Ярилцлага

ЖДҮ эрхлэгч: Бүтэн жил алдагдалтай ажилласан ч гүрийсэн, одоо БУУЖ ӨГЛӨӨ

“Цар тахал” иргэдийн амьдралыг туйлдуулсаар. Тэр тусмаа бизнес эрхлэгч, ЖДҮ эрхлэгчдэд хүнд цохилт болж эхнээсээ үйл ажиллагаагаа түр зогсоож, зарим нь татан буугдахад хүрээд байна. Тэдний нэг бол үндэсний үйлдвэрлэгч “We brand Mongolia”. Тус брендийг үүсгэн байгуулагч Д.Дэлгэрсайхан нэгдүгээр 30-нд өөрийн цахим хуудсаараа үйл ажиллагаа зогсоож буйгаа мэдэгдсэн юм.

Бид түүнтэй ЖДҮ эрхлэгчдэд тулгарч буй асуудлууд, тухайн асуудлаас гарах ямар, ямар гарц хайсан талаар ярилцлаа.

ХАЛДВАРЫГ ДОТРОО АЛДААГҮЙ ҮЕД ХЭВИЙН АЖИЛЛАЖ БАЙГААД АРВАННЭГДҮГЭЭР САРД ХӨЛ ХОРИОНД ОРСОН БОЛ ГУРВАН САР ТЭСЭХ БАЙСАН

-Коронавирус танай бизнест хэрхэн нөлөөлөв. Үйл ажиллагагаа хэвийн үргэлжлүүлэхэд ямар, ямар бэрхшээл, асуудлууд тулгарч байна вэ?

-Яг жилийн өмнө халдварыг дотроо алдаагүй хэрнээ хөл хорио тогтоож, олон нийтийн арга хэмжээг хорьсон. Манай бизнес үүнтэй уялдаа холбоотой байдаг тул борлуулалт 70 хувь буурсан. Ер нь халдвар алдаагүй байхад хөл хорьсон нь хамгийн тэнэг шийдвэр байсан. Дотроо алдаагүй үед хэвийн ажиллаж байгаад арваннэгдүгээр сард хөл хорионд орсон бол гурван сар тэсэх байсан. Олон, олон байгууллагууд үүд хаалга барих хэмжээнд хүрэхгүй байсан. Хүмүүс “зүгээрээ давж чадна” гэж байгаа ч 12 сар гэдэг бизнес эрхлэгчдэд асар урт хугацаа. Энэ хугацаанд асар их тэмцэл болсон.

Бүтэн жил алдагдалтай ажилласан ч гүрийж, бүх л гарцыг хайж үзлээ. Ингээд яалт ч үгүй хаалгаа хаахад хүрлээ. Нэг сар ч тэсэхээргүй боллоо. Аль болох ажиллах хүчээ алдахгүйн тулд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлсээр байсан. Тэр хэрээрээ түрээсийн алдагдалтай байна. Ер нь тэгээд үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд өөрт байгаа хөрөнгөө шавхлаа.

-Үйл ажиллагаа бүр зогсоож байгаа юу, эсвэл түр хугацаанд л зогсоох уу?

-Эдийн засаг сайжирч, хүмүүсийн худалдан авах чадвар хэвийн болвол үүд хаалгаа нээж магад. Гэхдээ хэлж мэдэхгүй байна. Хэсэг хугацаанд үүд хаалгаа хаана. Буцаад ажиллаа ч гэсэн хоёр жил болж байж хөл дээрээ босно байх.

ГУРВАН САЛБАР ДЭЛГҮҮРЭЭ ХААЖ, 17 АЖИЛТАНТАЙ ҮЛДСЭН

-Танайх хэдэн ажилтантай, хэчнээн салбар дэлгүүртэй вэ?

-Ерөнхийдөө 20 гаруй оёдолчин, 10 гаруй худалдааны зөвлөх менежертэй байсан. Коронавирус гарснаас хойш 21 болгож цомхтгосон. Одоо бол 17 хүн ажиллаж байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл ажилчдынхаа цалинг тасалдуулаагүй. Харин салбар дэлгүүрийн хувьд дөрвөн салбартай байсан ч Дархан-Уул аймаг болон “Zaisan hill”, “Их наяд” дахь салбаруудыг хаасан. Одоо “Gemmall” дахь салбар л ажиллаж байгаа. Энэ салбар дэлгүүр дээрээ ахиад хөл хорио тогтоотол үйлдвэрлэсэн хувцсаа борлуулна. Ямартай ч эндээс гарна гэсэн өргөдлөө өгөх гээд бэлдчихсэн байгаа.

-Өргөдлөө өгөх гэж байна гэлээ. Үлдсэн бараагаа хэрхэх талаар бодсон уу?

