Ярилцлага

И.Урангоо: Багадаа 90 удаа өмссөн бол таны хайртай, хэрэгцээг хангах хувцас мөн

Дизайнер И.Урангоотой ярилцлаа. Тэр анх “Хувцас бол урлаг” гэсэн санааг нийгэмд хэлэлцүүлж, давхар олон дахин өмсдөг, байгальд ээлтэй хувцасны тухай дуугарсан нэгэн. Одоо хэд хэдэн төсөл дээр ажиллахаас гадна өөрийн брэндийг хөгжүүлж, үүний зэрэгцээ хувь хүнд тохирсон дүр төрхийг нь бүрдүүлэх сургалт зохион байгуулж байна. Түүнтэй хувцас болон сэтгэл зүйн талаар хөөрөлдөв.


-Та хувь хүнд өөрийн имижийг бүрдүүлэхэд нь туслах сургалт зохион байгуулж байгаа юм билээ. Үүнээс ярилцлагаа эхлүүлмээр санагдлаа?

-Хувцас загвар гэдэг сонсоход нэг л салбар юм шиг боловч олон талаас нь хөгжүүлэх шаардлагатай байдаг. Ганцхан хувцас хийгээд л болчихдог гэвэл дутмаг ойлголт. Тухайн хүнд тохирсон хувцаслалтыг олж өгнө, зөвлөнө гэдэг ч үүнд багтаж буй юм. Гэхдээ “Ингэж хувцасла” гэж зааж байгаа хэрэг биш. Тухайн хүнд ямар хувцас зохих юм, өөрийгөө яаж илэрхийлж болох юм гэдэг хувилбарыг гаргаж ирж байгаа гэсэн үг.

-Энэ тал дээр хараахан мэдрэмж суугаагүй, өнгө зохицол, тэгш харьцаа зэрэг ойлголтуудтай танилцаагүй хүмүүстэй ажиллахад шууд тулгах асуудал гарч байна уу?

-Хүчээр тэгж болохгүй л дээ. Хүнд хүчээр ямар нэг зүйл тулгана гэдэг миний ажилладаг зарчим бас биш. Яг өөрийнх нь дуртай, сонирхолтой зүйлийг олж илрүүлж, түүнд нь суурилж ажиллах хэрэгтэй. Өөрийг нь өөрөөс нь нээдэг гэсэн үг. Илүү өөртэй нь ярилцана, өөрт нь тухтай байдлаар ажиллана.

-Ер хүн бүрийн дотор цэвэрхэн, өөртөө зохисон хувцаслачих юм сан гэсэн хүсэл байдаг байх л даа?

-Тийм. Бас хүн бүр хүсвэл эвтэйхэн, цэвэрхэн хувцаслаж чадна. Гэхдээ яагаад заавал хувцас загвар гэдэг ойлголт энд орж ирдэг вэ гэхээр, хүнийг байгаагаас нь илүү харагдуулж болдогт бий. Тэр нь хиймлээр дүр төрх бүрдүүлнэ гэсэн үг биш л дээ. Өөрийнхөө нөөц бололцоонд тулгуурлаж, хамгийн сайхнаараа хэрхэн харагдах вэ гэсэн ойлголтыг ярьж буй юм. “Чи үүнээс илүү харагдаж болно, түүнийг нь гаргаж ирье” гэсэн маягаар. Тэгэхээр “Хэрэв ингэвэл үүнээс ч илүү харагдаж болох юм” гэдэг хувилбарыг хувцас загвар санал болгодог гэж ойлгож болно.

-Яг хувцас загварт анхаарал хандуулж, сонирхох хүсэл амьдралын боломжоос нь шалтгаалаад хүмүүст өөр өөр төрдөг болов уу. Нэг хувцсаа өдөр бүр цэвэрхэн өмсдөг хүн ч байна. Энэ хувцас загвар сонирхохгүй байгаа мэт мөртлөө бас байгальд ээлтэй, минимал хандлага гэдгээрээ зөв ч юм шиг?

