НийгмийнСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Малчид гарааны бизнес эрхлэх, малаас өөр тогтмол орлоготой болох боломж олгосон НҮБ-ын хамтарсан төсөл

Алдарт уяачийн малгайгаа ихэд хүндэтгэн өвөр дээрээ тавин, бор дээлээ живхийтэл нь өмссөн нэгэн малчин тайван гэгч нь сууна. Хажууд суугаа малчинд “Сайхан хаваржиж байна уу. Мал төллөөд живхэрч байна уу” гээд мэнд мэдэн, хөөрөглөв. Тэгснээ “Энэ мөн аятайхан эд юм аа. Борц нүдэн, нунтаглах чинь хэчнээн шаггүй ажил билээ. Энэнтэй байхад ганцхан кноп дараад л болох нь” гээд нэгэн төхөөрөмжийг ихэд сонжив. “Ийм сайхан төхөөрөмжтэй болчихвол бүх борцоо нунтаглаад хадгалчихна. Тэгээд л хоолондоо чимхэж хийгээд бол оо” гээд хажуу дахь малчин нь дэмжив.

Тэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /ХНХЯ/, НҮБ-ын дөрвөн байгууллага (Хүүхдийн сан, Хүн амын сан, Хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага) хамтран Завхан аймагт хэрэгжүүлсэн “Малчдын нийгмийн хамгааллыг сайжруулж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” төсөлд хамрагдсан иргэд, байгууллагуудын гаргасан үзэсгэлэнд үзэн, Тэс сумын нэрийн борц хийдэг төхөөрөмжийг шагшиж яваа нь энэ.

Эл үзэсгэлэнг НҮБ, Завхан аймгийн ЗДТГ хамтран Улиастай хотод зохион байгуулсан “Малчин, мал аж ахуйн мэргэжилтний аймгийн зөвлөгөөн”-ий үеэр дэлгэсэн нь малчдын төдийгүй завханчуудын сонирхлыг ихэд татсан нь энэ.

Өнөө цагт малчид зөвхөн малынхаа ашиг шимийг харах, амьжиргаагаа залгуулах бус гарааны бизнес эрхлэх, тогтмол орлоготой байх чухал гэж хаана хаанаа онцлох болсон. Ийм цаг үед ХНХЯ, НҮБ-ын хамтарсан хөтөлбөрийг орон нутагт тэр тусмаа Завхан аймгийн таван суманд хэрэгжүүлсэн нь цаг үеэ олсон, мэдэрсэн, илүү үр дүнтэй төсөл болсныг салбар, салбарынхан, малчид, гарааны бизнес эрхлэгчид онцолж байлаа.

 УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, НҮБ-ын төлөөлөгч Тапан Мишра, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын Хүүхэд залуучууд ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа нар “Малчин, мал аж ахуйн мэргэжилтний аймгийн зөвлөгөөн”-д нээж үг хэлж, илтгэл тавьсан.

ТАПАН МИШРА: ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛИЙГ ТУХАЙН АЙМАГ, ОРОН НУТАГ ЗӨВ БОДОГООР ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ЧУХАЛ

(НҮБ-ын төлөөлөгч)

НҮБ-ын дөрвөн байгууллага хамтран Завхан аймагт хэрэгжүүлсэн төслийнхөө үр дүнд сэтгэл хангалуун байна. Зөвлөгөөний үеэр дэлгэсэн үзэсгэлэнг үзэхэд сайхан байлаа.

НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлсэн 14 төсөл зөв хүндээ очсоныг, бизнес, ажилд нь мэдэгдэхүйц боломж олгосныг, өөрчлөлт авчирсныг харлаа. Малчид зөвхөн мал маллаад амьдрах бус гарааны бизнес эрхлэх, бүтээгдэхүүн хийх боломж дүүрэн байгааг эндээс харж болно.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хувьд малчдын нийгмийн даатгалд хамрагдах хувийг нэмэхэд тодорхой хэд хэдэн түвшинд анхаарч ажиллалаа. Үүний үр дүнд өмнө нь 16 хувь байсан идэвхийг 21 болголоо. Малчид нийгмийн даатгалд идэвхтэй хамрагдах нь ирээдүйгээ баталгаажуулах, эдийн засгаа бэхжүүлэх нэг арга хэрэгсэл. Малчид гарааны бизнес эрхэлж, тогтмол орлоготой болсноор нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагдахаас авхуулаад олон боломж нээгдэнэ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн хувьд цар тахлын хүнд үед хүүхдийн тэтгэлгийг дэмжин ажиллалаа. Үүнийгээ үргэлжлүүлээд жирэмсэн эмэгтэйчүүдэд тэтгэлэг өгөх тал дээр дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр ямар ч ган, гачиг тохиолдоход малчид хамгийн наад захын үндсэн хэрэгцээгээ хангах боломж бүрдэнэ.

НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хувьд малчдыг аливаа гамшиг, хямралд илүү тэсвэртэй байх чадавхыг бэхжүүлэх зорилгоор зургаан чиглэлд анхаарч ажилласан.

Ийнхүү НҮБ-ын дөрвөн байгууллага хамтран ажилласнаар малчин хүн эдийн засгийн хувьд болон аливаа гамшиг хямралын эсрэг хөл дээрээ бат зогсож чадах, бэрхшээлийг даван туулах чадвартай болгохыг зорилоо.

Цаашид монголчууд ялангуяа малчид эдийн засгийн хувьд халамж, тэтгэмж хүлээх бус ажил, хөдөлмөр эрхэлж, одоогийнхоосоо илүү биеэ даах чадварыг төлөвшүүлэхийн тулд бид энэ төслийг хэрэгжүүлсэн.

Ямар нэгэн төсөл хэрэгжээд дуусах нэг хэрэг. Түүнийг тухайн аймаг, орон нутаг дэмжээд үргэлжлүүлэх, эргэх холбоотой ажиллах, бэхжүүлэх нь юу юунаас илүү чухал юм шүү” гэлээ.

Н.БАЯРМАА: НҮБ-ын ХАМТАРСАН ТӨСӨЛ БОДИТ ҮР ДҮНД ХҮРСЭЭР БАЙНА

(ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын Хүүхэд залуучууд ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга)

-ХНХЯ, НҮБ-тай хамтарч 2019 оноос малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах,  эрсдэлийг даван туулах чадварыг нь нэмэх зорилготой энэ төслийг Завхан аймагт анх удаа хэрэгжүүллээ.

Энэ төслийн хүрээнд малчдын нийгмийн баталгааг шийдэх, ажлын байрыг нэмэгдүүлэх үндсэн ажлыг  хэрэгжүүлж байна. Нөгөө талаар залуу малчдын гарааны бизнесийг дэмжих, тухайлбал, мөнгөн тусламж гэхээсээ илүү сургалтад хамруулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, бизнесийн төлөвлөгөөг нь боловсруулах гэх зэрэг олон тал дээр анхаарлаа. Төслийн хүрээнд малчдад хэрэгтэй, шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг нь худалдан авч өгснөөр гарааны биенес нь тэлэх, хөл дээрээ босох, цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүллээ. Энэ төслийг хэрэгжүүлэхэд НҮБ-ын төрөлжсөн бүх байгууллага хамтарч оролцсон.

Олон улсын хөдөлмөрийн байгууллага малчдын хоршоодын ажиллах идэвхи, хөдөлгүүрийг сайжруулах чиглэлд анхаарлаа.

Хүүхдийн сан гамшиг эрсдэлийн үед хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 20.000 байсныг төсөл хэрэгжсэн сумдын 0-5 насны 6800 гаруй хүүхдүүдэд 40-60 мянгаар нэмэгдүүлж, дэмжлэг үзүүллээ. Ингэснээр эрсдэлийг даван туулах нийгмийн баталгааг нь тодорхой хэмжээнд хангалаа.

Энэхүү ажил, аргачлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газар хүүхдийн мөнгийг тав дахин нэмэгдүүлж олгосон.  Хүүхдийн сангаас гамшгийн эрсдэлийг үнэлэх бодлогын бичиг баримтуудад үнэлгээ хийсэн. Үнэлгээний дагуу хүүхдэд ээлтэй тусламжийг үзүүлэх арга зүйн заавар зөвлөмжийг гаргалаа.

Мөн Олон улсын хүмүүнлэгийн байгууллага гамшгийн үеийн хүүхэд хамгааллын нийтлэг шаардлага, стандартыг анх удаа гаргасныг Монголын хууль эрх зүйн орчинд тулгуурлаж баталлаа. Ингэснээр малчдын нийгмийн асуудалд эрх зүйн болон  тогтолцооны шинэчлэл томоохон шинэчлэл хийлээ гэж дүгнэж болно.

