НийгмийнСурвалжилга, Нийтлэл

ФОТО СУРВАЛЖИЛГА: Цаст хайрханы өвөрт “эрхэлсэн” ВАНСЭМБЭРҮҮ

Өглөөний 08:00 цаг. Өндөр хадтай уулыг бүслүүрдэн алхана. Хад, чулуунд торж, халтирч унахгүйн тулд нуруугаа үл ялиг бөгтийлгөн хоёр гараараа ургаа хаднаас зуурч, хөндий чулуун дээгүүр харайна. Ийн алхаж, харайж яваа хүмүүс бол Увс аймгийн Ховд сумын Рашааны амыг зүглэн яваа аялагчид. Тэдний араас би ч бас Вансэмбэрүү цэцэг үзэхээр сармагчин шиг харайж яваа нь энэ.  

Хоёр цагийн өмнө нь цаст уулсыг шүргэн манан мэт дүнсийж байсан үүлс, уулан дээр яваа бидэнд алс хол. Гараа дээш сарвайсан ч үүлэнд хүрсэнгүй. Харин урагшлах тусам цаст хайрханы жавар “сайн явж ирэв үү” гэх шиг хацар нүүр үнсэн энхрийлнэ. Энэ оргилын салхинд өмсөж яваа хувцас минь туг шиг л дэрвэж, чанад өөр ертөнцөд ирсэн мэт сэтгэл хөөрнө. Салхин цээж нэвтэлж үлээх мэт өгсөх тусам эрчилсээр. Нисэх мэт мэдрэмж, ялгуун бодлыг сарниулж “Хөөх Вансэмбэрүү” хэмээн уулга алдах дуу сонсогдлоо.

Дуу гарсан зүгт яарч хүрвэл цайвар ногоон өнгийн тэргүүнтэй, ногоон иштэй дэлбээгээ хумьсан цэцэг байх нь тэр. “Их ичимхий цэцэг бололтой. Эсвэл эрх цэцэг байх” хэмээн бодох зуур замчилж явсан нутгийн иргэн С.Чангатөмөр “Өглөөгүүр дэлбээгээ нээгээгүй байх шиг байна. Нар жаахан дээшлээд ирэхээр, удахгүй дэлбээгээ нээнэ” гэв. Түүний хэлсэн үнэн бололтой. Вансэмбэрүү цэцэг удалгүй дэлбээгээ нээж, бидэнд өөрийгөө харууллаа. Үнэхээр л дуунд гардаг шигээ үүд хоймрын зайтай ургадаг аж. Үнэрлээд үзвэл хаа ч билээ идэж байсан чихрийн үнэр хамар шүргэнэ.

Вансэмбэрүүг байгалиас авахдаа цэцэг ургасан газарт майхан бариад лусыг аргадан, идээ өргөж, тэнгэрт үзүүлэлгүй эх газрын хүйснээс салгадаг гэдэг. Харин аялагчид ургаж байхад нь шууд тасалж авчих гээд байдаг тухай бидэнд газарчилж явсан нутгийн иргэн С.Чангатөмөр эмзэглэн ярьж байлаа.

Нутгийн иргэн С.Чангатөмөр

Тэрбээр “Вансэмбэрүү цэцгийн сайхныг биширч, харах гэж ирсэн хүнийг, ашиг хонжоо хайж авч явах гэж ирсэн хүнийг хараад андашгүй. Муухай санаа тээж яваа хүмүүст нутгийн иргэд зам зааж өгдөггүй зантай. Зарим нь дур зоргоороо тастаад аваад явчихдаг. Үүний балгаар хэд хоног дараалсан хүчтэй аадар бороо орж, аянга буудаг юм. Яахав Вансэмбэрүүний хатаад уначихсан навчийг бол түүгээд авч болно. Сүүлийн үед хүмүүс уушгинд сайн гээд түүж байх шиг байна” хэмээв.

