НийгмийнЯрилцлага

С.Төгсжаргал: “Сагсан бөмбөгчид амжилт гаргахгүй, ивээн тэтгэгч олдохгүй” гэдэг үе ард хоцорсон нь том дэвшил

Түүнийг Самбуугийн Төгсжаргал гэдэг. Монгол Улсад сагсан бөмбөгийн спорт тэр тусмаа 3x3 төрөл хөгжихөд чамгүй хувь нэмэр оруулж, ачааны хүндийг үүрэлцэж яваа тэрбээр хэдхэн хоногийн өмнө болсон 15 хүртэлх насны ангиллын ур чадварын ДАШТ-ий зохион байгуулалтын багт ажилласан юм. Ингэснээр Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, МҮСБХ-ны менежерийн албан тушаалтай С.Төгсжаргал FIBA-г хоёр дахь удаагаа төлөөлсөн нь энэ. Түүнээс өмнө FIBA-г төлөөлсөн монгол хүн үгүй, тэр анхных нь.

Спортын хүрээнийхэн С.Төгсжаргалыг сайн менежер, генсек, зохион байгуулагчаас гадна чадварлаг дасгалжуулагч гэдгээр нь ч мөн илүү мэднэ. Тэрбээр FIBA-ийн олон улсын зэрэгтэй дасгалжуулагч. Монголын багийн спортын түүхэнд олимпын наадамд анх удаа өрсөлдсөн эмэгтэй багийн туслах дасгалжуулагчаар түүнийг ажиллуулж, итгэл хүлээлгэсэн нь хэр ур чадвартайгийнх нь илрэл. FIBA-д Монголоо төлөөлж буй С.Төгсжаргалтай ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт ур чадварын ДАШТ боллоо. FIBA-ийн төлөөлөгчийн хувиар зохион байгуулсан хоёр дахь тэмцээн тань байв уу?

-Тийм ээ. FIBA-ийн албан ёсны төлөөлөгчөөр ажилласан хоёр дахь тэмцээн маань байлаа. Би 2011 онд Монголд болсон сагсан бөмбөгийн 5x5 төрлийн Азийн АШТ-д сайн дурын багийг нь хариуцан анх ажиллаж байлаа. Тэмцээн хийх, зохион байгуулах багт орон ажиллаж буй минь тэндээс эхлэлтэй.

Цахимаар зохион байгуулсан энэ удаагийн тэмцээнд Монголын маань тамирчид амжилттай өрсөлдөн, мөнгөн медаль авлаа. Өнөө цагт цар тахалтай, орон орны тамирчид олон улсын тэмцээнд оролцох боломж хомс байгаа. Ийм цаг үед FIBA тамирчдаа тэмцээнтэй байлгахын тулд 15 хүртэлх насны ангиллын ДАШТ-ийг цахимаар зохион байгуулсан юм. Ямар ч тэмцээнд FIBA-ийн стандарт нарийн, тодорхой. Заал, хувцас, бөмбөгний стандартаас авхуулаад бүхий л зүйлийг хянах төлөөлөгчөө FIBA сонгодог. Энэ удаагийн ДАШТ-ийг хийхдээ Азийн сагсан бөмбөгийн холбооны Гүйцэтгэх захирлын тушаалаар Монголоос намайг сонгон, төлөөлөгчөөр ажиллуулах санал тавьсан юм.

-FIBA-ийн төлөөлөгчийн байнгын албан тушаалтай юу. Эсвэл тэмцээн болох бүрд томилдог уу?

-Тэмцээн бүрийн өмнө аль улсаас хэнийг төлөөлөгчөөрөө томилох, сонгохоо FIBA шийддэг. Өнгөрсөн жил төлөөлөгчөөр ажилласан анхны тэмцээний дараа FIBA надад олон улсын дасгалжуулагчийн сертификиад олгосон.

-FIBA-г төлөөлнө гэдэг асар нэр хүндийн, хариуцлагатай ажил. Таныг ямар шалгуураар сонгосон бэ?