-Бараануудаа хямдруулж өртгөөр нь зарсаар байгаад одоо бараа бүтээгдэхүүний нөөцгүй болсон. Дэлгүүр дээр л цөөхөн бараа үлдсэн. Сая  долоо хоногийн өмнө гэхэд л хямдрал зарласан. Маш их хямд байгаа болохоор хүмүүс их авч байна лээ. Энэ орлогоороо түрээсийнхээ өрийг төлөх гэж л үзнэ дээ.

-Танайх ер нь хэчнээн сарын түрээсийн алдагдалтай байгаа вэ?

-Өмнө нь салбар дэлгүүрүүдээ хаагаагүй байхад талбайн түрээсэнд 20 гаруй сая төгрөг төлдөг байсан. Харин одоо ажиллаж байгаа салбар болон үйлдвэрийнхээ түрээсэнд 7 сая төгрөг төлдөг. Үйлдвэр болон “Zaisan hill” салбарт түрээсийн өртэй. Дунджаар зургаан сарын түрээсийн алдагдалтай байгаа. Яахав хөл хорионы үеэр зарим салбар дэлгүүрүүд түрээсийнхээ төлбөрийг 50-100 хувь хассан. Гэхдээ түрээсээ чөлөөлсөн ч Засгийн газраас шийдвэрээс өмнө ашиглалтын зардал төлж байсан. Мөн нэг түрээсэлж байсан салбар дэлгүүр дээр менежментийн зардал гарч байсан.

АЖИЛЧДЫНХАА ЦАЛИНГ ТАВИХЫН ТУЛД ДӨРӨВ, ТАВАН УДАА ТОМООХОН ХЯМДРАЛУУД ЗАРЛАЖ, ӨРТГӨӨР НЬ ХУДАЛДААЛСАН

-Хямралын үед бизнесээ хэрхэн авч үлдэх, ажилчдаа хэрхэн ажилтай, цалинтай байлгах вэ гэсэн бодлоос үүдээд төрөл бүрийн гаргалгаа эрэлхийлсэн байх. Үнэхээр гарц алга уу?

-Байж болох гарц, гаргалгааг хайсан. Түрээсэлж байгаа газруудаа багасгаад ч хэрэг алга.

2019 оны намар цагийн сарынхаа хувцсыг аль хэдийн хийгээд эхэлчихсэн байсан болохоор их алдагдал хүлээсэн. Учир нь цагаан сар тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан. Их хэмжээний бүтээгдэхүүн хийгээд нөөцөлчихсөн байсан болохоор ажилчдынхаа цалинг тавихын тулд дөрөв, таван удаа томоохон хямдралууд зарлаж, өртгөөр нь худалдаалсан.

-Зарим бизнес эрхлэгчид бүх ажилчдаа халаад улсаас ажилгүйдлийн тэтгэмжээр цалинжуулж байна?

-Наад гаргалгааг чинь надад нэг сэтгүүлч хэлсэн юм. Үнэхээр яг болох бол тэгмээр л байна.

-Цаашид ар гэр, хувийн санхүүгээ хэрхэн зохицуулах бодолтой байна?

-Гэр бүлийн маань хүн Төмөр замд ажилладаг юм. Хөл хорио тогтоож, гэртээ нам суусан цаг үед нөхөр маань хэрэв ажилгүй байсан бол манай гэр бүл хоолгүй хонохоор байсан. Одоо бол яахаа мэдэхгүй л байна. Амьд явахад арга нь олдох байх аа.

ЖДҮ-ИЙГ ДЭМЖИХ ЗЭЭЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ЖИГДРЭЭГҮЙ, ДӨНГӨЖ ЭХЭЛЖ БАЙГАА ХҮМҮҮСТ БОЛ ХЭЗЭЭ Ч ОЛДОХГҮЙ ЗЭЭЛ ЮМ БИЛЭЭ

-Төрөөс ер нь ЖДҮ эрхлэгчдэд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлээсэй, хэрхэн дэмжээсэй гэж бодож байна?

