НИЙГЭМ

“Ноолуурын салбар дахь тогтвортой байдал” цахим хурал болно

Их Британид төвтэй олон улсын ашгийн бус байгууллага болох Тогтвортой ноос ноолуурын эвсэл ноолуур бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч 100 гаруй гишүүдээ нэгтгэсэн “Ноолуурын салбар дахь тогтвортой байдал” цахим хурлыг зохион байгуулах гэж байна. Энэ сарын 14-16-ны хооронд гурав хоног үргэлжлэх тус хурлаар ноолуурын түүхий эдийг байгальд хор нөлөө багатай, хариуцлагатай, ил тод зарчмаар бэлтгэн нийлүүлэх арга туршлага, чиг хандлага болон сорилтуудын талаар хэлэлцэнэ.

Хэдийгээр Монгол Улс дэлхийн нийт ноолуурын 40 хувийг дангаар нийлүүлж байгаа нь сайшаалтай үзүүлэлт болов байгаль орчинд үзүүлж буй хор нөлөө, бэлчээрийн доройтол нь тулгамдсан асуудал хэвээр байна. ТННЭ 2015 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн мал маллах, бэлчээр ашиглах, байгальд хор уршиг багатайгаар ноос ноолуур бэлтгэх дадал болон мал амьтны ая тухтай байдлыг хангах олон улсын таван стандартыг малчдад хэвшүүлж, хэрэгжилтийг хянаж эхэлсэн юм. Эдгээр дадал, стандартыг баримталсан малчид самнасан ноолууртаа “SFA Certificate” буюу “мөшгөгдсөн ноолуур” гэх шошго хадах эрхтэй болдог. Ийм шошготой ноолуур үнэ цэнтэй, өндөр чанартай байх бөгөөд дэлхийн топ брэндүүд тогтвортой буюу байгальд хор нөлөө багатай, хариуцлагатай, ил тод гэх статусаа хадгалахын тулд энгийн аргаар бэлтгэсэн ноолуураас илүүд үздэг.

Одоогийн байдлаар ТННЭ Үлэмж Кашимер, Ханбогд тэргүүтэй олон жилийн туршлагатай бэлтгэн нийлүүлэгчид болон 21 аймаг дахь малчдын хоршоодтой хамтран ажиллаж 2020 онд 90 гаруй тонн “мөшгөгдсөн” ноолуурыг дэлхийн зах зээлд нийлүүлсэн. Худалдан авагчдын дунд тогтвортой түүхий эдийн эрэлт нэмэгдэж байгаа тул ТННЭ 2024 он гэхэд 2,000 тонн ноолуур экспортлох зорилт тавин ажиллаж байна. Өнгөрсөн оны нийт экспортын 44.4 хувийг хамгийн том нийлүүлэгч болох Үлэмж Кашимер болон Ханбогд нар нийлүүлсэн бөгөөд ТННЭ-ийн сүлжээ  холбосон сүлжээ өргөжихийн хэрээр эрэлт нь нийлүүлэлтээ давах дүр зураг харагдаж байна.

Дэлхийн ноолуурын зах зээлийн цаашдын чиг хандлагаас хоцрохгүйн тулд ТННЭ нь “Ноолуурын салбар дахь тогтвортой байдал” цахим хурлыг хоёр жил тутам зохион байгуулж бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч талуудын уулзах цэг болж байна. Ингэснээр салбарт тулгамдаж буй цаг үеийн асуудлуудад шийдэл эрэлхийлж, туршлага солилцохос гадна түншлэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зэрэг олон давуу талыг үндэсний үйлдвэрүүд, бэлтгэн нийлүүлэгчдэд олгож байгаа юм.

Цахим хурлын хамтаар Олон улсын цахим үзэсгэлэн яармаг эхлэх бөгөөд үүнд дэлхийн топ брэндүүд болох Dior, Gucci, Burberry зэргийн хамт дотоодын тансаг зэрэглэлийн ANNA, Oyuna нарын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон дотоодын томоохон бэлтгэн нийлүүлэгчид олон улсын худалдан авагчдад түүхий эдээ сурталчлах юм. ТННЭ ийнхүү бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч бүх талуудын үйл ажиллагааг уялдуулах, дэмжих, тогтвортой үйлдвэрлэлд чиглүүлэх, олон улсад сурталчлан холбох цогц ажлыг хэрэгжүүлж байна.

Цахим хурал болон үзэсгэлэн яармагт оролцох хүсэлтэй хувь хүн, байгууллага энэхүү холбоосоор орж бүртгүүлнэ үү. 

Дээрх мэдээлэлтэй холбоотой нэмэлт мэдээлэл, тодруулга авах бол Үйл ажиллагаа хариуцсан менежер Э.Уянгын 8811-6071 утсаар холбогдоно уу.

Тогтвортой ноос ноолуурын эвсэл (Sustainable Fiber Alliance)-ийн тухай

Тогтвортой ноос ноолуурын эвсэл нь Лондон хотод төвтэй ашгийн бус байгууллага бөгөөд 2015 оноос ноолуурыг тогтвортойгоор үйлдвэрлэх нэгдмэл зорилготой эрдэм шинжилгээний судалгааны байгууллагууд, хөгжлийн санаачилгууд, төрийн бус байгууллагуудыг багтаасан бие даасан, өрсөлдөөнт биш байр суурийг баримталж, нийлүүлэгч болон брэндүүдийг эгнээндээ нэгтгэсээр байна.Бидтогтвортой ноолуурын бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд Мал аж ахуй эрхлэх, ноолуур бэлтгэх, Бэлчээр ашиглах, Цэвэр ноолуур боловсруулах зохистой дадалыг нэвтрүүлэн, хэрэгжилтийг хангадаг.

Түүнчлэн малыг өлдөж, цангаахгүй, тав тухтай, бэртэлт, зовиур, өвчин эмгэггүй, айдас түгшүүрээс ангид, жам ёсны авир аашаар нь байлгах буюу амьтны эрхийг хамгаалах олон улсын 5 стандартыг хангуулж байгаа нь ТННЭ-ийн байгаль орчныг хамгаалах чиглэлд хийж байгаа олон санал санаачилгын нэг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button