Энэ төслийн хүрээнд жирэмсэн ээжүүдэд 40 мянган төгрөгийн тэтгэмжийг халамжийн сангаас олгодог байсныг нэмэгдүүлж 120.000 болголоо.

Төсөл хэрэгжүүлэх малчдын судалгаа дүгнэлтийг хийлээ. Малчдаа мэдлэгжүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагатай байх, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ойлголт мэдээллийг сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийн дагуу НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан сургалтын 13 модулийг ойлгомжтой, комик байдлаар боловсруулж  сургагч багш нарыг бэлтгэлээ. Улмаар энэ хүрээнд 1000 гаруй малчдад сургалт хийлээ.  Энэ төслөөс хэрэгжүүлсэн сайн туршлагыг бусад аймагт түгээн дэлгэрүүлэх ажлыг ХНХЯ-аас хийж байна. НҮБ-ын хамтарсан төсөл бодит үр дүнгээ өгсөөр байна” гэлээ.

“Малчдын нийгмийн хамгааллыг сайжруулж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” төслийг Завхан аймгийн таван суманд хэрэгжүүлсэн ХНХЯ, НҮБ-ын удирдлага ажлаа ийн дүгнэлээ. Энэ төсөл хэрэгжсэнээр малчдын гарааны бизнес тэлж, тоног төхөөрөмж сайжрахаас гадна нийгмийн даатгалд хамрагдах идэвхи, жендер, хүний эрхийн мэдрэмжээс авхуулаад тодорхой олон үр дүнд хүрснийг эндээс харж болно. Одоо төсөлд хамрагдсан малчид ийн ярьж байна.

С.ЖАМГАНЖАВ: БИ СУРААР 13, НЭХИЙГЭЭР НАЙМ, НООСООР 10 ГАРУЙ ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХИЙДЭГ

Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэн, сур, нэхий эдлэл хийдэг

-НҮБ-ын төсөлд та хэзээ хамрагдсан бэ. Энэ төсөлд хамрагдсанаар танд ямар боломж нээгдэв?

-Би Дөрвөлжин сумын Тавантолгой багийн иргэн. Өмнө нь мал маллан, цагааны бордоогооор, уламжлалт аргаар сур элддэг байсан. НҮБ-ын хамтарсан төсөлд ноднин хамрагдсан. Энэ төслөөс авсан санхүүжилтээр сур, нэхий элддэг тоног, төхөөрөмжтэй болсноос хойш ёстой сайхан байна.  Ажлын бүтээмж нэмэгдсэн, хөдөлмөр хөнгөвчлөгдсөн.

-Өмнө нь өдөрт хэдэн сур элддэг байсан бэ. Одоо хэдийг боловсруулдаг болоод байгаа вэ?

-Цаг хугацааны хувьд ёстой тэнгэр, газар шиг ондоо. Өмнө нь би өдөрт хоёр алд сур элддэг байсан. Одоо тоног төхөөрөмжтэй болсноор зөвхөн нэг удаадаа 10 алд сур элдэж байна. Хоёр, 10 алд сурын ялгаа, хөдөлмөр, цаг хугацааны зөрүү нь асар их. 10 алд сураар гурван бугуйл хийнэ.

-Төхөөрөмж нь 10 алд сурыг нэг удаадаа элдэхэд хэр хугацаа зарцуулдаг вэ?

-Сурны чийглэгээс шалтгаална. Сурны үндсэн чийгийг л арилгачихвал өдөрт нь элдсэн ч болно. Жаахан чийгтэй байвал өнжөөж байгаад элддэг. Энэ төхөөрөмж чинь ёстой амар юм байна. Кноп дараад л сур элдчихнэ гэж ёстой төсөөлж ч байгаагүй. 30 минут элдээд л амраадаг.

-Танайх нэхий элддэг үү?

-Элдэлгүй яах вэ. Бодын сурыг 30-35, нэхийг 7-14 хоног борддог. Би элдэв химийн бодис хэрэглэдэггүй. Нэг нэхийг элдэх хугацаа нь мөн чийгнээс шалтгаална. Чийг нь гарчихсан нэхийг 10 минут л элддэг.

-Гараар, төхөөрөмжөөр элдэхэд чанарын хувьд ялгаа бий юү?

-Яг адилхан. Хөдөлмөр, цаг хугацааны хувьд л ондоо болохоос чанарын тал дээр ямар нэгэн ялгаа байхгүй.

