Нийгмийн

ИРГЭД: НҮБ-ын ХАС-гийн төсөл үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд том түлхэц, дэмжлэг боллоо

Малчин, мал аж ахуйн мэргэжилтний нэгдсэн, аймгийн хэмжээний зөвлөгөөн Улиастай хотод өнөөдөр эхлэн, үргэлжилж байна. НҮБ-ын хамтарсан "Малчдын нийгмийн хамгааллыг сайжруулж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь" төсөл, Завхан айгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж буй зөвлөгөөнд 24 сумын 200 гаруй малчин, хувиараа үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /ХНХЯ/, НҮБ-ын Хүн амын сангаас Завхан аймгийн таван суманд төсөл хэрэгжүүлсэн. Уг төсөлд хамрагдсан иргэд, хоршоод зөвлөгөөний үеэр бүтээлийнхээ дээжээс дэлгэсэн юм. Тэд ийн ярьж байна.

Н.БАЯРМАА: НҮБ-ын ХҮН АМЫН САНГААС ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛҮҮД БОДИТ ҮР ДҮНГЭЭ ӨГСӨӨР БАЙНА

(ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын Хүүхэд залуучууд ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга)

-Улиастай хотод болж буй энэ удаагийн малчин, мал аж ахуйн мэргэжилтний зөвлөгөөний онцлог юу вэ?

-ХНХЯ, НҮБ-тай хамтарч 2019 оноос малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах  эрсдэлийг даван туулах арга хэмжээг анх удаа Завхан аймгийг сонгон хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд малчдын нийгмийн асуудлыг шийдэх ажлын байрыг нэмэгдүүлэх үндсэн ажлыг  хэрэгжүүлж байна. Нөгөө төлөөрөө залуу малчдын гарааны бизнесийг дэмжих мөнгөн тусламж гэхээсээ илүү сургалтад хамруулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаснаараа гарааны бизнесүүд тогтвортой болох нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Энэ төслийг хэрэгжүүлэхэд НҮБ-ын төрөлжсөн бүх байгууллагууд хамтарч оролцсон. НҮБ-ын Хүүхдийн сан гамшиг эрсдэлийн үед хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 20 мянга байсныг төсөл хэрэгжсэн сумдын 0-5 насны 6800 гаруй хүүхдүүдэд 40-60 мянгаар нэмэгдүүлж дэмжлэг олголоо.

Энэхүү ажил аргачлалын хүрээнд МУ-ын засгийн газар хүүхдийн мөнгийг 5 дахин нэмэгдүүлж олгосон.  Хүүхдийн сангаас гамшгийн эрсдэлийг үнэлэхэд бичиг баримтуудад үнэлгээ хийсэн. Үнэлгээний дагуу хүүхдэд ээлтэй тусламжийг үзүүлэх арга зүйн заавар зөвлөмжийг гаргалаа. Мөн гамшгийн үеийн нийтлэг шаардлага, стандартыг олон улсын байгууллагаас гаргасныг Монголын хууль эрх зүйн орчинд тулгуурлаж стандартыг батлан малчдын нийгмийн асуудалд эрх зүйн болон  тогтолцооны шинэчлэл хийлээ. д Жирэмсэн ээжүүдэд 40 мянган төгрөгийн тэтгэмжийг халамжийн сангаас олгодог. Энэ төслийн хүрээн жирэмсэн ээжүүдэд олгодог мөнгийг нэмэгдүүлж нэг удаа 120 мянган төгрөгийн тэтгэмжийг олгохоор болж байна.

Төсөл хэрэгжүүлэх малчдын судалгаа дүгнэлтийг хийлээ. Малчдаа мэдлэгжүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагатай байх, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ойлголт мэдээллийг сайжруулах ёстой гэсэн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийн дагуу НҮБ-ын хүн амын сангаас гаргасан 13 сургалтын модулыг ойлгомжтой комик байдлаар боловсруулж  сургагч багш нарыг бэлтгэж 1000 гаруй малчдад сургалт хийлээ.  Энэ төслөөс хэрэгжүүлсэн сайн туршлагыг бусад аймгуудад түгээн дэлгэрүүлэх ажлыг ХНХЯ-аас хийж байна.

