НИЙГЭМ

“Санхүүгийн хөтөч” сэтгүүл хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмэр оруулна

Сүүлийн жилүүдэд эдийн засгийн чиглэлийн сэтгүүлүүд  уул уул уурхай, бизнес, хөдөө аж ахуй нэг салбараар төрөлжүүлж гаргах хандлага нэмэгдэж байна. Тиймээс “Санхүүгийн зах зээлийн үндэсний зөвлөл”-ийн санаачлан үүсгэн байгуулж,  санхүүгийн зах зээлийн мэдээллийг монгол-англи хэлээр улирал тутамд хүргэхээр “Financial Inclusion” буюу “Санхүүгийн хөтөч” сэтгүүлийг эдийн засгийн чиглэлээр мэргэшин, дагнан бичдэг сэтгүүлчид хамтран гаргажээ.

Өнгөрсөн оны долоодугаар сард анхны дугаараа туршилтаар гаргасан тус сэтгүүл Монголын санхүүгийн зах зээлийн мэдээллийг дагнан даацтай хүргэж, зах зээлд оролцогч талууд болох хувийн хэвшил болон төрийн хооронд мэдээллийн гүүр болох хийгээд нөгөө талаас иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилготой аж. 

Улирал тутамд монгол-англи хэл дээр 80-100 нүүртэй гардаг тус сэтгүүлд хөрөнгийн зах зээл, банк, даатгал, хөрөнгө орууллатын сан,  банк бус санхүүгийн байгууллагууд зэрэг санхүүгийн зах зээлийн мэдээллийг олон эх сурвалжтай, бие даасан хараат бус байдлаар мэдээллэхийг чухалчилдаг байна.

“Санхүүгийн хөтөч” сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээр нь И.Отгонжаргал ажилладаг бөгөөд 2000 оны эхнээс эдийн засгийн чиглэлээр дагнан мэргэшсэн цөөн сэтгүүлчдийн нэг юм. Тэрээр өмнө нь 2000-2010 онд “Өнөөдөр” сонины Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албанд  сэтгүүлч, албаны даргаар, 2011-2017 оныг дуустал монгол-англи хэлээр, 14 хоног тутамд гардаг Монголын анхны эдийн засгийн сэтгүүл болох “Mongolian Economy” сэтгүүлийг хамтран үүсгэн байгуулалцаж, орлогч эрхлэгчээр нь ажиллаж байсан туршлагатай.

И.Отгонжаргал хэлэхдээ “Миний бие Монголын сэтгүүл зүйн гал тогоонд  20 гаруй жилийн турш эдийн засгийн сэтгүүлч гэсэн  чиглэлээс өчүүхэн ч хазайсангүй. Сүүлийн үед эдийн засгийн чиглэлээр бичдэг, сонирхдог сэтгүүлч олширч байгаад баяртай байдаг. Би дунд үеийн төлөөлөл ч гэлээ шинэ сэтгүүл гаргаж, залуу үетэйгээ зэрэгцэн ажиллаж, тэднээсээ суралцаж байна. Мөн өөрийн мэдлэг туршлагаасаа залуу сэтгүүлчдэд харамгүй хуваалцаж, зааж, чиглүүлж ирсэн. Түүнчлэн эдийн засгийн чиглэлээр мэргэших сонирхолтой сэтгүүлчдэд энэ салбарын мэдээллийг хэрхэн олонд түгээж болохыг харуулахыг зорьж байна. Эдийн засагт жин дарж оролцох санхүүгийн салбар эрчээ аван хөгжих хандлага ажиглагдаж байгаа учраас Монголын санхүүгийн зах зээлд манай хамт олон салбарын мэдээллийг даацтай, хүртээмжтэйгээр хүргэхийг зорьж сэтгүүл эрхлэн гаргасан. Бид цаашид илүү даацтай сэтгүүл зүйн бүтээгдэхүүн болгон хөгжүүлэхийн төлөө зорьж байна” гэв.

“Санхүүгийн хөтөч” сэтгүүлийн редакц нь мэргэжлийн, туршлагатай сэтгүүлчид, орчуулагч, гадаад редактор гэсэн багаас бүрддэг ажээ.

Тус сэтгүүл 2020 оны долоодугаар сард гаргасан  анхны дугаартаа ковид эхэлж байх үеийн эдийн засаг, санхүүгийн зах зээлд гарч байгаа өөрчлөлт нөлөөлөл болон банкны зээлийн хүүг сарын нэг хувь болгох стратеги зэргийг гол сэдвээ болгон хөндөж бичжээ. Харин энэ оны эхний улиралд  гаргасан хоёр дахь дугаартаа нэгэнт Монголыг нөмөрсөн ковидтой хэрхэн үр дүнтэй тэмцэж, цаашид  хэрхэн дасан зохицож, “хамт амьдарч”, ковидын дараах шинэ дэглэмд яаж ажиллаж, амьдрах вэ гэдгийг эдийн засаг, санхүүгийн талаас нь дотоод, гадаад зах зээлтэй холбон бичсэн байна. Түүнчлэн хөрөнгийн зах зээл, даатгал, банк, банк  бус санхүүгийн  байгууллагын талаарх үндсэн сэдвүүдээ ч хөнджээ.

Мөн энэ сарын 24-нд тус сэтгүүлийн гурав дахь дугаарт Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 2022 оны зургадугаар сарын 30 гэхэд Монголын системийн таван том банк /ХААН, ХАС, Худалдаа хөгжлийн банк, Голомт, Төрийн банк/ дотоодын хөрөнгийн биржид хувьцаа гаргаж, олон нийтийн компани болох асуудалд анхаарал хандуулж, онцлох сэдвээ болгон олон талаас нь бичсэн байна.

Монголд зах зээл эхэлснээс хойш олон хувийн компани бий болж, өдгөө цөөнгүй нь эдийн засагт ихээхэн хувь нэмэртэй, үндэсний том корпораци болон хөгжиж чадсан билээ. Тэгвэл эдгээр амжилттай бизнесийн тэргүүнд эрэмбэлэгддэг банкууд хувьцаат компанийн хэлбэрт шилжих дээрх түүхэн үйл явдал нь цаашид Монголын олон том компани олон нийтийнх болох үүд хаалгыг нээж байгаа гэдгээрээ онцлогтой аж.

Нөгөө талаас Монголын 20, 30 жил амжилттай хөгжсөн, ашиг орлого, хөгжил нь тогтворжсон хувийн хэвшлийн магнайд Монголын том банкууд байдгийг бид бүхэн мэднэ. Тиймээс ийм ашиг орлого сайтай, тогтвортой хөгжилтэй банкны хувьцаанаас  иргэд, олон нийт мэдээ мэдээлэлтэй байж хоцрохгүй авах нь чухал  учраас “Санхүүгийн хөтөч” сэтгүүл ийнхүү онцлон олон талын мэдээллийг өгсөн байна.

Уг сэтгүүл нь “Интер ном”, “Аз хур” зэрэг номын дэлгүүрээр худалдаалагдаж байгаа бөгөөд нэг бүрийн үнэ нь 13.900 төгрөг, захиалгын үнэ нь жилээр 35.600 төгрөгийн үнэтэй аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button