Сурвалжилга, Нийтлэл

Амбицын нийгэм дэх үзэгдэл: “Clubhouse”-ын НУУЦ ба тэр сошиалчдын сэтгэл зүйг хэрхэн эзэмдсэн бэ

Сүүлийн тав хүрэхгүй хоногт “Clubhouse” аппликейшн монгол хэрэглэгчдийн дунд өндөр эрч авлаа. Зөвхөн iOS үйлдлийн системд ажилладаг тус апп зарим хүнийг цаг үеэсээ хоцрохгүйн тулд гар утсаа солиход ч хүргэж буй гэхэд хилсдэхгүй. Энэ үзэгдэл зөвхөн Монголд биш, дэлхий дахинд ид өрнөж байна.

САНАМСАРГҮЙ Ч ГЭМЭЭР: ЭЛОН МАСК + ЦАР ТАХАЛ

2020 онд зах зээлд нэвтэрсэн энэ апп гэнэтхэн олны анхаарлын төвд орсон шалтгаан нь “Tesla” компанийн үүсгэн байгуулагч, дэлхийн тэргүүлэх хөрөнгөтөн, техник технологи, бизнес идейний үүр уурхай Элон Масктай холбоотой. Тэрбээр тус апп-д өрөө үүсгэж, “Robinhood” компанийн СЕО Влад Теневтэй ярилцлага өрнүүлсэн. Өрөөний багтаамж дүүрч, ярилцлага сүүлдээ Youtube сувагт лайваар цацагдсан юм.

Үүний дараа “Clubhouse” апп 200 сая хэрэглэгчтэй болжээ. 2020 оны тавдугаар сард ердөө 1500 хүрэхгүй хүн тус апп-ыг хэрэглэж байсан юм. Түүнчлэн тухайн үед “Clubhouse”-ын үнэлгээ 100 сая ам.доллар байсан бол өнөөдөр 1 тэрбум болж өсөөд байна.

Элон Маскыг чухам яагаад тус апп-ыг сонгон хэрэглэх болсон талаар олон янзын таамаг цуу яриа хэлбэрээр  хэлэлцэгдэж байна. Дэлхийн анхаарлын төвд байдаг моданы эрхмийн хувьд түүний хаана үдийн хоол идэх нь хүртэл зах зээлийн эрэлт бий болгодог гэхэд хилсдэхгүй. Ямартай ч тэр “Clubhouse”-ыг хэлэлцүүлгийн голд шидэж чадав.

“CLUBHOUSE”-ЫН ЦААНА ӨНГӨТ АРЬСТНУУД БИЙ ГЭХ

Тус апп-ыг 2020 оны эхэн хагаст Цахиурын хөндийн судлаачид болох Паул Дэвидсон, Рохан Сэт нар хөгжүүлж, iOS үйлдлийн системд нийлүүлжээ. Тэд Стэнфордын их сургуулийг төгссөн эрдэмтэд аж. Апп-д “Andreesen Horowitz” фирм 10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, зах зээлд нийлүүлэхэд нь гол туслалцааг үзүүлжээ.

Тухайн үед “Clubhouse”-ыг зөвхөн өнгөт арьстнууд хэрэглэдэг, массыг хамарч үл чадах сошиал платформ гэж харж байв. Үнэхээр “Clubhouse”-ын айкон дүрст өнгөт арьст эрийн зураг байх бөгөөд хөрөнгө оруулагчдын цаана өнгөт арьстнууд бий гэж яригддаг.

Олон арван жил өнгөрсөн ч арьс өнгөөр ялгаварлах үзэл арилахгүй байсаар буй бөгөөд өнгөт арьстнууд сүүлийн жилүүдэд өөрсдийн үндэсний онцлог асуудлыг дэвшүүлж, нэг үгээр өөрөө өөрсдийгөө тусгаарлагдах хандлага гаргах болсон талаар судлаачид бичиж буй. Гэсэн ч одоо улс орнуудын тэргүүлэх сэхээтнүүд, бизнес эрхлэгчид, нөлөөлөгчид тус апп-д нэгдчихээд байна.

