Сурвалжилга, Нийтлэл

“Зөв, зөвд ШУДАРГА зөв”: Рэппэр Big Gee, жүжигчин Пунтик, тамирчин Г.Мандахнаран

Уншигч, үзэгчидтэйгээ Авлигатай тэмцэх газрын “Зөв, зөвд шударга зөв” соён гэгээрүүлэх аяны хүрээнд бэлтгэсэн гурав дахь контентоороо ийн уулзаж байна. Үүний өмнө бид шударга ёсны талаарх залуусын үзэл бодол, “Z” үеийнхний байр суурийг сонирхсон. Тэгвэл энэ удаад олны танил, залуу үед хийгээд нийгэмд нөлөөлөгч болсон гурван эрхмийг онцолж, шударга, шударга бусын талаар товч ярилцлаа.

ВИДЕО:


Рэппэр Big Gee: Хамгийн аймаар зүйл бол “Дасах” шүү дээ

Big Gee шударга, өөрийнхөөрөө байдлаар тод гэрэлтдэг. Хаана ч нэг л янзаараа байх түүний уран бүтээл ч шударга, үнэнч байдлын илэрхийлэл болдог. Түлхүү залуу үеийнхний хараан дор ажиллаж бас амьдардаг түүний шударга ёсны талаарх бодлыг сонсох сонин байлаа.

-Та Би сэтгүүлч мэргэжилтэй, одоо ч сэтгүүлчийнхээ ажлыг хийж яваа гэж ярьдаг. Энэ бол үнэнийг эрэлхийлдэг, дуу хоолой нь болдог мэргэжил. Тэгэхээр таныг уран бүтээлдээ аль болох шударга зөвт байдлыг шингээх гэж хичээдэг гэж ойлгож болох уу?

-Уран бүтээлд хэлбэр ба агуулгын асуудал яригддаг шүү дээ. Агуулгаа мэдээж барина, мөн хэлбэр нь ямар байвал хүнд хүрэх вэ гэдэг тал дээр ч анхаардаг. “Шударга байх нь гоё шүү” гэж дуулбал хэдэн хүн сонсох вэ. Далд утгаар илэрхийлж дуулбал хэдэн хүн сонсох вэ, тийм үү?

Шударга, өөртөө үнэнч байх гэдэг хэцүү. Найзгүй, ганцаардана. Гэхдээ үүндээ тууштай байсны дүнд юу амсаж болох вэ гэдгийг хүмүүст уран бүтээлээрээ харуулахыг хичээдэг. Яг үнэнийг хэлэхэд өнөөдөр хүмүүс шударга бус байхыг сэргэлэн байна гээд ойлгочихсон. Шударга бусаар ямар нэг зүйл олж, авч буйгаа “Би сэргэлэн байна” гэдэг.

-Чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг?

-Яг тийм. Нийтээрээ үүнд дасчихсан. Хамгийн аймаар нь дасчихсан, байдаг л зүйл мэт болчихсон. Тэгээд үүнийг сөрж зогссон хүн ганцаарддаг, “тэнэг”, худлаа болдог. Бараан талаас нь яривал ийм шүү дээ. Тэгэхээр үүнийг уран бүтээлээрээ илэрхийлэх, түүнчлэн амьдрал дээр өөрөөрөө ч болов үлгэрлэчих юм сан гэж боддог. Ер үнэнийг хэлэх гэдэг нэг өөр, харин үйлдлээрээ нотолж чадвал бүр сайн.

-Олны танил хүний байр сууринаас өнөөгийн нийгмийн шударга бус байдал хэр мэдрэгддэг вэ?

-Тоочвол зөндөө шүү дээ. Тэр нь ч, энэ нь ч шударга бус гээд яривал зөндөө. Ядаж олны танил хүмүүс өөрсдөө шударга бус зүйлийн сурталчилгаа болмооргүй байгаа юм. Жаахан улс төржиж яривал, хэдэн жил улс төрчдийг муулж, муулчхаад сонгуулийн үеэр мөнгийг нь аваад сурталчилж л байдаг. Үүн дээр бага ч гэсэн этик байх хэрэгтэй.

-Таныг сонсогчдын дийлэнх нь залуу үеийнхэн байгаа. Залуус яагаад ИЛҮҮ шударга байх ёстой гэж бодож байна вэ?

-Шударга байвал ийм гоё гэсэн баталгаа гаргаж болохгүй л дээ. Гэхдээ өөртөө үнэнч байвал амьдралаас авах таашаал нь гоё байхгүй юу. Би үнэнч байсныхаа төлөө ийм үйлдэл хийж байна гээд л. Гэхдээ энэ зам хэцүү, тийм ч амар биш. Гэвч хэцүү зүйлийг даваад, ард нь гарах гэдэг гоё шүү дээ.

