ДЭЛХИЙНИЙГЭМ

ОУ-ын хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс “асуудалтай” оронд тооцогддог

Хэвлэн нийтлэх, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь хүний ​​үндсэн эрх гэдгийг олон улсад мэдээлэх зорилгоор жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг. Эл өдөр бол олон орны сэтгүүлчид өдөр тутмын мэдээ мэдээллийг олон нийтэд үнэн, бодитоор нь хүргэхийн тулд заримдаа амь насаараа дэнчин тавин байж гал, усны аюул, дайн дажиныг үл харгалзан үнэний дуу хоолой болсоор ирсэн билээ. Чухамхүү эл өдөр тэдний энэ агуу зүрх зоригийг хүмүүст сануулдаг юм.

Улс орон болгонд өөрийн гэсэн хэвлэлийн эрх чөлөөний индекс /Worldwide Press Freedom Index/ бий. Тэрхүү индекс нь Олон Улсын “Хил хязгааргүй сэтгүүлчид” /Reporters Without Borders/ Төрийн Бус Байгууллагаас дэлхийн 180 орчим орны хэвлэлийн эрх чөлөөний оноонд үндэслэн жил бүр эмхэтгэн нийтэлдэг улс орнуудын ангилал юм. Хэдий хэр бага оноотой байна тэр хэрээрээ хэвлэлийн эрх чөлөө өндөр байгааг илтгэнэ.

---ИНДЕКСИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ---

Энэхүү чансааг олон ургальч үзэл /хэвлэл мэдээллийн орон зай дахь төлөөллийн төвшинг хэмжих байдал/, хэвлэл мэдээллийн хараат бус байдал, хүрээлэн буй орчин ба өөрийн цензур, хууль эрх зүйн орчин, ил тод байдал, дэд бүтэц, хүчирхийлэл гэсэн долоон өргөн шалгуурт суурилсан судалгааг үндэслэн гаргадаг.

Санал асуулгад хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин /хэвлэлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд оногдуулах шийтгэл, зарим төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд төрийн монополь байгаа эсэх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэрхэн зохицуулагддаг/ болон төрийн хэвлэл мэдээллийн хараат бус байдлын төвшинг ч харгалзан үздэг. Мөн интернэт орчинд мэдээлэл чөлөөтэй тараах зөрчлийн үнэлгээг ч бас харгалзан үзнэ.

Сэтгүүлчид, интернет хэрэглэгчид болон хэвлэл мэдээллийн ажилтан тэдгээрийг туслахуудын эсрэг чиглэсэн хүчирхийлэл, тэр тусмаа төр, зэвсэгт бүлэглэл, нууц байгууллага, эсхүл дарамт шахалт үзүүлэгч бүлгүүдийн зөрчлийг “Хил хязгааргүй сэтгүүлчид” ТББ-ын ажилтнууд жилийн турш хянаж, эцсийн оноог гаргадаг. Тэдний эл тайланд бага оноо авсан нь хэвлэлийн эрх чөлөө нь нэмэгдсэн гэсэн утгыг заана гэсэн дүрмийг баримталдаг.

Хэвлэлийн эрх чөлөөг үнэлэх санал асуулгыг “Хил хязгааргүй сэтгүүлчид” ТББ-ын түнш байгууллагууд болон дэлхийн таван тивд байрлах үг хэлэх эрх чөлөөтэй 18 ТТБ, дэлхийн өнцөг булан бүрээс 150 сурвалжлагч, мөн сэтгүүлч, судлаач, хуульч, хүний ​​эрхийн төлөө тэмцэгчид илгээдэг юм.

Ингээд бид та бүхэнд 2019, 2020, 2021 гэсэн сүүлийн гурван жилд дэлхийн ямар орнууд хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээрээ тэргүүлсэн болон сүүл мушгисан болохыг товч таницуулъя.

