НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Дэлхийн толгой баячуудын нэг Элон Маскийн ээж хүүдээ юу зөвлөдөг вэ

Дэлхийн толгой баячуудын нэг, Канадын бизнесмэн, зохион бүтээгч, Элон Маскийн ээж Мэй Маск нь өдгөө 72 настай. Тэрбээр олон улсын супермодель, хооллох урлагийн багш, хоол зүйч, илтгэгч бөгөөд “А Woman Makes a Plan” номын зохиогч юм. Тэрбээр Vanity Fair, Vogue, Marie Claire, Cosmopolitan зэрэг сэтгүүлүүдийн нүүр хуудсанд гарч байсан нэгэн билээ. Тэрбээр хүүдээ хэрхэн зөвлөдөг тухай La vie est belle групп-д тавигдсан мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.

"Би хүүхдүүддээ маш их хайртай, тэдний юу хийж бүтээснээр нь бахархдаг. Миний том хүү Элон хүрээлэн буй орчноо хамгаалах, хайрлахад нэмэртэй цахилгаан машин үйлдвэрлэдэг. Дунд хүүхэд маань болох Кимбал тариалангаас шууд хоолны ширээнд загвар бүхий ресторануудыг ажиллуулж, хүүхдүүдэд жимс болон хүнсний ногооны талбай, цэцэрлэг хэрхэн арчлахыг зааж сургадаг. Хамгийн бага хүү Тоска өөрийн гэсэн кино компанитай, кино найруулж, продюсераар ажиллаж байна. Хүмүүс надаас хүүхдүүдээ хэрхэн өсгөж, амжилттай хүн болгов хэмээн их асуудаг. Миний хэлдэг зүйл гэвэл хүүхдүүддээ шаргуу хөдөлмөрийн үр шимийг зааж, хүүхдүүдийнхээ хүсэл сонирхлыг дагах хэрэгтэй.

Хүүхдүүдээ багаас нь ажилд сурга. Би 31 настайдаа гурван ч хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй болж байлаа. Би бүтэн цагаар маш их ажиллаж байсандаа огтхон ч харамсдаггүй. Надад өөр сонголт байгаагүй учраас тэр шүү дээ. Хүүхдүүдээ харж хандах нь миний хамгийн том үүрэг хариуцлага байлаа. Гурван хүүхдээ гэдэс цатгалан, айхавтар гоё тансаг биш ч өмсчихөж болохоор хэдэн хувцас, орох орон гэртэй байлгахын тулд маш ачаалалтай ажилласаар ирсэн. Би 8 настай байхдаа аавынхаа ажиллуулдаг эмнэлэгт ажилд орж, ажил хөдөлмөр гэдгийн амтыг мэдэрсэн. Миний ихэр эгч Кей бид хоёр цагт 5 центийн хөлстэйгөөр аавынхаа ажлыг хийлцдэг байв. Кей бид хоёр өсч томрон 12 настай болсныхоо дараа аавынхаа эмнэлэгт ресепшнээр ажиллаж эхэлсэн. Бид хоёр үйлчлүүлэгчийг угтан авч, цай хийж өгөхөөс гадна, аавыг бэлэн болох хүртэл зочидтой юм ярилцдаг байлаа.

Аав ээж хоёр бидэнд насанд хүрсэн хүн шиг хандаж, тодорхой хэмжээнд үүрэг хариуцлага үүрүүлж, амьдралын зах зухаас мэдрүүлж байсан нь их тус болсон гэж боддог. Яг энэ л хүмүүжлээр би өөрийнхөө хүүхдүүдийг багаас нь ажилдаа туслалцуулж, бие даахад нь чиглүүлж ирсэн. Тоска оффис руу надтай хамт ирж, юм шивэхэд тусалдаг. Харин Элон миний мэддэггүй бичгийн машины үйлдлүүдийг надад тайлбарлаж тусалдаг, Кимбал ч ажлаас минь хамжилцдаг байв.