-Таны хувьд ер шударга байна гэж өөртөө үнэнч байхын нэр юм аа?

-Хэрэв өөрөө шударга хүн бол өөртөө үнэнч байх нь шударга байхын л нэр юм даа. Харин шударга бус байдалтай эвлэрчихсэн хүний хувьд бол эсрэгээрээ, тэр нь өөртөө үнэнч байхын нэр ч юм уу. Бид тогтолцоо шударга бус байна, тэнцвэргүй байна гэж их ярьдаг. Магадгүй энэ шударга бусын тогтолцоо гэгч зүйл манай эрүүл мэндийн, татварын гэхчлэн бүх тогтолцооноос илүү хөгжчихсөн байгаа юм.

-Шударга тогтолцоог хөгжүүлэхийн тулд нэгж хүн бүр л хичээх хэрэгтэй юу, эсвэл хэн нэг шийдвэр гаргагч этгээдийн оролцоо чухал уу?

-Нэгж хүн бүрийн оролцоо чухал. “Ингээд аргалчихлаа, ёстой сайн сэргэлэнтлээ” гээд л яваад байвал энэ тогтолцоо улам л гаарна. Улам л дасацгаана. Хамгийн аймаар юм чинь дасах шүү дээ.

-Тэгэхээр босдог байх хэрэгтэй, босдоггүй юм гэхэд тэмцлийн бага ч гэсэн оч үсэргэдэг байх хэрэгтэй гэж та хэлж байна уу?

-Үгүй. Өөрөөсөө, жижиг зүйлсээс л эхлэх хэрэгтэй. Түүнээс тэмцье, босъё гэж буй хэрэг биш. Тэмцээд ч зүгээр болчихдог зүйл биш шүү дээ. Тэмцэнэ гэхээр талбай дээр жагсаад л, сошиалд хаштаг үүсгээд л, үүнийг хэлнэ гэж ойлгодог. Үгүй ээ, тэмцэл өөрөөс л эхэлнэ. Ядаж худалдагч илүү мөнгө хариулаад өгчихвөл түүнийг нь буцаагаад өгчихдөг байх хэрэгтэй. Эндээс л шударга ёс эхэлнэ шүү дээ.


Э.Пүрэвжаргал: Би “тэнэг” гэмээр шударга хүн. Харин ингэснээр бусдаас хамгийн том итгэлийг олж авсан

“Бүтэн амьдрал” тэргүүтэй кинонуудад яг өөрийнхөөрөө, дүр эсгэлтгүй асан дүрэлзэгч эмэгтэйчүүдийн дүрд тоглосон жүжигчин Э.Пүрэвжаргал бидний дараагийн зочин. Түүнийг ойр дотныхон нь хийгээд олон нийт ч “Пунтик” нэрээр нь мэддэг.

-Таны хувьд хамгийн шударга хүн хэн бэ?

-Яг миний ойр, тойрны хүмүүс дундаас шүү дээ, тийм үү?

-Тийм.

-Миний хүүхэд. Юуг ч эрээлэлгүй шууд шударгаар бодит байдлыг хэлчихдэг. Ээж тэгж бодно, эмээ ингэж хэлнэ гэж цензур тавихгүйгээр хэлмээр зүйлээ хэлчихдэг болохоор хүүхдээ нэрлэж байна.

-Тэгэхээр шударга гэж аливааг шулуухан, байгаагаар нь хэлчихдэг зан чанарыг хэлэх нь ээ?

-Тэгж болно. Шударга хүн гэж бүхнийг үнэнээр нь хэлдэг хүнийг хэлэх байх. Найз нөхөд дундаа ч юм уу, нийгмийн хүрээлэл дотроо худал хэлээд ч болов сайн хүн болж харагдах гэж хичээвэл шударга хүн гэж хэлэхэд хэцүү. Ер нь өөрөөрөө, үнэнээрээ байхыг л шударга байна гэж боддог. Гэхдээ алдаа дутагдлыг нь хүмүүсийн өмнө хэлж, эвгүй байдалд оруулах гэхээс илүү аливаар бодитоор үнэлж, түүнийгээ бодитоор илэрхийлдэг хүнийг шударга хүн гэх байх аа.

-Таны өнөөдрийг хүртэлх амьдралдаа үзсэн хамгийн шударга бус үйл явдал юу байсан бэ?

-Мэдээж шударга бус зүйлс тохиолдож л байдаг. Хүний ардуур худлаа ярьж, хор хутгадаг шударга биш хүмүүсээс болж би болон миний найзууд, гэр бүлийнхэн минь буруугаар ойлгож, хохирох тохиолдол гарч байсан. Гэхдээ тэр бүхний араас хөөцөлдөж яваагүй. Хүн бүрд л тийм явдал тохиолдож байсан байх.

