Ярилцлага

Хүүхдүүдийнхээ цахим хичээлд зориулж, интернэт орох боломжтой газар байшин барьсан аавтай ярилцлаа

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын гуравдугаар багийн малчин Б.Түмэнбаярын гэрт утасны сүлжээ барьдаггүй. Тэднийх долоон хүүхэдтэй. Тав нь 3-12 дугаар ангийн сурагч. Хүүхдүүд нь бүгд теле хичээлдээ хамрагдаж, багш нартайгаа холбогдон онлайнаар даалгавар авч, хийсэн даалгавраа явуулдаг байна. Гэрээс нь утсаар ярих, интернет орох боломжгүй тул хүүхдүүд уул, овоон дээр гарч, багштайгаа холбогддог байжээ. Эрдэм ном сурахын тулд өвлийн хүйтэнд гадаа даарч зогсоо үрсээ хараад малчин Б.Түмэнбаяр сүлжээтэй газар дулаахан, тохилог байшин барьж, хүүхдүүдээ баярлуулсан байна.

Түүний барьсан уг байшингийн зургийг та бүхэн цахим сүлжээнээс олж харсан байх. Бид түүнтэй өчигдөр утсаар холбогдож цөөн хором ярилцлаа.

-БАЙШИНГ АРВАНЭГДҮГЭЭР САРД ХҮҮТЭЙГЭЭ ХАМТ БАРЬСАН-

-Цахим сүлжээнд таны хүүхдүүддээ барьж өгсөн байшингийн зураг тавигдсан. Та өөрөө олж үзсэн үү?

-Манай охины ангийн багш хаанаас хичээлээ хийж буйг нь асууж, барьсан байшингийнхаа зургийг явуулаач гэсэн юм билээ. Бид хэд ч санаа нь зовоод явуулаад яах юм бэ гэж байсан.  Багш нь гуйсан болохоор охин маань зургийг нь дараад явуулчихсан юм билээ. Тэгээд л цахим сүлжээнд тавигдсан бололтой. Би ч тавигдсаныг нь мэдээгүй. Ганц нэг хүмүүс яриад байхаар санаа зовоод л сууж байна.

-Сүлжээтэй газар байшин барих санааг хүүхдүүд нь гаргасан уу, эсвэл та гаргасан уу?

-Гэрээс интернет орох боломгүй тул хүүхдүүд маань уулан дээр гарч, багш нартайгаа холбогдон даалгавар авч, хийсэн даалгавраа явуулдаг. Өвлийн хүйтэнд хичээл хийхээр гадаа даарч суугаа хүүхдүүдээ хараад дулаахан байшин барьж өгье гэж бодсон. Галаа түлээд суух боломжтой дулаахан учир хүүхдүүд маань их баярласан. Манайхаас 3 километр зайтай учир хүүхдүүд маань тийш алхаад л оччихдог.

-Уг байшинг бариад хэр удаж байгаа вэ. Та ганцаараа барьсан уу?

-Арванэгдүгээр сард хүүтэйгээ хамт барьсан. Том хүү маань арваннэгдүгээр ангийн сурагч. Бид ердөө л хоёр өдрийн дотор барьсан.

-БАЙШИНГИЙН ДОТОР ТАЛЫГ ХҮҮХДҮҮД ТОХИЖУУЛСАН. ХАРИН ЭХНЭР БИД ХОЁР ГАДНА ТАЛЫГ НЬ ДУЛААЛЖ ӨГСӨН-

-Таниас үлгэр жишээ авч, хүүхдүүддээ байшин барьж өгсөн айл танай нутагт байгаа болов уу?

-Харагдсангүй шүү. Харин манай нэг дүүгийн хүүхэд хичээлээ очиж хийж, багш нартайгаа холбогддог юм.

Ер нь тэгээд ч хөдөө гэр интернетгүй айл ховор болж. Уг нь манайх гэр интернеттэй байсан юм. Намар шатчихсан юм. Хот руу орж янзлуулах гэж байтал хөл хорио тогтоочихсон. Удахгүй янзлуулна аа.

