Ярилцлага

90 настай алдарт эх С.Раднаа: Би хүний, өөрийн олон чиг хүүхдийн “ээж”

Биднийг ирэхэд эмээ ганган дээлээ өмсөж, тэвхийтэл цэх тэнийгээд энгэртээ “Эхийн алдар”-ын хоёр одонгоо гялалзуулж суув. Дэргэд нь сууж, ярилцлага эхлэх хүртэл тэр охинтойгоо шулуун, марзан үгээр хошигноно. С.Раднаа эмээ энэ жил 90 насны босго алхаж байна. Ерөнхийлөгчөөс "Эхийн алдар”-ын хоёрдугаар одонгоо гардаж аваад удаагүй, дайллага цайллагаа хийж амжаагүй байхад нь бид ийн уулзлаа.

С.Раднаа эмээ долоон хүүхэд төрүүлж, өсгөжээ. Өдгөө тэднээс нь гурав нь л амьд бий хэдий ч ач, зээ нар нь эгээ л саглагар модны мөчир шиг үржин, олширчээ. Тэрбээр багачууд дундаа аж төрж, гал тогоогоо “эзэгнэсээр” буй аж. “Дахиад 10 насаар залуу байсан бол мөн ч их юм хийнэ дээ” гэж хааяа хааяа дуугардгийг нь охин Д.Дарийхүү өгүүлэв. Д.Дарийхүү хоёр ихрийнх нь нэг юм байна.

-“Эхийн алдар”-ын одонгоо энгэртээ зүүлгэхэд ямар сэтгэгдэл төрж байх юм бэ, эмээ?

-Их баярласан, маш их баярлах сэтгэгдэл төрсөн. 90 насны ойгоороо Ерөнхийлөгчөөс одон гардсандаа баярласан. Төрийнхоо ордонд ороод, улсынхаа Ерөнхийлөгчөөс одон гардах сайхан л байна билээ.

-Ерөнхийлөгч танд үг хэлсэн үү?

-Хэлсэн байх, би дуулаагүй ээ. Их аяар дуутай хүн байна билээ. Үгүй, яаж хашгираад л байх билээ дээ /Инээв, Сурв/.

-Эмээ, та ямар мэргэжилтэй хүн бэ?

-Янз бүрийн л ажил хийж явлаа. Ноосны үйлдвэрт ихэвчлэн ажилласан. Найрамдлын сангийн аж ахуйд орж, орон нутгаар ч их явж ажилласан. Гавьяаныхаа амралтад гараад ч зүгээр байгаагүй ээ. Сургуульд хэдэн жил жижүүр хийгээд авсан, ТҮЦ ч 10-аад жил ажилуулсан.

-Аль нутаг вэ. Малчны хотноос л таны залуу халуун нас эхэлсэн байх даа?

-Тийм. Би Архангай аймгийн Цахир сумын хүн.

-Та эхээс хэдүүлээ билээ?

-11-үүлээ. Би хамгийн том нь. Сумын анхны бага сургуульд суухдаа найман настай байсан уу, их л жаахан байсан юм даг. 10-аад хүүхэдтэй хичээл эхэлж байсан юм. Монгол бичгээр шүү дээ. Цугласаар, цугласаар 20 гаруй хүүхэд болсон. Бид зун нь монгол бичгээ үзэж байгаад намар нь тардаг байсан. 1945 оноос байна уу, сургуулийн байр баригдаж, сурагчид ч олон болсон санагдана. Дөрөв байна уу тавдугаар ангид аав, ээж хоёр намайг сургуулиас хүчээр гаргаж байсан юм. Дээр үед хүүхдүүдээ сургуулиас гаргадаг “дон” байлаа шүү дээ.

-Та өөрөө үргэлжлүүлж сурмаар байсан уу?

-Үргэлжлүүлж сурах хүсэлтэй байсан. Эмэг эх маань лав намайг сургуулиас гарлаа гэж их л баярлаж байсан санагдана. Гараад мал маллаж ч шалихгүй л дээ. Аав, ээжийнхээ ажилд л бага, сага тусалдаг байсан юм байлгүй. Хонинд явахгүй. Харин морь унах их дуртай хүүхэд байсан.

