Нийгмийн

О.Солонго: Хүүхэд халдвар авснаас 10 гаруй хоногийн дараа шинжилгээгээр баталгаажиж байна

Эх хүүхдийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний зохицуулагч О.Солонготой 0-5 настай хүүхдийн халдвар, түүнийг тойрсон сэдвээр ярилцлаа.

-ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БУЙ ХҮҮХДҮҮДИЙН 50 ОРЧИМ ХУВИЙГ 0-5 НАСНЫ ХҮҮХДҮҮД ЭЗЭЛЖ БАЙНА-

-Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 0-3 насны хэчнээн хүүхэд эмчилгээ хийлгэж байна вэ?

-Халдварын дийлэнх хувийг 0-5 насанд эзэлж байгаа. Нийт өвчлөлийн 50 орчим хувийг эзэлж байгаа гэж хэлж болно. Одоо эмчлүүлж байгаа болон эмчлүүлээд гарсан хүүхдүүдийг дурдаж болно.

-Хүүхдүүдэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Хүүхдийн нас бага байх тусам хордлогын шинж, баас шингэрэх, гүйлгэх, бөөлжих зовиурууд байна. Мөн халуурч болно. 0-1 насанд хамар битүүрэх, нусгайрах шинж тэмдгүүд давамгайлж байна.

-Эдгээрээс ямар шинж тэмдгийг эцэг эхчүүд анзаарахгүй байх нь элбэг вэ?

-0-5 насны хүүхдүүд гаднаас халдвар авахаас илүү гэр бүлийн хүрээнээс авах нь элбэг. Тиймээс гэр бүлийнхэн, хамт амьдардаг томчуудад коронавирусийн халдвар батлагдах тохиолдолд хүүхдүүдэд зовиурч эхэлж байдаг. Тиймээс хүүхдэд хамар битүүрэх, гүйлгэх, суулгах шинж тэмдгүүд илэрч байвал түүнийг халдвар авсан байх магадлалтай гэж ойлгож болно.

-Хүүхдийн өвчлөл насанд хүрэгсдээс юугаараа ялгаатай байна вэ?

-Коронавирусийн шинж тэмдэг хүүхдэд харьцангуй хөнгөн явагдаж байгаа. Уушгины хатгалгаа болох эрсдэл харьцангуй бага байна. Гүйлгэлт суулгалт зэрэг бусад шинж тэмдгийн эмчилгээг хийгээд эхлэхээр зовиур аяандаа арилаад ирж байгаа. Нас дээшлэх тусам, томчуудтай ижил зовиур илрэх, уушгины хатгалгаагаар хүндрэх зэрэг эрсдлүүд ажиглагдсан.

-Хүүхдийн өөрийн суурь дархлаа сайн байгаатай холбоотой холбон тайлбарлаж болох уу?

-Түүнийг бол нарийн хэлж мэдэхгүй юм. Дэлхий нийтээр ч үүний тухай ярилцаж байна. Хүүхдүүд хөнгөн өвдөж, шинж тэмдэг бага илэрч байгаа. Тэр нь манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бага насны хүүхдүүдээс түгээмэл ажиглагдаж байна. Суурь эмгэггүй, хэвийн бойжиж буй хүүхдүүд коронавирусийн халдвар авсан нөхцөлд хүндрэх эрсдэл бага. Хоол тэжээлийн дутагдал, бусад суурь эмгэг хавсарсан, эрхтэн тогтолцооны эмгэгтэй хүүхдэд халдварын шинж тэмдэг хүнд эдгэрч, эдгэрэлт удаан явагдаж байна. Ихэнхидээ уушгины хатгалгаагаар хүндэрсэн байх нь бий.

-ХҮҮХДЭД ЗӨВХӨН ШИНЖ ТЭМДГИЙН ЭМЧИЛГЭЭ ХИЙНЭ-

-Эдгэрэх хугацаа, эмчилгээний хувьд ямар байгаа вэ?

-Эмчилгээний хувьд хүүхдүүдээс хамаараад янз бүр. Өвчилснөөс хойш 14 хоногоос дээш эмчилгээ авч буй хүүхэд байна. Хөнгөн хэлбэрээр тусаад 10 хоног орчим эмчлэгдээд гарч байгаа нь ч байна. Яг тодорхой хугацаа заасан зүйлгүй. Хүүхдийн өөрийнх нь биеийн онцлог, шинжээс хамаарч байгаа.

-Коронавирусийн эмчилгээнд зөвлөгдөж буй вирусийн хүчтэй эм, танг ээжүүд хүүхдүүддээ уулгаж байгаа нь түгээмэл ажиглагдаж байна. Энэ зөв үү?

