НийгмийнНИЙГЭМ

О.Насантогтох: Миний бүтээл уул уурхайн хаягдал уснаас хүнцлийг бүрэн цэвэрлэх боломжтойг тогтоосон

-Монголд олонх эрдэмтдийн бүтээл үйлдвэрлэлд нэвтрэлгүй цаасан дээр л үлддэг нь харамсалтай-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг залуу эрдэмтэн” шагналыг шинэ оны өмнөхөн гурван эрхэмд олгосон билээ. Эл эрхэм шагналыг хүртсэн эрдэмтдийн нэг нь доктор Отгоны Насантогтох. Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан тэрбээр “Хүнцэл (III)-ийг исэлдүүлэн тунадасжуулах аргаар хаягдал ус зайлуулах шинэ технологи” сэдэвт судалгааны бүтээлээрээ тус шагналыг хүртсэн юм. Түүнтэй ярилцлаа.

ӨӨРӨӨРӨӨ БАХАРХАХААС ИЛҮҮ ГЭР БҮЛИЙНХЭН, НАЙЗ НӨХӨД МААНЬ БАЯРЛАХЫГ ХАРАХ САЙХАН БАЙЛАА

-Юуны өмнө “Шилдэг залуу эрдэмтэн”-ээр тодорсонд нь баяр хүргэе. Өнгөрсөн долоо хоногт тантай холбогдоход тун завгүй сууна гэсэн. Ойрын өдрүүдэд юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

-Баярлалаа. Шинэ он эхэлж байна. Тиймээс оны эхэнд чухал ажил төлөвлөсөн байсан юм.  

-Энэ шагнал танд улам их хичээх урам өгсөн нь мэдээж. “Шилдэг залуу эрдэмтэн” болсон баярын сэтгэгдлээсээ хуваалцана уу. Өмнө нь нэр дэвшиж байсан уу?

-Тэгэлгүй яах вэ, их урамшлаа. Ийм шагнал хүртээд маш их баярласан. Гэр бүл, аав ээж, ах дүү нар маань надаас илүү баярласанд миний сэтгэл их хөдөллөө. Энэхүү шагнал надад цаашид улам хичээж ажиллах урам зориг өгсөн. Өмнөх жил нь “Шилдэг залуу эрдэмтэн”-д манай хүрээлэнгээс миний нэрийг дэвшүүлсэн ч шалгаруулалт явагдаагүй.

-Шилдэг залуу эрдэмтнээр шалгарна гэх бодол, итгэл танд хэр их байв?

-Шинжлэх ухааны академиас надаас гадна хоёр хүнийг шалгаруулж, Ерөнхийлөгчийн тамгын газарт илгээснийг ШУА-ийн сайтаас харсан. Ийм шагнал хүртэж магадгүй гэх тодорхой хүлээлттэй байсан нь үнэн. Гэхдээ бүрэн итгэлтэй байгаагүй. Харин Ерөнхийлөгчийн тамгын газраас “Шилдэг Залуу Эрдэмтэн”-ээр шалгарсныг маань хэлэхэд үнэхээр их баярласан.

-Эрдэмтэд ер нь их даруухан хүмүүс байдаг. Энэ шагналыг хүртээд өөрөөрөө бахархсан уу, “Би чадлаа” гэж бодсон уу?

-Өөрөөрөө бахархахаас илүү аав ээж, ах дүү нараа баярлаж, надаар бахархаж байгааг харах надад үнэхээр сайхан байсан. Эргэн тойрны бүх хүмүүс минь баяр хүргэж, амжилт хүссэн. Энэхүү хүндтэй шагнал нь цаашид улс орондоо хэрэгтэй олон зүйлийг шинжлэх ухааны салбарт хийж гүйцэтгэх ёстой үүрэг хариуцлага юм байна гэдгийг ойлгож ухаарсан. Улам хичээх болно оо.

БИ БАГШИЙНХАА, ХАМТ ОЛНООСОО ОЛОН ЗҮЙЛ СУРЧ, ӨДИЙ ЗЭРЭГТ ХҮРСЭН

-Та Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан. Сургуулиа төгсөөд л ажлын гараагаа эндээс эхлүүлсэн үү?

