УЛС ТӨР

Сайд Л.Халтар ИНЕГ-т 13 чиглэл бүхий үүрэг өглөө

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Иргэний нисэхийн Ерөнхий газар, түүний харьяа газрууд болон “МИАТ” ТӨХК-д ажиллаж, салбарын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэл өглөө.

Эхлээд ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан болон удирдлагуудтай уулзаж, салбарын өнөөгийн болон цаашдын нөхцөл байдлын талаар ярилцлаа.

Өнгөрсөн оны 12 дугаар сард УИХ-аас Иргэний нисэхийн салбартай холбоотой томоохон шийдвэр гарсан. Олон улсын агаарын тээврийн байгууллагаас гаргасан конвенцын дагуу Агаарын тээврийн хөлөг, түүний эд анги, сэлбэг хэрэгсэл, мөн агаарын тээврийн сургалтын дадлагажуур, түүний сэлбэг хэрэгслүүдийг Монгол Улсад импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталсан. Энэхүү хууль хэрэгжсэнээр цаашид агаарын тээврийн салбарт ямар үр дүн гарах, ард иргэдэд ямар үр өгөөжтэй талаар салбарын сайд, удирдлагууд ярилцсан юм. Юун түрүүнд татвараас чөлөөлөгдсөнөөр тодорхой хугацааны дараа тийзний үнэ тариф зохих хэмжээгээр буурах байдлаар ард түмэн үр шим хүртэх ёстойг Зам, тээврийн хөгжлийн сайд онцоллоо.

Салбарын сайд ИНЕГ-ын дарга, удирдлагуудад хэд хэдэн үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал, Улаанбаатар хотын бүсийн нислэгийн хөдөлгөөн удирдлагын барилгын үйл явцтай танилцаад, тус барилгын эхний хэсгийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний дотор ашиглалтад оруулах, Монгол Улсын Засгийн Газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого” –той уялдуулж, Хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгч байгууллагуудтай хамтран ашиглах зорилгоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зарим аймгийн нисэх буудлыг хөгжүүлэх, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу Монгол улсын нутаг дээгүүр дамжин өнгөрдөг маршрутын дагуух олон улсын нисэх онгоцны буудлыг (Дорнод, Ховд, Улаангомын нисэх буудлуудыг) 4С ангилалд хамруулах, зарим аймагт бүтээн байгуулах ажлыг энэ онд эхлүүлэх, Орон нутгийн нислэгийг хэрхэн хөгжүүлэх, Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн  агаарын тээвэрлэгчидтэй хэрхэн хамтарч ажиллах бодлого боловсруулж, Зам, тээврийн хөгжлийн яаманд танилцуулах зэрэг 13 чиглэл бүхий үүрэг даалгавар өглөө.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button