-Та өөрөө хэр шударга хүн бэ?

-Би бол маш шударга. Бүр тэнэг юм шиг шударга. Өөрөө алдаа гаргачихсан байгаад, хүн асуувал “Би тэгчихсэн юм аа. Би өөрөө ингэж бодоод хийчихлээ, чамд яг тэгж санагдсан байх” гээд ямар ч хаалтгүй хэлчихдэг. Тэр нь ч надад амар байдаг. Нэг худлыг нуух гэж мянган худлыг бий болгодог гэдэг шүү дээ.

-Шударга байснаар эргээд өөртөө ачаа хураах тохиолдол бий юу?

-Хүн өөрөө хүрээллээ зөв бүрдүүлэх хэрэгтэй. Дэргэд чинь шударга бус хүмүүс байгаад байвал чи хэчнээн шударга байлаа гээд “аттак”-уудыг авч эхэлнэ. “За, хэт коммундаад уналаа” гээд л. Харин шударга хүрээлэл дунд байвал бие биеийнхээ үйлдлийг ойлгоно.

-Нэгж хүн гэхээс илүү массаараа шударга байвал ямар давуу талтай байх бол гэж бодож байна вэ?

-Масс шударга болчихвол бүх юмыг зохицуулахад илүү амар байх болов уу. Асуудал үүслээ гэхэд массаараа шударга талд зогсдог, аль хөөрхөн эсвэл баяных нь талд ордоггүй болчихвол бүх асуудлыг зохицуулахад хялбар болох байх.

-Авлига, хээл хахуулиар ажлаа бүтээхийг хэр шударга гэж хардаг вэ?

-Яавч шударга гэж боддоггүй. Ямар нэг тийм замаар хүссэн байр суурьдаа хүрдэг юм байна гэж ихэнх хүн ойлгочихсон болохоор үүн дээр шударга, шударга бусын зааг нь нимгэрчихсэн. Магадгүй ийм үйлдэл гаргаад тэнд очсон хүний мэдлэг мэдээлэл, хүн чанар нь дутдаг л байх. Тийм учраас өнөөдөр нийгэм ийм олон асуудалтай болсон ч байж магадгүй.

-Шударга байснаар та өөртөө юу олж авав?

-Хамгийн их итгэлийг олж авсан. Найзууд, гэрийнхэн маань итгэдэг. Миний дотнын хүмүүс итгэдэг. “Пунтик худлаа ярихгүй дээ. Хэлсэндээ хүрнэ дээ” гэсэн итгэлийг олж авсан гэж хэлнэ.

-Бусдад шударга байснаар ийм давуу талтай гэж уриалбал?

-Шударга байснаар та сэтгэлдээ ямар нэг шархгүй, зовуурьгүй амьдарна. Шударга бусын алдаа зөндөө гардаг. Хоёр хүн зодолдлоо гэхэд “Энэ хүн түрүүлж цохисон” гэж худлаа ярьж, биеэ хамгааллаа, дараа нь тэр хүн муугаар бодож тэнгэрт хальчихвал насаараа харамсана, сэтгэлдээ бул чулуу тээнэ. Иймд шударга байж, өөртөө ямар нэг харамсах сэтгэл, алдаа гаргасан шүү гэдэг бодол тээхгүйгээр яваарай л гэж хэлмээр байна.


Г.Мандахнаран: Хууль, дүрмийг зөрчвөл л тэр маргаангүй шударга бус зүйл

Чөлөөт бөхийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Мандахнарантай Төв аймаг дахь гэрт нь зорьж уулзлаа. Тэрбээр 2016 оны олимпод хүрэл медалийн төлөө барилдсан ч сүүлийн хэдхэн секундэд хоёр гараа өргөж гүйгээд “алдсан”. Шүүгчид алдлаа гэж харсан. Уг нь чөлөөт бөхийн дүрэмд барилдаан дууссан хойно алдаа тооцож, оноо өгдөггүй. Дүрэм зөрчиж шийдсэн шүүгчдийн шийдвэрээр тэр эх орондоо хүрэл медаль авчрах боломжоо алдаж, дасгалжуулагч нар нь хувцсаа тайлж шидэн, эсэргүүцээд тусыг эс олсныг уншигчид санаж буй.

-Шударга ёс гэхээр юуны тухай ярих юм шиг төсөөлөл танд байна вэ?

-Шударга ёс гэхээр үү. Шударга ёс гэхээр хамгийн түрүүнд дүрэм, журам. Баталсан дүрэм журмыг, баталсан хуулийг зөрчвөл тэр шударга бус зүйл болно.

-Спортын ертөнц дэх шударга ёсны талаар та яриач?

