ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

В.Путиныг зовоогч “Европын сүүлчийн дарангуйлагч” хэмээх А.Лукашенко гэж хэн бэ

Карьер: улс, нийгмийн зүтгэлтэн, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч

Мэндэлсэн он:               1954/08/30

Зурхайн орд:                  Охин

Дорнын зурхайгаар:      Морь жилтэй

Мэндэлсэн газар:           Хуучнаар ЗСБН Беларусь улсын Витебск муж

Биеийн өндөр:               182 см

Гэр бүлийн байдал:       Гэрлэсэн, эхнэр Галина Лукашенко

НАМТАР

Александр Григорьевич Лукашенко — бол Беларусь улсын анхны бөгөөд цорын ганц Ерөнхийлөгчөөр 26 жил төрийн эрхийг барьж байгаа хүн. Беларусийн ард иргэд түүнд хорь гаруй жил ийнхүү өнөөдрийг хүртэл итгэл хүлээлгэсээр ирсэн. Харин Дэлхий дахин түүнийг “Европын хамгийн сүүлчийн дарангуйлагч” хэмээн нэрлэдэг нь түүнийг ардчилалгүйгээр төрийн эрх барьдаг гэж дүгнэдэгтэй холбоотой.

ХҮҮХЭД НАС. ЗАЛУУ НАС

Александр Лукашенко нь 1954 оны наймдугаар сарын 30-нд Беларусийн Витебск мужийн Копысь тосгонд мэндэлсэн. Ирээдүйн Беларусийн Ерөнхийлөгч Лукашенког эх нь ганцаараа өсгөсөн бөгөөд эх Екатерина Трофимовна нь фермд саальчнаар ажиллаж байжээ.

Учир нь, түүний эцэг, эх тусдаа амьдардаг байж. Лукашенко эцэг нь ямар хүн болох талаар ямар ч ойлголтгүй байсан аж. Зөвхөн ой модчин байсан гэдгээс өөр зүйл мэддэггүй өссөн байна. Лукашенко гарал үүслийн хувьд белорусь гаралтай ч түүний өвөг эцэг Трофим Иванович Украйн гаралтай нэгэн байжээ.

Түүний хүүхэд нас Днепровск хамтралын төв Александрии тосгонд өнгөрөөжээ. Тосгоны хүүхдүүдтэй тоглож наадан, тэндэхийн дунд сургуульд сурч байв.

Аль бага байхаасаа л тэрбээр ээждээ тусалдаг сайн жаал байв. Өсвөр насан дээрээ мод түлээ хагалж, өвс хадаж, тэр ч байтугай үнээ саадаг байсан байна. Гэр орны хүнд хүчир ажилд түүртэлгүйгээр хичээл сурлагандаа ч сайн дүнтэй суралцаж, улмаар хөгжмийн сургуулийн баян хуурын ангийг амжилттай төгссөн аж. Чөлөөт цагаараа мөн шүлэг, яруу найраг зохиодог байв.

ХУВИЙН АМЬДРАЛААС

Александр Лукашенкогийн хувийн амьдрал нь улс төрийн карьер шиг нь тогтвортой байсангүй. 1975 онд тэрбээр сургуулийн найз Галина Желнеровичтой гэрлэв. Удалгүй тэд хоёр ч хүүхдийн аав, ээж болцгоосон байна. Ууган хүү Виктор Лукашенко нь өнөөдөр Беларусийн Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд Беларусийн тэргүүний зөвлөхөөр ажиллаж байна. Харин удаах хүү Дмитрий Лукашенко нь Ерөнхийлөгчийн дэргэдэх Спортын Клубын Төв Зөвлөлийг тэргүүлдэг.

Ерөнхийлөгч Лукашенко сүүлийн хэд жилүүдэд эхнэрээсээ албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй ч хамт амьдрахгүй байгаа гэх мэдээлэл Беларусийн хэвлэл мэдээллээр цацагдах болсон.

