Үйлдвэрлэгч

СУРВАЛЖИЛГА: Азидаа хамгийн томд тооцогдох ДЭЛ, СҮҮЛ боловсруулах үйлдвэрт зочиллоо

Монгол Улсад адууны дэл, сүүл, сарлагийн саваг, тэмээний эр ноосыг боловсруулан экспортлох  “Мон торгон дэл” ХХК байгуулагдлаа. Монгол адууны дэл сүүл, сарлагийн саваг нь дэлхийд чанараараа дээгүүрт ордог түүхий эд юм.

Тус компани нь Монголын арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ширхэгт бүтээгдэхүүний савлагааны MNS  0215:2018 MNS0215:2007 техникийн зохицуулалтыг боловсруулан батлуулж, чанар стандартын шаардлага хангасан, бүтээгдэхүүнийг экспортод гаргаж эхлээд байна.  Бид СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлтэд байгуулагдсан “Мон торгон дэл” компанийг зорин очиж мэдээлэл бэлтгэсэн юм. Менежер Ж.Ганхуяг ингэж ярьж байна.


-МОНГОЛ АДУУНЫ ДЭЛ СҮҮЛ ӨНДӨР ЧАНАРТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН БОЛДОГ-

-Үйлдвэрээ ерөнхийд нь танилцуулна уу?

-60 гаруй ажилтантай, өдөрт 500 кг дэл сүүл боловсруулах хүчин чадалтай Азидаа энэ чиглэлийн хамгийн том үйлдвэр гэж үзэж болох “Мон торгон сүүл” ХХК-ийн үйлдвэр нээлтээ хийж албан ёсны үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Маш товчоор хэлбэл бид адууны дэл, сүүл, сарлагийн саваг, тэмээний эр ноосыг урт богино болон өнгөөр нь, ангилан ялгаж, багцалж  савлан экспортод гаргаж эхэллээ. Адууны дэл сүүл, сарлагийн сүүл, тэмээний эр ноос нь ширхэгт бүтээгдэхүүн өндөр чанартайд тооцогдог. Бид урьд өмнө нь ашиглагддаггүй байсан энэ нөөцийг ашиглан нэмүү өртөг шингээн, экспортын бүтээгдэхүүн  үйлдвэрлэснээр эх орныхоо хөнгөн үйлдвэрийн салбарт бас нэгэн дэвшил гарлаа гэж харж байгаа.

-Эдгээр бэлдцээр дэлхийн зах зээлд ямар ямар бүтээгдэхүүн хийдэг вэ?   

-Маш олон зүйлийг хийдэг. Жишээ нь, гал усны хамгаалалтын хувцас, хөгжмийн чавхдас, уран зураг болон гоо сайхны бийр, сормуус, парик, даавуу гэх мэтээр тоочвол маш олон. Бид одоогоор хагас боловсруулсан бүтээгдэхүүнээ БНХАУ-ын зах зээлд нийлүүлдэг. Цаашид Европын орнуудад экспортод гаргах, боловсруулалтын төвшингөө ахиулах, энэ чиглэлийн бэлэн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах зэрэг төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Одоо үйлдвэрээ танилцуулаач?  

-Зургаан шат дамжлагаар дамжиж эцсийн бүтээгдэхүүн гарна. Түүхий эд хүлээн авах цэг маань үйлдвэрийнхээ дэргэд байрладаг. Хамгийн эхлээд хайчлаад өнгөөр ялгаж угаана. Дараа нь хатаана. Өвөлдөө бол халаалтын пуужингаар зундаа байгалиар нь наранд хатаана. Хатаасан дэл, сүүл, ноосоо самнана. Үүний дараа хоёр талын тэгшилгээ хийж багцлахад бэлтгэнэ. Хэмжээ нь 8 см – 1 метр 10 см урттай байдаг. Манай үйлдвэрийн нэг онцлог бол хүйтэн сэрүүний улирлын хатаалтаас бусад бүх дамжлага гар ажиллагаатай. Чимхлүүр ажил ихтэй.  Дамжлага бүр хүнээс ямар нэг чадвар шаарддаг.