-Тийм ээ. Би МУБИС-ийн Байгалийн ухааны сургуулийг Хими-байгалийн ухааны багш мэргэжлээр 2010 онд төгссөн. Дараа жилийнх нь нэгдүгээр сараас хойш өнөөг хүртэл тус хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байна.

Сургуулиа анх төгсөхөд доктор (PhD), профессор Г.Бурмаа багш маань надад ажлын санал тавин, дэргэдээ авч ажиллуулсан юм. Би багшаасаа маш олон зүйлийг сурч, өдий зэрэгт хүрсэн. Багш маань ОХУ-ын Ломоносовын нэрэмжит Москвагийн Их мургуулийг төгссөн, органик бус аналитик химийн чиглэлээр Монголдоо урдаа барьдаг эрдэмтдийн нэг нь.

-Бурмаа багшийнхаа болон ажлын хамт олныхоо юугаар нь их бахархдаг вэ?

-Манай лаборатори бол Хими, химийн технологийн хүрээлэнгийн “Органик бус химийн лаборатори”. Намайг энд анх ажилд ороход

маш эелдэг дотно, халуун дулаанаар хүлээн авсан. Манай хамт олны онцлог нь шинэ орж ирж буй залуу хүнийг маш их дэмжин туслаж, цаашид ажилдаа амжилт, бүтээл гаргах бүх бололцоог хангаж өгдөг. Бид эвсэг найрсаг, яг л нэг гэр бүл шиг байж чаддаг. Анх ажилд орж байхад манай лабораторын эрхлэгч доктор (PhD) Ш.Нямдэлгэр эгч маань “Гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэж өгнө” гэж хэлснийг нь би үргэлж санан, баярлаж явдаг.  

-Та энэ шагналыг “Хүнцэл (III)-ийг исэлдүүлэн тунадасжуулах аргаар хаягдал ус зайлуулах шинэ технологи” бүтээлээрээ хүртсэн. Энэ судалгаагаа эхлүүлэх санаа хэрхэн төрөв. Бусдаас яагаад онцолж сонгов?

-Тийм ээ. Би шагналаа энэ судалгааны ажлаараа хүртсэн. Хүнцлийн талаар товчхон сонирхуулъя. Хүнцэл нь металл төст элемент, дэлхийн гадарга дээр эрдэстэй холбогдсон хэлбэрээр тохиолддог. Байгалийн эрдсүүдийн элэгдэл, эвдрэл болон алт, мөнгө, зэсийн хүдрийн олборлолт, боловсруулалтын явцад хаягдал ус, хөрсөөр дамжин ундны усыг бохирдуулж байдаг.

Улмаар хүн амьтны бие организмд орсноор уургийн бүтцийг гэмтээх, зарим ферментийн идэвхийг сулруулан хурц хордлого үүсгэхийн зэрэгцээ яс булчинд хуримтлагдаж, тархи болон захын мэдрэлийн систем, элэг, давсаг, уушиг, хялгасан судаснуудыг гэмтээх замаар архаг хордлого, хорт хавдар үүсгэдэг.

Тиймээс жилээс жилд хүнцэл болон түүний нэгдлүүдийн хордуулалт маш их анхаарал татах болсноор хүнцлийн хоруу чанарын тухай анхааруулга нэмэгдсээр байгаа. Ялангуяа уул уурхай болон металлургийн үйлдвэрийн хаягдал дахь хүнцэл нь хүрээлэн буй орчны нэг томоохон сорилт болоод байна. Иймээс хаягдлыг хаяхаас нь өмнө тухайн процессын урсгал дахь хүнцлийг стандарт шаардлагын дагуу маш тогтвортой байдалд шилжүүлэх шаардлагатай.

БИ БНХАУ-Д ХИМИЙН УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН

-Судалгаагаа Монголдоо бус БНХАУ-д сурч байхдаа эхлүүлсэн тань сонирхол татаж байна. Урд хөршид ямар чиглэлээр сурсан билээ?

-2011-2019 онд Хятадын Шинжлэх Ухааны Академийн Их Сургуульд сурч химийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Энэ нь миний докторын судалгааны ажил.

-БНХАУ-д судалгааны ажил хийхэд давуу талтай хийгээд хүндрэл бэрхшээлтэй зүйл юу байв?

