НийгмийнЯрилцлага

Б.Болороо: Паралимпын шууд дамжуулалтаар тэгш байдлыг л хүсэж дуугарсан юм

Буянжаргалын Болороо. Хөгжлийн бэрхшээлтэй олон мянган иргэдийн дуу хоолой болж, үлгэрлэж яваа түүнтэй паралимпын наадам болж буй цаг мөчид ярилцлаа.

Тэрбээр паралимпын наадмыг телевизүүд шууд дамжуулахгүй буйд та бухимдаж байгаагаа илэрхийлсэн юм. Угаас Ерөнхийлөгч,  Ерөнхий сайд нар паралимпын тамирчдад цахим хуудсаараа дамжуулж, амжилт хүсээгүй. Хар цагаан дуугуй байсан. Иргэд ч нам жим байсан. Б.Болороогийн байр суурь монголчуудад паралимп болж байгаа шүү гэсэн сануулга өгч чадсан билээ.   


-ПАРАЛИМПЫН НЭЭЛТИЙН ӨДӨР БҮХ СУВГИЙГ ГҮЙЛГЭЖ ХАРААД, МАШ ИХ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАГДСАН МЭДРЭМЖ АВСАН-

Паралимпы наадмаас МУГТ Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн өдөр хоёул ярилцаж байна. Та үзэж амжив уу?

- сайн байна уу? Өө үзэлгүй яахав огшоод, бахдаад л үзлээ. Өрсөлдөгчгүйгээр өөрөө өөртэйгөө өрсөлдсөөр байгаад олимпын аварга болно гэдэг чинь хэн хүний чадах зүйл биш шүү дээ. Содномпилжээ аварга маань Монгол Улсын паралимпын түүхэн дэх хоёр дахь алтан медалийг авч, олимпын хошой медальтан боллоо. Үүнээс илүү бахдал гэж юу байхав. Анхны алтан медалийг 2008 оны Бээжингийн олимпоос байт харвааны төрлөөр Д.Баатаржав гуай авч байсан.

Уржигдар манай жүдогийн Н.Алтанцэцэг эгч маань шагналт байранд шалгарсан амжилт үзүүлсэн шүү дээ. Медалийн буухиа тасрах болоогүй, найдвар маш олон байгаа.

Гэхдээ телевизээр шууд дамжуулаагүй болохоор яг олимпын наадмын үеэр тамирчдыгаа үзэж огшсон шигээ огшиж, орон даяараа хамт байж чадсангүй, хувь хүмүүсийн шууд дамжуулалтаас л мэдээлэл авлаа. Үнэхээр харамсалтай байна.

-Паралимпын наадмыг телевизүүд дамжуулахгүй буйд та бухимдаж байгаагаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлж, тэр нь хүмүүст их хүрч, иргэд ч ялгаварлан гадуурхалт гэж үзэж байгаагаа илэрхийлсээр байна. Телевизүүд ивээн тэтгэгч байгууллагагүй, хөрөнгө санхүү дээрээ л мадлуулчих шиг боллоо. Тэгэхээр зүй нь энэ асуудалд дан ганц хэвлэл мэдээлэл гэлтгүй төр санаа тавих ёстой байсан ч юм шиг. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

-Болоод өнгөрсөн олимпын наадмыг бараг л өргөн нэвтрүүлгийн гэгдэх бүх л телевиз шууд дамжууллаа. Одоо ч давталтыг гаргасаар л байна. Ингэж олон телевиз шууд дамжуулахад төр оролцсон болов уу? Би сайн мэдэхгүй. Гэхдээ телевизийн холбоо сайн ажиллаж, эрхээ авсан гэж сонссон. Харин паралимпын нээлтийн өдөр спортын тайлбарлагч, сэтгүүлч Г.Идэр-Ууган “Үзэгчгүй болохоор ивээн тэтгэгч олддоггүй, шууд дамжуулахад зардал ихтэй учир ивээн тэтгэгчгүй болохоор хэцүү. Гэхдээ шууд дамжуулаагүй нь ялгаварлан гадуурхалт мөн” гэж нүүр номондоо оруулсан байсан.