-Ер энэ нь зөв, тэр нь буруу гэж туйлшрах учир дутагдалтай хандлага шүү дээ.

Хүн тухайн цаг үе, нөхцөл байдлаасаа шалтгаалж өөрчлөгдөж байдаг амьтан. Өнөөдөр та юу ч хамаагүй өмсөөд, санаа зовохгүй алхаж болно. Нэг өдөр харин дүр төрхөө өөрчлөх тухай боддог л байхгүй юу. Тэгж бодож байгаагүй хүн бий гэвэл би лав итгэхгүй. Тэгэхээр сэтгэл зүйн байдал өгсөж, уруудахын хамт өөртөө, гадаад төрхөндөө өөрчлөлт хийх хүсэл бий болж л байдаг. Түүнийгээ хувцсаар илэрхийлэх өдөөлт дагаад үүсдэг.

Хувцас загварт огт анхаардаггүй хүн ч яаж эвтэйхэн, гоё хувцаслах вэ гэж боддог, би үүнд итгэлтэй байна. Харин энэ нь хувцасны тоогоор ч юм уу илэрдэг гэвэл зөв биш байх. Бага хувцастай байлаа ч байгальд ээлгүйг нь сонгож өмсдөг хүмүүс бий. Тэднийг “Цөөхөн хувцас сольж өмсдөг, байгальд ээлтэй хүн байна” гэж хэлэх өрөөсгөл болчхож байна. Аль аль талаас нь хослуулж харах хэрэгтэй.

-“Байгальд ээлтэй” гэдэг ойлголтод тэгвэл материалыг бас чухалчлах юм байна?

-Тийм. Өөр олон шаардлагууд бий л дээ. Жишээ нь, би шинэ жилд зориулж нэлээд үнэтэй даашинз хийлгээд, түүнийгээ дахин өмсөж чадахгүй байвал утгагүй. Дахин хэрэглэж, хайртай хувцсаа болгож чадах хэрэгтэй. Нэг хувцсаа 90-ээс дээш удаа өмссөн бол таны хайртай хувцас болж гэсэн үг. Харин ганц л удаа өмсөөд орхивол байгальд ээлгүй хандлага болоод явчихна. Тэгэхээр ямар ч нөхцөлд таардаг, олон дахин өөр янзаар ашиглан өмсөж чаддаг байх нь байгальд ээлтэй хувцасны гол шаардлагуудын нэг л дээ.

-“Хайртай хувцас” гэх үг их оносон сонсогдлоо. Ер бодоод байхад яг тийм хайртай хувцсаа бол хүн гоё ганганыг нь үл харгалзаад өмсөх дуртай байдаг юм байна.

-Тийм. Хамгийн багадаа 90 удаа өмссөн бол таны хэрэгцээг хангаж байна, хайртай хувцас нь болж гэж үздэг.

-Гоо сайхны мэс заслыг өөртөө таалагдах гэж хийлгэдэг гэдэг бол зарим хэсэг “Үгүй, бусдад л таалагдах гэж байгаа хэрэг” гэж тайлбарладаг. Хүний сэтгэл зүйн онцлог тал байх л даа. Аятайхан хувцаслая гэж бодож байгаа нь ухамсаргүй дэх хүслээрээ яг аль нь юм бол?

-Би аль аль нь гэж бодож байна. Өөртөө таалагдахгүй байна гэдэг өөртөө итгэлтэй биш байна гэсэн үг. Үүнээсээ үүдээд “Би бусдад таалагдахгүй байгаа байх” хэмээн бодож байгаа гэсэн үг шүү дээ. Хэрвээ “Хамар маань гоё шүү” гээд бодчихвол “Миний хамар хүмүүст гоё харагддаг даа” гэж бодогдоно шүү дээ. Тэгэхээр эхлээд өөрөө өөртөө таалагдах гэдэг дээр очиж байх шиг. Дагаад өөртөө итгэх итгэл гэдэг ойлголт яригдах нь л дээ.