-БНХАУ-ын Шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний байгууллага нь ажиллах орчин нөхцөл, сүүлийн үеийн дэвшилтэт техник тоног төхөөрөмж, судлаачийн цалин хөлс, урамшуулал, нийгмийн асуудал зэрэг нь бүрэн хангагдсан байдаг. Эрдэм шинжилгээний байгууллагаас гарч буй шинэ бүтээлийг шууд үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлд хариуцлагатай ханддаг.

Төр засаг нь баталгаа гаргаж, хувийн хэвшил нь дэмжсэнээр эрдэмтэд бүтээлээ үйлдвэрлэлд нэвтрүүлж чаддаг. Харин Монголд олонх эрдэмтдийн шинэ бүтээл цаасан дээр үлддэг нь их харамсалтай. Хүндрэлтэй тал нь хоол унд болон хэлний бэрхшээл байсан.

-Та судалгааны ажлаа одоогоор таван жил хийгээд байгаа юм билээ. Одоогоор ямар үр дүнд хүрээд байгаа вэ?

-Хүнцлийг тогтвортой байдалд шилжүүлэх хамгийн чухал хоёр үзүүлэлт бимй. Эхнийх нь хүнцэл агуулсан эцсийн хаягдлын тогтвортой байдал. Хоёр дахь нь хүнцлийг тухайн хаягдлаас бүрэн зайлуулах. Энэ хоёр үзүүлэлтийг сайжруулахын тулд эхлээд гурван валенттай хүнцэл болон түүний нэгдлийг (арсенит) исэлдүүлэн таван валенттай (арсенат) хэлбэрт оруулах хэрэгтэй.

Тиймээс бид судалгааны ажлаараа гурван валенттай хүнцлийг озоноор исэлдүүлэн таван валенттай арсенат хэлбэрт шилжүүлж, үргэлжлүүлэн төмрийн сульфаттай урвалд оруулан хоёр шаттай тундасжуулалтын аргаар уул уурхайн хаягдал уснаас хүнцлийг бүрэн зайлуулах нөхцлийг тогтоосон.

 Улмаар технологийн процессын явцад гарган авсан хатуу үлдэгдэлд байгаль орчинд урт хугацаанд эрсдэлгүй хадгалах боломжтой скородит (FeAsO4×2H2O) эрдэс үүссэнийг шинжилгээний аргуудаар нотолсон.

Тундасжуулалтаар үүссэн хатуу хаягдалд хүнцлийн уусалтыг шалгаж үзэхэд уусгалтын дараах уусмалд хүнцэл илрээгүй нь АНУ-ын байгаль орчныг хамгаалах агентлагийн (EPA) хоруу шинж чанарыг хянах аргазүйн (TCLP test method 1311) стандартын шаардлагыг хангаж байсан.

Уг ажлын үр дүнгээ Хятадын оюуны өмчийн газраар баталгаажуулж, шинэ бүтээлийн патентын эрх хамгаалсан. Мөн олон улсад нэр хүндтэй, импакт фактор бүхий Hydrometallurgy болон бусад сэтгүүлүүдэд эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүлээд байгаа.

РЕАКТОРЫН СУДАЛГААГ ХИЙСНИЙ ДАРАА ҮЙЛДВЭРЛЭЛД НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

-Цаашид үргэлжлүүлэн аль талаас нь түлхүү судлах вэ. Үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж бий юү?

-Одоогоор лабораторийн нөхцөлд хүнцлийг маш тогтвортой нэгдлийн хэлбэрт хувирган үйлдвэрийн хаягдал уснаас бүрэн зайлуулах нөхцлүүдийг тогтоогоод байна. Реакторын судалгаа хийх шаардлагатай байгаа. Реакторын судалгаа хийсний дараа энэ технологи маань үйлдвэрлэлд нэвтрэх боломжтой.  

-Таны судалгаа Монголын шинжлэх ухаан, химийн салбарт ямар үр өгөөжтэй вэ?

