НийгмийнУРЛАГЯрилцлага

Р.Сүхболд: “Би “Зүүдний чихэр”-ийг дуулсан залуу байна” гэсэн чинь Баачка ах шууд таньсан

Өнөөдөр Инээдмийн баярын өдөр. Хүн төрөлхтний хамгийн хөгжилтэй баяруудын нэг нь яах аргагүй мөн. Энэ өдөр хүмүүс бие биенээрээ даажигнан, тоглоом наргиа хийдэг уламжлалтай.

Жүжиглэхийг нь битгий хэл зүгээр л зогсож байхыг нь хараад инээд хүрдэг, цаанаасаа нэг алиа харагддаг авьяастнуудын нэг нь Р.Сүхболд. Түүнийг уншигчид Тагтаа гэдэг хочоор нь бүр ч илүү сайн мэднэ.

“Хэцүү анги”-д тоглон урлагийн гараагаа эхлүүлж, СУИС-ийг төгсөн, “Maaz” хамтлагаа байгуулаад “Би дурламаар байна”, “Хайр эмзэгхэн” зэрэг цөөнгүй хит дуу хийсэн авьяаслаг залуу.

Үүний сацуу тэрбээр “Нийслэл хүүхэн”, “Би дурламаар байна”, “Улаанбаатар би чамд хайртай”, “Манан зүсэгч” зэрэг уран бүтээлд гол дүр бүтээсэн юм.

Инээдмийн баярыг тохиолдуулан Тагтаатай ярилцлаа.

-Хамгийн хөгжилтэй, дурсамжтай баяруудын нэг нь Инээдмийн баяр. Та эл баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Инээдмийн баярт дургүй хүн байхгүй. Хамгийн гоё баяр. Хүн бүхэн  “Дөрвөн сарын нэгээн” гээд нэгнээ хуурч, инээд бэлэглэдэг. Инээдмийн баярт би дуртай байлгүй яах вэ. “Хошин шогийн тоглолт” үзээд, инээдээр дүүрэн тэмдэглэх сайхан шүү дээ.

-Таны амьдралд тохиолдсон хамгийн хөгтэй, хөгжилтэй явдлаасаа хуваалцана уу?

-Манай хамтлаг нэг байгууллагын цасны баярт очиж дуулсан юм. Хүмүүс бүжиглээд, бид гурав ёстой бут авч байлаа. Төмөрөө маань “Дурлаж болохгүй, хайрлаж болохгүй” гээд үглэдэг хэсэг дээр шүлсэндээ хахаад. Хахангуутаа аймар сонин царайлснаа над руу гараараа дохьсон. Тэгэнгүүт нь Төмөрөөгийн хэсгийг үргэлжлүүлээд дуулсан юм. Тэр тухайгаа одоо ч яриад бөөн инээдэм болдог. Арга хэмжээний үеэр тиймэрхүү зүйл их тохиолддог.

Нээрэн нэг удаа Шинэ жилээр миний хоолой таг сөөгөөд ёстой баларч билээ.

-Жүжигчин болсон дурсамжаасаа хуваалцана уу. Багаасаа сонирхон, мөрөөдөж байгаад энэ салбартай амьдралаа холбосон уу. Эсвэл хэн нэгэн энэ мэргэжлийг сонгохыг зөвлөсөн юм уу?

-Би бүр эхнээс нь ярья. Би Таван шарын 12 дугаар дунд сургуулийг төгссөн. Сурагч байхдаа дуулдаг, ангийнхаа урлагийн үзлэгийн хамаг номерыг нь тахалдаг хүүхэд байлаа. Манай “Maaz” хамтлагийн Төмөрөө маань арван жилийн нөгөө анги, их сургуулийн нэг анги. Бид хоёр багын найзууд.

Би ер нь багын олон хочтой. Арван жилийнхэн намайг Гөөс гэдэг байлаа. Сүхболд гэж дууддаг хүн тун ховор.

Нэг өдөр Төмөрөө “Гөөс өө, “Хэцүү анги” гэдэг нэртэй олон ангит кино хийх гэж байгаа гэнэ. Очоод шалгуулъя” гэв. Татгалзах шалтгаан юу байх вэ. Төмөрөөтэй хамт очлоо.