---2019 ОНЫ ТУХАЙД---

2019 оны дөрөвдүгээр сард нийтлэгдсэн индексээр Норвеги, Финлянд, Швед, Нидерланд, Дани тус бүр эхний таван байрыг эзэлж, Норвеги гурав дахь жилдээ дараалан нэгдүгээр байранд оржээ. Манай хойд хөрш ОХУ өмнөх оныхоос буюу 2018 онтой харьцуулахад нэг байраар ухарч 149-д жагсжээ. Сүүлийн байруудыг Туркменистан /180-р байр/, БНАСАУ буюу Умард Солонгос /179-р байр/ эзэлжээ. Ерөнхийдөө хэвлэлийн эрх чөлөөний байдлыг 16-хан улс оронд хангалттай сайн хөгжсөн гэж үздэг.

---2020 ОНЫ ТУХАЙД---

2020 оны дөрөвдүгээр сард нийтлэгдсэн индексээр Норвеги, Финлянд, Швед, Дани тус бүр эхний дөрвөн байрыг эзэлж, Норвеги мөн л дөрөв дэх жилдээ дараалан нэгдүгээр байранд орсон байна. Харин ОХУ өмнөх жилийнх шиг 149-р байранд, АНУ 45-д оржээ. Сүүл мушгиасан орны тоонд 180-р байранд Умард Солонгос орсон байна.

“Хил хязгааргүй сэтгүүлчид” ТББ-ын мэдээлснээр, “КОВИД-19” цар тахал нь дэлхийн чөлөөт хэвлэл, ялангуяа дарангуйллын дэглэмтэй улс орнуудад эрх баригчдад нь улам ч таатай нөхцөл орчныг бүрдүүлсэн гэж дүгнэж байгаа юм. Коронавирусийн цар тахал, халдвар, хөл хориог далимдуулан дарангуйлагчид улам хүчээ зузаатгаж, ард иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөний гол тулгуур хэвлэлийн эрх чөлөөнд халдсан гэсэн үг.

Өмнөх жилийнхтэй адил мөн 16 улс л хэвлэлийн эрх чөлөөний байдлыг сайн хангасан гэсэн үнэлгээ авчээ. Хуучин ЗСБНХУ-ын орнуудаас зөвхөн Эстони л эл сайн гэсэн жагсаалтад багтсан аж.

---2021 ОНЫ ТУХАЙД---

2021 оны дөрөвдүгээр сард нийтлэгдсэн индексээр Норвеги, Финлянд, Швед, Дани тус бүр эхний дөрвөн байрт жагссан хэвээр байна. Норвеги улс мөн л тав дахь жилдээ эхний байранд орж, жагсаалтыг тэргүүлсээр байна. ОХУ 150-р орт индексээ ахиулсан байна. АНУ 44-т орсноор нэг байр ахисан, Украин 97 дугаар байрт тус тус оржээ. Сүүлийн байруудад Эритрей–180, Умард Солонгос–179, Туркменистан–178, БНХАУ – 177 дугаар байранд орсон байна.

Түүнчлэн Оросын “Новая газета” сонины сэтгүүлч, ерөнхий редактор Дмитрий Андреевич Муратов “ардчилал, мөнхийн энх тайвны үндсэн нөхцөл болсон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах үйлсийнхээ төлөө” 2021 оны Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн. Мөн түүний нэгэн адил Нобелийн энх тайвны шагналыг Америк болон Филиппиний сэтгүүлч Мария Ресса хуваалцсан юм.

ЗУРГАН ТАЙЛБАРААР ХАРУУЛБАЛ:

- Гүн цэнхэр өнгө нь сайн нөхцөл байдалтай

- Цайвар цэнхэр өнгөөр сэтгэл ханамжтай нөхцөл байдал

-Шар өнгөөр асуудалтай буюу анхаарал татахуйц нөхцөлтэй

-Улбар шар өнгөөр хэцүү нөхцөл байдалтай

-Улаан хүрэн өнгөөр маш ноцтой нөхцөл байдалтай

-Цагаан өнгөөр ангилалд багтаагүй улс орныг илэрхийлжээ.

