ЭДИЙН ЗАСАГ

ТӨСӨВ 2022: Электрон тамхинд татвар ногдуулж, хэрэггүй төслөө танахыг ҮАГ-аас зөвлөжээ

Сангийн яамнаас өргөн барьсан 2022 оны төсвийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж буй. Ирэх оны төсвөөс шинэ хоёр яам, дөрвөн агентлаг болоод Хэнтий аймагт хийх төсвийн хөрөнгө оруулалт зэрэг нь олон нийтийн анхаарлын төвд байна. Харин төсвийг өргөн хүрээнд нь аваад үзвэл орлогын хэт өөдрөг төсөөлөлтэй, хэтэрсэн зарлагатай байж болохоор харагдаж байгаа юм.

Мөн Үндэсний аудитын газраас Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төсөлд аудитын дүгнэлт өгөөд буй. Дүгнэлтийг сонирхвол:

  • Төсвийг нотолгоо-үр дүнд суурилж төлөвлөх хэрэгтэй
  • Төсвийн орлогыг хэт өндөр төсөөлсөн нь эрсдэлтэй
  • Нийт зарлагын дүнг өмнөх оныхоос нэмэгдүүлсэн байна гэх мэт агуулгууд дурдагджээ.

Аудитын дүгнэлтээс орлого нэмэгдүүлж, зардал бууруулах боломж талд бичигдсэн заалтуудаас анхаарал татахуйцуудыг нь онцолж байна.


ОРЛОГО НЭМЭГДҮҮЛЭХ: Электрон тамхинаас татвар авч, шаардлагад нийцээгүй 346 автомашиныг худалдах

Нэг. Эрх зүйн зохицуулалтгүйгээс 822 мянган электрон тамхинд татвар ноогдуулаагүй байна.

Үйлдвэрлэгчийн тодорхойлсон бүтээгдэхүүний танилцуулгад 1500 - 2500 сорох хэмжээтэй гэсэн 1.3 -1.7 мл шингэн бүхий электрон тамхинд татвар ногдуулах биет нэгжийг хэрхэн тодорхойлох, хэдэн ширхэг янжуур тамхитай дүйцүүлэх нь тодорхойгүй, эрх зүйн зохицуулалтгүйгээс 2020 - 2021 онд импортолсон 822.7 мянган ширхэг электрон тамхинд онцгой албан татвар ногдуулаагүй байна.

Электрон тамхинд онцгой албан татвар ногдуулж буй байдалд хийсэн судалгаагаар улс орнууд шингэний хэмжээ буюу миллилитр, агуулагдах никотины тун зэргээс хамааруулан татвар ногдуулж байна.

Хоёр. Засгийн газар хуулийн төслөө татсан тул газрын тосны зарим бүтээгдэхүүнд татвар ноогдуулах нь зүй.

2022 оны төсвийн төслийг дагалдуулан газрын тосны бүтээгдэхүүн импортлох, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйлдвэрлэлийн хэрэгцээнд зориулан импортолсон газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосинд ногдуулах онцгой албан татварыг чөлөөлөх хуулийн төслийг өргөн мэдүүлжээ.

Энэ нь Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор баталсан Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийн 4.3.2 болон 5.2 дахь заалтад тусгасан стандартад нийцээгүй, чанарын шаардлага хангахгүй шатахууныг импортлох, хэрэглэхийг үе шаттайгаар хориглох зорилтод нийцээгүй байсан. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслөө 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар буцаан татахаар шийдвэрлэсэн тул газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосинд ногдуулах онцгой албан татварыг тооцоолж төсөвт тусгах шаардлагатай.

Гурав. Шаардлагад нийцээгүй 346 суудлын автомашиныг худалдах нь зүй

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 184 дүгээр тогтоолд заасан шаардлагад нийцээгүй 13 яаманд харьяалах 98, 32 агентлагт хамаарах 248, нийт 346 суудлын автомашиныг худалдан борлуулах замаар төсвийн орлого нэмэгдүүлэх боломж байна. Дээрх 346 автомашинаас эрсдэл өндөртэй 119 автомашиныг түүвэрлэн авч үзэхэд 2020 онд шатахууны зардалд 361.6 сая, сэлбэг, тос, бусад зардалд 271.6 сая, дулаан зогсоолын зардалд 69.9 сая, жолоочийн цалинд 1,084.1 сая нийт 1,787.2 сая төгрөг зарцуулсан тооцоо гарч байна.