Одоо бодоход ёстой инээдтэй. Хавар байсан юм. Би гэр хороололд өссөн, тас хар царайтай хүүхэд очихгүй юу. Азаар тус киноны зохиол дээр “Таван харын пракц” гэж тодотгосон байсан юм. Тус пракцад таван хар царайтай хүүхдийн тухай гэж бичсэн байсан юм л даа. Нэг талаар Төмөрөө бид хоёрын авьяас, ур чадварыг харсан байх, нөгөө талаар бор царайгаараа тэнцэж билээ. Киноны уран бүтээлчид “Таван харын пракцын хоёрыг нь олчихлоо” гээд л (инээв). Тэгж тэнцэн, “Хэцүү анги” кинонд тоглох боломж олдсон юм.

-“Univers best songs”-т оролцсон тань “Хэцүү анги”-д тоглохын өмнө бил үү, дараа бил үү?

-Өмнө нь. Би ер нь багаасаа дуучин болохыг мөрөөдсөн. Түүндээ хүрэхийн тулд “Universe best song”-т оролцоод эхний шатанд тэнцэв. Нэлээд урам авлаа. Дараагийн шатанд өрсөлдөхөд шүүгчээр ажиллаж байсан Рагу нь намайг “Ямар ч мэдрэмж байхгүй, техник байхгүй” гэж хэлсэн юм. Тэгээд хоёрдугаар шатнаас хасагдлаа.

Шилдэг оролцогчдыг оролцуулаад “Зүрхэнд гэрэлтэх од”-ыг хийсэн шүү дээ. Хэрвээ би шилдэг 25-д багтсан бол ингээд кинонд тоглох байж гэж бодогдож билээ. Шар их гозойсон. Тэр үед яагаад ч юм бэ “Кинонд тоглоно” гэх бодол, мэдрэмж төрөөд байсан юм. “Хэцүү анги”-д тоглохыг зөгнөөд байж л дээ. Тус кинонд тоглоод би их юм сурсан. Кино урлаг, жүжигчин мэргэжил ямар сайхныг мэдэрч билээ.

“Хэцүү анги”-д тоглосон жүжигчид түрүүчээсээ буцаад, гэртээ харьчихсан байхад ч би гэрэл чимэглэл, арын албанд нь ажилласан. Кино урлагт тэгж татагдаж, дурласан юм. Жүжигчин болсон минь тэндээс эхлэлтэй. Тэгээд жүжигчин болохоор шийдэв.

“Хэцүү анги”-д тоглосныхоо дараа СУИС-д шалгалт өгсөн. Кинонд тоглоод үзчихсэн, СУИС-ийнхан намайг таних байх гээд додьгор амьтан шалгалт өгснийг яана. Гэтэл юу болсон гэж санана.

-Тэнцээгүй юү?

-Тэнцээгүй. “Хэцүү анги”-д тоглоод, штамб суучихсан гээд тэнцүүлээгүй юм билээ. Тус кинонд тоглосон туршлагатай гээд тэнцүүлчих болов уу гэж бодтол би эндүүрсэн байж. Нөгөө додьгор очсон хүн чинь хөрсөн дээрээ буусан. СУИС-ийн бодлого өөр. Багаасаа кинонд тоглоод, хайрцаглагдчихсан хүүхдүүдийг тэнцүүлдэггүй.

Хэдийгээр тэнцээгүй жүжигчин болох мөрөөдлөө орхиогүй. “СУИС-ийн кино драмын ангид яаж элсэх вэ” гэж нэлээд бодлоо. Нэг танил маань “Менежментийн ангид орчих. Тэгээд дараа нь сольчих” гэж зөвлөв. Жүжигчин болж л байвал гээд менежментийн ангид нь элслээ. Нэг сар сураад жүжигчний ангид оръё гэтэл санаснаар болоогүй. Тэгэхээр нь сургуулиасаа шууд гарсан.

-Дараа жил дахиад шалгалт өгье гэж бодсон уу. Эсвэл жүжигчин болохоо больё гээд тийм шийдвэр гаргасан уу?

-Ерөөсөө болих талаар бодоогүй. Дахиад шалгалт өгье, жүжигчин болно л гэж бодсон. Жүжигчин болох эрмүүн их хүсэл, эрмэлзэл надад байсан юм.