Эхнэр Галина Лукашенко нь Рыжковичи тосгонд өөрийн гэртээ амьдардаг бөгөөд нөхрийнхөө байнгын хамгаалалтад байдаг гэсэн мэдээлэл бий. Үүнтэй холбоотой ямар ч тайлбар, мэдээллийг хэвлэлийнхэнд өгдөггүй аж.

Албан ёсны мэдээллээр бол 2004 онд Ерөнхийлөгч Лукашенко гэрлэлтээс гадуур Николай гэх хүүтэй болсон байна. Хэвлэл мэдээллийнхний мэдээлснээр Николай хүүгийн эх нь Ерөнхийлөгчийн гэр бүлийн эмч Ирина Абельская гэх эмэгтэй ажээ.

Лукашенко нь хоёр зээ, таван ач охины өвөө бөгөөд тэрбээр тэдэндээ аль болох их цаг зарцуулахыг хичээдэг байна. Нэр нөлөөтэй өвөөгийнхөө анхаарал халамж дутахыг бараг анзаардаггүй өсч байгаа. Учир нь, тэд гэр бүл дотроо хамгийн хайр халамж татдаг байна.

2008 онд ууган хүү Виктор Лукашенкогийн том охин нь “Хар муурны нуруун дээр” гэх киноны гол дүрийг бүтээсэн гэсэн мэдээлэл ил болж байжээ. Харин түүнээс хоёр жилийн дараа “Лааны гэрлээр мэргэлэх нь” гэх оросын олон ангит киноны жүжигчдийн багт орсон талаархи мэдээлэл гарч байв.

Ерөнхийлөгч Лукашенко чөлөөт цагийнхаа ихэнхийг хоккейн спортод зориулдаг нэгэн. Түүний өөр нэг хобби бол цанын спорт. Тэрбээр бие хамгаалагчдаасаа гадна ажлын хамтрагчид төдийгүй бусад улс орны өндөр албан тушаалтнуудтай цанаар өрсөлддөг байна.

Лукашенко нь хэд хэдэн удаа “Шөнийн хоккейн лиг”-т оролцож байсан удаатай. жээ. 2013 оны тэмцээний үеэр түүний хоёр хүү Беларусийн багт оролцож байжээ.

Байнга биеийн тамир спортоор хичээллэдэг болохоор Лукашенко эрүүл мэндийн талаар “өвдлөө” гэж хэлж байгаагүй аж. Гэсэн ч, нэг хэсэг түүнийг цус харвасан гэсэн яриа тархаж байсан удаатай.

Лукашенко нэг бус удаа сайхан бүсгүй шалгаруулах тэмцээний шагналт байруудад шалгарч байсан залуу бүсгүйчүүдтэй нэр холбогдож байв. Дарья Шманай, Алина Роскач, Мария Василевич гэх зэрэг протокол хөтөлдөг залуухан ажилтнуудтай олон нийтийн хурал цуглаанд оролцдог гэсэн “хардалт” бий.

БОЛОВСРОЛ

Ахлах сургуулиа төгссөний дараа тэрбээр Могилёвийн Багшийн Дээд Сургуульд түүхийн тэнхимд элсэн орсон байна. 1975 онд Шклов хотын нэгдүгээр дунд сургуулийн Комсомолын Хорооны нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байв. Тэндээ хэдхэн сар ажиллаж байгаад дараагаар нь цэргийн албанд татагдав.  “КГБ” буюу Улсыг Аюулаас Хамгаалах Хорооны хилийн цэргийн ангид алба хаажээ.  

Цэргээс халагдсаны дараахи жилүүдэд Могилёв дахь Худалдааны Ардын Комиссариатын Орон нутгийн худалдааны ерөнхий газарт нарийн бичгийн даргаар ажилласан байна. Ингээд 1979 онд ЗХУ-ын Коммунист Намын гишүүнээр бүртгэгдэж, харин 1980 онд ахин хоёр дахь удаагаа цэргийн алба хаав. Энэ удаад тэрбээр танкийн батальоны командлагчаар хоёр жил ажиллав. Одоо Лукашенко дэд хурандаа гэсэн цэргийн цолтой.

