Нийгмийн

Б.Булган: Байгальд задардаггүй шилийг дахин боловсруулаад барилгын дулаалгын материал үйлдвэрлэнэ

Манай улсад хог хаягдал их хэмжээгээр ялгардаг ч үүнийг дахин боловсруулж, түүхий эд болгон ашигладаг дорвитой ажил өнөөг хүртэл хийгдсэнгүй. Харин “Хоггүй Монгол” ТББ өнгөрсөн сараас эхлэн шилний хаягдлыг дахин боловсруулахаар цуглуулж эхэлсэн байна. Иймд энэ удаагийн ярилцлагадаа Шинэ шил ” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Хоггүй монгол ТББ Удирдах зөвлөлийн гишүүн Б.Булгантай ярилцлаа.

-“Хоггүй Монгол” ТББ хэр хугацаанд, ямар ажиллагааг явуулж байна вэ?

“Хоггүй Монгол” ТББ 2017 онд байгуулагдсан. Энэ нэрээрээ фэйсбүүк групп нээж иргэдэд мэдээ, мэдээлэл өгдөг. Хогийн хор хөнөөл, түүнийг хэрхэн бууруулах, байгаль орчинд хог ямар үр нөлөөтэй зэргийг таниулдаг ажил юм. Ингэхдээ яаж хувь хүнээс шалтгаалан хог хаягдлыг бууруулж, ангилж болох вэ зэрэг олон нийтэд мэдээлэл түгээх зорилгоор анх байгуулагдсан.

Үүнээс хойш байнгын хогийн талаар мэдээлэл оруулсаар байгаа. Видео бичлэг, “Green land” ногоон амьдралын талаар ярилцлага хийж байсан. Хогоо ангилсан айл өрхүүдэд мэдээлэл хүргэж, газар дээр нь очиж худалдаж, дахивар авах явуулын станцын ажлыг өнгөрсөн оноос хойш нийтдээ зургаан удаа зохиосон.

ХАЯГДАЛ ШИЛИЙГ ДАХИН БОЛОВСРУУЛААД БАРИЛГЫН ДУЛААЛГЫН МАТЕРИАЛ ХИЙХ БОЛОМЖТОЙ

-Танай байгууллага дахин боловсруулагдах цаас, хуванцар зэргийг авдаг байсан бол одоо шилний хаягдлыг авдаг болсон байна. Үүний зорилго юу вэ?

-Хэрвээ шилийг дахиж боловсруулаад үйлдвэрлэж чадах юм бол барилгын дулаалгын материал болдог. Дулаалгын цагаан хөөсөнцөр хавтанг орлуулах боломжтой гэж бид үзэж байгаа. Үүнийг нотлох судалгаа шинжилгээ ч байдаг. 1950-аад онд ОХУ-д туршигдаж, шилээр барилгын дулаалгын материалыг хийж болдог гэж эрдэмтэд нотолсон. Үүнийхээ дагуу дулаалгаа ч хийдэг. Харин монголд одоо л нэвтрэх гэж байна.

Цар тахлаас үүдэн Замын-Үүдээр бараа материал орж ирэхгүйгээс болж барилгын хөөсөнцрийн түүхий эд тасалдаж маш их үнэд орлоо. Энэ бол манай улсад дутагдаж буй зүйл. Энэ орон зайг нөхөж, улсдаа бүтээн байгуулалт хийхээс гадна, мэдээж байгаль орчинд хамгийн ээлтэй ажил юм.

Шилээр хийсэн барилгын хөөсөнцөр нь маш бат, бөх дулаан байдаг. Дулаан дамжуулах төмөр турбог шилэн хөвөнгөөр ороодог доо. Үүнийг бас орлох боломжтой. Цаашлаад барилгын материалын дулаалгыг тэр чигт нь авна гэж үзвэл манай улсад зах зээл хангалттай байгаа.