-Түрээс 50 хувь хөнгөлөөд ч дэм болохгүй л байна. Үйл ажиллагаа явуулаад удаагүй, ЖДҮ эрхлэгчдээс эхний гурван жил татвар, НДШ, ХАОАТ авалгүй чөлөөлбөл үнэхээр дэм болно. Төлөхгүй гээгүй, эхний гурван жилд нь татварын хөнгөлөлт үзүүлээд өгчихдөг бол үнэхээр том тус болох. Манайх л гэхэд коронагаас хойш татвараа төлж чадаагүй. Хураасан хөрөнгө мөнгөгүй, бор амиараа яваа бидэн шиг хүмүүс бид үйл ажиллагаа зогсоохгүйн тулд банкнаас заримдаа хувь хүнээс ч 5-10 хувийн хүүтэй зээл авна. Манайх ЖДҮ-ийг дэмжих зээл авах гэж үзсэн. Асар их барьцаа шаарддаг. Дөнгөж үйл ажиллагаа эхэлж байгаа хүмүүст ямар юмных нь тийм их барьцаа хөрөнгө байхав дээ. Ер нь барьцаа хөрөнгө гэдэг зүйл залуу хүмүүст нэлээн тээг болдог юм шиг санагдсан. Тэр зээлийг яг хэрэгтэй хүнд нь өгдөг байгаасай гэж хүсэж байна. Үйл ажиллагаа нь жигдрээгүй, дөнгөж эхэлж байгаа хүмүүст бол хэзээ ч олдохгүй зээл юм билээ. ЖДҮ байтугай банкнаас ч зээл олдоход бэрх.

-Танайхтай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг ЖДҮ эрхлэгчдийн хувьд нөхцөл байдал ямар байгаа бол, судалсан уу?

-Судлалгүй яахав. Зарим нь тодорхой хугацаанд үүд хаалга барьж байна. Зарим ганц хоёр ажилтантай ажиллаж байна гэж байна. Удаан үйл ажиллагаагаа явуулчихсан газрууд эрсдэлийн сантай болохоор арай гайгүй л байгаа юм шиг байгаа юм. Манайх бол дөнгөж гарааны бизнес хийж эхэлж байсан болохоор эрсдэлийн санг байгуулж чадаагүй. Хоёр жил дэргэдүүр салхилаад л өнгөрсөн. Эд оргил үед дээрээ явж байхад сүүлийн нэг жил нь корона гарчихлаа. Коронагаас амьдралд, бизнест сорилт, уналт гарч ирдгийг мэдэж, туршлагажлаа. Эрсдэлийн сантай байх ёстойг ойлголоо.  

ХАРАМСАЛТАЙ БАЙНА...

-Брэндээ хэчнээн жил төлөвлөж байж ажил хэрэг болгов. Үүд хаалгаа нээгээд хэдэн жил болж байна вэ?

-Би нягтлан бодогч мэргэжилтэй. Ажлаасаа дөрвөн жилийн өмнө гараад өөрийнхөө хүссэн зүйлийг хийж эхлүүлсэн. Түүнээс биш 4-5 жил төлөвлөж, асар их хөрөнгө мөнгөтэйгөөр эхлүүлээгүй. Бүхнийг тэгээс эхэлсэн. “We brand Mongolia” гэдэг нэрээр үйл ажиллагаа явуулаад яг хоёр жил болж байгаа. Түүнээс өмнөх хоёр жил дандаа захиалгын загвар хийж байсан.

-Хоёр жилийн хугацаанд хэчнээн нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэр ашигтай ажиллав?

-Дээл, цамц, хослол гээд гэр бүлийн бүх гишүүдэд зориулж хувцас хийлээ. Импортын барааг орлох хувцас хийхийг зорьсон. Дотуур хувцас, гутлаас бусад бүхий л хувцсыг хийдэг. Шинэ салбар дэлгүүртэй болохын тулд л 50 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэж, ашгаа бизнесээ өргөжүүлэх дараа, дараагийн ажилдаа зарцуулдаг байсан. Буцаагаад бүх дэлгүүрээ хааж байгаа гэж бодохоор л харамсалтай байна.

-Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийнхээ түүхий эдийг хаанаас худалдаж авдаг вэ?

-Тамирын хувцасны түүхий эдээ Солонгосоос авдаг. Бусад бүх хувцасныхаа бүтээгдэхүүнийг БНХАУ-аас авчирдаг. Коронавирус гарснаас хойш хил хаасан тул өөрсдөө явж авч чадахгүй л байна. Олон удаа материал авсан хүнээсээ л захиалж байгаа.

-Иргэд зөвхөн дэлгүүр дээр очиж үйлчлүүлж байна уу эсвэл онлайнаар бараагаа худалдаалж байгаа юу?

-Нэгдүгээр сарын 11-нээс хойш хэвийн ажиллаж байна. Энэ хугацаанд хөдөө орон нутгийн иргэд онлайнаар их захиалга өгч байна. Мөн дэлгүүрээр ирж үйлчлүүлж буй иргэдийнх ихэнх нь орон нутагт амьдарч байгаа ах, эгч, аав, ээжийнхээ захиасыг авч байна.

Цаашдаа онлайнаар ажиллавал ер нь бол боломжтой шиг санагдсан. Талбайн түрээс төлөхгүй нь давуу тал ч иргэд размераа мэдэхгүй томдуулж, багадуулах тохиолдлууд их гардаг. Энэ тохиолдолд зарим үйлчлүүлэгч хоёр размерыг явуулаач гэдэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button