УЛС ТӨР

ХЗБХ: Ерөнхийлөгчийн тавьсан гурван хоригийн нэгийг хүлээж авна

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.27/ хуралдаан 18 цаг 40 минутад ирц бүрдсэнээр эхэлж, Байнгын хорооны дарга С.Бямбацогт Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/ гэсэн гурван хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхийг танилцуулав. 

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй

    Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийн 1 дүгээр зүйлийн “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж, зургаан жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Уг асуудлыг Байнгын хорооны 2021.01.25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тав хоногийн завсарлага авах тухай горимын санал гаргаснаар хуралдаан даргалагч гурав хоногийн завсарлага өгсөн юм. Хоригийн хугацаа дууссан учир өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцлээ. 

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг /http://forum.parliament.mn/projects/11028/ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулснаар хоригтой холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг асуулт асууж, хариулт авав. Н.Алтанхуяг гишүүний “Ерөнхийлөгч яг ямар саналтай байна вэ, ямар хувилбар дэвшүүлж байгаа юм бэ” гэсэн асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир “Авлигатай тэмцэх газрыг байгуулах асуудлыг хэлэлцэх үеийн протоколыг үзсэн. Тухайн үед Авлигатай тэмцэх газрын даргыг бүх ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгч санал болгох хувилбарыг зөв юм байна гэж хэлэлцэн, дэмжиж баталсан байдаг. Энэ зохицуулалтыг хэвээр үлдээх хамтын шийдэл хайх саналтай байгаа юм” гэж хариуллаа. Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан “Нэг намын даргад хэт их эрх мэдэл төвлөрөхөөс сэргийлж хоригийг хүлээгээд авчих нь зөв байх” гэсэн байр суурийг илэрхийлж, үг хэлэв. 

Ийнхүү хэлэлцээд Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй. Ингээд уг асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй

    Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Уг асуудлыг Байнгын хорооны 2021.01.26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг сайтар нягталж үзэх шаардлагын үүднээс тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасны дагуу хуралдаан даргалагч нэг өдрийн завсарлага өгсөн юм. Завсарлагын хугацаа дууссан учир өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэв. 

Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг /http://forum.parliament.mn/projects/11032/ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулав.

Үргэлжлүүлэн хоригтой холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Х.Нямбаатар нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгч зарчмын яг ямар  өөрчлөлт хийх саналтай байгааг тодруулж, хариулт авахын зэрэгцээ үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор хориг тавьсан зүйл, заалт, хэсэг тус бүрээр нэгбүрчлэн санал хураалт явуулахад гишүүдийн олонх хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй. Санал хураалт явуулж дууссанаар уг асуудлыг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалт, 56.8 дахь хэсэгт тавьсан хоригийг хүлээн авахыг дэмжлээ

    Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг /http://forum.parliament.mn/projects/11033/ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулснаар Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж санал хэлэв. Б.Пүрэвдорж “Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэ хоригийг хэлэлцээд  56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалт, 56.8 дахь хэсэгт тавьсан хоригийг хүлээн авахыг дэмжсэн. Байнгын хороодын шийдвэр адил байвал зүгээр байна” гэсэн санал хэллээ. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор хориг тавьсан зүйл, заалт, хэсэг тус бүрээр нэгбүрчлэн санал хураалт явуулав. Санал хураалтаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалт, 56.8 дахь хэсэгт тавьсан хоригийг хүлээн авахыг дэмжсэн бол хориг тавьсан бусад асуудлыг хүлээн авахыг дэмжсэнгүй. Ингээд хоригийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв. 

Ийнхүү Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон энэ хуулийг дагалдаж батлагдсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэнээр хэлэлцэх асуудал дуусаж, хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button