Нийгмийн

Н.Тэмүүлэн: 12.000 хүнд сургалт явуулахдаа бүх хичээлээ ХӨЛӨӨРӨӨ компьютерт шивсэн

"Эмч намайг 100 хувь хөдөлмөрийн чадваргүй гэсэн. Учир нь би тархины саажилттай. Гар, хөл маань булчингийн чангарал ихтэй учраас надад удирдагдахгүй, гэнэт татдаг. Маш их чангарал биеийг тэнцвэргүйжүүлдэг учраас тэргэнцэрт суудаг. Хэдийгээр би 100 хувь хөдөлмөрийн чадваргүй гэсэн оноштой ч монголын нийгэмд хөдөлмөр эрхлэхгүй бол амьдрах, хөгжих гарцгүй санагддаг учраас өнөөдрийг хүртэл 12 мянга гаруй хүнд сургалт явуулж өөртөө ажлын байр бий болгосон. Хөгжлийн бэрхшээлтэй байна гэдэг хөгжих бэрхшээлтэй гэсэн үг огтхон ч биш” гэж ярих түүнийг Н.Тэмүүлэн гэдэг.

Тэрбээр өөртэй нь адил онош бүхий бэрхшээлтэй эхнэр болон хоёр хүүхэд, дүүгийнхээ хамтаар амьдардаг.

-ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ БҮР СОГОГ БИШ-

“Би гурван сартай байхдаа хатгаа аваад хүндэрсний улмаар тархины саажилттай болсон. Гэхдээ эмч нар төрөлхийн гэж хэлдэг. Харин гэрийнхэн маань гурван сар хүртлээ эрүүл хүүхэд байсан. Хатгаанаас хойш саажиж эхэлсэн гэж хэлдэг” гэлээ. Н.Тэмүүлэнг эмчлүүлэхийн тулд аав, ээж нь бүхий л боломж эрж хайж, очоогүй эмнэлэг үгүй бөгөөд эрүүл төрсөн юм чинь эдгэж л таараа гэсэн итгэлээр бариач, лам, бөөг үлдээлгүй очжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тулгардаг гадуурхал, дээрэлхэлт түүнд тохиож байгаагүйг олзуурхангуй ярьж байна. “Үе тэнгийнхэн маань намайг хөгжлийн бэрхшээлтэй гэж бодож өөрөөр харьцдаггүй байсан. Тэр нь намайг өөртөө итгэлтэй, бие хүн болж төлөвшихөд ихээхэн нэмэр болсон байх. Гэтэл эсрэгээрээ томчууд гайхсан мэт цоо ширтэхэд, хөгжлийн бэрхшээл ялгаатай байдал болохоос согог биш хэмээн өөрийгөө тайтгаруулдаг байлаа."

-БУРХАН НАМАЙГ ИЛҮҮ ХИЧЭЭ ГЭЖ ҮР ЗАЯАСАН-

Н.Тэмүүлэнгийн хүү хоёр ойтой, охин нь дөрвөн сартай. Аав гэх хариуцлагатай албатай нүүр тулснаа, хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө цаг ямагт хичээж яваагаа ярихдаа баяртай байв. "Хүүхэд бол бурхнаас авч болох хамгийн том бэлэг. Хүүхдээ хүмүүжүүлж, үйл бүрээрээ үлгэрлэж байгаагаа мэдрэх мөч сайхан. Амьдралд утга ургаж, илүү амттай болгосон. Аав нь хөгжлийн бэрхшээлтэй ч гэлээ хөдөлмөрлөж, хайрлаж, хамгаалж чадна гэдгээ харуулахыг хүсдэг. Хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт ороход бусад хүүхдүүдийн аавтай адилхан бүхнийг болгож чаддаг гэдгээ мэдрүүлнэ. Бурхан надад илүү хичээ гэж үр заяасан" гэв.