Үзэгчгүй болохоор гэдэг л том шалтгаан байх шиг байгаа юм. Уучлаарай одоо тийм биш. Нэг үеэ бодвол хүмүүс хөгжлийн бэрхшээлийг ойлгодог, хүлээн зөвшөөрдөг болсон. Үүнийг миний оруулсан постыг хэр олон хуваалцсанаас харсан байх. Яг л олимптой ижилхэн хүлээлттэй байсан юм шүү дээ.

Олимпыг олон телевиз шууд дамжуулсан болохоор паралимпыг ч ялгаагүй гаргана гэсэн итгэлтэй байсан. Тэр утгаараа паралимпын нээлтийн өдөр бүх сувгийг гүйлгэж хараад, маш их ялгаварлан гадуурхагдсан мэдрэмж авсан.

Үнэхээрийн гаргая гэж зорьсон бол ивээн тэтгэгч олдох л байсан байх. Өнөөдөр бид нийгмийн хариуцлага гэж их хэлдэг шүү дээ яг энэ асуудал дээр компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих байсан байх гэж бодож байна. Зүгээр л уламжлалт хандлагаараа асуудалд хандаад орхисон биш байгаа гэж харамсаж суусан. Тэгээд нэгэнт энэ удаагийн паралимпыг дамжуулахгүй юм бол ядаж дараагийн 2024 оны паралимпын наадмыг ядаж нэг телевизээр нь гаргуулахын төлөө би дуугарах ёстой гэж бодсон.

Би анх нийгэмд гарч ирэхдээ л хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бусдын адил хүлээн зөвшөөрүүлж, тэгш эрхийг хүсэж нөлөөллийн бичлэг оруулсан. Өнгөцхөн харж байгаа хүмүүс Б.Болороо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ зурагтаар харах гээд гарахгүй болохоор нь бухимдаж бичиж байна гэсэн байсан. Үгүй л дээ, яг л ижилхэн Монгол Улсынхаа нэрийг гаргаж буй тамирчдадаа ижил тэгш хандахгүй байна гэж, тэгш эрхийг хүссэн эсэргүүцэл байсан юм. 

Миний хувьд паралимпын наадмаар дамжуулан хүүхэд багачуудад хүний ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрүүлэх, ойлголт өгөх маш том суваг гэж харж баярлаж байсан юм. Энэ удаагийн үйл явдлаас олон хүн сургамж авсан байх. Дараагийн олимпоор ядаж үндэсний телевизийнхээ спортын сувгаар шууд дамжуулахад анхаарч ажиллах байх гэж найдаж байна.

-ПАРАЛИМП ОЛОН ХОНОГ ГАРНА ҮЗЭЭРЭЙ ГЭЖ ОХИНДОО, ГАНЦ ОХИНДОО Ч БИШ ХАМААТНЫ ДҮҮ НАРТАА ХЭЛЖ БАЙСАН-

-Та охиндоо “Ээж шиг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцдог спортын тэмцээн олон хоног гарна. Миний охин үзээрэй гэж хэлж байсан юм билээ. Харин дараа нь охиндоо хэрхэн тайлбарлав. Таниас асуусан л байх?