Хоёр дахь удаагаа цэргийн алба хаасны дараагаар Лукашенко нь Шкловийн хамтралын орлогч даргаар томилогдож, улмаар тус районыхаа барилгын материалын үйлдвэрийн орлогч захирлын албыг тус тус хашиж байв.

Харин 1985 онд тэрбээр Белорусийн Хөдөө Аж Ахуйн Академийн эдийн засаг мэргэжлээр эчнээ ангийг төгсөж хоёр дахь дээд боловсролын зэрэгтэй болсон байна. Түүнчлэн “Городец” хэмээх Улсын хөдөө аж ахуйн хамтрал нэгдлийг удирдаж, ирээдүйн улс төрийн карьерийнхаа эхлэл суурийг тавьсан гэлцдэг.

Лукашенко “Перестройка” буюу улс төр, эдийн засгийн шинэ “Өөрчлөн байгуулалт”-аар анх удаагаа тариалангийн аж ахуйд түрээсийн гэрээ гэгчийг шинээр нэвтрүүлж эхэлсэн байна. Үүний үр дүнд олон жил үр ашиггүй ажиллаж байсан хамтрал, нэгдэлүүд богино хугацаанд дэвшилтэт аж ахуй болон хувирсан аж. Энэ бүхнээс харвал тэрбээр идэр, залуу наснаасаа л удирдан чиглүүлэх ажилд шаггүй амжилт гаргасаар иржээ.

УЛС ТӨРИЙН АМЬДРАЛ

Александр Лукашенко «Городец» хамтралд гаргасан амжилтынхаа ачаар улс төрийн тогоо руу орсон байна. Түүний хүчин чармайлт, гавьяаг ЗХУ-ын дээд удирдлага өндрөөр үнэлж, Москва хотод уригдан, хуучнаар Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Беларусь Улсын Ардын Депутатаар сонгогдсон аж.

ЗХУ бутран унасны дараагаар түүний төрж өссөн Беларусь орон нь бүрэн эрхт улс болсноор түүнийг эрх мэдлийн “босоо тэнхлэг” рүү хурдацтайгаар “авирч”, толгой эргэм улс төрийнхөө карьераа цогцлоох боломжийг олгосон юм.

Улмаар ард түмнийг хамгаалагч, авлигал хээл хахуульд автсан эрх баригчдын эсрэг тэмцэгч гэсэн алдар нэрийг бий болгож, сонгогчдын итгэлийг олсон улс төрч болсон байна. Гэр бүлээс гадуурхи амрагийн асуудалд нэр холбогдсон ч төрийн өндөр эрх мэдэлд хүрч чаджээ. Лукашенкогийн ил тод үйл ажиллагаа нь түүнийг тухайн үеийн хамгийн алдартай улс төрч болох боломжийг олгож, өөрийгөө олон тооны хамтрагчдаар хүрээлүүлж чадсан юм.

Харин түүнийг төлөвлөгөөгөө өөрчилж эхлэх үеэр түүний багийн ихэнхи гишүүд түүнийг орхин, сөрөг хүчнийхний талд элсэн орсон байдаг. Заримынх нь хувьд Лукашенког орхисноороо улс төрийн карьераа дуусгахад хүргэсэн аж. Гэсэн ч, ирээдүйн Беларусийн төрийн тэргүүнийг дэмждэггүй цөөн хэдэн хүмүүс л эрх мэдлийн дээд шатанд үлдэх боломжтой байв.

БЕЛАРУСИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ

Александра Лукашенкогийн сонгуулийн өмнөх хөтөлбөр нь сүйрлийн ирмэгт тулаад байсан эдийн засгийг аврах байр суурь дээр үндэслэсэн байна. Беларусийн ард олон ч Лукашенког 1994 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхийг нь дэмжиж байсан юм. Ингээд эцэст нь тэрбээр 80 гаруй хувийн саналаар тусгаар тогтносон Бүгд Найрамдах Беларусь Улсын анхны ерөнхийлөгч болсон юм.