56 ИРГЭНИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГААД БАЙНА

-Ажилчдынхаа тухай ярьж өгөөч. Ажилчдын амрах байрнууд байна. Хаанахын иргэд ихэвчлэн байна. Сургаж авсан уу?

-Хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын 56 иргэнийг ажлын байраар хангаад байна. Мэдээж хэрэг, шинэ салбар, шинэ үйлдвэр учраас шууд орж ирээд ажиллах боловсон хүчин олдохгүй. Тийм учраас бид цалинтай дадлага сургалтыг явуулж ажилчдаа бэлтгэсэн. Урд хөршөөс багш урьж ажиллуулсан байгаа. Үйлдвэр маань өөрөө алслагдсан хороонд байрладаг, нөгөө талаас хөдөө орон нутгаас иргэд маань ирж ажиллаж байгаа болохоор ажилчдын амрах байрыг бий болгосон. Цаашид мэдээж үйлдвэр маань өргөжиж ажлын байр нэмэгдэх учраас ажилчдын амьдрах байшин сууц барихаар төлөвлөж байна. Одоо л гэхэд арваад гэр бүл манайд ажиллаж байна.

-Алслагдсан хороонд энэ олон хүн ажиллаж байна. Цалин болоод ажиллах нөхцөл сайн учраас тэр биз?

-Манай ажлын хөлс хийснээрээ тооцогддогоороо давуу талтай. Жишээ нь хайчилгаа, угаалга өдрийн 30-40 мянга, 1 кг сүүл самнахад  1700 төгрөг, хоёр талын тэгшилгээ нэг кг 1700 төгрөг,  боолт нэг ширхэг нь 800 төгрөгөөр үнэлэгддэг. Тэгэхээр хүн өөрөө хийж чадвал хүссэн цалингаа авах боломжтой гэсэн үг. Одоо бол өдөрт 200 кг хагас боловсруулсан бүтээгдэхүүн гарч байна.

-Харин бүтээгдэхүүний үнэ ханшийн хувьд?

-Одоогоор манайх дан адууны сүүл гаргаж байна. 10-60 юаниар үнэлэгддэг.  Хар, бор, цагаан өнгийн адууны сүүл 7 см-1 м 10 см-ийн хэмжээгээр тус тус багцлагдана. Харин худалдаалахдаа кг-аар тооцоолно.

-Түүхий эдийн онцлог, ялгаа гэж байх уу?

-Бүс нутаг, бэлчээр усны онцлогоос түүхий эдийн чанар хамаардаг. Зүүн аймгуудын адууны сүүл нь шингэн, баруун тийшээ бол өтгөн гарц ихтэй байдаг. Нэг сүүлнээс 300-600 гр үс гарна.

-Цаашдаа...? 

-Дэлхийн зах зээлд гаргана. Азидаа дэл сүүлээр дагнасан ийм том үйлдвэр байдаггүй юм байна. Хятадад 5Х10 харьцаатай жижиг үйлдвэрүүд ажилладаг.  Цаашдаа бид уялдаа холбоо бүхий салбар үйлдвэр байгуулна. Европын орнуудад мэдээллээ түгээхээр ажиллаж байна. Одоо бол монгол үйлдвэрлэгчдийн туулдаг замыг туулаад урд хормойгоо авч хойд хормойгоо нөхөөд явж байна. Нээлтээ хийснээс хойш морин хуур урлаачид, кино урлагийнхан их хандах болсон. Тэгэхээр хүссэн хэн бүхэнд манай үйлдвэрийн хаалга нээлттэй шүү гэж хэлмээр байна.

Б.ОТГОНБАЯР

ГЭРЭЛ ЗУРГИЙГ А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-12-18 16:37

boljdee mundag bna,amjilt chusei

Холбоотой мэдээ

Back to top button