Манай Монгол Улс шар өнгөөр буюу анхаарал татахуйц асуудалтай гэсэн ангилалд багтжээ. Харин БНХАУ-ыг улаан хүрэн өнгөтэй буюу маш ноцтой гэсэн ангилалд багтаасан байна. Учир нь, Хятад улс бол хагас цэрэгжилтийн дэглэмтэй, нэг намын засаглал ноёрхдог тул ард иргэд нь үгээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх хязгаарлагдмал.   

---ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДРИЙГ ХЭРХЭН ТЭМДЭГЛЭДЭГ ВЭ---

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр бол албан үүргээ гүйцэтгэж яваад эрсдэлд орсон эсхүл амь насаа алдсан хэвлэл мэдээллийн ажилтнуудад хүндэтгэл үзүүлэх боломж юм. Эл өдрөөр дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэвлэл мэдээллийн салбарын хамт олон, байгууллага, хувь хүмүүс өөрсдийн амь насаараа дэнчин тавьж, дэлхий дахинд олон түмэнд мэдээ хүргэсэн тэдгээр хүмүүсийг алдаршуулах зорилгоор урлаг соёлын арга хэмжээ, үзэсгэлэн, илтгэл тавих, шагнал гардуулах зэрэг төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулдаг.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр бол бүх төрийн баяр биш харин дэлхий нийтийн баяр юм. Эл өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оны арванхоёрдугаар сард Африкийн хараат бус, олон ургальч хэвлэлийг дэмжих семинарын үргэлжлэл болгон санаачилсан түүхтэй.

Энэхүү семинар нь 1991 онд Намиби улсад болсон ба тухайн үед бие даасан, олон ургальч хэвлэл мэдээллийн хэрэгслийг дэмжих тухай Виндхукийн тунхаглалыг батлахад хүргэсэн юм. Виндхукийн тунхаглалд бие даасан, олон ургальч, чөлөөт хэвлэлийг бий болгох, түүнийг хөхиүлэн дэмжих, хөгжүүлэхийг уриалсан. Улс оронд ардчиллыг хөгжүүлэх, хадгалах, эдийн засгийн хөгжилд чөлөөт хэвлэл ямар их чухал ач холбогдолтой болохыг онцолдог.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн тавдугаар сарын 3-нд Виндхукийн тунхаглалыг баталсан өдөр тэмдэглэдэг. Хэдийгээр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 1993 оноос хойш тэмдэглэж эхэлсэн ч НҮБ-аас илүү гүн үндэс суурьтай ажгуу.

1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлд “Хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Энэ эрх нь аливаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон хил хязгаар харгалзахгүйгээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэх, санаагаа эрж хайх, түгээх эрх чөлөөг багтаасан болно” хэмээн тунхагласан.

1997 оноос хойш жил бүр ЮНЕСКО Гильермо Каногийн нэрэмжит Дэлхийн шагналыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг тууштай хамгаалж, сурталчилсан хэвлэл мэдээллийн ажилтанд олгодог шагнал. Эл шагналыг голчлон хүний ​​амь насанд аюул учрахаас урьдчилан сэргийлж, хамгаалсан мэдээлэл нийтэлж, тараасан хувь хүн, байгууллагын хүч хөдөлмөр, гавъяа зүтгэлийг нь үнэлэн олгодог уламжлалтай.

Гильермо Каногийн нэрэмжит шагналыг 1986 онд хар тамхины наймаачид, гэмт бүлэглэлийг илчилж, амиа алдсан Колумбын сэтгүүлч Гильермо Каногийн нэрээр нэрлэх болсон түүхтэй билээ.

Эх сурвалж: Reporters Without Borders

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-05-03 14:29

МОНГОЛ УЛСЫН ХЭВЛЭЛ МӨНГӨТЭЙ ХҮМҮҮСТ ХУДАЛДАГДСАН ӨӨР ЯМАР Ч АСУУДАЛ ҮГҮЙ

Холбоотой мэдээ

Back to top button