-НҮБ-ын Хүн амын сангаас Завхан аймгийн таван суманд 14 төсөл хэрэгжүүлсэн. Энэ төслийг орон нутагт хэрэгжүүлсэн нь ямар онцлогтой байв?

-Байгалийн хатуу ширүүн нөхцөлд амьдардаг малчныхаа нийгмийн баталгааг хангах, ЭМД, НД-ын хамрагдалтыг нэмэгдүүлэх улмаар гамшгийн эрсдэл болон өөр олон зүйлийн эрсдэлээс өөрсдийгөө хамгаалахад туслалцаа дэмжлэг үзүүлснээрээ илүү ач холбогдолтой. НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлж буй төслүүд бодит үр дүнгээ өгсөөр байна.

О.БАЯРЦЭЦЭГ: ШИРЭЭ ТӨХӨӨРӨМЖӨӨР ЭЛДДЭГ, СУРАА ГАРААР СҮЛЖДЭГ

/Завхан аймгийн Тэс сумын иргэн. Суран эдлэл боловсруулах төсөлд хамрагдсан/

-НҮБ-ын хүн амын сангийн төсөлд хэзээ хамрагдсан бэ?  Хийж хэрэгжүүлж байгаа зүйлсийнхээ талаар яриач?

-2020 онд хамрагдан төхөөрөмжөө авч суран эдлэл боловсруулж байна. Манай давуу тал гэвэл суран эдлэлээ сүлжиж хийдгээрээ онцлог давуу талтай.

-Суран эдлэлээ төслийн хүрээнд авсан тоног төхөөрөмжөөр боловсруулж байна уу?

-Тийм ээ. Тоног төхөөрөмжөөрөө сураа элдэж зөөлрүүлэн боловсруулдаг. Сүлжих урлахыг гараараа хийдэг. 

-Энэхүү төсөлд хамрагдсанаараа танд ямар шинэ боломж гарч ирэв?

-Амьдралд маш том дэм болж байна. Хийсэн сураа зарж борлуулж  байнгын орлоготой болсон.

-Үнийн хувьд хэдэн төгрөгөөр худалдаалж байна?

- Сүлжмэл хазаар 150 мянган төгрөг, ташуур 150 мянга, бугуйл 250, чөдөр 30 мянган төгрөгөөр боловсруулж байна.

-Төслийн хүрээнд авсан төхөөрөмж таны хөдөлмөрийг хэрхэн хөнгөвчилж байна?

-Хурдан элдэж боловсруулдгаараа давуу талтай.

-Тухайн төхөөрөмж өдөрт хэдэн үхрийн шир элдэж боловсруулдаг вэ?

-Өдөрт дөрвөн үхрийн шир боловсруулна. Төхөөрөмжийн хувьд шир элддэг болон арьс элддэг гэж байгаа. 

-Энэхүү төсөлд дахин хамрагдах уу?

-Хамрагдана гэж бодож байна.

Т.ЭРДЭНЭСУВД: ЭНЭ ТӨСӨЛД ХАМРАГДСАНААР ТАРЬЖ БУЙ НОГООНЫ МААНЬ ТӨРӨЛ 10 БОЛТЛОО ӨРГӨЖСӨН

/Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэн. Хүнсний ногоо тариалах төсөлд хамрагдсан/

 -Төсөлд хамрагдсан талаараа ярихгүй юу?

-2020 оноос хойш энэхүү төсөлд хамрагдан хүлэмжийн аж ахуй эрхэлж байна. Энэхүү төсөлд хамрагдаж тоног төхөөрөмж авснаараа олон үр ашиг гарсан. Жишээ нь ногооны төрөл олон болох, гарц нэмэгдэж улмаар санхүүгийн чадамж нэмэгдэж байна. Мөн нутгийн хөрсөнд органик хүнс тариалж байгаа нь давуу талтай.

-НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлж байгаа төсөлд хамрагдахаас өмнө  хэдэн төрлийн ногоо тариалдаг байсан бэ? Хамрагдсаны дараа хэдэн төрлийн хэр хэмжээний ногоо хураан авч байна вэ?

-Хамрагдахаас өмнө өргөст хэмх, помидор тариалдаг байсан. Төсөлд хамрагдсанаар 10-аад нэр төрлийн ногоо тарьж байна.