-Та сур, нэхийгээр хэчнээн нэр, төрлийн бүтээгдэхүүн хийж байгаа вэ?

-Сураар 11, нэхийгээр найм, ноосоор 10 гаруй нэр, төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Мөн хаягдал голдуу ашиглаад төмөр эдлэлээр 22 төрлийн бүтээгдэхүүн урладаг.

О.БАЯРЦЭЦЭГ: ТӨХӨӨРӨМЖ МААНЬ ӨДӨРТ 3-4 ШИР ЭЛДДЭГ

(Завхан аймгийн Тэс сумын иргэн. Суран эдлэл боловсруулах төсөлд хамрагдсан)

Манайх энэ төсөлд 2020 онд хамрагдсан. Авсан санхүүжилтээрээ тоног төхөөрөмж худалдаж авлаа. Сур элдэх хэчнээн ажиллагаа, цаг хугацаа шаарддаг ажил билээ. Одоо төхөөрөмжтэй болсноор цаг хугацаа, хөдөлмөр хамаагүй хөнгөрсөн. Бид сураа төхөөрөмжөөр элдэж, зөөллөөд боловсруулдаг, нөхөр минь сүлждэг.

Суран эдлэлээ сүлжиж хийдэг нь манай давуу тал, онцлог. ХНХЯ, НҮБ-ээс хамтран хэрэгжүүлсэн төсөлд хамрагдсан нь бидний ажил, бизнест томоохон хувь нэмэр, дэмжлэг боллоо. Одоо манайх сураар төрөл бүрийн бүтээгдэхүүн хийж, тогмтол орлоготой болсон.

Тухайн бүтээгдэхүүн, хийцээсээ шалтгаалаад бүтээгдэхүүн бүр харилцан адилгүй. Сүлжмэл хазаар, ташуур 150.000, бугуйл 250.000, чөдөр 30.000. Бүтээгдэхүүнээ бэлэн мөнгөөр боловсруулахаас гадна малаар өгдөг.

Манайх сур элддэг, шир, нэхий элддэг гэсэн хоёр өөр төхөөрөмж авсан. Төхөөрөмж маань өдөрт 3-4 үхрийн шир боловсруулах,и элдэх хүчин чадалтай. Энэ төсөлд хамрагдсандаа баяртай байна. Дахиад хэрэгжвэл заавал хамрагдахыг хүсэж байна.

Т.ЭРДЭНЭСУВД: ЭНЭ ЖИЛЭЭС СУМАНДАА ГҮЗЭЭЛЗГЭНЭ  ТАРЬЖ БАЙНА

/Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэн. Хүнсний ногоо тариалах төсөлд хамрагдсан/

Манайх энэ төсөлд 2020 оноос хойш хамрагдан, хүлэмжийн аж ахуй эрхэлж байна. Төсөлд хамрагдсанаар бидэнд олон боломж нээгдлээ. Жишээ нь, ногооны төрлөө олон болголоо, гарц нь илт нэмэгдлээ. Үүнийг дагаад аж ахуй маань тэлж, санхүүгийн чадамж нэмэгдэж байна.

Манайх нутгийнхаа хөрсөнд органик хүнс тарьдгаараа давуу талтай.

Би энэ төсөлд хамрагдахаасаа өмнө өргөст хэмх, помьдор тариалдаг байсан. Төсөлд хамрагдсанаар тарьдаг ногооны маань нэр, төрөл нэмэгдсэн. Одоо 10-аад нэр төрлийн ногоо тарьж байна.

Энэ жил шинээр броккли, хулуу, огурцы тарьж эхэлсэн. Мөн шинэ сортын помьтоор тарихаар туршлаа.

Би зөвхөн өөрөө хөгжин, аж ахуйгаа тэлэхийг хүсээгүй. Өнгөрсөн жил 2-3 айлд үнэгүй үрсэлгээ хийж өгсөн. Нээрэн би энэ жилээс гүзээлзгэнэ тарьж байгаа. Ер нь манай сум дулаан уур амьсгалтай учир нарийн ногоо тарьхад давуу талтай” гэлээ.

