ВИДЕО КОНТЕНТНИЙГЭМЭРҮҮЛ МЭНДЯрилцлага

ХӨНДӨХ СЭДЭВ: Жилд өсвөр насны 4.000 охин ээж болж байна

Өсвөр үеийнхэн буюу 15-19 насны 1000 охид тутмын 40 нь төрдөг ба хүсээгүй жирэмслэлтийн уршгаар энэ насны жирэмсэн охидын 14.1 хувь нь үр хөндүүлж байна гэх НҮБ-ын судалгаа байдаг аж. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн төрөлт буурч, эсрэгээрээ өсвөр насны охидын төрөлтийн давтамж нэмэгдсээр буй нь харамсалтай. Өсвөр насандаа жирэмсэн болсон олон охид сурч боловсрох, ирээдүйд сайн сайхан амьдрах боломжоо тодорхой хэмжээгээр алдсаар байдаг. Түүнчлэн жирэмслэлтээс эмээж, түүнийгээ нууснаар сэтгэлийн дарамтад орох, улмаар дутуу төрөх, зориулалтын бус газарт төрөх зэргээр эрүүл мэндээрээ ноцтой хохирсоор буй нь өөрөө хөндөх сэдэв юм.

Жирэмсэн ээжүүдийн группд өсвөр насны охид хуурамч хаягнаас нэвтэрч, пост бичих байдлаар мэдээлэл авч байгаа нь нийтлэг үзэгдэл болсон гэхэд болно. Хоёр өдрийн өмнө 17 настай гэх нэгэн охин найз залуутайгаа үерхээд таван сар гаруй хугацаа өнгөрсөн, одоо дөрвөн сар гарантай жирэмсэн, хяналтад орж амжаагүй, айснаасаа болоод гэрийнхнээсээ нуусан, яах вэ гэх утга бүхий пост оруулжээ. Уг постны доор ээжүүд "Даваад гарах сэтгэлийн тэнхээтэй бай, хүүхэд тоглоом биш тус эртхэн хоёр талын эцэг эхдээ мэдэгд гэх бол зарим нь хэт хожимдоогүй байгаа дээрээ үр хөндүүл хэмээх зөвлөгөөг өгсөн байх юм. Үүнээс харахад бид бүхнийг цахим орчинд шийддэг болчихож. Хэвлийд байгаа нэгэн амь гар утасны товчлуурын үнэ цэнэтэй болсныг харуулж байлаа. Нөгөөтэйгүүр энэ нь эцэг эхчүүд үр хүүхэдтэйгээ төдийлөн сайн ярилцдаггүй, хөндий болохыг илтгэж байна.

Иймд бид энэ удаа өсвөрийн жирэмслэлт, түүний сөрөг үр дагаврын тухай “Гэр бүл” эмэгтэйчүүдийн эмнэлгийн эрхлэгч, Эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч Т.Доржпүрэвтэй ярилцаж, шийдэл олохыг хичээлээ.

-15-19 НАСНЫ ОХИДЫН ДУНД ЖИРЭМСНИЙ БОЛОН ТӨРӨХ ҮЕИЙН ХҮНДРЭЛ НЬ ҮХЛИЙН ХОЁР ДАХЬ ШАЛТГААН БОЛЖ БАЙНА-

-Жирэмслэлт, төрөлттэй холбоотой сүүлийн үеийн судалгаанаас танилцуулаач. Өсвөр насны охидын төрөлт хэчнээн хувийг нь эзэлж байна вэ?

-Монгол Улсад жилдээ 80.000 орчим төрөлт бүртгэгдэж байгаагаас 5 хувийг өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлт эзэлж байдаг. Энэ нь жилдээ 4000 орчим өсвөр насны охид төрж байна гэсэн үг юм. Өсвөр насны жирэмслэлтэд 15-19 насны охид багтдаг.

-Энэ судалгаа нь дэлхий дахинд ямар байдаг вэ?

-Өсвөр насны охидын жирэмслэлт дэлхий дахинд ямар байдаг тухай тоон судалгааг дурдая. Ойролцоогоор 15-19 насны 16 сая орчим охид жирэмсэлж байна. Харин 15 болон түүнээс доош нэг сая орчим охид төрдөг. Ихэвчлэн бага дунд орлоготой буурай орнуудад энэ тоо өндөр гардаг юм. Харин харьцангуй өндөр хөгжилтэй Европын орнуудад энэ тоо бага байдаг.

-Эрт үеийн буюу өсвөр насандаа жирэмслэх, төрөх нь эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэх вэ?