-Гэхдээ хувцсыг өмсгөл зүүсгэл, маск маягийн зүйл гэж харах ч хандлага байдаг. Үнэн мөн чанараа нууж, хиймлээр гоёчлох сэтгэл зүйн оролдлогуудын нэг гэж?

-Тийм зорилго байна, байна. Дэлхийн одууд ч юм уу ер нөлөө бүхий хүмүүс хувцас загварыг яагаад илүү чухалчилдаг вэ гэдэг үүнтэй холбоотой. Lady Gaga зүгээр л энгийн хувцастай дуулаад явж болно шүү дээ. Гэтэл яагаад заавал бүхэл бүтэн дүр төрх бүтээгээд, түүгээрээ өөрийгөө илэрхийлээд байгаа юм бэ. Тэгэхээр, энэ бол өөрийнхөө хүчийг нэмж байгаа хэлбэр. Дуу хоолой дээрээ өөрийн харагдах байдал гэдэг хүчийг нэмчихээр тэр хүн цогцоороо хүчирхэг болно. Улс төрчид яагаад өдийг хүртэл хослол өмссөөр ирсэн юм бэ, тэ.

Яг ямар харагдмаар байна гэдгээ чи бүтээж болно гэсэн үг, нэг талаараа. Би тэгэхээр үүнийг буруутгаж хардаггүй. Ер алив зүйлийг багцаар нь харах хэрэгтэй шүү дээ. Энэ үүднээс хүн өөрийнхөө сул талыг хувцсаараа нөхөж байна, яагаад болохгүй гэж.

-Нэг бодлын сэтгэлээс гарч байгаа илэрхийлэл юм шиг мөртлөө бас зориудын арга хэрэгсэл л дээ, хувцас. Энэ утгаараа зөрчилдөөд байх шиг санагддаг юм?

-Ер нь анх бүх зүйл зөрчилдөөд байх шиг санагддаг. Харин илүү гүнзгий судлаад, урт хугацаанд амьдралынхаа нэг хэсэг болгоод ирэхээр тэр бүрийг том зургаар нь харж, хүлээж авч чаддаг болдог шиг. Анх би ч бас тийм байсан. Хувцас загвар гэхээр өөрийгөө л ил гаргах гэсэн, материаллаг зүйлээр илэрхийлэх гэсэн оролдлого гэж боддог байсан. Тэгвэл, хувцас загвар гэдэг зүйл хүнд яг ямар мэдрэмж төрүүлдэг юм бэ гэдэг талаас нь хараад үзье. Ингэхээр гоё зүйл. Ямар нэг мэдрэмж тэндээс аваад байна, тийм болохоор л  энэ үйлдлээ давтан хийгээд байна. Хүн угаас мэдрэмж эрэлхийлдэг амьтан учраас. Нэг өдөр гоё хувцаслаад явахад ямар мэдрэмж төрөх вэ, түүнийг хүн дахин дахин авахыг хүсэх нь буруу биш шүү дээ.

-Байгальд ээлтэй хувцаслалтын талаар эргээд ярья л даа. Энэ үзэл санаа хувцас загварт хөл тавьсны нь дараа төрсөн үү, эсвэл өмнө нь байсан уу?

-Анх арван жилийн хүүхэд байхдаа зүгээр хувцас л хийдэг байлаа шүү дээ. Яваандаа өөрийгөө сонсож, ямар төрлийн хувцаст илүү татагдаж буйгаа хайж эхэлсэн. Мэдрэмжээ ил гаргаж эхэлсэн. Материалаа, загвараа сонгохдоо-тархин дотор болж буй процессоо цаасан дээр буулгаж хардаг болсон. Ингэхэд надад хамгийн тухтай, таатай байсан нь байгальд ээлтэй хувцас байсан.