-Монголчууд өнөөдөр сагсан бөмбөгийн 3x3 төрлөөр өндөр амжилт гаргасаар яваа. Тэмцээнд тогтмол оролцон, харилцахаар Монголын сагсан бөмбөгчид, С.Төгсжаргал гэж ямар хүн байдаг вэ гэдгийг FIBA сайн мэддэг болсон. Монголын талын ажил, стандартын юмнуудыг С.Төгсжаргал хариуцаад хийчихдэг, итгэж болох хүн гэсэн ерөнхий дүгнэлттэй. Тэгээд FIBA надад санал тавьсан, би зөвшөөрсөн. Нэг талаар өөрийгөө хөгжүүлэх, нөгөө талаар Монголоо төлөөлөх том боломж. Цалин урамшууллаас гадна FIBA-г төлөөлнө гэдэг нэр хүндийн ажил.

-FIBA-ийн төлөөлөгчөөр танаас өмнө монгол хүн ажиллаж байсан уу?

-Харин ээ, ер нь байхгүй байх.

-FIBA-ийн төлөөлөгчөөр монгол хүн ажиллахын гол ач холбогдол нь юу вэ?

-Нэгдүгээрт, гадаад харилцаа. Монголын сагсан бөмбөгчид төдийгүй арын албаныхан ч мөн FIBA-ийн тэмцээн уралдаан, зохион байгуулалтад идэвхитэй оролцдог гэсэн үнэлгээ авна. Монголчууд сагсан бөмбөгийн 5x5 төрлөөр олон улсын тэмцээнд дахин өрсөлдөх үнэхээр чухал байгаа. Үүнд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Азийн АШТ-ий шинэ цикльд манай сагсан бөмбөгчид 5x5 төрлөөр оролцох урилга авсан нь баяртай үйл явдал.

-Монгол Улс сагсан бөмбөгийн хэд хэдэн холбоотой. Бүгд хамтран, “Дээд лиг”-ийг удахгүй зохион байгуулна. Лигээс шигшээ багаа бүрдүүлэх үү?

-Тэгнэ.

-Олон жил “Манайх албан ёсных, танайх хууль бус” гэж үл ойлголцсон холбоод нэгдсэн нь чухал. Монголын сагсан бөмбөгийн спорт эргээд зөв голдиролдоо орохын эхлэл мөн үү гэвэл мөн. Гэтэл зарим тоглогч та бүхэнд шаардлага тавин, биелүүлэхгүй бол тэмцээнд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ асуудал юу болж байгаа вэ?

-Иймэрхүү жижиг ойлголцлуудыг ярилцаад шийдвэрлэх боломжтой. Холбооны хурлаа хийдэггүй гэдэг асуудал энэ бүх маргааны эхлэл шүү дэ. Одоо зарим тоглогчийн тавьж буй шаардлага нь ч тийм. “Хэрвээ их хурлаа хийхгүй бол лигт тоглохгүй” гэж байгаа. Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Цэвэрбал багш холбооны хурлаа хийнэ гэдгээ албан ёсоор илэрхийлсэн.

За, ингээд хурлаа хийн, дараагийн дөрвөн жилд ажиллах удирдлагаа сонгохоор боллоо. FIBA Монголын сагсан бөмбөгчдийг олон улсын тэмцээнд оролцох эрхийг сэргээлээ. Бодлогын түвшний энэ хоёр том асуудал шийдэгдчихсэн юм чинь аргатай. Мэдээж сагсан бөмбөгчдийн эрх ашиг чухал. Тэдний тавьж буй шаардлагыг хүндэтгэн хүлээж авалгүй яах вэ.

-Холбооны хурлынх нь тов гарсан уу?

-Дүрмээрээ МҮОХ-ны хурлын дараа хийх журамтай. Тэгэхээр МҮОХ-ны хурал болсны дараа Монголын сагсан бөмбөгчид их хурлаа хийнэ.  

-Энэ олон жил “Би, чи” гэж явсан холбоодын үл ойлголцол, талцал мөд арилахгүй гээд тодорхой хүлээлтгүй, цөхөрсөн байсан хүн олон. Сагсан бөмбөгийн холбоод, сагсан бөмбөгчид нэгдэх гарц гаргалгааг хэрхэн олов?