-15-19 насны охидын дунд жирэмсний болон төрөх үеийн хүндрэл нь үхлийн хоёр дахь шалтгаан болж байна. Аюултай үр хөндөлтөд гурван сая орчим охид хамрагдаж байна. Аюултай үр хөндөлт гэдэг нь эмнэлгийн бус нөхцөлд, эмнэлгийн бус аргаар үр хөндөхийг хэлнэ. Мөн энэ насны хүүхдээс төрсөн нялх хүүхдийн эндэгдэл өндөр байгаа. Тиймээс төр засгийн хэмжээнд бодлого боловсруулж, дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байгаа юм.

-Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ тоо яаж өөрчлөгдсөн бэ. Байдал дээрдсэн үү, муудсан уу?

-Энэ насандаа жирэмсэлж буй охидын тоо сүүлийн 10-аад жил тогтвортой байна.

-Өсвөр насны хүүхдүүдийн нөхөн үржихүйн боловсрол, мэдлэг хэр байгаа вэ?

-1990-ээд оны дараахан боловсролын системд “Нөхөн үржихүйн эрүүл мэнд”-ийн чиглэлээр хичээл орж эхэлсэн. Гэвч төд удалгүй завсарласан. Тус хичээлийг ихэвчлэн биологийн багш нар заадаг байсан. Сүүлийн үед хичээлийн програмд өөрчлөлт оруулна, эргээд оруулж эхэлнэ гээд яриад байгаа. Оруулахгүй бол өсвөр насны хүүхдийн нөхөн үржихүйн мэдээлэл, мэдлэг маш хомс байна.

АНУ-д нөхөн үржихүй, бэлгийн боловсролыг хичээлийг бүх сургуульд ордог. Тиймээс ч хүүхдүүд нь энэ тухай өндөр мэдлэгтэй байдаг. Эцэг эхдээ заах хэмжээний мэдлэгтэй болоод сургууль төгсдөг. Монголд тийм орчин, нөхцөлд алга. Бид Монгол улсыг өндөр хөгжилтэй л гэж бодоод байх шиг. Байгалийн баялаг ихтэй, геологи уул уурхай хөгжсөн гэх мэт... Гэвч эрүүл мэндийн салбар, мэдлэг бусдаас хоцорчихсон. Үүнийг өөрчлөхийн төлөө хүн бүр хичээж, ажиллах хэрэгтэй. Тэгж байж л бидний үр хүүхэд сайхан орчин, ирээдүйд амьдарч чадна шүү дээ.

-ОХИДЫГ ӨӨРСДИЙН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ҮЗЛЭГТ ХАМРУУЛАХ НЬ ХҮНИЙ ЭРХЭНД ХАЛДАЖ БУЙ АСУУДАЛ-

-Охид, эмэгтэйчүүдийг харахад мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах бус цахим орчин дахь мэдээллийг харж, хэрэгжүүлээд байх шиг?

-Манайд нийтлэг бүх зүйлийг цахимаар хийх гэсэн сэтгэлгээ байна. Бараг эрүүл мэндийн боловсролыг ч гэсэн цахимаар авах боломжтой мэтээр ярьж байгаа нь харамсалтай. Үүнээсээ болоод хүмүүс төөрөгдөлд ороод байгаа юм шүү дээ. Цахим мэдээлэл хэрэгтэй ч хэт туйлширч болохгүй. Эрүүл мэндийн салбар өөрөө нарийн, шинжлэх ухаанд суурилсан. Тиймээс дур мэдэн эмчилгээ хийж болохгүй. Мэргэжлийн эмчид цаг аваад, эрүүл мэндийнхээ төлөө зайлшгүй цаг гаргадаг байх л хэрэгтэй.

-Нэг эмчид оногдож байгаа үзлэгийн цаг харьцангуй бага, өвчтөнтэй тулж ажиллах боломж бага байгаа. Тиймээс өвчтөнд зөвлөгөө, мэдээлэл сайн өгч чадахгүй зөвхөн үзлэг хийгээд л гаргаж байна. Үүнийг улс орон маань эрүүл мэндийн даатгалын системээрээ дамжуулаад зөвлөгөө, сургалт, сурталчилгаа явуулахад анхаарах хэрэгтэй.

-Охидыг эмчийн үзлэгт оруулж, тогтмол  хяналтад байлгах нь зөв үү?