Улс төрийн “тодорсон” удирдагч Александр Лукашенко засгийн эрхэнд гарсан даруйдаа Бүгд Найрамдах Беларусь Улсыг хямралаас гаргах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэв.

Тэрбээр Ерөнхийлөгчийн албанд очсон эхний өдрөөсөө л эхлэн бүх нийтийн санал асуулга явуулж, Орос хэлийг төрийн статустай болгож, “залуухан” улс орныхоо төрийн далбаа, сүлдийг бий болгож, Орос улстай харилцах улс төрийн зохицуулалтыг баталжээ.

Лукашенкогийн ачаар 1995 онд Беларусь, ОХУ-ын хооронд төлбөрийн болон гаалийн холбоо байгуулагдаж, ОХУ-тай найрамдал, хамтын ажиллагаа зузаатган, найрсаг хөршийн гэрээ хэлэлцээрийг байгуулж чадсан юм. Жилийн дараахан эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Казахстан Улстай харилцан зохицуулалтыг хийжээ.

1996 оны арваннэгдүгээр сард тэрбээр Үндсэн хуулийн шинэчлэлийг хийж, Ерөнхийлөгчийн албыг таван жилийн хугацаатай байхыг дахин эхлүүлж, их эрх мэдлийг олж авсан ч АНУ болон Европын Холбоо хүлээн зөвшөөрөөгүй байдаг.

Лукашенкогийн Ерөнхийлөгчийн албанд очсон хоёр дахь бүрэн эрхийн хугацаа 2001 онд эхэлсэн ба сонгуулийн эхний шатанд тэрбээр нийт сонгогчдын 75-аас дээш хувийн санал авав. Гэсэн ч, тухайн үед Дэлхийн хамтын нийгэмлэг болон Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага /ЕАБХАБ/-аас Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийг олон улсын стандартад нийцээгүй гэж мэдэгдэж байлаа. Харин ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин сонгуульд ялалт байгуулсанд нь олны өмнө Александр Лукашенкод өөрийн биеэр баяр хүргэж байсан түүхтэй.   

Хоёр дахь удаагаа засгийн эрхэнд гарч төрийн тэргүүнээр сонгогдохдоо  Орос улстай маргаантай улс төрийн бодлого явуулж эхэлсэн юм. Лукашенко, Путин хоёр удирдах түвшний асуудлуудад, нэгдсэн валют нэвтрүүлэх тал дээр буулт хийх гарц шийдлийг олж чадаагүй байна. Үүнээс гадна, Орос, Беларусийн удирдагчдын хоорондын нөхцөл байдал Оросын талаас Беларусь Улсад нийлүүлэх хийн нийлүүлэлт буурч, бүрэн зогссон “тос дээр гал нэмсэн”-тэй адил улам хурцадаж эхэлсэн байдаг.

Харин эдийн засгийн хувьд Лукашенко чамгүй амжилтад хүрч, олон нийтийн санал асуулгыг 3 дахь удаагаа явуулж, Үндсэн хуулиндаа мөн л өөрчлөлт оруулан, нэг хүн хоёр дахь удаагаа ерөнхийлөгчийн албыг хашихгүй гэсэн хязгаарлалтыг цуцалсан юм. Гэсэн ч, өмнөх хоёр санал асуулгын нэгэн адилаар 3 дахь санал асуулгын дүнг АНУ болон Евро-Холбоо мөн л хүлээн зөвшөөрөөгүй юм. Ингэд тэд Беларусь улсын эсрэг болон Лукашенкогийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэлсэн байдаг.

Үүний хариуд нь төрийн тэргүүн Лукашенко өөрийн улс төрийн чиг баримжаанаас алхам ч ухарсангүй. Тэрбээр, Беларусьт «өнгөт хувьсгал» хийгдэхгүй, барууны дээрэмчдийг улс оронд нь өөрсдийн “дэг журам”-аа тогтоохыг нь яасан ч зөвшөөрөхгүй – гэж мэдэгдэж байлаа.