"Clubhouse” апп-ыг хөгжүүлэгчид

“Clubhouse” эрчимтэй хэрэглэгдэх болсон дараагийн шалтгааныг аналистууд мэдээж коронавирусийн цар тахлын үетэй холбон тайлбарлаж байна. Удаан хугацааг хөл хорионы дор, амьд харилцаанаас ангид өнгөрүүлсэн дэлхийн интернэт хэрэглэгчид “Clubhouse”-ын нийгэмлэг уур амьсгал, амьд дуу хоолойгоор шууд ярилцаж болдог зэрэг шинж чанаруудад нь татагдсан байж болох үндэслэлтэй.

Энэ апп-д ямар ч текст бичих боломжгүй. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдэд текст хэлбэрээр өөрийгөө илэрхийлэх боломж олгодог байсан бусад бүх сошиал платформуудаас үүгээрээ ялгарч байгаа юм. Хэрэглэгч ямар ч сэдвийн хүрээнд өрөө үүсгэж болох бөгөөд уг өрөөний гишүүдтэй зөвхөн дуу хоолойгоороо ярилцана. Өрөөнд орсон гишүүд яриаг сонсоно, асуулт асууж, хэлэлцүүлэгт оролцож болно.

“CLUBHOUSE” ХЭРЭГЛЭГЧДИЙН ОЛОНХЫГ ДӨРВӨН БҮЛЭГТ ХУВААЖЭЭ

НЭГ: Мэдлэг, мэдээлэл солилцохыг хүсэгчид

Дээрх дурдсан онцлогийнхоо хүрээнд тус апп мэдлэг, мэдээлэл солилцож, алив асуудлаар хэлэлцүүлэг, маргаан мэтгэлцээр өрнүүлж болох ашигтай платформ болж буй. Уран зохиолын хоббитон байлаа гэхэд “Харүки Мүракамигийн тухай ярилцъя” нэртэй өрөө үүсгэж, үүнд нь нэгдсэн хүмүүстэй хэдэн цагаар ч хамаагүй Эрэг дээрх Кафка, Норвегийн ойн талаар ярилцаж, үзэл бодлоо солилцож болох юм. Тэгэхээр мэдлэг, мэдээлэлд дурлагчид, хоббиныхоо хүрээнд бусдын үзэл бодлыг сонсохыг хүсэгчид “Clubhouse”-ыг сонирхож байна.

ХОЁР: Чинээлэг амьдралд дурлагчид

Хоёр дахь хэсэгт эд хөрөнгөд дурлагчид хамаарах талаар аналистууд онцолжээ. Өөрөөр хэлбэл хөрөнгийн зах зээлд хэрхэн амжилттай ажиллах вэ, яаж амар хялбар аргаар мөнгө олж болох вэ зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлдэг өрөөнүүд хамгийн олон хандагчтай байгаа гэнэ. Цахим валют, хувьцаа зэрэг сэдэв Монголд ч ид хэлэлцэгдэж байна.

ГУРАВ: Инфлүинсер байхыг хүсэгчид

Харин гурав дахь хэсэгт сошиал нөлөөлөгч буюу инфлүинсер болохыг хүсэгчид багтах аж. Тэд олны анхаарал татах сэдвээр өрөө үүсгэж, үүн дотроо нөлөөлөгчийн дүрд тоглон, зааварлагч, модераторын үүрэг гүйцэтгэж буй. Орчин үеийн сошиал ертөнц дэх массын сэтгэл зүйн нэг онцлог судлагдахуун “Нөлөөлөгч болохын хүслэн” болж хувирсан. Олон дагагчтай байх гэдэг шинэ үеийн нэг амьдралын зорилго болжээ. Энэ ч үүднээс “Clubhouse”-ын ихэнх өрөөнд мэдлэг, мэдээллээр тааруухан инфлүинсерүүд зөвлөгөө өгөөд сууж байхтай таарна.