-Охидыг заавал үзлэгт оруулах албагүй. Хуучин социалист нийгмийн үед охидыг сургуулийн орчинд ангиар нь үзлэг хийдэг байсан. Энэ нь өөрөө тийм ч сайхан арга биш. Энэ нь өөрөө хүний эрхэнд халдаж байгаа асуудал шүү дээ. Тиймээс би охидын үзлэгийг хүлээн зөвшөөрдөггүй. Ямар гэмт хэрэгтэй хайх гэж байгаа биш. Харин нийтлэг дунд, ганцаарчилсан, эсвэл эцэг эхэд нь зөвлөгөө мэдээлэл өгөх маягаар сургалтыг идэвхжүүлэх хэрэгтэй. Тухайлбал жирэмслэлтээс хамгаалах аргууд бүгд л өөр өөрийн давуу болон сул талтай. Тэдгээр аргыг хүүхдүүд мэдэхгүй. Хүүхдүүд бүү хэл эмэгтэйчүүд маань ч мэдэхгүй байгаа юм. Интэрнэтээр хагас хугас харсан, найзынхаа амнаас сонссон зүйлээ л өөр дээрээ турших гээд байдаг. Энэ нь эргээд 2-3 сарын дараа гаж нөлөө үзүүлж мөнгө санхүү, хамгийн гол нь эрүүл мэндээрээ шатаад байгаа юм л даа. Тиймээс судалсан аргаа эмчтэйгээ зөвлөж, тэр тухай сайн мэдээлэлтэй байх нь чухал. Ингэж сая өөрт тохирсон жирэмснээс хамгаалах эрсдэл багатай аргыг мэдэж чадна.

-Өсвөр насны охид ямар үед мэргэжлийн эмчид очих хэрэгтэй вэ?

-Өсвөр насны охидыг эмэгтэйчүүдийн эмч бүр үзээд байдаггүй. Сэтгэлзүй, бие организмын хувьд бүх талаараа насанд хүрсэн эмэгтэй хүнээс өөр. Тэдэнд бусдаас нууж хаах, ичиж зовох зүйл бий. Тиймээс охидын эмч гэж тусдаа байдаг. Эмэгтэйчүүдийн эмч гэдэг нь өөрөө ерөнхий нэршил. Дотроо үргүйдэл, охид, хавдар, төрөлт, мэс заслаараа мэргэшсэн байж болно. Иймд очих эмнэлэг, эмчээ сайн судалсны дараа очих нь зөв. Мөн нарийн ярьвал эмч нь Англи, Орос хэлний мэдлэгтэй байх нь чухал. Тэгснээр мэргэжлийнхээ хүрээний гадаад эх сурвалжаас мэдээлэл сайн авч чадна. Түүнээс цахимаар харсан дурын эмнэлэгтээ шууд яваад очиж болохгүй гэдгийг хүмүүст хэлмээр байгаа юм. Эмчээ сонгоно гэдэг их том асуудал.

-ОХИДЫН ЖИРЭМСНЭЭС ХАМГААЛАХ ХАМГИЙН ЗӨВ АРГА БОЛ БЭЛГЭВЧ-

-Сарын тэмдэг ирсэн цагаас хойш охид жирэмслэх боломжтой гэгддэг. Энэ хэр үндэслэлтэй вэ?

-Нэг буруу ойлголт яваад байгаа юм. Охид яагаад жирэмсэн болоод байгаа нь үүнтэй холбоотой. Жирэмснээс хамгаалах хэрэгслийг мэдээлэл дутагдалтай, эсвэл гажуудал байна. Эмэгтэй хүн анх удаа бэлгийн хавьталд орсон үед жирэмсэн болдоггүй, сарын тэмдэг ирсэн үед жирэмсэн болно, бэлгийн хавьталд босоо байрлалаас хийвэл жирэмслэхгүй зэрэг буруу ойлголтуудаас болоод жирэмсэн болох магадлалтай. Сарын тэмдэг юу гэдгийг эхлээд зөв ойлгох хэрэгтэй. Биологийн хичээл зааж буй багш нар үүнийг үндсээр нь зөв ойлгуулах хэрэгтэй.

-Тэгэхээр сарын тэмдэг юу болох тухай ойлголтыг та манай уншигчдад өгөөч?

-Бэлгийн бойжилт гүйцсэн эмэгтэй хүний өндгөвчнөөс сар бүр өндгөн эс гарч Фаллопиевын гуурсаар дамжин умайг чиглэн явдаг. Энэ үед умай нь жирэмслэлтэнд бэлтгэгдэж умайн хана цус, зөөлөн эсээр баялаг болон зузаарч байдаг. Энэхүү ханыг эндометр гэдэг.