Хувцас хүний байнгын хэрэгцээ. Хэр баргийн хүн олны дунд, өдөр тутам шалдан явж чадахүй. Хоол иддэгтэй адил энэ хэрэгцээг яаж хийх нь зөв, зүйтэй вэ гэж би  бодсон. Ямар ч ухамсаргүйгээр өмсөх, хийх биш, өөрсдөд нь таарсан, цаашлаад байгальд ээлтэй байлгахыг эрэлхийлсэн.

-Яг ямар хувцсыг байгальд ээлтэй гэж үзэх вэ?

-Түрүүнд хэлсэнчлэн, маш олон шалгуур бий. Нэгдүгээрт, тухайн хүндээ таарсан эсэх. Яг таарсан хувцас биш л бол олон дахин өмсөхгүй, нөгөө хайртай хувцас нь болж чадахгүй. Энэ нэг талаараа байгальд ээлгүй гэсэн үг.

Материалын хувьд байгальд хэрхэн шингэдэг вэ гэдэг асуудал яригдана. Цаашлаад яаж хийсэн нь сонин. Хэр хэмжээний байгалийн нөөц шавхаж хийсэн бэ, үйлдвэрт нь хүмүүс ямар цалинтай ажилласан бэ зэрэг. Жишээ нь, хямд хувцасны үйлдвэр цаанаа хүмүүсийн хөдөлмөрийг мөлжиж байдаг. 30 ам.долларын хувцасны зардал нь 1 ам.доллар ч байдаг юм уу тэ, энгийнээр хэлэхэд. Энэ үзүүлэлт ч бас багтаж байгаа биз.

-Өөрийнхөө имижийг олохын тулд олон туршилт хийж, олон хувцас алдаж онон худалдаж авч байгаа хүмүүст байгальд ээлтэй байдлаар хандах нь чухал гэдгийг ойлгуулах хэрэгтэй юу?

-Дэлхийн хэмжээнд авч харахад ч байгальд ээлтэй хувцаслах талаар нийтээрээ бодож үзэхгүй л байна. Цөөн хэдэн хувь нь л энэ хандлагаар хувцасладаг. “Би ямар хувцас өмсвөл зохих вэ, удаан хэрэглэх вэ” гэдгээ мэргэжлийн хүнтэй ярилцаад авна гэдэг бол зөв шийдэл. Бас хүн бүрийн ажлын онцлогоос шалтгаалдаг л даа. Өөрийгөө бусдад харуулах шаардлага гардаггүй хүмүүс ч байна шүү дээ. Тиймд “Байгальд ээлтэй бай”, “Яаж байгальд ээлтэй байх вэ” гэдэг санааг нь бүх хүмүүст жигд хүргэх чухал.

Наад зах нь, олон хувцас худалдаж авлаа ч тэднийхээ цаашдын “амьдрал”-ыг байгальд ээлтэйгээр яаж шийдэж болохыг бодолцох хэрэгтэй. Дэлхийд нэг удаагийн хувцаснаас шалтгаалж, түрээсийн үйлчилгээ улам бүр трэнд болж байна. Тэгэхээр хамгийн гол нь мэдээлэл гэсэн үг. Байгальд ээлтэй хувцаслана гэдгийг сонсоогүй ч хүн байгаа шүү дээ.

-Өмнө нь асуултдаа дурдсан даа, яг өөрийнхөөрөө хувцаслана, тийм хувцаслалт бүрдүүлнэ гэдэг бас амьдралын боломжоос шууд шалтгаалах зүйл мөн үү?

-Би тэгж боддоггүй. Мэдрэмж хамгийн чухал. Мэдрэмжтэй, мэдлэгтэй байвал ямар хувцсыг юутай хослуулж өмсөхөө хүн сайн мэднэ. Үүнд хувцасны үнэ эсвэл тоо ярих шаардлагагүй. Хямдхан хувцсыг гоё харагдуулаад өмсдөг хүн байхад үнэтэй хувцас авч өмсөөд сайхан харагддаггүй ч хүн бий.

-Ер нь тэр мэдрэмж төрөлхийнх байдаг уу, эсвэл олж авах боломжтой юу?