-Хань ижилтэйгээ та хэдэн настайдаа учирч байв?

-Хорин хэдэн насандаа л ханьтайгаа учирч байсан даа. 30-аад жил болоод тэр маань ч бурхан болчихлоо /Хоолой нь зангирав, Сурв/.

-Анх ээж болсон тань хэдэн настайдаа вэ?

-29-тэй байж. Нэлээд хүүхэд хүсэнгүй л байсан үе. Улаанбаатарт ирчихсэн байсан. 25 настайдаа байх аа, Улаанбаатарт орж ирсэн. Орж ирээд ханьтайгаа суусан даа.

-Хамгийн анх ээж болоход ямар мэдрэмж төрдөг юм байна. Одоо ч мартагддаггүй байх аа?

-Анхны охиноо хараад их баярласан. Түүнээс хойш нөгөө хүсээд байсан хүүхдүүд нь долоо, найм болоод явчихсан /Инээв, Сурв/.

-Ээж хүн байхын хамгийн гоё зүйл нь юу вэ?

-Хүүхэд нь өсөж өндийж, сургуулийн босго алхаж, ажлын байран дээр гарахыг харах л хамгийн сайхан шүү дээ. Хөвгүүдээ Цагдаагийн дээдийг онц төгсөөд ирэхэд их баярласан санагддаг юм.

-Танд “Эхийн алдар” одонгоос өөр төрөөсөө авсан шагнал бий юү?

-Гавшгайч, мавшгайч, ойн медаль гээд олон юм байгаа, байгаа.

-Та ойгүй хөдөлмөрч хүн юм аа. Гавьяаны амралтад гарсан хойноо ч ТҮЦ ажиллуулж байсан гэлээ. Тэр тухайгаа ярьж өгөөч?

-2004 оноос хойш 10 гаруй жил ажиллуулсан. Өөрөө суудаг байсан. Хүүхдүүд цугаар ажил, төрөлтэй юм чинь. Яах вэ, ач охин, зээ хүүгээ хааяа суулгана. Тэгээд улс ТҮЦ буулгана гээд, шинэчилж өгнө өө л гэсэн. Тэгээд шинэчилсэн ч юмгүй, ТҮЦ-гүй болгоод хаячихсан.

Охин Д.Дарийхүү: Тухайн үед замын өргөтгөл хийгдэх болж, манай ТҮЦ яг замын дагуу байрлалтай учир бууж таарахгүй юу. Ээж эхлээд ТҮЦ түрээсэлж байгаад дараа нь худалдаж авсан юм. Ерөөс гараа хамхиж, зүгээр суулгүй хүүхдүүддээ дэм болох, сургууль соёлыг нь төгсгөх гэж маш их хөдөлмөрлөсөн, манай ээж. Энэ хавийнхан ээжийг бүр андахгүй.

-Та хэдэд их л нэмэр болдог байсан байх даа?

-Д.Дарийхүү: Өө, тэгэлгүй яах вэ. Одоо би ач, зээ нарт нь хэлдэг. Та нарын өдий зэрэгтэй явж буй нь эмээгийн тань ач, буян, хөдөлмөр шүү гэж. Одоо хүртэл ээж хоолоо хийнэ. Ээж хөдөлж байхад бид зүгээр сууж болохгүй. “10 насаар залуу байсан бол их юм хийнэ дээ” гэж одоо ярьж суудаг.

-Эмээ, та хүүхдүүдээ ямар хүн болоосой гэж хүсэж, өсгөн хүмүүжүүлсэн бэ?

-Ажил хөдөлмөр нь үр бүтээлтэй, улс эх орондоо хувь нэмрээ оруулж яваасай л гэж хүсэж, захиж явдаг.

-Хэр хатуу ээж вэ, та?