Хэрэв өндгөн эс эр бэлгийн эстэй нийлэхгүй бол жирэмслэлт явагдахгүй ба умайн хана 3-7 хоногийн турш ховхрон үтрээгээр гадагшилдаг. Үүнийг сарын тэмдэг ирэх гэдэг. Энэхүү цикл нь өндгөвчинд өндгөн эс боловсорч эхэлснээр эхэлдэг ба 25-35 хоногийн мөчлөгтэй байна.

-Өсвөр насны охидын жирэмснээс хамгаалах хамгийн зөв арга юу вэ?

-Охидын жирэмснээс хамгаалах хамгийн зөв арга бол бэлгэвч. Энэ бол жирэмснээс 100 хувь хамгаалахаас бэлгийн замаар дамжин халдварлах өвчнөөс ч давхар хамгаална.

-Охидын спираль гэж сүүлийн үед их ярих боллоо?

-Бид л охидын спираль гэж яриад байгаа болохоос биш хэмжээ нь л бусдаас жижиг болохоос яг адилхан. Төрөөгүй болон нэг удаа төрсөн эмэгтэйчүүдэд тавьж болдог. Гэвч спиралийг нэг их шүтэх хэрэггүй. Спираль дотроо олон янз байдаг. Даавартай спиралийг хавдрыг томруулахгүй байх, мөн олон хоногоор их хэмжээгээр сарын тэмдгийн цус гарах үед эмчилгээний журмаар тавьдаг. Мөнгөжүүлсэн, алтжуулсан, зэстэй, охидын зэрэг нь бүгд л гаднын биет. Гаднын биетийг л дотроо тавьж байгаа гэсэн үг. Түүнчлэн умайн хүзүүний улайлт, шархтай үед спираль нь халдварыг дээш нь тараадаг. Спиральтай олон жил явах тусмаа л биед сөргөөр нөлөөлж байдаг.Тиймээс спираль тавиулсан эмэгтэй үтрээний үрэвсэл, халдвараар өвчилж болохгүй.

-ЭЦЭГ ЭХЧҮҮД НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨНДӨР МЭДЛЭГТЭЙ БОЛОХ ЁСТОЙ-

-Өсвөрийн жирэмслэлтийг бууруулахын тулд юу хийх ёстой вэ?

-Эцэг эхчүүд нөхөн үржихүйн эрүүл мэндийн өндөр мэдлэгтэй болох ёстой. Аав, ээжүүд ажил ажил гэсээр өсвөр насны хүүхдэдээ анхаарах анхаарал маш сул байна. Эрүүл мэндийн боловсрол л бидэнд маш хэрэгтэй байна. Туршлагаасаа харахад энэ насны хүүхдүүд эмнэлэгт ирэхээс илүү утсаар зөвлөгөө авах нь элбэг. Эцэг эхтэйгээ хамт ирэх нь маш цөөн. Энэ нь эцэг эхчүүд өсвөр насны хүүхэдтэйгээ илэн далан ярилцдаггүй байгааг л илтгээд байгаа юм.

Түүнчлэн өсвөр насанд жирэмсэлсэн хүүхдүүдийн ихэнх нь жирэмсэн болсноо мэдэхгүй, эхний гурван сараа өнгөрөөчихсөн байдаг. Энэ нь сарын тэмдэг тогтворжоогүй байдагтай холбоотой. Тиймээс цаг хугацаа алддаг. Ингэснээр дараа дараагийн хүндрэлүүд гарах өндөр эрсдэлтэй.

ШИЙДЭЛ БУЮУ ДҮГНЭЛТ

Эндээс дүгнэхэд эцэг, эхчүүдийн оролцоо өсвөрийн жирэмслэлтээс хамгаалах хамгийн эхний арга юм. Өөрсдөө энэ талын мэдлэг мэдээлэлтэй байхаас гадна, өсвөр насны охидтойгоо сайн найзын түвшинд ярилцах хэрэгтэй байна. Мөн дунд ангийн хичээлийн хөтөлбөрт, охид хөвгүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн хичээлийг оруулах, хүсээгүй жирэмслэлт, түүний сөрөг үр дагавар хийгээд жирэмслэлтээс хамгаалах аргуудыг зааж өгснөөр энэ мэт олон эрсдлээс хамгаалж чадах аж.

Гэрэл зураг, видеог: Б.Эрдэнэбаяр

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Mal
Mal
2021-04-26 09:18

Haha ohin gechijee

Зочин
Зочин
2021-04-26 09:34

Манайх тийм ч нээлттэй бус хэлж өгөхийн оронд хичээлээ хий энэээ тэрээ гэнэ ийм зүйлийг хичээлээр оруулв�##� уг нь зүгээр

Холбоотой мэдээ

Back to top button