Сургуулиасаа аравдугаар сард гарсан би гэртээ зүгээр суухыг хүсээгүй. Ээж минь “Нарантуул” зах дээр зогсдог байсан юм. Ээжийн бие жаахан чилээрхэхээр нь би ажлыг нь хийн, зах дээр зогссон. Манайх хүүхдийн гутлын үйлдвэртэй. Зургаан сар наймаа хийн, гутал зарсан.

Жүжигчид манайхаар их үйлчлүүлнэ. Кино урлагийн тухай ярихаар нь миний сэтгэл их хөдөлнө. СУИС-д заавал тэнцэнэ, жүжигчин болно гээд улам их зүтгэсэн, хөдөлмөрлөсөн. Тэгээд дараа жил нь СУИС-д шалгалт өгөөд, тэнцсэн юм. Нээрэн СУИС-д дахин шалгалт өгөхөөс өмнө болсон нэг дурсамжтай үйл явдлын талаар ярьж болох уу?

-Бололгүй яах вэ?

-Би тэр зун “Рашаантын 18”, “Доргио долоон эр”, “Худалч залуу”, “Бодлын хулгайч” киноны арын албанд ажилласан юм. Тэгж явахдаа Амараа (Б.Амарсайхан) ахад жүжигчин болох хүсэлтэйгээ хэлэхэд “Ийм царай муутай байж жүжигчин болоод дэмий” гэсэн юм. Би “Нээрэн ч тийм дээ” гээд инээж билээ.

СУИС-д тэнцсэнийхээ дараа Амараа ахад баярт мэдээгээ хэлэхэд “Ёстой мундаг. Дүүдээ баяр хүргэе” гэсэн . Тийм мундаг хүн надад баяр хүргээд, амжилт хүсэхэд нь их сайхан санагдаж билээ. Тэгж кино урлагтай, жүжигчин мэргэжилтэй амьдралаа холбосон юм. Одоо ч суралцсаар явна.

-Та хоёрдугаар курст сурч байхдаа хоёр найзынхаа хамт “Maaz”-ыг байгуулсан. “Maaz”-ыг хэрхэн байгуулж байв?

-Бид хамтлагаа 2012 оны аравдугаар сарын 19-нд байгуулсан. Тухайн үед бид хоёрдугаар дамжаанд сурч байлаа. Анхны уран бүтээл маань “Би дурламаар байна”.

-Хамтлагийнхаа нэрний талаар сонирхуулна уу. “Maaz” гэж яагаад нэрлэв?

-Бид хэд хамтлагтаа ямар нэр өгөх вэ гэж нэлээд ярилцсан. Нэрний олон санаа гарсан юм. “Ерөөсөө Maaz гээд нэрлэчихье. Гурван царай муутай найз нийлсэн юм чинь” гээд ингэж нэрлэсэн юм. Хамтлаг маань анхандаа дөрвөн гишүүнтэй байсан. Жанчивын ангийн Минжээ гэдэг охин манай хамтлагт байсан юм.

“Guys-666” хамтлагийн Төгсбаяр ах манай хамтлагийг продьюсерлоод, Хишигбүрэн ах аяыг нь зохиогоод “Би дурламаар байна”-ыг хийсэн юм. Тэгсэн чинь ёстой шуугиулсан. Одоогийнхоор бол “Унана” энэ тэр шиг тэсрэлт хийсэн юм. Хаана л бол хаана “Би дурламаар байна” явна. Тухайн үед манайх Зүүнсалаанд байсан. Гэртээ харихаар микронд суугаад явахаар манай хамтлагийн дууг тавьчихсан байдаг юм. Ёстой гоё санагдана. Клипийг нь үзсэн хүмүүс намайг сайн танина. “Би дурламаар байна”-ын залуу мөн үү” гэсэн харцаар хардаг байлаа.

СУИС-ийн төгсөлтийг “Guys”-ийн үе, “A Capella”-гийн үе гэх мэтээр ярьдаг. Манай төгсөлтийг “Maaz”-ын үе гэдэг юм.

-Хоёрдугаар курсийн оюутнууд хамтлаг байгуулаад урлаг, хичээлээ хэрхэн зохицуулж байв?