-“Чи тэгсэн, би ингэсэн” гээд л байвал ажил урагшлахгүй, тодорхой ахиц гарахгүй. Сагсан бөмбөгийн холбоод нэгдэн, учир зүйгээ олоход Тоглогчдын холбооны Мэргэн их нөлөөлсөн. Маргаантай байсан гурвал тал буюу С.Тулга ах, Цэвэрбал багш, Б.Тамир ах гурвыг холбож, маш сайн санаачлагатай ажилласан. Олон жилийн үл ойлголцлыг арилган, учир зүйгээ олъё, сагсан бөмбөгийн спортоо хөгжүүлье гэсэн хүсэл, эрмэлзэл хаана хаанаа байлаа. Яг тэгээд хэлэлцээд, тохирсны дараа Азийн АШТ-д оролцуулах урилга бидэнд ирлээ. Зөв голдиролдоо орон, бүгд нэгэн зүгт харсан ч найман жил үргэлжилсэн үл ойлголцол өргөс авсан мэт шууд арилахгүй. Гол том асуудлууд шийдэгдчихсэн юм чинь бусад нь аргатай, учраа олчих байх.

-“Монголын сагсан бөмбөг нэгдчихлээ, ашгүй дээ” гээд баярлахын зэрэгцээ дахиад үл ойлголцох вий гэх болгоомжлол байна. Дахиад талцахгүй гэсэн баталгаа бий юү?

-Мэдээж тийм зүйл битгий болоосой. Үл ойлголцохгүйн тулд хаана хаанаа хариуцлагатай, нэгнээ хүндэтгэж ажиллана. Их хурлаа хийдэггүй, холбооны тамгаа дараагийн хүндээ зүгээр л дур мэдээд өгчихдөгөөс энэ бүх маргаан, үл ойлголцол үүссэн. Одоо их хурлаа хийн, албан ёсоор дараагийн удирдлагаа сонгон, хоорондоо асуудлаа ярилцан, ойлголцоод явахаар ямар нэгэн асуудал гарахгүй байх.

-Монголчууд багийн спортоор олимпын наадамд анх удаа оролцсон түүхэн амжилтын эзэд нь та бүхэн байлаа. Та Токиогийн олимпод туслах дасгалжуулагчаар ажилласан. Багийнхаа амжилтыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Дэлхийн шилдэг найман багийн нэгээр тодорч, олимпын наадамд оролцсон нь өөрөө том амжилт. Манай баг олимпод 1-2 хожих, нэг тоглолтод дунджаар 10-аас дээш оноо авах зорилготой байлаа. Үүний сацуу тамирчдаа бэртлээс урьдчилан сэргийлэх, бэртэл авхуулахгүй байхыг зорьсон. Бусад орны сагсан бөмбөгийн хөгжил, амжилт, төрийн дэмжлэг нь ямар билээ. Бид ямар нөхцөлд бэлтгэл хийгээд өрсөлдлөө дөө. Тиймээс бид зорилгоо тэгж тодорхойлсон юм.

Манай багийнхан долоон тоглолт хийн, үнэхээр ачаалалтай өрсөлдсөн. Шахуу хуваарьтай, ачаалал их авч тоглосон. Тэр хэрээр бэртэл авах эрсдэл өндөр байлаа.

3x3 төрлөөр олимпод нэг баг дөрвөн тоглогчтой өрсөлддөг. Хоёр тоглогч л бэртэхэд олимпыг дундаас нь өндөрлүүлэх, тэмцээнээ дуусгаж чадахгүйд хүрэх байлаа. “Морь, хүүхэд хоёр эсэн мэнд ирсэн наадам л сайхан” гэж уяачид ярьдаг. Үүнтэй адил тоглогчид маань олимпын наадамд бэртэлгүй оролцсон нь мэдээж чухал.

За, зорилгодоо бид хүрсэн үү. 1-2 хожих зорилгодоо хүрч чадаагүй. Олимпын дэвжээнд сагсан бөмбөгийн спортоор өрөлдөн, дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүү тоглосон нь том амжилт. Сүүлчийн тоглолтоо хийсний дараа Зохион байгуулагчид манайхыг онцлон “Олимпод анх удаа өрсөлдсөн Монголын сагсан бөмбөгчдөд баяр хүргэе” гээд бидэнд хүндэтгэл үзүүлэн, том дэлгэцээр харуулсан.

-Тамирчдын сонголт багагүй маргаан дагуулсан. Хэн нь бэлтгэлээ хэрхэн хийсэн, ямар формтой байсан, бэртэлтэй эсэх гээд нарийн зүйлсийг олон нийт төдийлөн мэдэхгүй. Та бүхэн олимпод өрсөлдүүлсэн багаа ямар шалгуураар, хэрхэн сонгосон бэ?