-ХИЙХ ХҮН АРГАА ОЛНО-

"Эмч намайг 100 хувь хөдөлмөрийн чадваргүй гэж дүгнэлээ гээд би өөртөө хаалт тавьж болохгүй. Улсаас өгч байгаа халамжийг хүртээд гэртээ сууна гэдэг уйтгартай, сонирхолгүй. Тиймээс өөрийгөө хөгжүүлж болох бүхий л чадварыг эрэлхийлэх хэрэгтэй. Биеэ дааж, хөдөлмөр эрхлэхийн тулд би хөлөөрөө компьютер дээр шивж сурсан. Биеийн маань надад удирдагддаг хэсэг бол хөл. Тиймээс хөлөөрөө шивдэг. 12 мянга орчим хүнд өнөөдрийг хүртэл хүний эрхийн сургалт, семинар зохион байгуулахдаа хөлөөрөө хичээлийн материалаа бэлтгэнэ. Гараар шивж байгаа хүнтэй харьцуулахад бага зэрэг удаан ч муу биш. Хүний хандлага ямар байгаагаар амьдралыг нь дүгнэж болно гэж боддог" гэлээ.

-ХУРУУГАА ТАСАЛСАН ХҮН Ч ХАЛАМЖ АВЧ БАЙНА-

Хөгжлийн бэрхшээлтэй хүн болгон хөдөлмөр эрхлэх боломжтой биш. Оюуны бэрхшээлтэй бол боломжгүй. Харин ганцхан хуруугаа алдсан гээд хөдөлмөр эрхлэхгүй халамжаас тэдэнтэй яг адилхан хэмжээний мөнгө аваад ажил хийдэггүй хүмүүс олон байдаг тухай ярин шүүмжлэлтэй хандав. Тэрбээр "Энэ бол халамж хавтгайрсан гэх үгний үндэс. Үүнээс харахад халамжийн бодлогыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай" гэв.

Монгол Улсад ажилгүйдэл их байгаа нь нүдээ олоогүй халамжийн бодлогоос ихээхэн хамаардаг болохыг хөндөж "Монгол Улсад 108 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Үүнээс 60 мянга нь бусдын асаргаанд байдаг. Тэдэнд халамжийн бодлогыг чиглүүлэх хэрэгтэй. Бусдын асаргаанд байдаг 60 мянган иргэнээс 10 мянга нь л зайлшгүй асаргаа, эмчилгээ шаардлагатай хүмүүс болж тунарна. Эдгээр хүмүүст мөнгөн олговор хангалттай олгож бусдад нь ээлтэй орчинг үүсгэж, тохирох ажлын байрыг бий болгож, дэд бүтцээ хөгжүүлэх чухал. Ингэснээр хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж халамж хүртэх иргэд цөөрнө" хэмээн онцоллоо.

-ТУСГАЙ СУРГУУЛИЙН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ-

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажилд орж чадахгүй байгаа гол шалтгаан нь тусгай хэрэгцээт сургуулийн боловсролын системээс үүдэлтэй гэж дүгнэн ярив. Түүний хувьд тусгай хэрэгцээт хүүхдүүдийн 25 дугаар сургуулийг төгсжээ. Сургууль нь есдүгээр ангид нь III ангийн боловсролыг заадаг байсан аж. Багш нь ч хүүхдүүддээ боловсролын иймэрхүү байдлаар олгож байгаадаа сэтгэл дундуур явдгаа "Та нар энгийн сургуульд сурах ёстой" хэмээн илэрхийлдэг байжээ. "Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сургуульд ЕБС-ийн 12 ангийг бага ангийн мэдлэгээр төгсдөг учраас их сургуульд авдаггүй. Их сургуульд сураагүй учраас ажлын байр маш муу байдаг. Тиймээс л энэ олон халамж хүртэгчид байсаар байна" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-13 10:36

yamar saihan yria ve unen shuu neg huruu tairuulsan hun buten saajilttaai hun hoyr uur shuudee

Зочин
Зочин
2022-01-13 10:38

humuusiig ylgaj haritsaj baigaa ch yum shig gehdee unen ch yumshig

Зочин
Зочин
2022-01-13 10:41

iim mundag humuusiig harhaar uuruusuu zarimdaa ichih yumaa

Зочин
Зочин
2022-01-13 15:07

Мундаг юм аа улам их амжилт хүсье

Зочин
Зочин
2022-01-13 15:07

Нөгөөхөөс төө илүү

ankhzaya
ankhzaya
2022-01-14 17:13

tiishtee xodolmoriin chadara 100 xuwi aldsan xvn xalamjin talaar ingej yrina gedeg vnexeer taalagdlaa

Холбоотой мэдээ

Back to top button