч, барилдаанч, олонтой бөх байж билээ

З.Ойдов: Амжилтандаа онгирч, сагсуурмаар үе надад байсан. Гэвч би тэгээгүй

(Хөдөлмөрийн баатар, XX зууны манлай тамирчин, олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга)

Нацагаа бол Монголын чөлөөт бөхийн алтан үеийнхний төлөөлөл яах аргагүй мөн. Гаргасан амжилт, барилдааны арга барилаараа нэлээд том орон зай эзэлнэ. Тийм сайхан бөхтэй шигшээ багт хамт бэлтгэл хийн, амжилтын төлөө зүтгэж явснаараа бахархдаг. Нацагаа бид хоёр тэмцээн дээр гурван удаа таарч барилдсан шиг санаж байна. Андуурч байж магадгүй шүү. Лав Баянхонгорт болсон УАШТ-д хоёр ч удаа тэнцээд би ялсан юм. Их хөдөлмөрч, авьяастай, барилдаанч бөх байж билээ.

З.Дүвчин: Нацагаа гавьяатыг зодог тайлснаас хойш би бөх дийлэхээ больсон

(ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч, улсын заан)

Монголын чөлөөт бөхөд Нацагаа гавьяатын байгуулсан гавьяа их. Би түүнтэй шигшээ багт гурван жил байсан. Бид хоёрын барилдааны арга барил тэс өөр. Би барилдааны техник тааруу болохоор бэлтгэлээ үргэлж түүнтэй хамт хийдэг байв. ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэн, овоо бөх болоход минь Нацагаа гавьяат их нөлөөлсөн. Үргэлж “Тэг, ингэ” гээд зөвлөж, дэмждэг байлаа. Түүнийг зодог тайлснаас хойш би бөх дийлэхээ больсон. Техник, барилдааны арга барил сайтай бөхтэй бэлтгэл хийх амжилтад тэгж их нөлөөлдөг байхгүй юу. Нацагаа гавьяатын ур чадвар, техник, түүнтэй бэлтгэл хийдэг байсан нь миний амжилтад тэгж их нөлөөлсөн. Би яг одоо (өчигдөр) Баянхонгор руу явж байна. Тэнд маргааш (өнөөдөр) эхлэх залуучуудын УАШТ-д гурван шавиа өрсөлдүүлнэ.

Д.Сэрээтэр: Нацагаатайгаа үй зайгүй нөхөрлөж явснаараа бахархдаг

Монгол улсын гавьяат тамирчин ардын багш Д.Сэрээтэр. | "ЖЕНКО" чөлөөт  бөхийн клуб

(Ардын багш, Гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт, улсын харцага)

Нацагаатай шигшээ багт хамт барилдан, үй зайгүй нөхөрлөж явснаараа бахархдаг. Бид шигшээ багт олон жил хамт барилдан, амжилтын төлөө зүтгэсэн. Бид хоёрын өрсөлддөг жин өөр. Гэхдээ барилдааны бэлтгэлээ үргэлж хамт хийнэ. Тэмцээнд оролцохдоо ядарч үзээгүйгээгээрээ бэлтгэлийн үеэр ядардаг байлаа. Бэлтгэлээ тэгж яс, чанартай хийдэг байсан юм. Нацагаа ёстой нүгэлгүй хөдөлмөрч. Дасгалжуулагч “Бэлтгэлээ дуусгаарай” гэж хэлэн хэлтэл ер алгуурлаж, зүгээр зогсохгүй. Тийм их эрч хүч, энерги хаанаас нь гардаг юм бол гэж гайхмаар. Ёстой нэг барилдахын төлөө төрсөн тамирчин байсан даа.

Нацагаа их наргианч, сайхан сэтгэлтэй. Шигшээ багт дөнгөж орсныхоо дараа заримдаа шантраад “За, арми руугаа буцъя. Нутагтаа очиж мал маллая” гэдэг байлаа. Тэгэхэд нь би “Үгүй ээ, ингэж амархан шантарч болохгүй. Чи их авьяастай бөх. Амжилт ойрхон байна” гэж ятгадаг байв. 1972 оны олимп, 1973 оны ДАШТ-д дөрөвдүгээр байрт орсныхаа дараа сэтгэлээр жаахан унасан. Одоогийнхоор олимп, дэлхийгээс хүрэл медаль хүртсэн амжилт байхгүй юу. Тэгэхэд нь би “Дэлхийн бөх болоход их ойрхон байна. Одоо дахиад жаахан л гүрийчих” гэж билээ. Нээрэн ч 1974 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, дэлхийн бөх болсон. Дараа жил нь дэлхийн аваргын төлөө барилдаад мөнгөн медаль авсан юм. Ц.Нацагдоржийн маань нэрэмжит тэмцээн төрсөн нутагт нь маргааш (өнөөдөр) эхэлнэ. Уг нь очих санаа их байлаа. Даанч ойрын хэд хоногоос хөл өвдөөд очиж чадсангүй.