Хүүхдүүдээ сайн сонсч, сонирхол дээр нь тулгуурлан хөгжүүл. Би хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэхдээ өөрийнхөө аав ээжийн арга барилыг л дагасан. Хүүхдүүдээ багаас нь бие даасан, сайхан сэтгэлтэй, үнэнч шударга, эелдэг, бусадтай харилцаж чаддаг, нээлттэй болоход нь илүү анхаарсан. Тэдэнд сайтар ажиллаж хөдөлмөрлөхийн ашиг тусыг ойлгуулахаар ярилцдаг байлаа. Би тэднийг юу сурах ёстойг харин заадаггүй байсан. Би хүүхдүүдээ хэт нялзрай юмшиг ханддаггүй, бас загнаж зандардаггүй байлаа. Гэрийн даалгаврыг нь шалгадаггүй байсан нь зүгээр л тэд үүрэг хариуцлагаа ухамсарлах ёстой гэж үзсэнийх. Тэд том болох тусмаа өөрсдийн ирээдүйн үүрэг хариуцлагыг бие даан ойлгож, ухамсарлаж сонголтоо хийсэн гэж болно.

Жишээ нь: Тоска өөрийнхөө ахлах сургуулийг сонгосон. Хүүхдүүд маань өөрсдийн хүссэн их сургуулиуд руу хүсэл сонирхлынхоо дагуу элсэн орцгоосон. Улмаар хүсэл сонирхол гэдэг хүчтэй болохоор хүссэн сургуульдаа орсон тэд ч урам зоригтой суралцаж, тэтгэлэг, оюутны зээл зэргийг авч чадсан гэж боддог. Хүүхдүүд бага байхаасаа эхлээд үүрэг хариуцлага гэдэг зүйлийг ойлгохоос нь бүү хаацайлж хамгаалаарай. Эртхэн л сурч байхад гэмгүй. Миний хүүхдүүд оюутан байхдаа шалан дээр гудас дэвсээд л унтдаг, нэг өрөөндөө олон оюутан хүүхэдтэй чихээд амьдардаг л байсан.

Хэт тансаг, эрх ямбаар хүүхдийг өсгөхгүй, аль болох хатуужилтай өсгөвөл хүүхэд илүү ухааждаг. Эрхлүүлэх, тансаглуулах тусам л өөрсдөө бие дааж чадахгүй, бусдаас хараат нэгэн болчихдог гэж би боддог. Эцэг эхчүүд хүүхдийнхээ ирээдүйн сонголтонд хэт их стресстэж, санаа зовсноосоо болоод өөрсдөө хурдан хөгшрөх, хяналтгүйгээр идэх, биеэ гаргуунд гаргах зэрэг нь түгээмэл ажиглагддаг. Би өөрөө залуудаа модель, зөв хооллолтын багш байсан учраас тэрхүү үзэгдлийг маш сайн ажигласан. Эцэг эхчүүдэд зөвлөхөд хүүхдийнхээ сонголтыг өмнөөс нь хийх гэж битгий тэгэж улайрч, стрессдээрэй.

Хүүхдүүд аль их сургууль, ямар ажилд орохоо өөрсдөө шийдэж, бичиг баримтаа ч бүрдүүлэх хэрэгтэй. Тэдэнд бидний зөвлөгөө л хэрэгтэй болохоос үүрэг даалгавар хэрэггүй. Тэд өөрсдийнхөө ирээдүйг өөрөө л удирдах хэрэгтэй. Магадгүй хүүхэд тань бизнес эхэлмээр санагдаад, тэр нь танд дажгүй санаа шиг санагдвал тэднийг шууд л дэмж. Хүүхдүүддээ зөв хандлага, харилцааг зааж сургах нь зөв. Харин өөрсдөөр нь сонголтыг хийлгүүлж бай л гэж хэлмээр байна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button