ДЭЛХИЙ

Шри Ланкийн эрх баригчид гадаад өрийн дарамтад орж, дефолт болсныг хүлээн зөвшөөрлөө

Шри Ланкад улс төрийн болон эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсээр байна. Энэ удаад тус улсын эрх баригчид гадаад өрөө төлөх үүргээ биелүүлж чадахгүйн улмаас дефолт болсныг албан ёсоор зарлалаа. Энэ талаар “Financial Times” сонин Шри Ланкийн Төв банкны тэргүүн Нандалала Виерасинхегийн мэдэгдлээс эш татан мэдээлжээ.

Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлавал, Шри Ланка гадаад өрөө төлөх 30 хоногийн хугацаа өчигдөр буюу тавдугаар сарын 19-нд дууссан учир техникийн хувьд тус улсад дефолт болсон гэдгийг зарлах бүрэн үндэслэлтэй юм.

Үүнээс өмнө, Шри Ланкийн Засгийн газар гадаадаас шатахуун худалдаж авах боломжгүй, учир нь тус улсад мөнгө санхүүгийн гачаалд орсон гэдгээ мөн зарласан.

Ийм нөхцөлд Шри Ланкад үүссээд буй нөхцөл байдлыг мухардал гэж нэрлэхээс өөр аргагүй юм. Учир нь, тус улсад гадаад өрөө төлөх нь байтугай, дотоодын хэрэгцээгээ ч хангах чадваргүй болтлоо дампуурсан гэсэн үг. Улс даяар Шатахуун Түгээх Станцууд дээр урт дараалал бий болж, аль ч бүс нутагт очсон  бензин түлшний хомстолд ороод байгаа аж.

Түлшний, ялангуяа газрын тосны хомстол бий болсноор эрх баригчид нь ард иргэдийнхээ ахуйн хэрэглээг хязгаарлаж, өөрөөр хэлбэл цахилгаан эрчим хүчийг зориудаар таслах алхам руу ороод байна.

Улсын хэмжээнд 15 цагийн турш ч тог цахилгаангүй өнжихийг үгүйсгэхгүй хэмээн тус улсын Ерөнхий сайд ард иргэддээ мэдэгдээд байна. Гэвч, энэ бол “проблем”-ын зөвхөн нэг хэсэг. Шри Ланкийн ард иргэд тог цахилгаанаас авхуулаад хоол хүнсний, өдөр тутмын үндсэн хэрэгцээний дутагдалтай тулгарч эхэллээ. Тухайлбал, орон нутгийн талх, нарийн боовны үйлдвэрүүдийн холбоо талх болон бусад гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл тэг зогсолт хийж, удахгүй хаалгаа барихад бэлэн байгаагаа зарлаж, анхааруулав.

Одоо үүсээд буй хямрал бол Шри Ланка улс 1948 онд анх тусгаар тогтнолоо олж авснаас хойших хамгийн хүнд эдийн засгийн уналтад тооцогдож байна. Үүний гол шалтгаан нь төсвийн орлогын гол эх үүсвэр болох Шри Ланкийн аялал жуулчлалын салбарт нөлөөлсөн коронавируст цар тахлын үр дагавар байв. Шри Ланкийг зорих жуулчдын тоо огцом буурсан нь 2021 оны сүүлчээр валютын огцом хомстолд ороход шууд нөлөөлсөн. Өөр бусад хүчин зүйлсийн дотор Засгийн газрын гаргасан буруу тооцоолол, ялангуяа хөдөө аж ахуйд чиглэсэн бодлого, БНХАУ-тай хийсэн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа үр дүн муутай байсан зэрэг багтаж байна.

Эцэстээ шууд утгаараа бүх зүйлд нийт хуримтлал руу шилжиж, импортын хэмжээ ч эрс багассан. Гэвч, энэ нь улс орныг эдийн засгийн огцом хямралаас аварч чадаагүй юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард л гэхэд тус улсын Засгийн газар 51 тэрбум ам.долларын гадаад өр төлөх байсан ч төлөх боломжгүй болсон. Өрийн үүргээ биелүүлж чадаагүй. Тиймээс яг одоогийн нөхцөл байдалд Шри Ланка албан ёсоор дампуурлаа зарлалаа.

Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-20 14:03

Монгол улс МАН АН арчаагүй хулчгар ард иргэдийн буянаар удахгүй араас нь орно гээд дарга нь хэлээд байна уу

Холбоотой мэдээ

Back to top button