С.Мөнхдуулдах: Ц.Нацагдорж гавьяатын үйл хэргийг үргэлжлүүлж яваагаараа бахархдаг

(Ц.Нацагдорж гавьяатын үүсгэн байгуулсан, Баянхонгор аймгийн “Байдрагийн хүчтэн” клубийн дасгалжуулагч)

Ц.Нацагдорж гавьяат, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалантай хамтран 2010 онд манай клубийг байгуулсан юм билээ. Анхны дасгалжуулагч нь Батдэлгэр. Тэрбээр нэг жил ажиллаад Япон руу явсан.

Би Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрж, өссөн. 2011 онд манайх Баянхонгорт шилжиж очсон юм. Ханийн минь нутаг л даа. Тэнд жил шахам хугацаанд хувийн компанид ажилласан. Тэгж явахад Ц.Нацагдорж гавьяат 2011 оны аравдугаар сард надад ажлын санал тавьсан юм. Тийм мундаг хүн намайг тоосон нь их аз. Би үнэхээр татгалзаж зүрхлээгүй. Гэхдээ чадах болов уу, итгэлийг нь алдах вий гэж  их эмээсэн. Тэгж тэр жилийнхээ аравдугаар сарын 10-нд дасгалжуулагчийн ажлаа эхлүүлж байлаа.

Хэдийгээр “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийг 2010 онд төгссөн ч өөр газар ажилласан туршлагагүй болохоор анхандаа туршлага дутах, өөрийгөө голох үе зөндөө байсаан. Мэдэхгүй, чадахгүй зүйл гарвал Ц.Нацагдорж багшаас асууна. Гавьяат ч бүх талаар тусалж, дэмждэг байсан юм. Бид өсвөр үеийн УАШТ-д 2012 оноос оролцож эхэлсэн. Дараа жил нь хоёр хүрэл медаль хүртэн, 2014 онд Ө.Пүрэвсүрэн алтан медаль хүртэн, багаараа түрүүлсэн. Түүнээс хойш бид өсвөр үе, залуучуудын УАШТ-д багаараа олон жил түрүүлсэн, эхний гурван байраас мултраагүй.

Шавь нар амжилт гаргахаар түүндээ урамшин, ядарч буйгаа ч умартдаг юм билээ. Би Баянхонгор аймгийн хүргэн болж очоогүй бол, Ц.Нацагдорж гавьяат “Байдрагийн хүчтэн” дэвжээг байгуулаагүй бол гэж ёстой төсөөлж чаддаггүй. Хэрвээ Баянхонгорт ийм клуб байгуулаагүй бол би өнөөдөр тэс өөр салбарт ажиллаад явах ч байсан юм бил үү. Мэргэжлээрээ л ажилладаг юм бил үү гэж бодож явсан надад Ц.Нацагдорж гавьяат их том боломж олгосон.

Ц.Нацагдорж гавьяатын үйл хэргийг үргэлжлүүлж, Баянхонгор аймагт чөлөөт бөхийн спортыг хөгжүүлж яваагаараа бахархдаг. Монгол түмний бахархал Нацагаа багш шиг бөх бэлтгэх сэн гээд хичээж явна. Гавьяатын гэр бүлийнхэнтэй холбоотой, ойр дотно явдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-10-30 13:43

Миний аав намайг хүүхэд бхад Нацгаа багш дээр анх дагуулж очиж билээ. Олон үггүй хатуу зарчимч хүн байсан даа. Хүний хувьд мундаг хүн байлаа

Enhbold
Enhbold
2020-11-01 15:33

Ene hunii uil hergiig urgeljluulj yvaa Monhduuldah dasgaljuulagch bagshid amjilt husry.

Холбоотой мэдээ

Back to top button