-Байшингийнхаа дотор талыг нь тохижуулсан байна лээ. Хүүхдүүд нь өөрсдөө тохижуулсан уу?

This image has an empty alt attribute; its file name is 151779337_702912873714326_3380146251559560194_n.jpg

-Тэгсэн, тэгсэн. Ширээ, сандал, зуухаа зөөж, өөрсдөө тохижуулсан. Харин эхнэр бид хоёр гадна талыг нь дулаалж өгсөн. Ганган хээнцэр биш ч их дулаахан шүү. Ашгүй удахгүй хичээл орохоор болчихлоо. Дулаан орохоор байшингаа буулгана даа.

-Жил бүр мал төллөх үеэр хичээл амардаг. Харин энэ жил мал төллөх үеэр хичээл эхлэх нь. Хүүхдүүд тань хичээл орохыг хүлээв үү?

-Хүүхдүүд маань ч хичээл орох нь гээд бөөн баяр. Сургууль руугаа явах гээд л байж, сууж чадахгүй байгаа харагдах юм.

Уг нь ч төл малын үеэр хүүхдүүд амраад тус дэмтэй л байдаг. Гэхдээ энэ жил хүүхдүүд маань хичээлээсээ нэлээн л хоцрох шиг боллоо. Тиймдээ ч хэн хүнгүй л хичээл ороосой л гэсэн хүсэж байлаа. Эхнэр бид хоёр яахав ээ. Хамгийн чухал нь өвчин, зовлонгүй л бол бүх юм сайхан болно.

-ХҮҮХДҮҮДИЙН ТЕЛЕ ХИЧЭЭЛ ДАВХАРДАНА, АККУМЛАЯТОР ЦЭНЭГ АВААГҮЙ ӨДӨР БОЛ БҮР ХИЧЭЭЛЭЭ ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ-

-Танайх сургуулийн насны таван хүүхэдтэй. Теле хичээлийн цаг давхардах тохиолдол гарах уу. Хэрхэн зохицуулж байна вэ?

-Заримдаа ч хичээлүүдийнх нь цаг давхарддаг юм. Их хэцүү. Цаг нь давхардсан тохиолдолд бага ангийн хүүхдүүд л хичээлээ үздэг. Хааяа сайн ойлгодоггүй л юм шиг байна лээ. Харин ахлах ангийн хүүхдүүд маань теле хичээлээ үзэлгүй, багш нартайгаа холбогдож, даалгавар авдаг.

Бас манай энд байнга тогтой байхгүй. Цаг агаар муу өдөр бол аккумулятор цэнэг муу авч, хүүхдүүд маань хичээлээ үзэж чадахгүйд хүрнэ. Бидэнд тийм өдөр олон биш ч, байсан л юм даа.

-Энэ хавар нэг хүүхэд тань ЕБС-иа төгсөж, их сургуулийн босго алхах юм байна.  Ямар сургуульд орохоор бэлтгэж байгаа вэ?

-Тийм ээ. Том охин охин маань энэ жил төгсөнө. Төмөр замын дээд сургуульд орно гэж байсан.

-Сумын сургуулийн багш нар ирж, бага ангийн сурагчдад давтлага өгч байгаа юу?

-Манайх сумын төв бас жаахан зайтай. 25 километр явж байж хүрнэ. 14 хоногтоо нэг удаа сумын төв орж, хүүхдүүдийнхээ ангийнх нь багшаас хийлгэх материалууд авдаг юм. Дөнгөж сая ах нь сумын төв орж ирээд байж байна.

-Бидэнтэй цаг, зав гаргаж ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-26 11:59

Баавгай зочилчих вий дээ

Зочин
Зочин
2021-02-26 19:50

Yamar sain aav, eej ve! Huuhduud n ch gesen ajilsag. Sain ger bul bna

Холбоотой мэдээ

Back to top button