-Ер нь л хүүхдүүдээ ажилсаг болгож хүмүүжүүлсэн. Манай хүүхдүүд их эртэч. Хүнээр дуудуулж босно гэж байхгүй. Тийм л хүмүүжлээр хүмүүжүүлсэн дээ. “Б.Доржжавынх зургаа, долоон жаахан хүүхэдтэй хэр нь ээ ер чимээ гарахгүй юм” гэж айл амьтан ярилцдаг байсан. Их л даруу.

-Та тийм даруу болгож хүмүүжүүлэв үү, өөрсдөө тийм даруу төлөв зан чанартай төрчихөв үү?

-Ер нь өөрсдөө тийм даруухан. Ороо муухай засчихсан байвал босгож зөв засуулаад унтуулдаг л байсан. Би их сайхан сэтгэлтэй, болж л өгвөл хүнд туслах юм сан гэж боддог хүн. Түүгээрээ бас сургасан.

-Та асар их эрч хүчтэй хүн юм. Таныг зан чанарын хувьд хамгийн их дуурайж төрсөн нь аль вэ?

-Том хүү аавыгаа жаахан дуурайсан. Бусад нь бүгд л ер миний сэтгэлээр хүмүүжсэн. Ер нь хүнд ажил сургах, сургамж өгөх их дуртай. Одоо нэг ач хүү, зээ охид байна. Тэдэндээ анхаарч байна.

С.Раднаа эмээ ТҮЦ ажиллуулдаг байхдаа автобусны жолооч нарт сайхан сэтгэлээр бууз хийж авчирч өгдөг байжээ. Ер ойр хавийнхаа хүүхэд, шуухдыг хооллохыг нь хооллож, сургахыг нь сургасаар Үйлдвэр, комбинат хавийнханд эмээ, ээж нэрээр андахгүй танигдсан гэнэ. Өнөөг хүртэлх амьдралдаа янз бүрийн л ажил хийж иржээ. МИАТ-ийн зоогийн газраас анх ажлын гараагаа эхэлсэн тэрбээр юм, юм хийжээ. Харин нэг бүрчлэн санаж, ярихгүй байв.

-Хамгийн дуртай хийж байсан ажил тань юу вэ?

-Цөмөөрөө л сайхан. Хөдөө, олон дундаа явж ажиллах их сайхан байсан санагддаг. Найрамдлын сангийн аж ахуйд шүү дээ. Өглөө эрт малчдын хонь нь майлаад орж ирж байх, орой хяргуулсан хонинууд майлж, араас нь мотоциклтой улс давхиж байх дүр зураг сэтгэлд их бодогддог доо.

-Таны энэ хөдөлмөрч зан чанарыг аав, ээж хоёр нь төлөвшүүлж өгсөн үү. Хаанаас эхтэй юм бол оо?

-Мэдэхгүй юм даа.

“Аав маань амьд сэрүүн байхдаа гурван томынхоо хуримыг хийсэн юм” гээд Д.Дарийхүү зургийн цомог уудалж байна. Тэдний амьдралын замналыг Б.Доржжав хэмээх нэгэн их уул, ноён нуруугүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэрбээр өвчний улмаас 64 настайдаа тэнгэрт хальжээ.

-Хоёулаа эргээд  таны ханийн тухай жаахан ярих уу?

-Намайг Улаанбаатарт орж ирээд МИАТ-ийн гуанзанд ажиллаж байхад л тааралдсан даа. Онгоцны буудлын механик байсан юм, тэр маань. Дараа нь Намын дээд сургууль төгссөн. Тэр үед шударга хүн нэг тиймэрхүү байлаа шүү дээ. Намын олон хурлуудад оролцдог байсан санагдана. Ухуулах хайрцаг гэж хайрцаг хийгээд, түүнийгээ сурталчлаад явдаг. Их л ажилсаг, хөдөлмөрч хүн байсан. Энэ гурван өрөө байрыг алба газраас нь шагналаар өгч байв.  

-Та араасаа хэр олон залуусыг “гүйлгэдэг” бүсгүй байв даа?