-Ер нь бол охиндоо байнга л үлгэрээр дамжуулан хүний ялгаатай байдлыг тайлбарлаж өгдөг юм. Тэгээд охиндоо ээжийнх нь ярьж өгдөг үлгэр дээр гардаг шиг, ээж шиг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцдог тэмцээн гарна үзээрэй гэж хэлж байсан. Ганц охиндоо ч биш хамаатны дүү нарт ч хэлж байсан. Тэр үед охин маань ээжээ таны үзэх дуртай сагсыг хөлгүй хүн яаж тоглох юм гэж асууж байсан. Тэр үед нь би “Хүн болгон гутал өмсөж хоёр хөлөөрөө явах албагүй ээ хөлөөрөө явах боломжгүй хүмүүсийн гутал нь тэргэнцэр болдог юм миний охин өөрөө хараарай” гэж хэлж байлаа. Харин дараа нь надруу хүмүүсийн явуулсан паралимпын сагсны тэмцээний бичлэгийг охиндоо үзүүлэхэд яагаад, яаж гэсэн олон асуултдаа хариулт авсан. Шууд дамжуулсан бол олон хүүхэд энэ хариултыг олж авах байсан.

-Дэлхийн улс орнууд паралимп дээр хэрхэн анхаарч, ажиллаж байгааг анзаарсан л байх. Улс орнуудын туршлагаас, дараа, дараагийн паралимп дээр хэрэгжүүлж болохоор жишиг юу байна вэ?

-Мэдээж сайн туршлагууд олон л байна. Гэхдээ би зохион байгуулагч Япон улсын бага ангийн хүүхдүүдээ хүний ялгаатай байдлыг ойлгодог болгох зорилгоор зохион байгуулалттайгаар паралимпыг үзүүлж байгаа тэр туршлагыг нэвтрүүлмээр байна.

-Ер нь паралимпын наадамд амжилт гаргасан, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан тамирчдаа төр засаг хэр бодитоор үнэлж чаддаг гэж хардаг вэ?

-Бусад тамирчдын нэгэн адил урамшуулдаг болж байгаа. Засгийн газрын 2018 оны “Журам шинэчлэн батлах тухай” 173 дугаар тогтоолоор Олон Улсын Олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнах, урамшуулах харилцааг зохицуулж байна. Энэхүү журмын 1 дүгээр хавсралтад дурдсаны дагуу хөгжлийн бэрхшээлтэй тамирчныг бусад тамирчны нэгэн адил урамшуулдаг болсон юм. Түүнчлэн олимп, дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад сар бүр олгодог урамшуулал паралимпын тамирчдад маань ч ижилхэн олгогдож байгаа.

Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хөгжлийн бэрхшээлтэй хүн олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно” гэж заасан байдаг. Гэвч уг хуульд хөрөнгийн эх үүсвэрийг тодорхой тусгаагүйгээс 2017-2019 оны хооронд олимп, паралимп, тусгай олимп, тивийн болон дэлхийн зэрэглэлийн тэмцээн уралдаанд оролцож амжилт үзүүлсэн тамирчдын урамшуулал олгогдохгүй байсан юм. Харин 2021 оны долдугаар сарын 07-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа энэхүү урамшууллын асуудлыг шийдвэрлэх зорилгоор нэг удаагийн Засгийн газрын тогтоол гаргуулсан юм.

-ХҮҮХДҮҮДТЭЙ НАС НАСАНД НЬ ТОХИРСОН МЭДДЭГ ХЭЛЭЭР НЬ ЯРИХ ХЭРЭГТЭЙ-

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

-Та цахим сүлжээнд өөрийн байр сууриа хүчтэй илэрхийлсээр буй тул энэ асуултыг асуулгүй өнгөрч боломгүй. Энэ жил охин тань нэгдүгээр ангид орно гэсэн. Гэвч та дотроо охиныг минь хүүхдүүд ялгаварлан гадуурхахвий гэсэн айдас тээж яваа юм билээ. Эцэг эхчүүд хүүхдэдээ бусдын ялгаатай байдлыг ойлгож, хүндэтгэлтэй хандахад нь хэрхэн анхаараасай гэж бодож байна?