2006 оны 3 дугаар сард Беларусьт Ерөнхийлөгчөө сонгох 3 дахь удаагийн ээлжит сонгууль өрнөв. Александр Лукашенко мөн л сонгогчдын 83 гаруй хувийн саналаар ахин Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Гурав дахь удаагаа төрийн тэргүүнээр сонгогдчихоод атомын цахилгаан станц барих шийдвэр гаргасан нь улс эх орноо хямд төсөр цахилгаан эрчим хүчээр хангаж, байгалийн хийн импортоос жилд нэг тэрбум америк доллар хэмнэх боломжийг олж харсан байдаг.

Өөрийн байр суурь, беларусийн ард түмэндээ зориулсан хайр энэрэл, үнэнч зангаа хадгалсан хэвээр Александр Лукашенко 2010 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дөрөв дэх удаагаа дахин ялалт байгуулав. Сөрөг хүчнийхэн болон Барууныхан түүний ялалтыг хуурамч гэж үзэж байв. Гэсэн ч, энэ удаад Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын ажиглагчид сонгуулийг ил тод, ардчилсан байдлаар шударга явагдсан хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг.

Дөрөв дэх удаагийнх нь Ерөнхийлөгчийн алба их л хүнд хэцүү үеэр тохиосон юм. 2011 онд Беларусь валютын гүн хямралд орсон байлаа. Учир нь, рублийн америк доллартай харьцах ханш 189% -иар буурсан байсан үе тохиосон. Гэсэн ч, Беларусийн төрийн тэргүүн улс оронд нь эдийн засгийн хямрал болсныг хүлээн зөвшөөрөлгүйгээр, өөрийн сонгосон чиг шугамын дагуу улс төрийн бодлогоо авч хэрэгжүүлсэн юм.

2015 онд Лукашенко Ерөнхийлөгчийн сонгуульд тав дахь удаагаа оролцов. Мөн л итгэл дүүрэн ялалт байгуулж, төрийн тэргүүн болов. Төрийн эрхийг 20-иод жил хашсанд нь ард иргэдийнх нь дунд түүнээс “залхсан” хүмүүс байгааг ч тэрбээр үгүйсгээгүй байна. Ямартай ч, ард түмний түүнд итгэсэн “итгэл найдварын түвшин”-д нөлөөлж чадаагүй юм.

Беларусийн олон нийт Лукашенкогийн хүү Николай Лукашенкогийн хувийн амьдралынх нь талаар мөрдөж мөшгиж эхэлсэн байна.

“Мөнхийн эрхэт” төрийн тэргүүний бага хүү эцгийн хамтаар албан ёсны арга хэмжээ, уулзалтуудад байнга л хамт яваа харагддаг. Үүнийг нь сэтгүүлч, сурвалжлагчид дүгнэхдээ, эцэг нь хүүгээ Николайгаа дараагийн Ерөнхийлөгч болоход бэлтгэж байгаа хэрэг гэх болсон.

Хэвлэл мэдээллийнхэн Лукашенкогоос хүүгийнх нь талаар ам л нээвэл асууж шалгаадаг болсон байна. Гэсэн ч, тэрбээр хүүдээ “ийм хувь заяа”-г хүсэхгүй байгаа гэж яаран сандран мэдэгддэг аж.

Сошиал сүлжээгээр Лукашенко нэлээд анхаарлын төвд байдаг. түүний хурц, тод үг хэллэгүүд олны анхаарлыг өөрийн эрхгүй татдаг увидастай гэж хэлж болно. “Инстаграм” болон бусад сүлжээгээр түүний үг, үйлдлүүд түүнийг “сошиал ертөнцийн баатар” гэж цоллоход ч хүргэдэг аж.

Александр Лукашенко янз бүрийн уулзалт, хурлын үеэр бусад улс төрчдийн хооронд ямар нэгэн үл ойлголцол гарвал цаг үеэ мэдэрч, онигоо ч юм уу хөгжилтэй яриа өрнүүлж “хүнд уур амьсгалыг” дор нь сэргээж, эерэг хандлага руу оруулдаг хошин шогийн өндөр мэдрэмжтэй.