-Хоёуланг нь хослуулах, зохицуулах ёстой амаргүй байсан шүү. Ер нь хамаагүй их хөдөлмөр, зүтгэл бид гурваас шаардсан юм. Ямар ч байсан зүтгэсээр байгаад аль алинийг нь орхиогүй. Хоёуланг нь хослуулаад төгссөн.

-Танай хамтлаг есөн уран бүтээлтэй юм билээ. Аль дуундаа хамгийн их дуртай вэ?

-Ер нь бүх уран бүтээлдээ хайртай, дуртай. Анхных гэдэг утгаараа “Би дурламаар байна”-даа хайртай.

Ингээд бодоход хамгийн дуртай уран бүтээл маань “Хайр эмзэгхэн”. Клипэнд нь тоглохын тулд Отгонбаяр найз минь үсээ хусаж билээ.

-“Maaz” сүүлийн жилүүдэд яагаад уран бүтээл хийхгүй байна вэ?

-Бид гурав жүжигчин залуус. Тиймээс үндсэн мэргэжилдээ, кино урлагт түлхүү анхаарч явна. Тэгж гоё гарч ирчихээд тууштай явсан бол гэж бодогдолгүй яах вэ.

Манай хамтлагийн Жанчив найруулагч талдаа бэлтгэгдэн, өөрийгөө хөгжүүлж байгаа. Одоогоор 4-5 кино найруулсан, зохиолоо бичдэг. Төмөрөө маань жүжигчнийхээ хажуугаар “TV8” телевизэд ажилладаг. Хамтлагаараа хамтран энэ онд нэг уран бүтээл “базах” санаатай сууна.

-Дэлгэцийн уран бүтээл үү. Дууны уран бүтээл үү?

-Кино.

-Таныг хэдийнээс Тагтаа гэж хочлох болов. Энэ хочийг Жанчив өгсөн бил үү?

-Тэгсэн. “Хэцүү анги”-д тоглож байх үеэр авсан хоч л доо. Миний нүд заримдаа тагтаа шиг болдог, тэгдгийг нь би мэддэг. Бусад хүнийг нэг их анзаарахгүй болов уу гэж бодож явсан юм. Гэтэл Жанчив анзаараад, надад Тагтаа гэдэг хоч өгсөн. Тэрнээс хойш хүмүүс Сүхболд гэхээсээ илүү Тагтаа л гэдэг болсон юм. СУИС-д сурч байхад хүртэл багш нар намайг Тагтаа гэж дууддаг байж билээ.

-Та хочиндоо хэр их дуртай вэ?

-Би хочиндоо хайртай, ингэж дуудуулах үнэхээр дуртай.

-Одоогоор хэдэн уран бүтээлд гол дүр бүтээгээд байгаа билээ?

-Дөрвөн кино (“Нийслэл хүүхэн”, “Би дурламаар байна”, “Улаанбаатар би чамд хайртай”, “Манан зүсэгч”)-нд гол дүр бүтээсэн. Хамгийн сүүлд “Нөхөрт гарсны маргааш” видео контентод гол дүр бүтээлээ. Уншигч та бүхэн “Нөхөрт гарсны маргааш”-ийг IPTV-гээс үзэх боломжтой.

-“Нийслэл хүүхэн” киноны Сүхбатын дүр тань хүмүүсийн сэтгэлд их хүрсэн байна лээ. Энэ кинонд тоглох боломж хэрхэн олдов?

-NTV телевиз өнгөрсөн жилийн зургаадугаар сарын үед надад санал тавиад, Сүхбатын дүрд тоглуулсан юм. Зохиолыг нь уншихад надад их таалагдсан. Сүхбат гэдэг нэр нь миний жинхэнэ нэртэй ойролцоо.

Би Ховд аймгийн Мөст суманд төрж, мал дээр өссөн. Есөн настай байхад манайх Улаанбаатарт шилжиж ирсэн юм. Ахуйтайгаа ойр, малын дөртэй юм уу гэхээр дөргүй. Дөргүй юм уу гэхээр дөртэй. Тийм саармаг, завсрын хүн юм байна лээ. Тэрийгээ “Нийслэл хүүхэн”-д тоглоод мэдэрлээ.