-Төрөлхийн мэдрэмж байна, хөгжүүлж ч болж байна. Юу сонирхоно, түүгээрээ хүн илүү хөгждөг шүү дээ. Тэгэхээр эхлээд сонирхох, дараа нь яг цаг гаргаад ажиллаж болно.

-Өөрт зохиогүй, эсвэл халтар заваан хувцасласан хүн хараад таны дургүй хүрдэг үү?

-Дургүйцээд байх юмгүй дээ. Хүн өөрийнхөө хэмжээнд хувцаслаад явж байхад хөндлөнгөөс сайхан, муухай гэж шүүх эрх надад байхгүй. Бас “Ийм, тийм хувцаслаж дээ” гэж бодоод байдаггүй юм байна аа. Тэгэх зав ч байхгүй юм.

-Мэргэжлийн өвчин гэдэг шиг, өөрийн мэдэлгүй л хүний хувцсыг хардаг болчихсон гэх мэт яриа байдаг шүү дээ?

-“Энэ ийм мэдрэмжтэй хүн байна даа” л гэж харахаас биш өнгөн талд нь ач холбогдол өгдөггүй. Цогцоороо надад мэдрэмжээ илэрхийлчхэж байгаа байхгүй юу, хүн хувцаслалтаараа. Тэгээд л иймэрхүү vibe-тай, тийм type-ийн хүн байна даа гэж хардаг.

-Эргээд та өөрийн хувцаслалтаар илэрхийлэгдэж буй цогц мэдрэмжийг зураглах гээд үзвэл ямар дүр зураг буух бол?

-Би ер нь эрэгтэйлэг хувцсанд илүү дуртай. Жаахан эрэгтэйлэг хүмүүс нууцлаг, биеэ даасан харагддаг. Тэгж санагддаг. Миний хувцас дандаа эрэгтэй, эмэгтэй шинж холилдсон байдаг. Тэгэхээр миний зан араншин ч бас тиймэрхүү талдаа байж магадгүй.

-Хоёулаа хурдтай, сониуч асуултуудаар удаан ярилаа. Одоо таны хэлмээр оргиж явдаг зүйлийг сонирхоё л доо. Энэ салбарт удаан амьдралаа зориулж буйн хувьд, яг яримаар санагддаг тийм сэдэв?

-Хувцас загварыг нэг тал руу нь туйлшруулахгүй, зөвөөр ойлгоосой, хэрэглээсэй гэж боддог юм аа. Хүмүүс өөрсдөдөө аягүй тийм ачаа болгож хүлээж авдаг, үүнийг. Enjoy биш, дарамттай байдлаар хүлээж аваад байдаг. Хөнгөхөн, амархан л хүлээж авах, хүссэнээ хэрэгжүүлэх, түүндээ enjoy байгаасай гэж боддог.

Хүнтэй ярилгүй ойлголцох нэг боломж нь чиний гадаад төрх. Гадаад төрхөөс нь хүний ажил мэргэжлийг хүртэл тааварлаж болдог. Тэгэхээр тэр илэрхийллээ хувцсаар дамжуулж яаж гаргах нь чухал зүйл л дээ. Энэ талаар бодолцоосой гэж боддог.  

Ер нь хүн өөрөө өөртөө шүүлт хийдэг. Би яаж харагдаж байгаа бол гэдгээс санаа зовохоо больж, “Надад энэ хувцас тохирч байна” гэдгээ хүн өөрөө л мэдчихвэл сэтгэл нь ханана, түүнийгээ хүмүүст баяртай харуулна. Ингэхээрээ илүү тухтай болчихдог.

-Энэ мэргэжлээр ажиллахдаа та ямар үед хамгийн их баярладаг, кайф авдаг вэ?

-Манай мэргэжил жижиг жижиг моментуудаас кайф авдаг онцлогтой. Нэг хувцас гаргаад дууслаа, таашаал авч байдаг. Үр дүн, авах кайф нь хурдтай. Өдөр бүр аз жаргал мэдрэх ч боломжтой.