Т.БАТХОЛБОО: УГААЛГЫН ВАНН БАРЬСНААР МАЛЫН АШИГ ШИМ ҮЛЭМЖ НЭМЭГДСЭН

Энэ төслийн  дэмжлэгтэйгээр Завхан аймгийн Идэр сумын Тунын ам гэдэг газар мал угаалгын суурин ванныг өөрийн компанийн хоёр малчны хамт барьлаа. Угаалгын ванн барьснаар малын тарга авах анхан шатны эх үүсвэр болж байна. Малын шимэгчийг устгах үр дүнтэй төсөл хэрэгжлээ.

Угаалгын ванн маань малыг оруулж, гаргах хаалгатай, угаагаад түр амраах талбайтай.

Манайх нэг удаадаа хэд л бол хэдэн мал угаах хүчин чадалтай. Дор хаяж 1000 мал угаана. Үүнээс олон малтай өрх манай суманд одоогоор байхгүй.

Тарган мал тал бүрийн ашигтай. Угаалгын ваннтай болсноор малын элдэв шимэгчийг устган, эрүүл мах хүнсэндээ хэрэглэх боломжийг бүрдүүлсэн. Үүний сацуу элдэв шимэгчгүй, ямар нэгэн гэмтэлгүй арьс, ширийг боловсруулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой боллоо.

Манай суманд ийм угаалгын өөр ванн байхгүй. Өмнө нь ч байгаагүй. Цаашид ийм угаалгын ванн дахиад хэд хэдийг барих төлөвлөгөөтэй байна” гэлээ.

Б.НАРАНЧИМЭГ: БИЗНЕСЭЭ ДАХИН ХИЙХ БОЛОМЖИЙГ НҮБ-ын ТӨСӨЛ ОЛГОЛОО

/Завхан аймгийн Их-Уул сумын иргэн. Сүүгээр зайрмаг хийдэг/

Манайх 2004 онд анх зайрмагны үйлдвэрлэл эрхэлж эхэлсэн. 2007 он хүртэл мөхөөлдөс хийж байгаад түр завсарлан, өөр бизнес эрхэлсэн юм. Улмаар 2020 оноос хойш зайрмагаа дахин үйлдвэрлэж байна.

 Анхандаа энэ төслийн талаар тодорхой мэдээлэл надад байгаагүй. Гудамжинд алхаж явах нь ээ, нэг танил маань надад хэлсэн юм. Тэгээд сургалтанд нь суусан юм л даа. Энэ төсөлд хамрагдсанаар зөндөө олон боломж надад нээгдсэн.

Би өөр хоёр өрхийн хамт НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлсэн төсөлд хамрагдсан. Авсан санхүүжилтээрээ зайрмагны есөн сая төгрөгийн үнэтэй, шинэ тоног төхөөрөмж худалдан авсан. Ингэснээр бизнесээ дахин эхлүүлэх, өргөжүүлэх, илүү амт чанартай мөхөөлдөс хийх, улам олон тоогоор үйлдвэрлэхээс гадна байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр орон нутгаа төдийгүй Завхан аймгаа хангах боломж бүрдлээ. Үүний сацуу бусад малчдын ч мөн амьжиргаа, орлогыг дээшлүүлэх боломжтой боллоо. Манайхтай хамтардаг хоёр айл гэлтгүй олон, олон гэр бүлийн амьжиргаа мэдэгдэхүйц дээшилсээр байгаа.

Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг, зайрмагаа малын цэвэр сүү, байгалийн зэрлэг жимсээр хийдэг нь манай бүтээгдэхүүний онцлог. Мөн элдэв нэмэлт бодис хольдоггүй. Эрүүл мэндэд тустай, цэвэр бүтээгдэхүүн хийдэг нь бидний давуу тал.

Манайх тарагтай, сүүтэй, шоколадтай, нэрстэй, аньстай, улаалзгана, чацаргана жимстэй зайрмаг хийдэг. Сүү, шоколадтай мөхөөлдөс бол манай гол төрөл.

Их-Уул төдийгүй ойр хавийн сумынхан манай зайрмагийг андахгүй. “Нараагийн зайрмаг” гээд л сурагладаг. Хэрэглэгчид маань “Ёстой амттай юм аа. Орос зайрмагаар дутах юм алга” гэдэг. Би анх зайрмаг үйлдвэрлэж эхэлсэн цагаасаа “Орос мөхөөлдөснөөс дутахгүй амттай хийх юм сан” гэж зорьсоор өдий хүрсэн.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ О.УЛСБОЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-23 22:31

Архичид билддэг нүб-н төсөл

Холбоотой мэдээ

Back to top button