-Охинтойгоо гадуур цуг явахад, охиныгоо тоглуулахаар авч гарахад учир мэдэхгүй охины маань үеийн хүүхдүүд ээж чинь ямар сонин юм, танай ээж чинь галзуу юм байна гэх зэрэг үг хэлэхээр охины маань нүдний гал нь унтраад их өрөвдмөөр болдог. Гэхдээ хөөрхөн. Миний охин чинь миний ээж мангар биш гээд л өмөөрдөг юм. Яахав саажилттай хүний хувьд хөдөлгөөнөө захирч чадахгүй байгаа байдал, гарын болон толгойн огцом хөдөлгөөн зэрэг нь хүүхдүүдэд эвгүй харагдаж айж, гайхдаг байх. Тэрнээс тэргэнцэр хэрэглэдэг, цагаан таяг хэрэглэдэг хүмүүсийг харж шоолдог, гадуурхдаг үе өнгөрсөн шүү дээ.

Нэг үеэ бодвол хүмүүсийн хандлага ч өөр болж байгаа. Японы Ототакэ Хиротода гэдэг зохиолчийн “Амьдрал ямар сайхан гээч” гэдэг номонд гардаг шиг томчууд л хүнийг ялгадаг, харин хүүхдүүдэд хэлж ойлгуулахад ялгадаггүй гэдэг яг үнэн шүү. Намайг харж айж, гайхаж байгаа хүүхдүүдэд ямар ч буруу байхгүй тэд юу ч мэдэхгүй юм чинь аргагүй шүү дээ, тайлбарлаж ойлгуулах нь томчууд бидний үүрэг, хариуцлага. Хүүхдүүдтэй нас насанд нь тохирсон мэддэг хэлээр нь ярих хэрэгтэй. Энд заавал ном товхимол хэрэггүй шүү дээ. Үлгэрээр нь тоглоомоор нь дамжуулж ойлгуулж болно. Одоо юм хөгжсөн үед youtube-ээс бичлэг үзүүлсэн ч болно шүү дээ.

Гэхдээ хэн ч хүнийг санаатай ялгаварлан гадуурхдаггүй, ихэнх нь мэддэггүй, анзаардаггүй юмаа. Намайг нүүр номондоо есдүгээр сарын 1-тэй холбоотойгоор “Эцэг эхчүүдээ та бүхэн хүүхдүүдтэйгээ хүний ялгаатай байдал, хөгжлийн бэрхшээлийн талаар ярилцсан уу? хүүхэд тань ангид нь хөдөлгөөний бэрхшээлтэй, аутизм болон даунтай, бүр саажилттай хүүхэд орж ирээд суралцахад шоолж гадуурхахгүй хамт суралцахад, нөхөрлөхөд бэлэн үү? та өөрөө бас бэлэн үү?” гэсэн пост оруулахад маш их хүн энэ талаар ярилцаж байгаагүй юм байна, бодож байгаагүй юм байна, хүүхдээ мэддэг гэж бодоод явсан нээрээ л ярилцах хэрэгтэй юм байна гэж их эерэгээр хүлээж авч байсан. 

-БИД НЭГ ХААЛГААР ОРДОГ ТЭГШ НИЙГМИЙГ, ТИЙМ БОДЛОГО ШИЙДВЭРИЙГ Л ХҮСДЭГ-

-Миний асуугаагүй, таны ярихыг хүссэн зүйл байна уу?

-Паралимптай холбоотой олон л хүн үзэл бодлоо илэрхийлж над руу хандаж байна, тэр дотор “Угаасаа паралимпыг дамжуулдаггүй” гэх хүмүүс ч байгаа. Одоо энэ хандлагаасаа л салъя, энэ бол цаанаас тогтоосон дүрэм биш. Яаг үүнтэй ижилхэн саяхныг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өөр ертөнцийнх юм шиг ойлгож тусгай сургуульд л сурах ёстой гэдэг хандлага давамгайлж байсан. Харин одоо хөгжлийн бэрхшээлийг хүний ялгаатай байдал гэж хүлээн зөвшөөрч, ЕБС-д тэгш хамруулан сургах ёстой гэж үздэг болоод орчин бүрдүүлэхийн төлөө бодлого шийдвэр гарган ажиллаж байна. 