-Бид дүрмийн дагуу өрсөлддөг. Сагсан бөмбөг гэхэд цаг дуусахаас өмнө бөмбөг гараас гарчихсан байх ёстой ч гэдэг юм уу. Дууссаны дараа оноо нэмчихвэл шударга бус болоод явчихна. Манай чөлөөт бөхөд ч тэр, яг дүрэм бий, дүрмээс цааш яриа байхгүй гэдэг. Халз тулааны үед өрсөлдөгч нь дүрмээс гажууд зүйл хийх тохиолдол байдаг тул үүнд зориуд бэлдэх нь ч бий. Түүнийг дэнслэх шүүгч гэдэг л хамгийн хүнд асуудал шүү дээ.

-Таны хувьд ерөөс дүрэм, журам гэдэгтэй салшгүй холбогдох юм байна шүү дээ. Булхайцвал л тэр шударга бус?

-Тийм. Хоёр хүүхэд шагай тоглож суухад л нэг нь илүү шагай аваад өвөртөлчихвөл тэр шударга бус л болно. Мэдээж үүний тухай ярихад эхнээсээ хүн чанарын тухай сэдэв хөндөгддөг. Хүн чанар гэдэг бол шударга ёсны нэг том хэсэг нь. Тэр дүрмийг мэдсээр байж зөрччихлөө. Хэрэв хүн чанартай хүн бол яагаад ч тэгж болохгүй гэж бодно. Монголчууд хүн чанар гэж ярьж буй, ерөнхийдөө хувь хүмүүний хүмүүжил, ёс суртахуунтай шууд холбоотой асуудал юм.

-Спортын дэвжээнээс буугаад Г.Мандахнаран гэдэг хувь хүний амьдрал руу орвол та хэр шударга хүн бэ?

-Шударга байхыг хичээдэг. Гэвч миний шударга, шударга бишийг шүүх хүмүүсийн шүүлтүүр өөр, өөр. Нийтдээ ямар зүйлийг шударга гэж ярьж байна вэ, түүнийг л олонх нь баримталдаг. Хэн нэгний хувьд чи муу хүн, өөр нэгний хувьд чи сайн. Тэгэхээр энэ бүгдийг юугаар барьдаг вэ гэхээр хууль дүрмээр. Хууль л зөрчвөл тэр гарцаагүй шударга бус зүйл болно.

-Та шударга бус үйл явдлыг мах, цусандаа нэвчтэл мэдэрсэн хүн. Тэр үйл явдлаас шударга бусын талаар ямар ойлголттой үлдсэн бол?

-2016 оны олимпын тухай ярих гэж байна, тийм үү. Өндөр хөгжилтэй, дэлхийд нөлөө үзүүлэх чадвартай гүрнүүдийн хувьд тийм шүүлт явагддаггүй, ийм ч байж ирсэн. Тэгэхээр бид бас бусдад хүлээн зөвшөөрөгдөх ёстой юм байна. Хүлээн зөвшөөрөгдөөгүй улсад шударга бус ханддаг юм биш үү. Хүлээн зөвшөөрөгдөөгүй хүнд. Хоёдугаарт, би үүнийг яагаад шударга бус үйл явдал гэж боддог вэ гэхээр спортын дүрмийн дагуу явагдаагүй. Сагсан бөмбөгөөр жишээлэхэд, цаг дууссан хойно, хэзээ ч дүрэмд байхгүйгээр самбарт оноо нэмж, хожил өгч байгаатай адил зүйл болчхож байгаа юм л даа. Тэр шударга бусын эсрэг тэмцэхэд мөн л хүлээн зөвшөөрөгдөөгүй улс учир хаана хандахаа мэдэхгүй, мухардах зүйлс гарч байсан.

-Монгол залуус яагаад шударга байх, шударга бусын эсрэг бага ч болов дуугардаг байх ёстой юм бэ?

-Надад хамаагүй, надад л тохиолдоогүй хойно бусдын хэрэгт дурлаад яах вэ гээд өнгөрөөх нь буруу. Хүмүүс харьцангуй сошиал орчинд өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг боллоо. Залуус бид маш их дуугарч байх ёстой. Өнөөдөр чамд тохиолдоогүй ч, маргааш үүнээс шударга бус явдал тохиолдох магадлал маш өндөр шүү дээ. Тэгэхээр хууль дүрмээ баримталж, шударга байж гэмээ нь улс орон хөгжинө, хүн ард маань хөгжинө. Хөгжил гэдэг ингэж л явдаг. Гэтэл тэнд ч авлигал, хээл хахууль өгдөг, тэнд ч шударга бус үйлдэл хийдэг, цаана нь олон хүн хохирч явдаг байж болохгүй. Чи өөрөө хохироогүй байлаа ч шууд бусаар олон хүн хохирч байж болно шүү дээ. Үүний эсрэг дуугарч байж л улс эх орон хөгжинө шүү дээ гэж хэлмээр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button