ДӨРӨВ: Дүр эсгэгчид

Хамгийн сүүлийн дөрөв дэх хэсэгт дүр эсгэгчид буюу цаг үеэсээ хоцрохыг үл хүсэгчид багтана. Олон нийт юу руу хошуурч, юу тренд болж байна түүнийг нэн даруй өөрийн болгодог сэтгэл зүйн онцлог орчин үед мөн чухал судлагдахуун болоод буй. Энэ ч онцлогийнхоо үүднээс тэдэнд мэддэггүй зүйл тун бага бөгөөд нөгөө талдаа мэддэг зүйлээр ч маруухан гэхэд болно. Ийм хэрэглэгчид “Clubhouse”-ын олон өрөөнд /Ялангуяа либерализм, чөлөөт зах зээл, хөрөнгийн зах зээлийн сэдэвт өрөөнүүд/ олон тааралдах ба тэд зоримог асуулт асууж, гол тоглогчийн дүрээ хадгалахыг эрмэлзэх ажээ.

Ингээд харвал уг апп орчин үеийн нийгмийн хамгийн онцлог сэтгэл зүйн хэв шинжүүд, тренд сегментүүдийн цуглуулга болж чадсанаараа эрхгүй ялгарч байна. Амжилтын буюу амбицын эрин үе болж буй манай нийгэмд ч “Clubhouse” нэг хэсэгтээ ярианы сэдэв байх нь ойлгомжтой болов.

ФЭЙСБҮҮК САНДАРЧ, “CLUBHOUSE” АНДРОЙД ДЭЭР ХӨГЖҮҮЛЭЛТ ХИЙЖ БАЙНА

Фэйсбүүк орчныг доод түвшний хэмээн голох болсон оюунлаг гэх масс Твиттер лүү хошуурцгаасан бол одоо цэнхэр шувуухай хэдий нь моданаас гарсан. Энэ амбицлаг орон зайг “Clubhouse” нөхөх нь тодорхой болж эхэллээ. Энэ ч үүднээс Марк Цукербэрг Фэйсбүүкийн яг ийм хувилбарыг хөгжүүлэхээр хэдий нь ажиллаж эхэлсэн аж. Харин олон нийт түүнийг “Шинэ санаа нь нэгэнт дууссан нэгэн” хэмээн цоллох болсон бөгөөд Инстаграммыг худалдан авч, Фэйсбүүктэй нийлүүлсэн үеэс хойш ийм агуулга хэлэлцэгдэж байгаа.

Харин “Clubhouse”-ын хөгжүүлэгчид Android үйлдлийн системд апп-аа нэвтрүүлэхээр ажиллаж эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн. Ингэхээс ч өөр аргагүй юм. Одоогоор апп-ын бүр том зах зээлд тоглож чадахгүй байгаа нэг сул тал нь энэ болж буй.

Нөгөөтээгүүр апп-д нэгдэн орохын тулд хэн нэгний урилга хэрэгтэй болдог нь жижиг бизнесийн эхлэлийг тавилаа хэмээн шүүмжлүүлдэг. БНХАУ-д “Clubhouse” тун эрчтэй хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд Taobao зэрэг онлайн худалдааны сайтуудад нэг урилга 2-5 ам.доллараар зарагдаж байсан гэх. Харин Хятадын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт “Clubhouse”-ыг иргэдийн үзэл санаа нэгдэж, эрсдэл үүсгэхээс сэргийлэх хаасан байна.

Хэрэв цаг үеэ мэдэрсэн хөгжүүлэлтийг чадмаг хийсээр, Фэйсбүүк зэрэг монополь компаниудаас ангид хөгжиж чадвал дэлхийн хэмжээний амжилт “Clubhouse”-ыг хүлээж байна. Учир нь түүнд амбицын эрэлд гарсан эрин үеийн сэтгэл зүйг атгах түлхүүр буй.

Эх сурвалж: BusinessInsider, RepublicWorld, Essence, TheGuardian, Inc, NYTimes

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
клубынхан
клубынхан
2021-02-16 09:01

сайн ан�##�из байна. Хэлбэр хөөж маш богино хугацаанд шуурлаа даа

Зочин
Зочин
2021-02-16 13:09

Манай нөгөө гарууд яг л цугларсан блэээ шүү ккк комеди дарс зөвлөөд ч байх шиг ккккк

Холбоотой мэдээ

Back to top button