СПОРТ

Э.Содномпилжээ: Тэмцээнээс гарч ирэхэд арьсны нүхээр цус нэвчиж, нүднээс цус гарах нь бий

Казахстан улсын Нур-Султан хотноо долоодугаар сарын 11-21-ний өдрүүдэд пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрсөн. Уг тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ оролцож алтан медаль хүртсэн. Тэрбээр 107 кг жинд 247 кг өргөж, хувийн болон дэлхийн дээд амжилтыг гурваар ахиулж, дэлхийн аваргын алтан медаль хүртсэн юм.

Тэрбээр өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч Биеийн тамир спортын газарт Пауэрлифтингийн холбооны менежер, шүүгч Б.Энхбаярын хамт  /2019.07.25/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

2020 ОНД ХОЁР ТЭМЦЭЭНД ОРОЛЦООД АХИЖ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХГҮЙГЭЭР ШУУД ПАРАЛИМПИЙН НААДАМД ОРОЛЦОНО

Б.Энхбаяр: Сая болж өнгөрсөн тэмцээн хоёр жилд нэг удаа болдог, олимпийн наадмын дараа ордог томоохон тэмцээн юм. Энэ жил 77 орны 2700 тамирчин хүч үзлээ. Манай -107 кг жинд 20 орны 22 тамирчин оролцсон. А,Б,С гэсэн гурван хэсэгт хувааж оролцон. Энэ 22 тамирчнаас манай тамирчин хамгийн хүнд буюу 244 кг жин захиалж эхлүүлсэн. Харин сая Нурсултанд болсон тэмцээнд 3кг-аар ахиулж дэлхийн дээд амжилт тогтоон, алтан медаль хүртлээ. Өрсөлдөөн маш ширүүн байсан.

Э.Содномпилжээ: Дэлхийн аваргад явахын өмнө бэлтгэл сургуулилтын үеэр 252 кг байнга өргөж байгаад тэмцээнд ороод 247 өргөсөн. Тэмцээнүүд ойр ойрхон болж буй учир дунд нь 260 кг хоёр удаа өргөснөөс бусдаар 250 кг дээр тогтсон байлаа. Өргөж байсан жингээсээ багыг өргөсөн нь тактиктай холбоотой. 2020 оны Токиогийн олимп дээр бүх хүчээ гаргана.  

Б.Энхбаяр: Манай спорт үүсээд 16 жил болж байна. Сүүлийн 3,4 жил олон улсын тэмцээнүүд сайн болж байгаа. Э.Содномпилжээгийн хувьд 2016 оны РИО-гийн олимпоос медаль аваад ирэхэд нь та бүхэн сайн мэддэг болсон болов уу. Мөн Пауэрлифтингийн салбар холбоо Монгол улсад 19 байдаг бөгөөд 6000 гаруй тамирчинтай. Бид жилдээ гурван төрлөөр УАШТ зохион байгуулдаг. Пилжээгийн хувьд гурвууланд нь оролцдог. Тамирчид ийм их эрчимтэй гарч ирж байгаа шалтгаан нь нэгдүгээрт, бид олон улсад хүлээн зөвшөөрөгддөг штанг хэрэгслүүдээ өөрсдийн зардлаар авсан. Энд өргөж буй штанг гадны оронд очоод өргөхөд адилхан байх ёстой, штангны зөрүү гарахаа больсон, клубууд ч ихэссэн, бэлтгэлээ хамжиж хийх хамтрагчид ч нэмэгдсэн. Тухайлбал, Содномпилжээгийн бэлтгэлээ хийж буй “Gold`s gym” клубт өөрийнх нь дор 10 гаруй хүн бэлтгэлээ хийж байна.   

-Тамирчдын дунд үргэлж тулгамддаг асуудал тэмцээн уралдаанд оролцохоор хилийн чанадыг зорих зардал мөнгө байдаг. Та бүхэн энэ асуудлаа хэрхэн шийдэж байна вэ?