-Та ямар ч асуултад тогтвортой, логиктой хариулдаг юм байна. Комплексоос ангид ч юм шиг. Ийм тогтвортой сэтгэл зүйтэй байхад юу нөлөөлдөг вэ?

-Баярлалаа. Магадгүй эцэг эхээс өвлөгдсөн зан араншин үүнд илүү нөлөөлдөг ч байж болох юм. Хоёрдугаарт, өөрөө  өөрийгөө цааш хэрхэн төлөвшүүлж авч явах вэ гэдэг асуудал бий шүү дээ.  

Би ер аливаа сэдвийг “Бүр угт нь, цаана нь юу байгаа юм” гэж судлах дуртай.  Судлагдахууны улам гүнд орох гэдэг тархиныхаа гүн рүү орж буй хэрэг гэж би боддог.

Цаашлаад “Би хэн юм бэ” гэдгээ тодорхой хэмжээгээр олж харсан үед өөртөө тухтай орших боломжтой. Сэтгэл зүй ч дагаад нэг их донслоод байдаггүй шиг санагддаг. Бидний явж буй зам их нөлөөлнө л дөө. Би олон жил нэг юмаа давтаж хийж байгаа болохоор ч бас ийм юм болов уу гэж бодож байна.  

-Бас үргэлж өөртөө тухтай хувцасладаг болохоор тэр юм болов уу. Хэзээ ч өөрт таалагдахгүй нэг хувцас өмсөөд гарах боллоо гэхэд сэтгэл зүйгээ тогтвортой хадгалж чадах уу?

-Надад тохирохгүй гэдгийг мэдэж байгаа учраас өмсөхгүй л дээ. Хувцаслалтаас болж сэтгэл зүй маань өөрчлөгдөнө гэдгийг мэдэж байгаа учраас өмсөхгүй.

Ер нь хүн дуртай зүйлээ судлах тусам улам түүнийхээ гүн рүү буудаг, дагаад өөрийгөө ч бүтээж байдаг шүү дээ. Эрэх, хайх тусмаа өөрийгөө бүтээдэг. Гэхдээ бүтээж байна гээд юуг ч хамаагүй хийгээд явах нь сул талтай. Эхлээд өөрийгөө ойлгож, ямар төрлийн хүн гэдгээ харсныхаа дараа бүтээвэл илүү үр дүнтэй гэж боддог. Юу ч хамаагүй өөртөө наагаад л, бүтээгээд л, урт хугацааны дараа эргээд хартал өөр хүнийг бүтээчихсэн байвал яах вэ.

-Таныг бас ахуйн хэрэгцээний ч юм шиг хувцас гэдэг зүйлийг уран бүтээлч нүдээр хардаг шалтгаан нь юу юм бол гэж асуумаар санагддаг юм?

-Надад хувцсаар бизнес хийх боломж зөндөө байгаа. Гэхдээ би мэдрэмжээ үгүй хиймээргүй байна. Би үүгээр амьдарч байгаа учраас тодорхой хэмжээнд мөнгө олох хэрэгтэй. Гэхдээ энэ миний үнэ цэн учраас мөнгөний төлөө зорьж хиймээргүй санагддаг. Эндээс таашаал авч байгаа учраас гоё талаар нь авч явахыг, тийм байдлаар хадгалахыг хүсдэг. Хувиар тооцвол, 60-70 хувьд нь би өөрийнхөө ертөнцөөр хиймээр байна. Үлдсэн хувьд нь амьдрах зардлаа бий болгож болж байна.

Хүн ер гоё мэдрэмжүүдийг мэдрэх, аз жаргалтай байх гэж л амьдарч байгаа шүү дээ. Түүнийг нь мөнгө гүйцээж өгдөг гэж ихэнх хүн боддог. Магадгүй таны хийж байгаа ажил аз жаргал өгч байгаа бол мөнгө нөхдөг олон хүслүүдийг өгчхөж буйгаас ялгаагүй. Тэгэхээр балансаа барих их чухал л даа. Ямар нэг байдлаар өөрийнхөө үнэ цэнийг зарчихвал миний аз жаргал буучихна шүү дээ.