Түүнчлэн сүүлийн үед “Хөгжлийн бэрхшээл” гэдэг нэр томьёог муухай солих хэрэгтэй гэх мэт яриа их явж байна. Яахав нэр томьёо цаг үеэ даган өөрчлөгддөг. Гэхдээ хөгжлийн бэрхшээл гэдгийг “Тусгай хэрэгцээт иргэн” гэдгээр л сольж болохгүй. Тусгай хэрэгцээт иргэн гэдэг нэр томьёо бусад улс оронд ч хөгжлийн бэрхшээлийн салбарын хөгжлийн явцад яригдаж байсан. Харин НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдэн орсон улс орноос энэ нэр томьёог сонгосон улс орон ер нь байхгүй. Тусгай хэрэгцээ гэдэг нэр томьёог зөвхөн боловсролын салбарт л 1960-аад оноос хойш хэрэглэж ирсэн. Үүнийг ганц Б.Болороо хэлээд байгаа юм бишээ НҮБ-ын болоод ESCAP-д ажилладаг экспертүүд ийм л байр суурьтай байдаг.

Тусгай хэрэгцээ гэдэг үг тусгай эрхийг автоматаар шаарддаг, нийгэмд тэгш хамруулах гэхээс илүү ялгарлыг бий болгодог гэж олон улсын судлаачид үздэг. Тийм учраас энэ нэр томьёоноос татгалздаг юм. Дэлхий нийтэд Persons with Disability, Disabled person гэсэн хоёрхон нэршил бий. Англи улс хөгжлийн бэрхшээлийн ойлголт хандлагад хүний эрхийн, нийгмийн загвар /хөгжлийн бэрхшээл нь хүндээ биш нийгэмдээ байдаг гэж үздэг хандлага/-ын байр сууриас харж ирсэн учраас Disabled person гэж хэлдэг. Харин бусад улс оронд PwD гэдэг ерөнхий нэршлээрээ явж байгаа. Дүгнээд хэлэхэд бид тусгай хэрэгцээт иргэн гэдэг нэр томьёог ашиглаж ирвэл маш том ухралт хийж, НҮБ-ын конвенцод нэгдсэний хэрэг гарахгүй. НҮБ-ын хүний эрхийн хорооноос Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн зөвлөмжид хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ нийгмээс тусгаарлахгүй байхыг онцгойлон анхааруулсан байдаг юм.

Би ажлын шугамаар олон ч төрийн байгууллагын сайд, удирдлагуудтай уулзаж асуудлаа ойлгуулах гэж явдаг. Энэ үед ихэнх дарга нарын шийдэл нь тусад байшин барилга барьж өгөх байдаг, маш их ярилцсаны үр дүнд бид таны үйлчлүүлдэг эмнэлгээр, банкаар, кино театраар үйлчлүүлэх эрхтэй гэдгийг ойлгуулдаг. Тэр ч бүү хэл телевизийн мэдээллийг хүртээмжтэй хүргэх зорилгоор дохионы хэлмэрчийн асуудал яригдахад олон ч удаа “Өө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусад нь телевиз байгуулаад өгчихье” гэсэн олон хүнтэй таарч байсан. Энэ шийдэл биш энэ бол ялгаварлан гадуурхалт, тусгаарлалт юм шүү.

Бид нэг хаалгаар ордог тэгш нийгмийг, тийм бодлого шийдвэрийг л хүсдэг юм. Бүгд л адил эрхтэй. Харин хүн бүр ялгаатай төрдөг юм. 

Эцэст нь “Хөгжлийн бэрхшээл” бол тухайн хүндээ бус хүртээмжгүй байгаа орчин, хүртээмжийг бүрдүүлж өгөхөөс татгалзаж байгаа, нийгмээс тусгаарлаж байгаа хүмүүсийн хандлага буюу нийгэмдээ байдаг юм.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

Холбоотой мэдээ

Back to top button