ДЭЛХИЙ

Тэжээвэр амьтад коронавирусийн шинэ хувилбарыг эздэдээ дамжуулах эрсдэлтэй юү

Зөвхөн хүмүүст “SARS-CoV-2” вирусийн шинэ төрөл асуудал учруулдаг гэвэл учир дутагдалтай билээ. Яагаад гэвэл өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн хоёр судалгаа нохой,муур коронавирусийн B.1.1.7 төрлөөр халдварлах боломжтой гэдгийг харуулсан анхны баримтыг олжээ.

B.1.1.7 хувилбарыг анх Их Британид бүртгэсэн бөгөөд халдвар авсан зарим амьтад тус улсын иргэдийн тэжээвэр ноход, муурууд байсан аж. Их Британийн амьтдад зүрхний булчингийн үрэвсэл ажиглагдсан боловч тус хүндрэлийг “SARS-CoV-2” вирус үүсгэсэн гэх баримт судалгааны нийтлэлд гаргаж өгөөгүй байна. Онтарио хотын мал эмнэлгийн эмч Скотт Виз “Сонирхолтой таамаглал ч гэсэн вирус эдгээр хүндрэлүүдийг үүсгэж байгаа гэх баримт олдоогүй” хэмээжээ.

Одоогийн байдлаар коронавирусийн шинэ төрлүүд гэрийн тэжээвэр амьтдад ямар нөлөө үзүүлдэг нь тодорхойгүй байгаа. Дэлхий даяар 124 сая хүн “КОВИД-19”-ийн халдвар авсан ч цөөн тооны тэжээвэр амьтад “SARS-CoV-2” вирусийн халдварыг авчээ. Энэ нь тэжээвэр амьтад дээр нэг их шинжилгээ хийгээгүйтэй холбоотой байж болох юм. Коронавирусийн өмнөх төрлөөр халдварласан тэжээвэр амьтад дунд зэргийн хүндрэлтэй аль эсвэл ямар ч шинж тэмдэг үзүүлдэггүй аж. Эрдэмтэд гэрийн тэжээвэр амьтад хүнд коронавирус халдварлуулж өвчний дэгдэлтэд нэг их нөлөө үзүүлдэггүй хэмээн дүгнэсэн.

Тэжээвэр амьтад шинэ хувилбарыг эздэдээ өгч болох уу

Харин Франц вирус судлаач Ерик Лерой коронавирусийн шинэ хувилбаруудаар өвчилсөн амьтдын халдвар дэгдэлтэд үзүүлэх нөлөө нь өөрчлөгдөж магадгүй хэмээжээ. Өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн судалгаануудын нэгт тэрбээр оролцож Ральфын мал эмнэлгийн төвийн зүрхний тасагт үзүүлсэн тэжээвэр амьтдыг судалсан байна. Тус эмнэлэгт нохой, муурт зүрхний булчингийн үрэвсэл бүртгэгдэх тохиолдол өнгөрсөн арван хоёрдугаар сараас энэ жилийн хоёрдугаар сарын хооронд 1.4-өөс 12.8 хувь болж нэмэгджээ.

Энэхүү нэмэгдэл нь Их Британид B.1.1.7 төрлийн халдвар дэгдсэнтэй давхцаж байгаа юм. Иймд тус эмнэлгийн малын эмч Лука Ферасинээр удирдуулсан эрдэмтэд найман муур, гурван нохойд шинжилгээ хийжээ. Тэдгээр амьтдад зүрхний өвчний түүх байхгүй боловч ухаан алдах, хоолны дуршил буурах, амьсгал түргэсэх шинж тэмдэг үзүүлсэн байна. Лабораторийн шинжилгээгээр тогтмол бус зүрхний цохилт, уушгинд шингэн илэрсэн бөгөөд эдгээр хүндрэлүүд бүгд “КОВИД-19”-өөр өвчилсөн хүмүүст илэрсэн байдаг.

Тэдгээр амьтдын долоо нь PCR шинжилгээ өгснөөс гурав нь B.1.1.7 төрлөөр эерэг гарчээ. Харин үлдсэн дөрвөн амьтдад эсрэг биеийн шинжилгээ хийхэд хоёрт нь эсрэг бие илэрч вирусээр өвчилж байсан нь тогтоогдсон аж.

Мөн өнгөрсөн долоо хоногт Техасын A&M их сургуулийн судлаачид нэг гэрт амьдардаг нохой болон муураас B.1.1.7 төрлийг илрүүлжээ. Техасын тэжээвэр амьтдын эзэн болон Их Британийн 11 тэжээвэр амьтдын эздийн тав нь коронавирусээр халдварласан нь тогтоогдсон. Тэдгээр хүмүүс тэжээвэр амьтад нь шинж тэмдэг үзүүлж эхлэхээс өмнө коронавирусийн халдвар авсан байжээ.

Лерой хэлэхдээ B.1.1.7 хувилбар хүн болон амьтны хооронд халдварлах чадвар нь нэмэгдсэн эсэх нь тодорхойгүй байгаа хэмээсэн аж. Тэрбээр B.1.1.7 төрлөөр өвчилсөн тэжээвэр амьтад цар тахалд ноцтой нөлөө үзүүлнэ гэж хэлэх боломжгүй гэсэн ч энэхүү таамаглалыг нухацтай авч үзэж хэрэгтэй хэмээсэн байна.

Харин Скотт Виз “Тэжээвэр амьтад халдвар тараах эрсдэл маш бага. Хэрвээ миний нохой халдварлавал надаас вирус авсан байх магадлал их. Мөн нохойтойгоо харьцуулахад би гэр бүл, хөршүүддээ халдвар тараах эрсдэл илүү ” хэмээжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ эрдэмтэд болон малын эмч нар “SARS-CoV-2” вирус тэжээвэр амьтдын зүрхний булчингийн үрэвсэлд ямар нөлөөтэй оролцдог талаар цаашид судалгаа хийх хэрэгтэй гэсэн юм.

Эх сурвалж: Science Magazine

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button