ЗАРДАЛ ХЭМНЭХ: Шинэ хоёр яам, дөрвөн агентлагийн чиг үүрэг тодорхойгүй

Нэг. Төсөвт суусан ерөнхий нэршлээр хяналт сулрах

Төсвийн төсөлд төр зарим үйлчилгээг хувийн хэвшлээс худалдан авах бөгөөд төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, хоол үйлдвэрлэл, автомашины үйлчилгээ зэргийг хувийн хэвшлээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх зорилт арга хэмжээг төлөвлөжээ.

Энэ арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний төлбөр, хураамжийн зардлыг өмнөх оноос 76.1 тэрбум төгрөгөөр буюу 10.9 хувиар нэмэгдүүлсэн байна. Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамжийн нийт зардлын 93.6 хувь буюу 652.2 тэрбум төгрөгийн зардлыг “Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамж” гэсэн ерөнхий нэршлээр төсвийн төсөлд тусгаж тухайн зардлаас хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний нарийвчилсан судалгаа, тооцоолол тодорхойгүй байгаа нь төсвийн хяналт сулрах, хөрөнгийг үр ашиггүй зарцуулах эрсдэлтэй байна.

Хоёр. Хоёр яам, дөрвөн агентлагийн чиг үүргийг тодорхойлбол зардал буурах боломжтой

Төсвийн төсөлд 2 яам, 4 агентлагийг 2022 онд шинээр байгуулах, тэдгээрийн урсгал зарлагад нийт 41.6 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Гэтэл эдгээр байгууллагууд хэзээ байгуулагдах нь тодорхойгүй, бүтэц, орон тоо, чиг үүргийг тогтоосон эрх зүйн баримт бичиг батлагдаагүй байна. Шинээр байгуулах яам, агентлагийн чиг үүргийг одоо хэрэгжүүлж байгаа байгууллагуудын төсөвтэй уялдуулан, давхардах орон тоо, урсгал зарлагыг судалгаанд үндэслэн дахин тооцоолж, зардал бууруулах боломж байна.

Гурав. Шаардлага хангаагүй 63 төсөл, арга хэмжээ байна

Төсвийн төсөлд 24 ТЕЗ-ийн төсвийн багцад нийт 5,943.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 1335 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр 2022 онд санхүүжүүлэх дүнг 2,137.0 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн байна. Үүнээс 52.6 хувь буюу 702 төсөл, арга хэмжээ өмнөх оноос шилжих, 47.4 хувь буюу 633 төсөл, арга хэмжээг шинээр хэрэгжүүлж эхлүүлэхээр тусгажээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын систем ашиглан төсвийн төслийн хөрөнгө оруулалтын төсөвлөлтийг бэлтгэсэн хэдий ч Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийг баримтлахгүйгээр төсөвлөлтийн шаардлага хангаагүй 63 төсөл, арга хэмжээг тусгажээ.

Дөрөв. Хуульд нийцээгүй 3 тэрбумын нэг төсөл, арга хэмжээ байна

Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.5-д “Хөрөнгө оруулалтын төсөвт техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төсвөө батлуулсан,  хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг тусгана.” гэж заасантай нийцээгүй 3.0 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 1 төсөл, арга хэмжээг төсвийн төсөлд тусгажээ.

Тав. Төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлэх хэрэгтэй

Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.5-т заасан “Шинээр эхлэх барилга, байгууламж, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нийт төсөвт өртгөөс тухайн жилд ногдох хэсэг нь төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанд тэнцүү хуваарилсан хэмжээнээс багагүй байхаар тооцож тусгах” шалгуурыг хангаагүй 192.7 тэрбум төгрөгийн санхүүжилт төсөвлөсөн 62 төсөл, арга хэмжээ байна. Иймд эдгээр төсөл, арга хэмжээг нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор дахин эрэмбэлж зайлшгүй хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг хуулийн шаардлагад нийцүүлэн зохицуулалт хийх нь зүйтэй.

Зургаа. Ерөнхий нэршлээр 178.6 тэрбумын өртөгтэй 21 төсөл, арга хэмжээ тусжээ

Төсвийн төсөлд тооцоо судалгаагүйгээр “улсын хэмжээнд” гэсэн ерөнхий нэршлээр 178.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 21 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгасан нь төсвийн ил тод байдлыг хангаагүй байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button