-Олимпод оролцсон багийг ахлах дасгалжуулагч С.Тулга ах ганцаараа сонгоогүйг албан ёсоор онцолъё. Токиогийн олимпод бид анхандаа 10 тамирчин бэлдсэн. Дараа нь зургаа болсон. Бэлтгэл, тоглолтын статистакийг нарийн гаргаж байлаа. Холбоо, дасгалжуулагч, клубийн удирдлага, өөрсдөөс нь санал аваад сонгохоо анхнаас нь тодорхой хэлсэн. Тэгэхээр ямар шалгуураар сонгох нь ойлгомжтой, нээлттэй байсан гэсэн үг.

Тавдугаар сард Швейцарь, Францад болсон тэмцээнд манай баг оролцсон, би авч явсан. Тэмцээний үеэр хэн нь ямар байгааг харсан. Дараа нь хэд хэдэн тэмцээнд оролцуулаад, долдугаар сарын эхээр шийдвэрээ тамирчдад ерөнхийд нь хэлсэн. FIBA-ийн дүрмээр олимпод оролцох дөрвөн тамирчныхаа нэрийг эцсийн байдлаар долдугаар сарын 23-нд албан ёсоор өгөх дүрэмтэй. Учир нь түүнээс өмнө бэртэл, коронавирусээр хасагдах эрсдэлтэй байсан юм.

Болор-Эрдэнэ, Ганзул хоёр Монголын шилдэг тоглогч. Тэглээ гээд олимпод шууд оролцуулж болохгүй. Бүх тамирчинд тэгш эрх, боломж олгох чухал. Түрүүн хэлсэнчлэн олон талын саналын дагуу бэртэлгүй, хоорондоо хамгийн сайн ойлголцдог дөрвөн тоглогчоор олимпын багаа бүрдүүлсэн.

-Хасагдсан тоглогчид гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Хөшигний ард ямар нэгэн шударга бус зүйл ер нь болсон уу?

-Болоогүй. Үүнийг ёстой хаана ч нүүр бардам хэлнэ. Олимпын наадамд өрсөлдөх боломжоо алдсан нь тамирчдад харамсалтай, хүнд туссан байх. Мэдээж хэцүү. Шоконд орсон байх.

-Дасгалжуулагч С.Тулга “Эмэгтэй тамирчид руу элдэв доромж чат их ирж байна” гэж хэлсэн. Энэ нь тамирчдын сэтгэл зүйд нөлөөлсөн үү?

-Олимпын үеэр бид тамирчдынхаа гар утсыг хураан, фэйсбүүкт оруулаагүй. Сэтгэл санааг нь аль болох тайван байлгахыг хичээлээ. Тиймээс олны тиймэрхүү шүүмжлэл, хандлага тамирчдын сэтгэл зүйд нөлөөлөөгүй.

Хэт нэг талыг барьсан хүн цөөнгүй байлаа. Олимпод оролцох боломжоо алдах хэцүү. Тамирчдад ямар байсныг ойлгох хэрэгтэй. Тоглогчдын ар гэр, найз нөхөд, таньдаг, дэмждэг хүмүүст ч мөн хэцүү байсан байх. Хамгийн гол нь олимпод оролцох багийг ямар шалгуураар, хэрхэн сонгох нь анхнаасаа нээлттэй, тодорхой байсан. Түүний дагуу л багаа сонгосон. Маргах юм ер байхгүй.

Цар тахлын нөхцөл байдал ямар байгаа билээ. Хөл хориотой байх үед манай тамирчид хоёр сар гэртээ бэлтгэл хийсэн. Гэртээ дасгал хийн, орцонд гүйгээд, биеийн ерөнхий бэлтгэлээ базаасан.

-Монголчууд сагсан бөмбөгийн 3x3, 5x5 төрлөөр төрлөөр улам өндөр амжилт гаргахад цаашид юу чухал байна вэ?

-3x3 төрлөөр бид хүлээлтээс давсан амжилт гаргаад байгаа. Одоогийн амжилт, байр сууриа хадгалах их чухал. 5x5 төрлийн хувьд шигшээ багаа сайн бүрдүүлээд, Азийн АШТ-д амжилттай оролцуулах нь бидний эхний зорилго. Эхний ээлжинд оролцох чухал, дараа нь амжилт яригдана.