-Нутгийнхаа хүүхэд шуухдад “Би та нарын хэнтэй ч суухгүй ээ, би хол явна” гээд хэлчихдэг байсан. Тэд “Мэдрэл муутай ш дээ, энэ” гэж тоглоомоор ярилцдаг байсан санагдана /Инээв, Сурв/. Сайхан сайхан улс байсаан, хөөрхий. Хүний тавилан юм даа. Тэднээс нэг ч хүнтэй суугаагүй. Тэгээд л ханьтайгаа учирсан.

-Ханийнхаа юунд нь татагдаж, дурлаж дотноссон юм бол оо?

-Мэдэхгүй, яасан юм бол доо. Нэг мэдэхэд л айл гэр болчихсон байсан. Би бол ажлаас өөр юм мэдэхгүй. Хүүхдүүдээ үүрэхийг нь үүрээд, хөтлөхийг нь хөтлөөд л аваад гардаг байсан санагдана.

Д.Дарийхүү: Миний аав, ээж хоёр үнэхээр үлгэр жишээч улс. Тэр үед модон шалтай, биднийг шалны модоор биш заавал гараар, мөлхүүлж шал угаалгана. Гар ахуйн бүх ажлыг нэг бүрчлэн зааж өгдөг байсан. Ээж бол бидэнд гэр бүлээ яаж авч явах вэ, эмэгтэй хүн ямар байх ёстой вэ зэргийг үргэлж, одоо ч сургана. Аав бол гайхамшигтай. Үр хүүхдүүдийнхээ хажууд энэ хоёр маань хэрэлдэж үзээгүй. Архи дарс гэдгийг мэдэхгүй. Маш нийтэч, олонтойгоо. Манай ээж юм их нэхнэ, ном их уншина. Олон жилийн өмнө ээж нүдэндээ хагалгаа хийлгэсэн чинь муу эмчээс болоод нэг нүд нь хараагүй болоод...

-Муу эмч гэж байхгүй ээ, хүү минь.

Д.Дарийхүү: Ээж бол буруутгадаггүй л дээ. Гэхдээ л бидэнд харамсалтай шүү дээ. Одоо хараа л гэхээс биш өөр өвдөх өвчин байхгүй. Санаандгүй хийсэн эмчийн үйлдлээс...

-Санаандгүй юу байх вэ дээ, хүү минь.

Д.Дарийхүү: Манай ээж хүн муулах дургүй /Инээв, Сурв/.

-Болор суулгаж өгчихөөд өөрөө гадаад явчихсан байхгүй юу. Тэгээд би өөрөө тэнэгтээд, хаана үзүүлэхээ ч мэдэхгүй явсаар Болор мэлмий дээр очсон. Тэгсэн миний нүдийг цоорчихсон байна, бүр авна гэсэн. Өрөөсөн нүдтэй яаж явах вэ гэж байтал н.Эрдэнэцэцэг гэж эмч намайг нүдтэй үлдээсэн. Тэр эмч надад хамгийн их тус болсон. Нүдгүй яаж явна аа гэсэн чинь “Өө, би таны нүдийг зүгээр болгоно” гээд л эмчилсэн.

С.Раднаа эмээгийн зүүн нүднээс жаахан нулимс гоожно. Бусдаар ёстой л тэвхийх ажээ. Тэрбээр “Хүмүүс хүүхэд гаргахаас өөр өвчингүй гэж ярьдаг даа. Надад одоо өвдөх өвчин үгүй ээ” хэмээж байна.

-Таны цуглуулсан номнуудын зах зух энд байх шиг байна. Хамгийн сэтгэлээс гардаггүй зохиолоо та нэрлээч?

-“Улаан наран”, “Морь унасан толгойгүй хүн” гээд олон байна. Ер олдсон болгоноо л уншдаг байсан даа. Намайг номонд дуртай болгоход манай хөгшин их нөлөөлсөн. Өөрөө их ном уншдаг, надад байнга ном авчирч өгдөг байсан.

-Урлагийн авьяас байгаа юу, танд?

-Өө, ямар юм байх вэ. Орилж, хашгирч л явсан байлгүй дээ, бодвол.

Д.Дарийхүү: Гоё дуулдаг шүү, манай ээж. Уртын дууг маш гоё дуулна.

-Худлаа яриад бай, чи.