-Таны хувьд Дөрвөлжин сумаас зорьж ирсэн байна. Тус сумын хувьд байгаль цаг уур нь ногоо тариалахад хэр тохиромжтой вэ?

-Хүлэмжид тарьдаг учраас байгаль цаг уур асуудалгүй. Өөрсдөө л хөдөлмөрлөж чадвал сайхан амьдарч болохоор байна.

Т.БАТХОЛБОО: УГААЛГЫН ВАНН БАРЬСНААР МАЛЫН АШИГ ШИМ ҮЛЭМЖ НЭМЭГДСЭН

/Завхан аймгийн Идэр сумын иргэн. Мал угаалгын ванн барьсан/

-Таны хувьд мал угаалгын ванн барьсан байна. Энэ төсөлд хэзээ хамрагдав?

-Энэ төслийн  дэмжлэгтэйгээр Завхан аймгийн Идэр сумын “Тунын ам” гэх газар мал угаалгын суурин ванныг өөрийн компанийн хоёр малчин өрхтэй хамтран барьсан. Мал угаалгын ванн барьснаар малын тарга авах анхан шатны эх үүсвэр болж өгч байна. Малын гадаад дотоод шимэгчийн устгах үр дүнтэй төсөл хэрэгжлээ.

-Нэг удаад хэдэн мал угаах хүчин чадалтай вэ?

-1000 мал угаах хүчин чадалтай.

-НҮБ-ын Хүн амын сангаас ямар бодтой дэмжлэг үзүүлсэн бэ?

-Малыг эрүүлжих төсөл хэмээн хүлээж авч техникийн дэмжлэг үзүүлсэн. Тарган мал тал бүрийн ашигтай гэдэг шиг малчдын орлого ч цаашдаа нэмэгдэх байх.

-Танайхаар үйлчлүүлсэн малчдын сэтгэл ханамж хэр байдаг вэ?

-Манай суманд малыг шумбуулж угаасан тохиолдол өмнө байгаагүй. Малчдын сэтгэл ханамж өндөр байдаг. Тийм учраас цаашдаа өргөжүүлнэ.

-Малчид малаа угаалгахад мөнгө төлөх үү?

-Тухайн хөлс мөнгийг сумын ИТХ-аас баталж гаргасан.

Б.НАРАНЧИМЭГ: ГУРВАН ТӨРЛИЙН СҮҮН ЗАЙРМАГ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

/Завхан аймгийн Их-Уул сумын иргэн. Сүүгээр зайрмаг хийдэг/

-Бүтээгдэхүүнийхээ талаар ярина уу?

-Би 2004-2007 он хүртэл зайрмаг хийж байгаад 2020 он хүртэл өөр бизнес хийдэг байлаа. Харин энэ төсөлд хамрагдсанаараа зайрмагаа хотоос зөөхгүйгээр хөдөөгийн нөхцөлд хийдэг болсон нь сайн хэрэг

-Төсөлд хамрагдсанаар зайрмагаа илүү олон тоогоор үйлдвэрлэх боломж нээгдэв үү?

-Тэгсэн. Өрхийн орлого ч мөн адил төдий чинээгээр нэмэгдсэн.

-Төсөлд хамрагдахаас өмнө бүтээгдэхүүнээ хэрхэн хийдэг байсан бэ?

-Би хуучны Орос машинтай байсан. Тэр маань хэрэгцээгээ хангахаа больсон.

-Цаг хугацаа, бүтээгдэхүүний чанарт ямар өөрчлөлт оров?

-Сайн машинтай болсноор зайрмагны амт чанар нэмэгдэж цаг, хугацаагаа хэмнэх болсон.

-Хэчнээн нэр төрлийн зайрмаг хийж байгаа вэ?

-Яг одоогоор гурван нэр төрлөөр гаргаж байна. Цаашдаа нэр төрлийг нэмэгдүүлнэ.

-Үйлдвэрлэлээ Улаанбаатар хот руу тэлэх бодол бий юү?

-Манай аймагт зах зээл хангалттай.

Төслийн үр дүнгийн талаар яриач?

-Үйлдвэрлэл хийе гэсэн бодолтой боловч хөрөнгө мөнгөгүй олон хүн байсан шүү дээ. Тийм хүмүүст НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлсэн төсөл том дэм болсон.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-14 16:34

баяр хүргэе

Холбоотой мэдээ

Back to top button