-Вирусийн эсрэг эмийн хувьд зайлшгүй эмчийн заавраар өгөх ёстой. Жишээ нь Арбидолыг уух ёстой гэсэн үг биш. Хүүхдэд зөвхөн шинж тэмдгийн л эмчилгээ хийнэ. Хамар нь битүүрч байгаа хүүхдийн битүүг гаргах, халуурсан хүүхдийн халууныг буулгах гэх мэт. Халдвар авсан хүүхдүүдэд бүгдэд вирусийн эм уулгахгүй. Хүндэрсэн нөхцөлд эмчийн заалтаар уулгана. Халдвар авсан хүүхдэдээ гэрээрээ дураараа эмчилгээ, вирусийн эм уулгаж байгаа бол буруу. Хүндэрлээс сэргийлэхийн тулд хүүхдийг сайн хооллож, шингэн зүйл сайн уулгаж, бусад шинж тэмдэг зовиур байгаа эсэхийг сайн ажиглаарай. Ханиалга, ханиалга, халууралт нэмэгдвэл уушгины хатгаа үүссэн байх магадлал өндөр. Гэвч яаран эмчилгээ эхлүүлэхээс өмнө эмчид уушгийг нь чагнуулах хэрэгтэй.

-Халдвартай жирэмсэн эхээс төрсөн хүүхэд халдвартай, халдваргүй төрөх нь хэр олон тохиолдож байна вэ?

-Жирэмсний асуудлыг сайн мэдэхгүй байна. Халдвартай жирэмсэн эхээс төрж байгаа хүүхэд халдваргүй төрж болно. Гол нь ээжээс нь хол, тусгаарлах маягтай байлгана. Түүнээс бүгд халдвартай төрнө гэсэн ойлголт байхгүй. Халдвартай эхийг ихэвчлэн хийсвэрээр төрүүлж байгаа. Хүүхдийг халдвартай орчинд, хүмүүсийн дэргэж байлгаад байвал өвчилнө. Тусгаарлалт чухал.

-Нярай хүүхдийн халдвар ямар байгаа вэ?

-Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд 0-11 сартай хүүхдүүдийн өвчлөл нийт өвчлөлийн 20 орчим хувийг эзэлж байгаа. Тиймээс халдварын тохиолдол багагүй байгаа гэж ойлгож болно. 0-28 хоногтой буюу нярай хүүхдийн халдвар ч мөн тохиолдож байна. Хүүхэд халдвар авснаас 10 гаруй хоногийн дараа л шинжилгээгээр баталгаажиж байгаа. Тэгэхээр вирусийн халдварлуулах нууц хугацаа нь харьцангуй урт байна. Тиймээс дөнгөж төрсөн хүүхдээс халдвар илэрнэ гэхээс илүү халдвартай ээжтэйгээ 10 гаруй хоног хамт байсан хүүхэд эрсдэлд орох нь элбэг байгаа.

-Нярай хүүхдэд халдварын шинж тэмдэг хэрхэн илэрч байна вэ?

-Нярай хүүхдийн хамар битүүрэх зэрэг амьсгалын замын хямралын шинжүүд илэрнэ. Бага сартай хүүхдэд шинж тэмдэг бүдэг, хөнгөн илрэх нь элбэг тул ихэнх шинж тэмдэгтэй андуурагдам байгаа. Ховор тохиолдолд халуурч байгаа. Баасны өөрчлөлтөд орно. Гэр бүлийн хавьтал болоогүй хүүхэд халдвар авах нь бага.

-Хүүхдээс шинжилгээг ямар байдлаар авч байгаа вэ?

-Янз бүр. Цуснаас, хамар залгиурын арга, шүлс зэрэг олон арга байна.

-ХҮҮХДИЙГ ОЛОН НИЙТИЙН ГАЗРААР БҮҮ ДАГУУЛЖ ЯВ-

-Хүүхдийг халдвараас урьдчилсан сэргийлэхийн тулд яах хэрэгтэй вэ?

-Томчууд л өөрсдийгөө халдвараас хамгаалах хэрэгтэй байна. Бага сартай хүүхэд гадуур явах нь бага учир хөдөлгөөнт бүлгийн иргэд олон нийтийн газраар дагуулж явахгүй байх зэрэг бусад дэглэмээ сахих хэрэгтэй.

-Ковид тусаад эдгэрсэн хүүхэд цаашид гам сахих шаардлагатай юу?

-Тусаад эдгэрсэн хүмүүсийн тухай мэдээллийг өрхийн эмнэлгүүд сайн мэдэж байгаа. Бид өвчтэй хүүхдийг эмчлээд гаргахаас биш эдгэрээс гарсан хүүхэд дахин туссан эсэхийг сайн мэдэхгүй.

-Хүүхдүүдэд илэрч болох хамгийн ноцтой шинж тэмдгүүдээс нэрлээч?

-Уушгины хатгалгаа, амьсгал хямрал, дутагдал орох нь аюултай. Бусад эрхтэн тогтолцоонд өөрчлөлт оруулах нь харьцангуй бага байна.

-Ярилцлагын төгсөлд иргэдэд хандаж юуг хэлж, уриалахыг хүсэж байна вэ?

-12-15 настай хүүхдүүд вакциндаа заавал хамрагдах хэрэгтэй. Хөдөлгөөнөө багасгаж, халдвараас сэргийлэх нь чухал. Амны хаалтаа зүүх, олон нийтийн газраар бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх хэрэгтэй.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-03 17:21

Тэгээд хүмүүс хүндрээд байна. 10 хоног гэдэг хөнгөн нь эдгэрээд хүнд нь улам муудах хоног. Хугацаа �##�дахгүй угтуулж эмчлэх хэрэгтэй. Тэрийгээ мэдэхгүй эмч гэж баймааргүй ?

Холбоотой мэдээ

Back to top button