Д.Дарийхүү: Үгүй, юу ярьж байгаа юм. Нэг удаа ээж манай гэрт ирээд жаахан вино уучихаад янзын гоё уртын дуу дуулсан. Үнэн юмыг хэлэлгүй яах вэ. Ээжийн талынхан бүгдээрээ авьяастай.

Хүн хөгшрөх тусмаа улам гэгээн болдог гэлцдэг. 90 настай С.Раднаа эмээ өөрийгөө дуулдаг  гээд хэлчих бардамналгүй, охиныхоо үгэнд ичимхийрч, бас талимаарч суулаа.

-Та 11 хүүхэдтэй айлын том нь юм байна. Олон хүүхдээс гадна олон дүү нараа харж, халамжлах их хариуцлага ирдэг байж дээ?

-Тийм. Намайг нэг эвгүй ширвэхэд л манай дүү нар нам болно л доо. Би одоо дүү нартаа нэг архи хундаганд хийгээд барьж үзээгүй хүн. Одоо заримдаа “Муу сайн дүү нартаа яах гэж тийм хатуу байв даа. Олигтой унд биш ч идээний дээж юм даа” гэж бодож ч байх шиг.

-Тэр олон дүү, үр хүүхэд нэг бүхийн амьдрал цөмөөр тэгш сайхан явна гэж юу байх вэ. Энэ бүх чилийсэн хугацаанд зүтгэхэд ядарч, хүнд хэцүү санагдаж байсан үе бий юү?

-Тийм юм ерөөсөө байдаггүй байсан. Үгүй нээрэн, хотод сургуульд орсон болгон нь манайд ирж байрладаг. Хүүхдүүдийн ангийн хүүхдүүд гээд л баахан амьтад ирчихдэг. Тэр бүрийг яаж болгодог байсан юм бүү мэд. Манай нөхөр ч уцаарладаггүй байж. Энэ хоёр өрөө дүүрэн, захаасаа газраар зулаад л унтдаг байсан.

-Одоо тан шиг ийм сэтгэлийн хаттай, хөдөлмөрч хүмүүс их ховор болсон. Та ер хөдөлмөрч, хатуужилтай байх ямар чухлыг хэлж өгөөч?

-Тийм ээ. Ерөөсөө хүн залхуурч л болохгүй. Архи, дарс, за яах вэ, уулгүй л яах вэ. Гэхдээ л архинаас, тамхинаас хол яв. Төрийнхөө ач буяныг эргүүлээд сайн хариулж, хийсэн үйл нь эх орондоо ээлтэй, ачтай байх хэрэгтэй. Намайг энэ хавийн өчнөөн хүүхдүүд “Ээж” гэж дууддаг. Би чинь их олон хүний ээж шүү дээ. Энд, тэнд гундуухан явбал нь “Чи яахаараа ингэж явдаг юм” гээд загнахаар үгэнд ордог. ТҮЦ ажиллуулж байхдаа олон хүүхдүүд намайг “Ээж” гэдэг байсан. Таних, танихгүй хамаагүй олон хүний ээж.

-Төрүүлж өсгөөгүй ч  таныг ээжээ гэж хүндэлдэг, авгайлдаг хүмүүс бас их олон байдаг байх нь ээ?

-Байдаг, байдаг.

-Та энэ жил 90 насны босго алхаж байна. Одоо ингээд бодоход биелүүлж амжаагүй хүсэл санаанд тань  орж байна уу?

-Тийм зүйл алга даа. 90 насална ч гэж санасангүй. Нэг мэдтэл 90 нас хүрчихсэн байна. Одонгоо овоод Төрийн ордноос гарч ирэхэд ач, зээ нар маань тосож аваад л, их л сайхан санагдсан даа. Би  бухимдуу биш ч юманд л их яаруу, сандруу даа. Бушуухан, бушуухан. Ер бушуухан, бушуухан гэсээр л таардаг. Одоо ингээд яриад, хуучин бүхнээ эргээд бодоход яг залуу болчихсон юм шиг л санагдаад байх юм. Энэ хүүхдүүдийн царайг нь харахгүй байгаа мөртлөө надад их сайхан санагдаж байна.