-Хувцас загварт бүр багаасаа татагдсан уу?

-Одоо ингээд бодохоор, багадаа би зургийн хүн болох нь гэж уншигдахаар хүүхэд байсан шиг байгаа юм. Би барбинд хувцас оёдог, ээжийнхээ хувцсаар загвар өмсөж тоглодог, тийм л хүүхэд байсан. Зураг зураг их сонирхолтой. Багаасаа зурсан. Энэ бүгд маань нийлээд энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан гэж боддог доо.

-Өсвөр насандаа өөрийнхөө гадаад төрхөнд үл ханаж, эргэлзэж байсан удаа бий юу?

-Би бүгдийг туршдаг байсан. Сэтгэл хангалуун биш байна гээд яваад байх биш шууд хийж үздэг байсан. Үсээ янз бүрийн өнгөөр будлаа, төрөл бүрийн хувцас сонирхож өмсөж үзлээ. Ер нь хүн нэг ажлыг хийж үзэж, мэдрэмжийг нь авч байж ард нь гардаг. Тэгэхээр нэгэнт зориглоод, хийж үзээд, мэдэрчихсэн нь дээр. Тэгэхгүй бол хийж үзээгүй зүйл сэтгэлд насанд туршид хадгалагдаж ч мэднэ. Ард нь гарчихаар өөр л дөө, хайж байсан зүйл биш байсныг ч олж мэдэхийг үгүйсгэхгүй шүү дээ.

-Гэхдээ одоо танд хийж үзэж, ард нь гармаар тийм мэдрэмж бий юу?

-Хүн хэзээ ч дуусдаггүй шуналтай амьтан. Гэхдээ шунал юун дээр илрэх вэ гэдэг өөр, өөр. Би өөрийгөө шуналгүй хүн гэж хэлэхгүй. Магадгүй миний шунал оюуны түвшинд илэрдэг байх, материаллаг шуналгүй ч.

Ер ямар нэг зүйл хийгээд, ард нь гарахаар дахиад нэг зам нээгддэг. Хийхгүй л бол тэр зам нээгдэхгүй. Одоо миний өмнө олон зам байна, хаашаа явахаа бараг шийдэж ядаж байна.

-Нэг салбартаа удаан ажиллаж байгаа болохоор тийм мэдрэмжээс бүр алсарсан ч юм бил үү гэж бодоод?

-Заримдаа мэдрэгддэг л дээ, уйдах ч юм уу, тийм мэдрэмжийг. Энэ угаас хүн бүрд байдаг шүү дээ. Тийм нөхцөлд орвол түр амарчихсан нь зүгээр. Өөр юмс түр туршаад. Тэглээ гээд яг дуртай зүйл чинь хэзээ ч орхигдохгүй. Буцаад л ирнэ. Тухайн үед ямар нэг шалтгаанаар түүнээс ядарсан байж болох юм. Гэхдээ л хайртай байгаа байхгүй юу. Явчхаж байгаа бол хайргүй байна гэсэн үг л дээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-03 08:15

Оюуны түвшний шун�##�тай гэжээ

Зочин
Зочин
2022-03-03 08:27

Гоё эмэгтэй байна

Зочин
Зочин
2022-03-03 08:42

Хамгийн багадаа 90 удаа өмссөн хувцас ианы хэрэгцээг хангаж байна гэсэн үг

Зочин
Зочин
2022-03-03 10:08

iim urlagiin medremjtei humuus odoo uur yrtuntsud amidardag baihaa bi l lav oilgohgun baina

Зочин
Зочин
2022-03-04 03:08

Асуулт бүрт тас цохиод л хариулж байнашд ????

Холбоотой мэдээ

Back to top button