Монголын сагсан бөмбөгийн ундарга үнэхээр сайн байгаа. Бид өнгөрсөн хугацаанд насанд хүрэгчдийнхээс бусад ангилалд 5x5 төрлөөр УАШТ, олон улс, тив, дэлхийн дэвжээнд амжилттай өрсөлдсөөр ирсэн. Залгамж халаа болсон өсвөр үе, залуу тамирчдын амжилт ер саараагүй, ур чадвар нь ахисаар байгаа. Монголын сагсан бөмбөгийн ирээдүй гэрэлтэй байна. Энэ спортын амжилт, ирээдүйг зөвхөн одоогийн шигшээ багийн тоглогчдоор л харж, төсөөлж болохгүй. Доороос нь ундарч, бойжиж буй залгамж халаагаас ч мөн их зүйл шалтгаална.

-Та сагсан бөмбөгийн спорттой хэрхэн амьдралаа холбож байв. Тухайн үеийн дурсамжаасаа хуваалцана уу?

-Би I хорооллын хүүхэд. Спортын мастер Юнгээ багшаар сагсан бөмбөг заалгаж байлаа. Намайг эл спортод дурлаж, амьдралаа холбоход багш минь их нөлөөлсөн. Би өсвөр үеийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай. 2004 оны Азийн хүүхдийн наадамд шигшээ багт тоглож байлаа.

2006, 2007 оны үеэр С.Тулга ах “Хоёулаа сагсан бөмбөгийг хөгжүүлье. Хамтраад юм хийе” гэж их ярьдаг байсан юм. Тэгж явсаар 2012 оноос хойш С.Тулга ахтайгаа хамтарч явна. Тухайн үед би MCS-д ажилладаг байлаа. Сагсан бөмбөгийн холбоонд ажиллахын тулд тэндээс гарахад “Сагсан бөмбөг дэмий, ямар ч ашиггүй” гээд олон хүн гайхсан. Ивээн тэтгэгч олдохгүй, сагсан бөмбөгийн спортын төлөө ажиллая гэдэг хүн нүдний гэм байсан цаг л даа. Ганцаараа зөрсөөр дуртай зүйлээ хийхээр Тулга ахтайгаа, Лхагваатайгаа (Д.Лхагва-Очир), холбооныхонтойгоо хамтрахаар шийдсэн юм. Одоо эргээд бодоход их зоригтой байж. Тэр шийдвэр зөв байсныг одоо улам их мэдэрч байна. Хүн ер нь дуртай, хүссэн зүйлээ, санаа нийлсэн хүмүүстэй хамт хийгээд явах л жинхэнэ жаргал шүү дээ.

Эл спорттой амьдралаа холбох, холбоонд ажиллахад нөлөөлсөн өөр нэгэн шалтгаан бий. Олонх хүүхэд төгсөх жилээ, аравдугаар ангидаа өндөр амжилт гаргана гэж боддог. Манай үеийнхнийг аравдугаар ангид орсон жил ганцхан тэмцээн болсон. Би нуруу намтай тул тэр дутуугаа бэлтгэлээр нөхдөг байлаа. Үргэлж бэлтгэл хийнэ. Тэгж их хичээн, хөдөлмөрлөөд байхад нь ганцхан тэмцээн болох мэдрэмжийг өөр хүүхэд битгий мэдрээсэй гэж бодсон юм.  

Өнгөрсөн хугацаанд бүх зүйл дардан байгаагүй ээ. Сагсан бөмбөгийн холбоодын үл ойлголцол, маргаан гээд олон хүндрэл бэрхшээл, асуудал тулгарсан. Би холбооныхоо залуусаар бахархдаг. Сагсан бөмбөгийн спортыг Монголд хөгжүүлье гэсэн үнэхээр сэтгэлтэй, зүтгэлтэй, хөдөлмөрч залуус ажилладаг юм. Ер нь 2012 оноос хойш бидэнд амралтын өдөр гэж байгаагүй. Өдөр нь өсвөрийн, орой нь лигийн, амралтын өдрүүдэд спрайт лигийн тэмцээнийг зохион байгуулаад ёстой түмэн завгүй явсаар өдий хүрсэн. Аав, ээж рүүгээ утсаар ярих завгүй олон сар болох ч үе бий. Ямар ч байсан тууштай зүтгэсээр байгаад олимпод багаа оролцууллаа. Бид зөв зүйл хийн, шударга явсны үр дүн болов уу. Олимпын дараа нэг сайхан гүнзгий амьсгаа аваад, жаахан уужирлаа.