ОРОСЫН ТАЛААРХИ ТҮҮНИЙ БОДОЛ

Лукашенко үргэлж хөрш улстайгаа хүчтэй найрамдалт харилцаатай байхад  анхаарсаар ирсэн улс төрч. Зөвхөн түншийн харилцаа төдийгүй “цусан төрлийн барилдлагаатай ахан дүүсийн харилцаа” -г эрхэмлэсээр иржээ. Гэсэн ч, түүний ингэж мэдэгддэг нь 2016 оноос өөрчлөгдсөн байдаг.

Лукашенко Үндэсний Ассемблейд үг хэлэхдээ, Орос улстай эвсэн хамтрах нь чухал гэдгийг онцолсон ч Беларусийн байр суурийг үл тоомсорлож байгааг нь зэмлэсэн.  

“Бид Орос оронтой ах дүүгийн харилцаатай. Гэхдээ, бид зараалд нь гүйдэг жаал нь биш шүү” хэмээн шүүмжлэлтэй хандсан шударга үгийг хэлж байсан юм.

2017 онд Хэвлэл мэдээллийнхэнтэй хийдэг ээлжит уулзалтынхаа үеэр Лукашенко түншлэлийн гэрээгээ зөрчсөн гэж Орос улсыг зэмлэн буруушааж байв. Тэрбээр Беларусь, Оросын хооронд бараг жил гаруй үргэлжилж буй газрын тос, байгалийн хийн маргааныг Оросын “тохуурхал” хэмээн нэрлэсэн.

Учир нь, газрын тос-байгалийн хийн маргаан бол хоёр орны хувьд “хөндүүр сэдэв” гэгддэг. Оросын хийн үнэ ханшийг шударга бус байна, хэт нэг талыг баримтласан гэж буруутгадаг юм.

Гэсэн ч, үүний хариуд Москва, хөрш улсууддаа газрын тосны нөөцийг татваргүйгээр нийлүүлэх хангамж буурсан гэж зарлаж байв. Үүнийг Оросын тал хийн төлбөрийн дутуу төлөлтүүд, ОХУ дахь газрын тосны бүтээгдэхүүний хангамж буурсантай холбон тайлбарлаж байлаа.

Оросын  “Москвагийн дуу хоолой” радиостанцаар Лукашенкогийн үйл ажиллагааны таалрхи мэдээлэл байнга цацагддаг нь түүний нэр нөлөө хэр байгааг бас илтгэх мэт.

ОДООГИЙН ХЭРСҮҮ ЛУКАШЕНКО

2019 оны сүүлээр Беларусийн Ерөнхийлөгч 492 дугаар зарлигт гарын үсэг зурж, захиргааны хэд хэдэн журамд өөрчлөлт оруулсан байдаг. Беларусийн ард иргэд жолооны үнэмлэх авахын тулд заавал тасалбар авах шаардлагагүй болж, тээврийн хэрэгслийн улсын техникийн үзлэгт хамрагдсан гэрчилгээ ч  авах шаардлагагүй болгожээ.

2020 оны коронавирусийн цар тахлын үеэр хөл хорио тогтоогоогүй цөөхөн хэдэн төрийн тэргүүний нэгээр тодров. Хөл хорио зарлаагүй шалтгаанаа улс орноо эдийн засгийн хямралд орохоос сэргийлсэн гэж тайлбарладаг.

Хүн ам нь бүгд Лукашенкогийн энэ бодлогыг дэмжээгүй нь мэдээж. Тиймээс түүний 2020 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд өрсөлдөхөд рейтинг нь буурахад нөлөөлсөн гэгддэг.

2020 оны зун Александр Лукашенко 2018 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж ирсэн Засгийн газрыг огцруулсан. Тэдгээрийн дотор өөрсдийн үзэл бодлоо нээлттэй илэрхийлсэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч сөрөг хүчний төлөөлөл, улс төрийн зүтгэлтнүүд, эмч нар, блогчид, сэтгүүлч гээд 200 хүн шүүхэд дуудагдсан юм. Энэ асуудлаар Олон Улсын Хамтын Нийгэмлэгээс НҮБ-д хандсан.