-Уул уурхайн хаягдал ус, хиймэл нуур, гүний худгийн зарим усанд хүнцлийн агуулга тогтоосон норм, хэм хэмжээнээс илүү байх нь бий. Хүнцлийн агууламж өндөртэй уснаас хүн, мал, амьтан уух нь хордох, улмаар амь насанд аюултай байдаг. Бидний судалгаа ийм усан дахь хүнцлийг хамгийн аюулгүй болон хямд төсөр аргаар зайлуулж, усыг цэвэршүүлэх юм. Уул уурхайн олборлолт болон бусад байгаль, нийгмийн хүчин зүйлсийн улмаас хүнцлийн ундны усан дахь агууламж ихсэж байгаа нь эдүгээ дэлхий дахины тулгамдсан асуудал болж байна.

-Химийн салбарын хамгийн сайхан нь юу вэ?

-“Chemistry is like cooking, just don’t lick the spoon”, хими бол хоол хийхтэй адилхан, гэхдээ халбагаа бүү долоо гэж үг байдаг. Химийн салбар маш сонирхолтой, амьдралд ойрхон хэрнээ эрсдэлтэй салбар.

Байгаль дээр химийн бүх элементүүд оршин тогтнож, харилцан үйлчлэлд орж маш олон янзын нэгдэл, үйл явц, үзэгдлийг бий болгодог. Химийн салбарыг өндөр уул гэж төсөөлбөл би түүн лүү авирахаар бэлд нь зогсож буй хүн юм. Энэ л хамгийн сайхан нь бас миний аялал юм.

БИ ӨӨРИЙГӨӨ ШИНЖЛЭХ УХААНЫ ХҮН ГЭЖ БОДДОГ

-Судлаач, эрдэмтэн хүмүүс ер нь их даруухан, дотогшоо. Таны зан төлөв, амьдралынх нь хэмнэлд шинжлэх ухаан, химийн салбар хэрхэн нөлөөлсөн бэ?

-Би өөрийгөө шинжлэх ухааны хүн гэж боддог. Урдах ажлаа л чанартай, гүйцэтгэл өндөртэй хийж гүйцэтгэхийг эрмэлздэг.

-Монголын химийн салбарын өнөөгийн хөгжил дэлхийтэй харьцуулахад хаах нь явна. Бид бусдаас юугаараа илүү бас дутуу байна вэ?

-Монголын химийн салбар бол шинжлэх ухааны байгууллагуудын анхны салбаруудын нэг нь. ШУА-ийн Байгалийн ухааны хүрээлэнг анх 1961 онд байгуулахад бүрэлдэхүүнд нь ерөнхий ба аналитик хими, органик хими, биохимийн тасаг байгуулагдсанаас хойш 60 жилийн хугацаанд олон арван академич, ШУ-ы доктор, эрдэм Шинжилгээний ажилтан төрөн гарч, Монголдоо төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон бүтээл туурвиж, бүтээгдэхүүн гаргасаар ирсэн. Монголын химийн салбар дэлхийтэй хөл нийлүүлэн, зэрэгцэн алхаж буй байгааг эндээс бэлхнээ харж болно.

-Таны цаашдын зорилго юу вэ?

-Химийн салбарт өөрийн бүхий л эрдэм мэдлэг, хүч, нөөц бололцоог зориулан ажиллах нь миний зорилго. Энэ хүрээнд Монгол орны онцлогт тохирсон шинэ технологи боловсруулах, байгаль орчны бохирдлыг бууруулах экологи, эдийн засгийн ач холбогдолтой шинжлэх ухаан, техник технологийн үндэслэлийг бий болгоход өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Үүндээ хүрэхийн төлөө улам хичээн ажиллана аа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
мундаг юм бэ
мундаг юм бэ
2021-01-15 12:53

мундаг сайхан эмэгтэй байна

хотын иргэн
хотын иргэн
2021-01-15 22:02

Мундаг бүсгүй байна эх орондоо улам их зүйл бүтээгээрэй дэлхийд танигдсан шилдэг эрдэмтэн болоорой

zochin
zochin
2021-01-15 23:07

Bayr. hurgey

Баасансүрэн
Баасансүрэн
2021-01-16 07:29

Бүтээлээ амьдр�##� хэрэгжүүлэхэд улс төрийнхөнд шах�##�т үзүүлээрэй. Амьдр�##�д нэн шаардлагатай бүтээл байна.Баяр�##�лаа ажилт эрүүл энхийг хүсэе.

Haha
Haha
2021-01-16 07:44

Har b##v doloogch haha

Холбоотой мэдээ

Back to top button