Одоо гадуур явахаар хүмүүс намайг Сүхбатын дүрээр илүү сайн мэддэг болсон байна лээ. Бүгд л “Сайн уу Сүхээ” гэдэг юм.

Өчигдөр бүр гадуур явж байтал нэг хүн намайг “Сүхээ” гээд дуудав. Би очлоо. Арван жил, их сургуулийн ангийн хүүхэд, танил минь юм болов уу гэж нэлээд бодсон юм. Тэгсэн чинь харин “Нийслэл хүүхэн”-ий Сүхбатын нэрээр намайг тэгж дуудсан юм билээ.

-Сүхбат, Сүхболд хоёр юугаараа адил бас өөр вэ?

-Ер нь надтай их адилхан дүр. Аймар төстэй. Киноны зураг авалтын үеэр би анзаараагүй байсан юм билээ.

Сүхбат хөдөөгийн гүндүүгүй эр хүн. “Тэгэх үү. Тэгье ээ тэгье” гээд явдаг хээгүй хүн байхгүй юу. Энэ зан нь надтай их адилхан.

Би тийм хээгүй, байгаагаараа. Хэлбэр хөөж, худлаа маяглаж, их зан гаргаж ёстой чадахгүй. Тэгэхийг хүсдэггүй.

-Жүжигчин бүхэнд бүтээхийг хүсдэг дүр байдаг юм билээ. Танд тийм дүр бий юү?

-Тийм дүр байхгүй. Жүжигчид “Түүхэн хүн, баатрын дүрд тоглох юм сан” гэдэг. Би тэгж хүсдэггүй. Ийм түүхэн хүн, тийм баатар гэхээс илүү олны сэтгэлд хоногшсон дүр бүтээхийг хүсдэг. Жишээлбэл, Бадрал ахыг хүмүүс “Би чамд хайртай”-гийн Баяраагийн дүрээр илүү сайн мэддэг. Яг тийм дүр бүтээхийг хүсдэг. Мэдээж түүхэн кинонд тоглохыг хүсэлгүй яах вэ.

-Та амьдралдаа ямар зарчим баримталдаг бол?

-Бусдад төвөг удахгүй, бусдын ажлыг “алчихгүй”, “Тагтаа чинь тийм шүү дээ” гэж хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлэхгүйг хичээж явдаг. Тагтаа бол тагтаа, цаашдаа ч тагтаагаараа байхыг хичээдэг.

Бас аль болох гэгээлэг байх, цагаан цайлган явах чухал. Хүн юу тарина түүнийгээ л хурааж авна.

Би хэрүүл маргаанд үнэн голоосоо дургүй. Хэн нэгэнтэй маргалдах зүйл гарвал зүгээр л дуугүй болчихдог, гараад явчихдаг.

-Та эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Хайрын жороосоо хуваалцана уу?

-Ханийг минь М.Алтанзул гэдэг, нягтлан бодогч мэргэжилтэй. Би эхнэртэйгээ сайтар ярилцан, бүх зүйлийг хамтдаа хийдэг. Өглөө түрүүлж боссон нь хоолоо хийчихнэ. Шалаа арчаад, хогоо хаячихна. “Хог хаявал эр хүний хийморь доройтно” энэ тэр гэсэн юм байхгүй. Ажлаасаа түрүүлээд харьвал хоолоо хийгээд, гэрээ сайхан цэвэрлээд эхнэрээ хүлээдэг. Гэрээ цэвэрлэх, хоол унд хийх чинь зөвхөн эмэгтэйчүүдийн, эхнэрийн ажил биш шүү дээ.

Мэдээж амьдрал болсон хойно маргалдах, үл ойлголцох зүйл гаралгүй яах вэ. Тийм үед бид хоёр хэзээ ч орилж, хашгичдаггүй. Нэг нь уурлахад нөгөө нь тэвчээртэй сонсдог, зөөлөн хэлдэг. Дараа нь нөгөө нь хэлдэг ч юм уу. Иймэрхүү маягаар. Зэрэгцэж маргалдаад улам л үл ойлголцож, нэгнээ хорон үгээр малтахын нэмэр шүү дээ.

Гэр бүлийн үнэ цэнэ итгэл, хайр, халамж дээр тогтдог гэж боддог.