Түүнийг ингэж хэлбэл манай гэрэл зурагчин амны хаалтаа аваад “Байнга амны хаалт зүүсээр байгаад авахаа мартчихаад байдаг болжээ” гээд инээв. Харин эмээ “Аа, тийм. Заримдаа бүр гэртээ зүүчихсэн л явж байх юм” хэмээв. Бид бүгд инээлдэв.

Эмээ эмзэг сэдвээр нь асуух гэвэл нэг хоёр өгүүлбэрээс үл хэтрэн зогсох, нүдэнд нь нулимс цийлэлзээд ирэх тул өөрийнх нь тааваар бид хөөрөлдлөө. Олон дүү нараас нь ч, төрүүлж өсгөсөн үр хүүхдүүдээс нь ч хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн явдал түүний сэтгэлийг хүнд дардаг бололтой. Долоон хүүхдээс гурав нь үлдсэн талаар Д.Дарийхүүтэй ярилцаж суухад С.Раднаа эмээ “Тэрний үр, хүүхэд, ач зээ нар нь үржээд жигтэйхэн сайхан болж байна шүү дээ. Үр төл нь байгаа хойно яах вэ дээ гэж хааяа бодох л юм. Заримдаа 90 насаа ад үзнэ...” гээд дуугаа хураав.

-Эмээ, та фэйсбүүк гэж мэдэх үү?

-Мэднэ.

-За, юу байдаг юм бол оо?

-Мэдэхгүй, “Бид олуулаа” гээд  л нэг юм байдаг юм билээ шүү дээ.

Д.Дарийхүү: Аан, ноднин ураг төрлийнхнөөрөө нэг арга хэмжээ зохион байгуулах болоод “Бид олуулаа” гэдэг фэйсбүүк групп нээсэн юм. Түүнийг ярьж байгаа юм байна.

-Тэр фэйсбүүк гэгч дээр таны одон гардаж буй зургийг тавиад “Ямар данагар эмээ вэ?” гэлцэж байна билээ шүү.

-/Үг хэлэлгүй их удаан инээв, Сурв/.

С.Раднаа эмээ үр хүүхэд, ач зээ нараа цуглуулаад өнөөдөр буюу Эх үрсийн баяраар одонгийн цайллагаа хийхээр болсон юм байна. Энэ ярилцлагыг уншиж суух үест тань тэрбээр олон багачууд дундаа тэвхийж л суугаа болов уу.

Төрүүлснээс гадна учирсан олон үр хүүхдүүд, тэр бүү хэл нэгэн цагт гэрээсээ жигнээд авчирсан буузыг нь идэж явсан зүс таних олон хүн С.Раднаа эмээг одонгоо авсны дараа утастаж, баяр хүргэжээ. Утас нь ёстой завсар, зайгүй л хангинаж.

Тэрбээр биднийг ирсэнд ихэд сэтгэл нь хөдөлж, баярлалаа. Гарахад орчлонгийн дээд болсон ерөөлийн үгсийг хэлж, идээ будаагаа барилаа. Монгол нэгэн ээж ийн гэртээ үлдэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2021-06-01 09:51

нөгөө хөөрхөн эмээ байна

Unshigch
Unshigch
2021-06-01 10:14

90 hursen hugshin hun odon avsan gedgiig oilgosongui. Huuhduud n nasand hursen baihad odoo hurtel odong n uguugui baisan gesen ug uu esvel toon dotor useg tsohij bna gegcheer SHIGTGEE bolgoj olon zaluu busguichuudiin dotor zaaval hugshin hun baih yostoi boloo yu. Yutai ch EMEEd urt naslahig eruue.

Зураач
Зураач
2021-06-01 13:35

Бат-үүл үү ...Адилхан юм..аан

Ккккк
Ккккк
2021-06-01 21:11

Manai eej 93tai 4 huuhedtel odongoor yah yumgeed avdaggui yum, ene emeegiin derged 70 nastai yum shig haragdaj bn, uuchlaarai

Холбоотой мэдээ

Back to top button