-Та түрүүн сагсан бөмбөгийн холбоодын үл ойлголцол, маргаан гэлээ. Та бүхний ажлыг хүмүүс сайн ойлгохгүй, үгүйсгэхээр шантрах, “Больё” гэж бодогдох үе гардаг уу?

-Тиймэрхүү зүйлээс болж “Больё” гэсэн бодол огт төрж байгаагүй. Зарим хүн биднийг янз бүрээр ярьдаг, үгүйсгэдэг. Бидний зорилго, түүндээ хэрхэн хүрэх нь тодорхой тул ер шантардаггүй.

-Одоо улсаас та бүхнийг, сагсан бөмбөгийн спортыг хэр дэмжиж байна вэ?

-Одоо арай өөр болсоон. Тариа бүрэн боловсорсны дараа л жаахан дэмжих гэж байгаа гэж зүйрлэж болмоор. Уг нь бусад улс, орнууд тамирчдаа олимпын эрх авхуулахын төлөө бүр олон жилийн өмнөөс, удаан хугацааны турш дэмждэг.

Улсаас дэмжлэггүй, ивээн тэтгэгчид төдийлөн наашаа гэдэггүй байсан хүнд үед биднийг дэмжсэн, өнөөгийн амжилтад хүрэх гүүр болсон хүн бол УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ. Тэрбээр аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх, Монголын сагсан бөмбөгийг хөгжүүлэхийн төлөө л зүтгэж яваа. Сонгуулийн нэг ч сурталчилгаандаа Монголын сагсан бөмбөгчдийг ашиглаж, оролцуулж байгаагүй. “Сагсан бөмбөгийг хэзээ ч улс төрд ашиглахгүй” гэдэг зарчимтай хүн.

Мөн биднийг төдийгөөс өдий хүртэл дэмжиж, ивээн тэтгэж, амжилтад хөтөлж яваа байгууллага бол MCS групп, “Энержи ресурс” компани. “М-Си-Эс Кока-Кола” компанийн захирал, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав, “Энержи Ресурс” компанийн захирал Г.Батцэнгэл нарт үнэхээр их баярлаж явдаг. Үүний сацуу өөр олон, олон байгууллага бий.

“Сагсан бөмбөгчид амжилт гаргахгүй, ивээн тэтгэгч олдохгүй” гэдэг үе ард хоцорсон нь том дэвшил. Одоо бүр сайхан болно, сагсан бөмбөгийн спорт өндөр хөгжинө, тамирчдын амжилт ахина гэдэгт итгэлтэй байна.

-Танай холбоог, тамирчдыг С.Эрдэнийн талынх гэж харсан нь, бүр тодруулбал улс төр та бүхний амжилтад хэр сөргөөр нөлөөлсөн бэ?

-Бид 2012-2016 онд Спортын төв ордонд төлбөрийг нь төлөөд тэмцээнээ хийсэн. Тэнд Монголын сагсан бөмбөгчид л тоглодог. Гэтэл МҮСБХ-ныхон тоглодог юм шиг явцуу харсан. 2016 оны сонгуулийн дараа бид Спортын төв ордноос хөөгдсөн. Яг үнэндээ биднийг бус Монголын сагсан бөмбөгчдийг хөөсөн байхгүй юу. Бид тэмцээнээ таслахгүйн тулд өөр сургууль, байгууллагын зааланд хийсээр ирсэн. 2016 оноос лиг завсарласан нь манай тамирчдын амжилтад сөргөөр нөлөөлсөн. Одоо хүртэл хийж байсан бол тамирчид бүр ч өндөр амжилтад хүрэх байсаан.  

-FIBA-ийн төлөөлөгч, сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхийн төлөө зорьж яваа эрхмийн хувьд цаашид юуны төлөө зорьж, тэмүүлэх вэ?

-Сагсан бөмбөгийн 3x3 төрлөөр олимп, ДАШТ-ээс медаль авах, түрүүлэх, 5x5 төрлөөр Азийн АШТ-д оролцох, ДАШТ-ий эрх авах зорилготой. Монголчууд ийм амжилтад хүрэхэд их ойрхон очоод байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Tamir
Tamir
2021-11-05 12:04

Mundag zaluu shu. Olon amjiltin ard chimeegui ajlaa sain hiideg

Өүкөн
Өүкөн
2021-11-06 16:36

Энэ одоо бурхангүй газрын бумба гэгчээр юу ч чадку гар өөрийгөө магтаад

Холбоотой мэдээ

Back to top button