Бидний алхаж буй уулын зүүн хормойд алдарт ногоон нуур бий. Харин баруунд урд хормойд шар нуур байжээ. Байсан гэдгийн учир нь Увсаас гаралтай цагдаагийн нэгэн том эрхтэн дархтан Вансэмбэрүү ихээр түүж буцсаны дараа байгаль эх хилэгнэж, хоёр нуурын дундах хүзүүвчин дээр аянга буун сэтэлж орхижээ. Эдүгээ Шар нуур байсан өндөрлөгөөс өндрийн нэгэн эрчит гол урссаар Ногоон нууртаа цутгаж байна. Мөнх цаснаас ундаалан цэлийж байдаг үзэсгэлэнт Олон нуурын хөндийн зулай болсон энэ газар уулын зүрхэнд нуугдсан өөр хэд хэдэн үзэсгэлэгт нуур бий гэнэ. Бид цаг гаруй ярилцаж мацсаар уулын бэл дэх Вансэмбэрүү “цэцгийн чуулган” дээр ирлээ. Цэцгийн чуулган алсаас газарт цацсан цагаан чулууд мэт, эсхүл хадан дундах таримал байцай мэт үзэгдэнэ.

Вансэмбэрүүг тэнгэрийн цэцэг хэмээн нэрийдэх нь ч бий. Гурван мянган метрээс дээш өндөрт уулын хад асганд хосоороо ургадаг уг цэцгийн гоо сайхныг яруу найрагч Б.Явуухулан 1972 онд магтан дуулж шүлэглэсэн. Энэ алдартай шүлгэнд Д.Даваасүрэн гуай ая хийснийг олон арван хамтлаг дуучид дуулж, монголчуудын сонсох дуртай дуу болгосон билээ. Вансэмбэрүү дууг аялан уул өөд мацаж, бид ирсэн замаараа буцлаа. 

Богино зайнд чамгүй хүндхэн аялал хийсэн хүмүүс “Байгаль эх сайн сайхнаа хамгийн аглаг, хүрэхэд бэрх газраа оршоодог юм байна” хэмээн уулнаас бууж явахдаа инээд алдан бие биедээ хэлцгээнэ. Цаст уулын хормой, хадат уулын бэлд тэнгэр өөдөө тэмүүлэн ургаж буй Вансэмбэрүү цэцгийг гэрэл зургийг зургийн хальснаа ийн буулгалаа. Аагим зуны өдрүүдэд цаст уулын цэнгэг агаарыг мэдрүүлэх биз ээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Э.БУЛГАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-17 09:17

Гайх�##�тай, анх удаагаа харж байна

Зочин
Зочин
2021-07-17 09:27

Очиж үзмээр сайхан нутаг байна

Зочин
Зочин
2021-07-17 10:13

Эх нутаг минь сайхан шүү. Монгол хүн гадаадад удахаар эх нутгаа л санадаг юм даа. Сайхан эх нутгаараа аялахаас сайхан зүйл �##�га даа. КОВИДоос болоод аялж болохгүй л байна даа. ЭНЭ сайхан цэцгийг таслах хэрэггүй.

Зочин
Зочин
2021-07-17 10:46

Очих зам хэр вэ

Зочин
Зочин
2021-07-17 10:52

ywaad ochigdor irsen. shnbn le

Дэв
Дэв
2021-07-17 11:24

????

Зочин
Зочин
2021-07-17 13:35

Энэ үү ? Зөндөө харж байсан. Тийм уулын орой дээр хайхаар ховор сайхан эд биш.

Зочин
Зочин
2021-07-17 13:51

Hurai hurai

Зочин
Зочин
2021-07-17 14:30

Нутаг усаа битгий дэлгэж гайхуулж бай. Муу санаатнууд очиж сүйтгэнэ. Хог хаяна баана шээнэ бүү нутаг усаа яраь бүү зааж өг

Зочин
Зочин
2021-07-22 09:33

Хятадууд энд тэнд эрж сураад шуудай шуудайгаар н түүсэн зураг фс дээр гарсан шүү эд нараас хамга�##�аарай нутгийн иргэдээ

zovre lioptor
zovre lioptor
2021-07-26 04:00

This web site is my breathing in, rattling wonderful design and style and perfect subject matter.

Холбоотой мэдээ

Back to top button