-Шилийг дахин боловсруулах нь байгаль орчинд тун ээлтэй гэлээ. Хэрвээ шил  хаягдал болбол байгальд ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Шил нь байгальд задрах ямар ч боломжгүй хогийн төрөлд ордог. Шилийг байгальд хаяснаар гал түймэр гарах эрсдэл дагуулдаг. Учир нь шилэн дээр туссан нарны хурц туяа халж, галын үүсгүүр оч болдог. Байгаа орчноо халааж, галыг өдөөдөг. НҮБ-ын судалгаагаар шил нь нэг сая жил болсон ч өнгөө алдаж, өөрчлөгдөлгүй байсаар л байдаг гэсэн судалгаа бий. Хуванцар, гялгар уут хэдий хор хөнөөлтэй ч байгальд ямар нэг байдлаар он удаан жил өнгөрсний дараа задралд орж шингэдэг. Харин шил нь шингэдэггүй, байгаль орчинг маш их бохирдуулдаг хаягдал юм. Тиймдээ ч шил нь аюултай хог хаягдал мөн.

Манай улсын хувьд нийт 3,3 сая тонн хог хаягдал жилийн дунджаар гардаг. Үүний 10 хувь нь буюу 300 мянган тонн хог хаягдал нь зөвхөн шил байдаг. Энэ мэт жилийн жилд хэзээ ч байгальд задрахгүй хаягдал овоорсоор ирсэн.

-Шилний хаягдлыг хэрхэн, ямар замаар авч байна. Эхлээд удаагүй байгаа ч ажил нь нэлээд явцтай харагдаж байсан.

-Хаягдал шилийг авч эхлээд 10 гаруй хонож байна. 2021 оны зургадугаар сарын 28-ны өдрөөс эхэлсэн. Одоогоор хөдөө орон нутгийн хог хаягдлыг бууруулах зорилго тавьсан. Тиймээс хаягдал шилийг авч цуглуулж байгаа тухайгаа мэдээ мэдээллийг хүргэсээр байна. Саяхныг хүртэл дахин ашиглах ямар ч боломжгүй хог байлаа. Маш цөөн компаниуд шилний хаягдлаа дахин ашигладаг. Гэхдээ бүрэн бүтэн байдлыг шаарддаг.

Сумуудад зориулан хог хаягдлыг ангилж аваад дахиварын нөөц хадгалах цэгт нөөцөлж тээвэрлээд хот руу оруулж ирдэг иж бүрэн тогтолцоо байдлаар шийдэж байгаа. Сэлэнгэ аймгийн мандал суманд хэрэгжүүлээд эхэлчихсэн ч цаг үеийн байдлаас болоод хот руу оруулж ирж чадахгүй байна. Хэд хэдэн аймгуудтай гэрээлэх шатандаа ажиллаж байгаа.

Сумдын хог хаягдлын менежментийг сайжруулах, суманд хэрэгжүүлж болохуйц загвар бий болгосон. Одоогоор иргэдийнхээ ойлголтын сайжруулах ажилдаа орсон. Ажлаа гүйцэтгэхийн тулд иргэдээ зургаагаас найман төрөлд хуваан авч үзэж байгаа. Бага, дунд, ахлах ангийнхан, залуучууд, ажилчин анги, ТҮК зэрэг мэдлэг мэдээллийн түвшнээр нь ангилж байгаа.

-Өгч байгаа мэдээллүүдээ ангилж байгаа юм байна, эдгээр нь хоорондоо ямар ялгаатай вэ?

ТҮК, Төрийн албан хаагчдад хог хаягдлын хор хөнөөл, хууль эрх зүйн талаас нь тайлбарлаж байна. Үүнээс гадна хогийг хэрхэн ангилах, дахивар нөөцөд хүргэх вэ гэсэн гурван төрлийн сургалтыг зохиож байна.

Харин хүүхдүүдэд энэ түвшний сургалтыг  орохгүй. Тэдэнд сонирхох түвшний ном, хүүхэлдэйн киногоор дамжуулж хүргэдэг. “Хогон мангас” гээд хүүхэлдэйн кино дөрөвдүгээр сард гарсан. Үүндээ хог хаягдал, шилний хаягдал зэргийн хор хөнөөлийг тусгасан юм.