Б.Энхбаяр: Пилжээ бол Монгол улсын шигшээ багийн тамирчин. МУГТ, олимпийн медальтай хүн. Түүнийг Монголын Биеийн тамир спортын газар, шигшээ багаас зардлыг даадаг, бэлтгэл хангалтынх нь зардлыг гаргаж өгдөг. Тамирчин тэмцээнд яваад ирэхдээ ямар нэг байдлаар гэмтэж бэртсэн тохиолдолд мөн тухайн зардлуудыг шийдэж өгч байна. Ингэж байж л тамирчин маань амжилт гаргана, амжилт гаргахад нь дэм болдог.

-2020 оны олимп дөхөж байна. Үүнээс өмнө та ямар ямар тэмцээнд оролцох вэ? Таны гол өрсөлдөгчид хэн хэн байгаа вэ?

Э.Содномпилжээ: Би олон улсад болон Монголд тус бүр хоёр холбоонд харьяалагдаж явдаг. Пара пауэрлифтинг болон олон улсын пауэрлифтингийн холбоо, энгийн тайлбарлахад, эрүүл болон энгийн төрөл гэсэн үг. Энэ жилийн хувьд Монгол улсад есдүгээр сард ААШТ болно. Мөн есдүгээр сарын 22-24-ний хооронд Испаний Мадрид хотод ахин нэг тэмцээнд оролцоно. Ирэх онд миний төлөвлөсөн хоёр тэмцээний бий. Нэг нь Английн Манчестер хотод Европын дэлхийн цомын аварга, дөрөвдүгээр сард Арабын нэгдсэн Эмират улсад мөн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болно. Үүнээс хойш тэмцээнд орохгүй байж байгаад наймдугаар сард Паралимпийн тэмцээндээ оролцоно.

ХҮНД ЖИН ӨРГӨХ ҮЕД НҮДНЭЭС ЦУС ГАРЧ, НҮҮРЭН ДЭЭР УЛААН ТОЛБОО ҮҮСЭХ НЬ БИЙ

-Тэмцээнд оролцох үед буюу хүнд жинтэй штанг өргөхөд таны биед ямар өөрчлөлтүүд гардаг вэ? Энэ үед шокноосоо хэрхэн гардаг вэ?

Э.Содномпилжээ: Их хэцүү, сэтгэлзүй л өндөр байх ёстой. Хүнд жин авч байх үед мэдээж хамаг цус дээш хөөрч, нүүр рүү, нүд рүү чинэдэг. Тэмцээн дууссаны дараа нүүр гараа угаах гээд толинд харахад нүүрэн дээгүүр улаан толбоо үүссэн, нүдний судас улаасан байх жишээтэй. Бэлтгэл сургуулилт хийж байхад ч нүдний судас хагарч нүднээс цус гарах тохиол бий. Энэ бол манай спортын төрөлд байдаг л зүйл.

-Ямар тэмцээн дээр та ийм байдалд орж байв аа?

-Ихэвчлэн олон улсын тэмцээнүүд ийм байдалд орно. Учир нь өрсөлдөгчдөөсөө хүнд жинд орно, тэдэнтэй уралдана. Тэмцээний үеэр догдлох, сэтгэлзүйн хувьд арай өөр төлөвт очдог учир даралт хүртэл энгийн үеийнхээс өөрчлөгддөг, хэд дахин өндөр болдог.

-Жингийн захиалга авах үед Ираны тамирчин 254 кг захиалаад өргөж дийлээгүй гэсэн. Таныг хөөсөөр байгаад өөрийн чадахгүй хэмжээний жин захиалсан байх нь ээ?

-Тийм гэж хэлж болно. Иран надтай адилхан өргөсөн ч мөнгөн медаль хүртэнэ. Учир нь тэр тамирчин биеийн жингийн хувьд надаас хүнд. Адилхан өргөсөн хоёр хүний аль жин багатай нь ялдаг.