-Тагтаа хэр сайн хань, эцэг вэ?

-За, би өөрийгөө дүгнэх хаашаа юм бэ. Манай эхнэр л оновчтой хэлэх байх. Мэдээж сайн хань, эцэг байхын төлөө бүхнээ зориулдаг. Гэр бүлдээ аль болох цаг гаргадаг.

-Одоо та ямар нэгэн продакшнд харьяалагддаг уу?

-Харьяалагддаг байгууллага байхгүй. Чөлөөт уран бүтээлч. Maaz-ын Төмөрөө, Жанчивтайгаа хамтраад л явж байна.

-Продакшнуудаас танд санал хэр их ирдэг вэ?

-Ирдэг, ирдэг. Хэд хэдэн санал ирсэн. Хаашаа орсон нь тэгж байгаад мэдэгдэх байх.

-Та “Никитон”-ы Б.Батчулууныг дуурайн элэглэсэн бичлэг цахим хуудсанд шуугиулсан. Бусдыг элэглэх, пароди хийх бодол бий юү?

-Тийм бодол бий. Элэглэх, пароди хийх нэг их айхтар авьяас надад байхгүй. Пароди, комеди тал руу өөрийгөө хөгжүүлэх бодол бий.

Тэр бичлэг цацагдсан нь ийм учиртай. Би “Зуун жилийн эморол” киноны гэрлийг тавьсан юм. Ажлаа дуусгачихаад уран бүтээлчдийнх нь хамт зарим жүжигчнийг хүлээж суув. Тэгж байхдаа л “Никитон”-ы Баачка ахын хоолойгоор “Зүүдний чихэр”-ийг дуулаад, маазарсан юм. Тухайн үед бус саяхан миний төрсөн өдрөөр цацаад хэдэн зуун мянган хүн үзсэн юм билээ.

-Одоогоор хэчнээн хүнийг дуурайж, элэглээд байгаа вэ?

 -Гурван уран бүтээлчийг элэглэж сурах гээд бэлтгэл хийж байна. Дуучин Баачка ах, Наагий ах хоёрыг дуурайж ер нь сурсан. Наагий ахыг дуурайсан бичлэгээ цахим хуудсандаа цацна аа.

-“Зүүдний чихэр”-ийг дуулснаасаа хойш “Никитон”-ы Б.Батчулуунтай уулзсан уу?

-Сүүлд хийсэн “Нөхөрт гарсны маргааш” кинонд би “Никитон”-ы “Чи минийх” гэдэг дууг дуулсан юм. Зөвшөөрлийг нь авах гээд Баачка ахтай утсаар холбоо барилаа. Намайг танихгүй байхаар нь “Тантай төстэй хоолойгоор “Зүүдний чихэр”-ийг дуулсан залуу байна аа” гэсэн чинь шууд таньсан. Яг л хэзээний танил хүнтэйгээ ярьж байгаа юм шиг ярихаар нь сайхан санагдсан. Бүр “Чи минийх” дуугаа кинонд ашиглахыг зөвшөөрсөн шүү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
irgen
irgen
2021-04-01 14:36

Eldev mayaggui, yag baigaagaaraa saihan yaria bna, hoorhon, baidag l zaluu bna sh dee, Amraa yagd starai muutai gesiim bol, kkk. Amraa neg ih tsarailag zaluu yu, kkk.

Гадаад үгийг зөв бич, гадаадаар бичиж, хэлж чадахгүй бол монголоор
Гадаад үгийг зөв бич, гадаадаар бичиж, хэлж чадахгүй бол монголоор
2021-04-01 21:38

пракц-фракц, штамб- штамп /хэв, нарийн �######�ны хэв штамп/

Баяраа
Баяраа
2021-04-02 21:00

Гүндүүгүй сайхан з�##�уу. Амжилт хүсье.

Зочин
Зочин
2021-04-07 15:02

Том матери�##� гаргана гэдэг сэтгүүлчийн нөр их хөдөлмөр байдаг билээ. Сэтгүүлч ажилдаа сэтгэлээ хандаж, з�##�хуур�##�гүй хөдөлмөрлөж байгаад баярл�##�аа. Танд амжилт хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button