ОРОН НУТГААС ШИЛ АВЧ ИРВЭЛ 30 МЯНГАН ТӨРГӨГ ӨГЧ БАЙГАА

-Авсан шилээ хаана хурааж, агуулж байгаа вэ?

-Шилийг Хонхорт хурааж байгаа. Харуул манаатай том хашаа бий. Дахин боловсруулах үйлдвэр Налайх дүүрэгт баригдах төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор бэлтгэл ажил хийгдэж байна. Хот дотроосоо манай “Шинэ шил” компани, “Хоггүй Монгол” компани хоёр хамтарт байна.

Хоггүй Монгол компани олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор ажиллаж байгаа. Тээвэрлэлт, цуглуулах ажлыг Шинэ шил компанийнхан хариуцаж байна. Хот дотроосоо өөрсдийн унаагаар  хоёр болон түүнээс дээш тонноор цугларсан шилийг очиж авч байгаа.

Шилийг үнэлэхгүйгээр авч байгаа. Одоогоор үнэлэх боломжгүй. Орон нутгийн хувьд нэг тонныг нь 30 мянган төгрөгөөр авч байгаа. Гэхдээ очиж авах боломж хомс байна. Орон нутгийнхан өөрсдөө санаачилга гаргаж шилээ авч ирсэн тохиолдолд 30 мянган төгрөгөөр үнэлж байна. Тээврийн зардлаа гаргаад ирж байгаа учраас ингэж ажиллаж байна.

-Танайд их, бага хэмжээ хамаарахгүйгээр шилний хаягдлаа өгөхийг хүссэн иргэн хаана хандаж өгөх боломжтой вэ?

-Их хэмжээний хаягдлыг хот дотроо өөрсдөө очиж авч байгаа. Одоогийн байдлаар цонхны үйлдвэрээс л аваад байна. Цаашдаа айл өрхүүдээс авна. Дахивар түүхий эд авдаг “Түвшин сайхан” төвөөр дамжуулан давхивар нөөцийн цэг гэж байгуулсан. Энэ нь  Дарь-Эхэд байрладаг. Тэнд бид өөрсдийн саваа байршуулсан. Шил өгөхийг хүссэн хүмүүс тэнд очоод өгөх боломжтой. Одоогийн байдлаар ажил маань хараахан жигдрээгүй, эхлээд 10 гаруй хонож байгаа учраас сайн дураараа шил өгөх хүмүүст зориулж ганцхан цэг гаргаад байгаа нь тэр юм.

-Цаашдаа цэгүүдийн тоог өргөжүүлэх тал дээр ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Өргөжөөд, хөлжөөд ирэхээрээ дүүрэг бүрт цэг байгуулахаар төлөвлөж байгаа.

-Танайх цаас дахин боловсруулахдаа шалгуур тавьдаг юм билээ. Жишээлбэл гадуураа шохойтой, скочтой цаасыг дахин боловсруулах боломжгүй учраас авахгүй гэх зэрэг. Шилний хувьд энэ мэт шалгуур бий юу?

-Шилний шалгуурын хувьд цаасан наамал шошготой нь өгч болно, чанамал бүтээгдэхүүний шил байж болно гэхдээ таг нь хэрэггүй. Машины цонхны шил авахгүй. Дундаа цавуутай учраас бидний боловсруулалтаас арай өөрөөр задалдаг. Шаазан эдлэл нь шил биш учраас орохгүй. Эдгээрээс бусад бүх тунгалаг, өнгөт хамаарахгүй авч байна. Бас цэвэр байвал бидний ажлыг нэг алхмаар ч болов хөнгөлж байгаа нь тэр.

-Түрүүн үйлдвэр баригдана гэж яриандаа дурдсан. Энэ талаар мэдээлэл өгөөч.

-Үйлдвэрийг 2022 онд ашиглалтад оруулах төлөвлөгөө гаргасан. Одоогоор баригдах шатандаа явж байгаа. Гэхдээ цаг, үе үнэхээр яаж ч мэдэхээр байгаа учраас баттай хугацаа хэлж чадахгүй нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button