Б.Энхбаяр: Эхний захиалга дээр Ираны тамирчин Акбар 240 захиалж тооцуулсан бол манай тамирчин 247 захиалаад тооцуулчихсан. Тэгэхээр манайх яах аргагүй 7 кг илүү байна. Ираны тамирчин тэгэхээр Пилжээгээс илүү шахаж байж л медалийн өнгө өөрчлөгдөнө. Медалийн өнгөө өөрчлөх гэж жингийн захиалгаа нэмсээр, зугтаалгасаар 254 кг дээр ирсэн. Гэтэл энэ жин маш хэцүү шүү дээ.

-Жингээс гадна сэтгэлзүйн тактик баримталж уран гоё ялсан тэмцээнээс ямар тэмцээн байв?

Б.Энхбаяр: Индонезд болсон Азийн наадам. Бид хоёртой хамт Биеийн тамир спортын газрын н.Оюунбат хамт явсан. Оюунбат Пилжээгийн хажууд суугаад, би жингийн захиалга өгөхөөр явав. Пилжээ миний захиалсан жинг шууд л өргөчихдөг, өргө гэвэл л өргөчихдөг, эргэлзэх зүйлгүй. Бид 235 кг эхлээд захиалсан. Гэтэл Нямхүү /Монголын паралимпийн холбооны ерөнхийлөгч/ хүрч ирээд “Та хоёрын захиалга арай өндөр юм бишүү, хүмүүсийнх нь их бага байна, 225 кг зэргээр эхэлж байна шүү дээ” гэсэн. Бид хоёр нэгдүгээрт, жингийн массаар илүү байсан. Тэмцээний үеэр бид хоёр Монгол хоолоо л идээд, буудлаасаа7-8 хоног гараагүй.  Монголоос авч очсон борц, шуузаараа хоолоо хийж идээд, хажуугаар нь жимс идээд буудалдаа бүгчихсэн. Ингээд жиндээ яг л тулчихсан, бяр илүү байгаа. Тийм ч учраас жингээ тултал өгсөн. Ингээд 235, 238, 239 гэх мэтээр тооцуулсаар явсан. Тэд ч хойноос их хөөсөн. Иран хоёр тамирчинтай ч арван хүний бүрэлдэхүүнтэй байсан бол бид хоёр хоёулхнаа л байлаа. Энэ тэмцээний үеэр их юм болсон. Бид хоёрыг захиалгаа өгөөд гарах гэтэл нэг Ираны тамирчин нарийн коридорт тэргэнцэртэйгээ хаагаад, худал үнэн юм яриад зогсчихсон. Гэтэл цаг яваад болдоггүй, гарахгүй бол цагаасаа хоцорчих гээд. Сүүлдээ тэргийг нь хажуу тийшээ болгож холдуулж, түлхэж байж гарч цаг дуусахаас 15 секундын өмнө штангаа түлхсэн. Тамирчид тэгж л шатаж байсан. Биднийг нервтүүлэх гэж тэдний хийсэн үйлдлүүд их байсан. Гэвч Пилжээгийн онцлог бол “шатдаггүй”. Гарч ирэхэд заавар өгөөд л хоёр чихнээс нь зулгааж хүч өгөөд гаргахад Пилжээ шууд л орон зайгаа мэдрээд явчихдаг.

Э.Содномпилжээ: Дурсамжтай тэмцээнүүдээс хоёр дахь нь энэ Казакстаны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Бас л нэлээд дайн боллоо.

Б.Энхбаяр: Пэлжээгийн хажууд шилдэг найман тамирчин сүүлийн оролт дээр орсон. Тэгэхэд Пэлжээгийн хажууд Ираны гуравт ордог нөхрийн бандан байрласан. Орилж хашхирч Пэлжээг “шатаах” зорилготой байсан нь илт байлаа. Харин өмнө ярьсан Ираны тамирчин Акбар холхон, чимээгүйхэн, ганцаараа өргөсөөр дээшилж байгаа юм. Тэдний бодлого ийм л байсан. Бид хоёр дагаад шатчихвал шатчихаар л байсан. Гэвч маш сайн төвлөрч, хоёр дахь өргөлтөөсөө л эргээд тэднийг “шатааж” эхэлж байгаа юм.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button