Беларусийн сөрөг хүчнийхэн ч бууж өгөөгүй. Сошиал сүлжээнд одоогийн Ерөнхийлөгчийн рейтингийн талаар саал асуулга явуулахад дөнгөж гуравхан хувийн санал авчээ. Энэ тоо нэлээд шуугиулаад эхэлсэн.

2020 ОНЫ СОНГУУЛЬ БА ЭСЭРГҮҮЦЛИЙН ХӨДӨЛГӨӨН

2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн үнэхээр санаанд ороогүй зүйл болов. Беларусийн Сонгуулийн Төв Хорооны албан ёсны мэдээллээр бол Александр Лукашенко энэ удаад 80,08 хувийн санал авсан гэж байгаа юм. Түүний дараа хоёрдугаарт сөрөг хүчний СветланаТихановская жагссан. Тихановская сонгогчдын 0,09 хувийн саналыг авсан гэдэг. Эдгээр тоонууд ихэнхи сонгогчдын эргэлзээг төрүүлж, Беларусь орон даяар Сонгуулийн Төв Хорооны дүнг хууль бус гэж үзэн эсэргүүцлийн хөдөлгөөнийг эхлүүлсэн билээ.

Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчдыг хуул хүчнийхэн баривчлан саатуулсан хэргүүд ч ар араасаа гарсаар байгаа юм. Цагдаа хүчнийхэн жагсагчидтай, тэр дундаа гэмгүй энгийн иргэд, хүүхдүүдэд хүртэл зүй бусаар харьцаж, хүч хэрэглэсэн талаархи баримтууд ч сошиал ертөнцөд шуугиан тарьж байгаа юм. Эрх баригчдын ийм үйлдэл олон түмнийг намжаах биш улам ч эсэргүүцэх тэмцэлд уриалан дуудсан.

Эсэргүүцлийн жагсаалд хичнээн хүн оролцож байгааг харахын тулд Лукашенко сум үл нэвтрэх хантааз өмсөөд, гартаа автомат буу барьчихсан Минск дээгүүр ниссэн ч гэдэг. Хүү Николай нь бас зэвсэглээд эцгээ дагалдан явсан аж.

Ард олон нь сонгуулийн дүнд сэтгэл хангалуун бус байдал Лукашенког “нэгийг бодогдуулсан” чадсан байна.

Ингээд тэрбээр, “Би арай л удаан суучихав уу даа” гэсэн мэдэгдэл хүртэл хийсэн юм.

Эцэст нь Лукашенко, Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцэхэд бэлэн байгаагаа ч дурьдсан. Мөн, Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулахыг ч үгүйсгэхгүй гэж ам нээсэн юм. Гэсэн ч, тийм ч амархан “суудлаасаа буухгүй”, улс эх орноо эцсээ хүртэл хамгаалах болно гэсэн юм. Улс оронд нь үүсээд байгаа сөргөлдөөний цаад гол “эзэн” нь АНУ байх магадлалтай гэж онцолсон юм.

2020 оны есдүгээр сарын 23-нд Беларусийн Минск хотод Александр Лукашенкогийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болж өндөрлөлөө. Тангараг өргөх ёслолыг олон нийтэд зарлаагүй нууцаар зохион байгууллаа.  Ийнхүү Александр Лукашенко далдуур Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдож байгаа нь тус улсын оршин суугчид болон сэтгүүлчдэд гэнэтийн гэнэтийн бэлэг болсон юм.

Одоо бол А.Лукашенко ОХУ-тай Беларусийг нэгтгэнэ, нэгтгэхгүй гэсэн асуудлаар Ерөнхийлөгч Путинтай яриа хэлэлцээр өрнүүлсээр байгаа юм. нөгөөтэйгүүр, Беларусийн ард иргэд ч энэ асуудалд хоёр тал болон хуваагдаад байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button